Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0873

 

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар0221/МА2017/0873

Улаанбаатар хот

М.А нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0070 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С гаргасан давж заалдах гомдлоор, М.А нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч М.А 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахыг ажил олгогчид даалгаж, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0070 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр 3-ны өдрийн 40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.А халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан 4 сар 13 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 3.027.895 /гурван сая хорин долоон мянга найман зуун ерөн таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.М.А нь шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанаас олон сараар, тухайлбал 5 сар өнгөрүүлж байж гаргасан буюу гомдол гаргах хугацааг хэтрүүлэн хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж өнгөрөөж гаргасныг харгалзан үзээгүй. Энэ нь хуулийг зөв хэрэглээгүй хэргийг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.М.А асрамжийн газрын жижүүрээр ажиллуулах тухай миний тушаалыг хүлээн зөвшөөрч тушаалын нэг хувийг авчихаад ажиллаж байхдаа хүүхдээ асрах цалинтай, цалингүй, урт, богино хугацаагаар чөлөө гуйж өргөдөл, хүсэлт гаргасан, чөлөө авсан талаарх нотлох баримт хэрэгт хэд хэдээр авагдсан байхад анхан шатны шүүх нь эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй.

3.М.А чөлөө гуйж авсны дараа чөлөөний хугацаа дууссан байхад ажилдаа ирээгүй, санаатайгаар ажил тасалсан нь шүүх хуралд өөрийн хэлж байсан тайлбараар нотлогдож байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн эдгээр тайлбарыг хариуцагчийн талд нотолгоо болгож ашигтайгаар хянан үзээгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн.

4.Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч “...би өргөдөл гаргаж очиход, дарга “...чи хүлээж бай” гэж хэлснээр хүлээгээд хугацаагаа хэтрүүлсэн гэсэн тайлбар хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгаа. Яагаад хуулийн хугацаанд гомдол гаргаагүй талаар хуралдаан даргалагч асуухад дээрх хариултыг өгснөөр гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байдал тодорхой байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж нэг талыг барьж нэхэмжлэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн байна.

5.М.А урьд өмнө нь дэс түшмэл болохыг хүссэн нэхэмжлэл гаргасан байсан ба энэ орон тоо хасагдсан байхад нэхэмжлэгч байхгүй болсон нь тодорхой нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн гэтэл шүүх М.А халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтнээр, тухайлбал түүний хийж байгаагүй, урьд хийж байсан ажилд ямар нэгэн холбоогүй өөр албан тушаалд ажиллуулахаар шийдвэр гаргасан нь байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөр оролцож хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0070 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, М.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулахаар тогтоосны дагуу Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалаар тус хэлтсийн нийт ажилтан, албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталснаар нэхэмжлэгч М.А ажиллаж байсан дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих нэмэгдэл баталгааг эдлэх эрхтэй байдаг.Шинээр батлагдсан бүтэц, орон тоонд М.А томилон ажиллуулах боломжтой ажлын байрны шаардлага хангах, мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллах боломжтой сул орон тоо байсан атал уг орон тоонд ажиллуулалгүйгээр, 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 46 дугаар тушаалаар тус газрын харьяа Асрамжийн газрын асрагч-жижүүрээр түр томилж, харин төрийн жинхэнэ албан тушаалд орох нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй Х.А Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 40 дүгээр тушаалаар тус газрын Халамжийн сангийн олголт хариуцсан ажилтнаар түр томилон ажиллуулсан нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөд хүрчээ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаас үзвэл ажилтныг юуны өмнө цалин хөлс буруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэх боломжийг эрэлхийлэх, харин ийм боломжгүй тохиолдолд бусад баталгааг хэрэгжүүлэхээр байтал хариуцагчийн зүгээс “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар 2016 оны 8, 9, 10 дугаар сарын цалинг урьдчилан олгосон гэж төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангасан мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж аваагүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 40 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзвэл тус тушаалаар ажлын байрны шаардлага хангахгүй байгаа Х.А томилсон нь тогтоогдож байх тул Х.А ажиллаж байсан халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний албан тушаалд М.А томилох боломжтой, халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг М.А хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр асрагч жижүүрээр томилогдсон мөртлөө 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргахгүй явсан, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа ч нэхэмжлэгч М.А дээрх албан тушаалд огт ажилуулалгүйгээр жирэмсний болон амаржсаны цалинтай, цалингүй чөлөөг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй олгосон байдал, мөн чөлөөний хугацаа дуусахад ажиллуулаагүй зэрэг нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нэхэмжлэгчээс бус хариуцагчаас шалтгаалан тасалдсан байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үзэх боломжгүй.   

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2017/0070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН