Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 633

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г*******, хариуцагч Нийслэлийн түргэн тусламжийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тендерийн үнэлгээний хорооны дарга А.Д*******, Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д******* нарыг оролцуулан “А******* чойс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Тендерийн үнэлгээний хороо, Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийв. 

Нэхэмжлэгч: “А******* *******” ХХК 

 

Хариуцагч: Нийслэлийн түргэн тусламжийн төв 

Хариуцагч: Тендерийн үнэлгээний хороо 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чин Ван Г.Чагдаржавын гудамж 

Хариуцагч: Сангийн яам 

Хаяг: Улаанбаатар хот, С.Данзангийн гудамж, Засгийн газрын II байр

Нэхэмжлэлийн шаардлага: “Харуул хамгаалалтын алба болон ажилчдын ажлын хувцас худалдан авах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2016/01 дугаар бүхий тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлтийг Сангийн яаманд гаргаагүй Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн 5/4495 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, тендерт шалгарсан “А******* *******” ХХК-ийн гэрээ байгуулах эрхийг сэргээлгэх, Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зарласан “Харуул хамгаалалтын алба болон ажилчдын ажлын хувцас худалдан авах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2016/03 дугаар бүхий тендерийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А******* чойс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс “Ажлын хувцас нийлүүлэх” 2016/01 дугаар бүхий тендер зарласан. Тус тендерт манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу оролцон хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 93 тоотоор “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс хүлээн авсан. 

Уг тендерт оролцогч “*******” ХХК-аас Сангийн яаманд хоёр удаа гомдол гаргасан. Сангийн яамнаас дахин үнэлгээ хийх мэдэгдэл ирж үнэлгээний хороо хоёр дахь удаагаа үнэлгээ хийсэн. Гэхдээ хэдний өдрийн ямар тоотоор, ямар дүгнэлт гарсан талаар манай талд мэдэгдэл ирүүлээгүй. “*******” ХХК хуулийн 5 хоногийн хугацаа дууссаны дараа дахин гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Сангийн яамны зүгээс “…“*******” ХХК-ийн техникийн тодорхойлолтыг захиалагчийн боловсруулсан техник тодорхойлолттой харьцуулж үзэхэд нэр төрлөөрөө дутуу байх тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгсөн байна. 

Захиалагч талын зүгээс зориуд ашиг сонирхлын зөрчил гаргасан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “…Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын таваас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан байдаг. Гэтэл захиалагч байгууллагын зүгээс ажлын тав хоногийн дотор манай байгууллагатай гэрээ байгуулалгүй “*******” ХХК-д дахин гомдол гаргаж зориуд цаг хожин тендерийн хүчинтэй хугацааг дуусгах боломжийг олгосон. 

“*******” ХХК хоёр дахь удаагаа Сангийн яам руу гомдол гаргасны дараа тэндээс хариу мэдэгдэл ирэх үед тендерийн хүчинтэй хугацаа дуусах магадлалтай болсон тул манай талаас захиалагчид хандан “энэ талаар арга хэмжээ авах уу” гэхэд “манайх сунгуулах хүсэлт тавина” гэсэн. 

Гэтэл Сангийн яамны зүгээс 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/4495 тоотоор тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон байна. 

Манайд Сангийн яамнаас тендерийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон талаар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр албан тоот ирмэгц дахин захиалагч байгууллагаас Сангийн яаманд хугацаа сунгуулах эсэх талаар лавлахад “…манайд Сангийн яамнаас ямар шийдвэр гарсан нь ирээгүй байна. Сангийн яамнаас мэдэгдэл ирсний дараа дахин Сангийн яаманд хугацаа сунгах талаар хүсэлт тавина” гэсэн хариуг амаар өгсөн. 

Tөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “…Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасан байдаг боловч захиалагч байгууллага мэдсээр байж уг хуулийн дагуу хугацаа сунгах хүсэлтийг зориуд гаргалгүй 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр уг тендерийг дахин зарлаж “Өдрийн сонинд” зар тавьсан байна. Сангийн яаманд хугацаа сунгах хүсэлт тавихын оронд зориуд баяр ёслол, бүх нийтийн амралтын өдрийг дайруулан нэгэнт тендерт шалгарсан байгууллага байсаар байтал тендерийг дахин зарласан нь илт хууль бус үйл ажиллагаа юм. 

Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/4495 тоотыг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч ажлын 5 хоногийн дотор 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яам болон Нийслэлийн түргэн тусламжийн төвд гомдол гаргасан боловч одоог болтол хариу өгөөгүй байна. /2016.07.09-2016.07.18 өдөр хүртэл амралтын өдөр байсан/ 

Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төвд Б.Д******* миний бие өөрийн биеэр очин “Хүчинтэй хугацааг сунгах хүсэлт” тавиагүй талаар манай байгууллагад бичгээр хариу мэдэгдэнэ үү гэсэн утгатай албан бичиг хүргүүлсэн боловч “Бид хариу өгч чадахгүй танай тал хууль, шүүхээр асуудлаа шийдүүлж болно” гэсэн хариуг Үнэлгээний хорооны ажилтан А.Д******* амаар хэлсэн.

Манай байгууллагын зүгээс энэ тендерт маш их ач холбогдол өгч тодорхой хэмжээний зардал гарган бэлтгэл сайтай орсон. Тендерт ялсан гэсэн хариу авмагц материалаа худалдан авах гэх мэт бэлтгэл ажлуудыг хангасан байсан. Нэгэнт манайх тендерт ялсан гэсэн мэдэгдэл авсан учир өөр захиалгат ажил хүлээн аваагүй, мөн дараа дараагийн тендерт оролцолгүй бүтэн 2 сар сул зогслоо. Тус тендерийг чанартай гүйцэтгэхийн тулд дараагийн ажлаас татгалзах техникийн боломж шаардлага ийм байдаг. 

Түүнчлэн захиалагч байгууллагаас тендер хүчингүй болсон талаар мэдэгдэл ирүүлж, манайхаас хүргэсэн тендерийн загвар бүтээгдэхүүнийг албан ёсоор эргүүлэн олгох ёстой боловч одоо хүртэл энэ талаар мэдэгдээгүй мөртлөө дараагийн хугацааг зарлаад явж байгаа нь Tөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж байна гэж үзэх үү эсвэл тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 заалтыг зөрчиж худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшээгүй гэж үзэх үү. 

Иймд Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс Tөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, болон 29.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж тендерт нэгэнт шалгарсан байгууллага байсаар байтал хуулийн дагуу хүсэлт гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/4495 тоот албан бичгээр тендерийг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцсоныг хүчингүй болгож, тендерт шалгарсан “А******* чойс” ХХК-ийн гэрээ байгуулах эрхийг сэргээж, шинээр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зарласан “Ажлын хувцас нийлүүлэх” 2016/03 дугаар бүхий тендерийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Сангийн яам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс зарласан “Aжлын хувцас нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендерт оролцогчийн гаргасан гомдлын дагуу Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хянан үзэж, Тендер шалгаруулалтыг тус яамны 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/1415 тоот албан бичгээр бүхэлд нь хүчингүй болгосон болно. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа Сангийн яамны уг албан бичиг Захиргааны ерөнхий хуулийн аль заалтыг зөрчсөний улмаас илт хууль бус, хүчин төгөлдөр бус акт болох талаар огт дурдаагүй байх тул тус компаниас гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн түргэн тусламжийн төв шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Уг тендерт оролцсон “Их-Уул” ХХК, “Өнөрбаян хайрхан” ХХК нь “Ажлын хувцас нийлүүлэх” 2016/01 дугаар бүхий тендер шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасны дагуу Сангийн яам 2016 оны 5 дугаар сарын 30-ны 5/3607 тоот албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 5/3842 тоот албан бичгээр гомдлыг хянан шалгаж, “тендерийн үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй” гэсний дагуу бүх тендерт оролцсон байгууллагуудын материалд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу дахин үнэлгээ хийсэн. 

Тус төв нь Сангийн яам болон “******* ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 111 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн. Тендерийн дахин үнэлгээ хийх явцад “А******* *******” ХХК нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, Түмэн наст хотхонд үйл ажиллагаа явуулдаг боловч, Баянзүрх дүүрэгт татвар төлдөггүй, Хан-Уул дүүрэгт татварын албанд бүртгэлтэй, Нийгмийн даатгалын татварын хураамжийн 2 даатгуулагчтай байна. Энэ нь захиалагчийн шаардсан ажиллах хүчний чадавхи, техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй байсан. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “…Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын таваас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу байгууллагынхаа албан тоотын дагуу тендерийн гэрээнд гарын үсэг зуруулж, хариу ирүүлээгүй.

Сангийн яам нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5/4342 тоотоор гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэн тендерийн материалыг авч дахин үнэлгээ хийж, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/4495 тоотоор “******* ХХК, “А******* *******” ХХК, Нийслэлийн түргэн тусламжийн төвд гомдлыг хянан үзэж шийдвэрлэсэн хариуг ирүүлсэн болно. 

Тус төв нь “А******* *******” ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 128 тоотыг явуулсан. Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/4495 тоотын дагуу дахин тендерийг зарлан зохион байгуулан ажиллаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, бодит нөхцөл байдал зэргийг үндэслэн нэхэмжлэгч “А******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан “Харуул хамгаалалтын алба болон ажилчдын ажлын хувцас худалдан авах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2016/01 дугаар бүхий тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлтийг Сангийн яаманд гаргаагүй Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 05-ний өдрийн 5/4495 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, тендерт шалгарсан “А******* *******” ХХК-ийн гэрээ байгуулах эрхийг сэргээлгэх, Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зарласан “Харуул хамгаалалтын алба болон ажилчдын ажлын хувцас худалдан авах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2016/03 дугаар бүхий тендерийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс зарласан “Харуул хамгаалалтын алба болон ажилчдын ажлын хувцас худалдан авах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог тус төвийн Захирлын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/14 тоот тушаалын хавсралтаар баталжээ.

Дээрх 2016/01 дугаар бүхий тендерт “А******* *******” ХХК шалгарч, захиалагч Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 93 тоот албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. Гэтэл тус тендерт оролцсон “*******” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасан тул Сангийн яам 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5/3607 тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийг захиалагч Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүргүүлж, гомдлыг хянан хэлэлцэх явцад тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, хугацааг сунгуулах арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн байна. 

Сангийн яамны 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 5/3842 тоот “Гомдол хянан үзсэн тухай” албан бичгээр “...“*******” ХХК-ийн ирүүлсэн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архивын 4750 тоот тодорхойлолтыг үзэхэд тухайн оролцогч нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй, мөн төсөвт өртгөөс хэт бага үнийн санал ирүүлсэн гэж татгалзах хуулийн зохицуулалт байхгүй тул захиалагчийн татгалзсан шийдвэр үндэслэлгүй байна” гээд тухайн тендерийн үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд мэдэгджээ. Үүний дагуу Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, “******* ХХК-д хүргүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Тендерийн тухай” 111 тоот албан бичигтээ “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан шаардлагыг хангаагүй тул тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэж танай тендер шалгараагүй болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэжээ. 

Гэтэл “*******” ХХК-аас дахин Сангийн яаманд гомдол гаргасан тул Сангийн яам 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 5/4342 “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийг захиалагч Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүргүүлж, гомдлыг хянан хэлэлцэх явцад тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах тохиолдолд ... хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, хугацааг сунгуулах арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн байна. 

Улмаар Сангийн яам 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/4495 тоот “Гомдол хянан үзсэн тухай” албан бичгээр “...“*******”-ийн ирүүлсэн тендерээс тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 /б/-д заасан шаардлагуудыг хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна. Харин “*******” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтыг захиалагчийн боловсруулсан техник тодорхойлолттой харьцуулахад нэр төрлөөрөө дутуу байх тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хариуг өгчээ. 

Мөн дээрх албан бичгээр тухайн тендерийн хүчинтэй байх хугацаа 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дууссан байх бөгөөд захиалагч уг хугацаанд багтааж тус яаманд хандаж тухайн тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах арга хэмжээ авч ажиллаагүй тул тухайн тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулахыг Нийслэлийн түргэн тусламжийн төвд мэдэгджээ.

Ийнхүү шийдвэр гаргахдаа Сангийн яамнаас нэхэмжлэгч “А******* *******” ХХК-д ямар нэгэн дүгнэлт, мэдэгдэл ирүүлээгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, ...эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэснийг зөрчсөн, мөн “…“*******” ХХК-ийн техникийн тодорхойлолтыг захиалагчийн боловсруулсан техник тодорхойлолттой харьцуулж үзэхэд нэр төрлөөрөө дутуу байх тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн атлаа нэгэнт тухайн тендерт шалгарсан компани байхад тендерийн хүчинтэй байх хугацааг захиалагчийн зүгээс Сангийн яаманд хандаж сунгуулаагүй гэх үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

Хэргийн оролцогчдын тайлбар, дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэхэд Сангийн яам 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 5/3607 тоот, мөн 2016 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 5/4342 тоот “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүргүүлж, гомдлыг хянан хэлэлцэх явцад тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, хугацааг сунгуулах арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тендерийн хүчинтэй хугацааг холбогдох хуульд заасны дагуу сунгах хүсэлтийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд гаргаж байсан бөгөөд Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/4495 тоот албан бичгийг эс зөвшөөрч, 7 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яам болон Нийслэлийн түргэн тусламжийн төвд гомдол гаргасанд хариуцагчид “А******* *******” ХХК-д шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн хариуг өгсөн байна. 

Ийнхүү Нийслэлийн түргэн тусламжийн төв Tөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “…Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу тухайн тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг Сангийн яаманд гаргаагүй захиалагчийн буруутай үйлдэлд нэхэмжлэгч “А******* *******” ХХК-ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. 

Хариуцагч Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хариу тайлбарт “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах заалтын дагуу байгууллагынхаа албан тоотын дагуу тендерийн гэрээнд гарын үсэг зурж хариу ирүүлээгүй” гэсэн боловч нэхэмжлэгчийн “...дахин үнэлгээний дараа мэдэгдлээ авахаар очиж уулзахад “...манай байгууллага танайхтай харьцах шаардлага байхгүй, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүл” гэсэн хариу өгч байсан...” гэх тайлбар нь хэргийн оролцогчдын тайлбар, нотлох баримтаар авагдсан дуу бичлэгээр нотлогдож байна. 

Мөн Сангийн яам 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/4495 тоот албан бичгээр тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг тус тус зөрчсөн буюу захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааг Сангийн яам хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй байна. Иймд дээрх үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэгч “А******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 25 дугаар зүйлийн 25.1.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Харуул хамгаалалтын алба болон ажилчдын ажлын хувцас худалдан авах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2016/01 дугаар бүхий тендерийн хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлтийг Сангийн яаманд гаргаагүй Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/4495 тоот албан бичгийг хүчингүй болгож, тендерт шалгарсан “А******* *******” ХХК-ийн гэрээ байгуулах эрхийг сэргээж, Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зарласан “Харуул хамгаалалтын алба болон ажилчдын ажлын хувцас худалдан авах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2016/03 дугаар бүхий тендерийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яам, Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Н.ДОЛГОРСҮРЭН