Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01233

 

Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2016/00713 дугаар шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Эрдэнэцэцэг, Д.Үүрцайх нарт холбогдох,

8 973 398,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Эрдэнэцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Үүрцайх нь 2014 оны 08 дугаар сарын 22-нд Төрийн банкны Орхон салбарын Хороолол тооцооны төвөөс № 1300/541 тоот зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийн нэмэлт зээл авч, нийт 11 609 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сар /3 жил/-ын хугацаагаар авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга эд хогшил, хөдлөх хөрөнгө, зурагт, хөргөгч зэргийг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлээ төлөх, гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Б.Эрдэнэцэцэгээс зээлийн үндсэн төлбөрийн өр 8 404 364.08 төгрөг, зээлийн хүүгийн өр 559 891.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 143.14 төгрөг нийт 8 973 398.26 төгрөг гаргуулах, шүүх хурал болтол хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох болно, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 08 дугаар сарын 22-ны №1300/541 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Д.Үүрцайх нь Наран цогцолбор сургуульд сургалтын менежер ажилтай байхдаа 2014 оны 08 дугаар сарын 22-нд Төрийн банкны хорооллын салбараас 3 000 000 төгрөгийн зээл авч 11 609 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. 2015 оны 04 дүгээр сарын 12-нд автомашины осолд орж тархи нугасандаа хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан.2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл байнгын эмчилгээ асаргаанд байна. Энэ хугацаанд 20 гаран сая төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Бага насны 2 хүүхэд, өвчтэй нөхрөө асраад сэтгэл санаа, санхүүгийн маш хүнд бэрхшээлд байна. Энэ хугацаанд зээлийг боломжоо шавхан төлж байсан ба цаашид 2 хүүхдээ хооллоход ч хүнд байдалд орсон бөгөөд зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон тул зээлээс чөлөөлж бидний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2016/00713 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Эрдэнэцэцэгээс зээлийн гэрээний үүрэг 8 973 398.26 төгрөг гаргуулах, шүүх хуралдаан болтол хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Төрийн банкны Орхон салбарын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 158 968.55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 713 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 242.1, 242.2, 242.3, 451.1, 452.2, 453.1-д зааснаар хариуцагч Б.Эрдэнэцэцэгээс 8 973 398,26 төгрөгийг гаргуулж, Төрийн банкны Орхон салбарт олгосугай” гэж, 2 дахь заалтыг “...улсын тэмдэгтийн хураамжид 158 968,55 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй” гэснийг “үлдээж хариуцагч Б.Эрдэнэцэцэгээс 158 968,55 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгосугай” гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшингийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 524 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Д.Үүрцайхын авсан зээлийн баталгаа буюу барьцаа нь гэрээнд зааснаар гэрийн доторх тавилга эд хогшил, хөргөгч, зурагт болон түүний ирээдүйн цалин хөлсний орлого байжээ.Зээлийн гэрээнд Д.Үүрцайхын эхнэр Б.Эрдэнэцэцэгийг банкны шаардлагаар гарын үсэг зуруулж, хамтран үүрэг гүйцэтгэгч болгосон байна. Зөвхөн энэ байдлаас үзвэл давж заалдах шатны шүүх хамтран үүрэг гүйцэтгэгчээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.3 дахь заалт мөн хуулийн 451, 452, 453 дахь заалтыг үндэслэн зээл, хүүгийн төлбөр гаргуулсныг буруу гэж хэлэхгүй мэт харагдавч уг зээлийн шинж чанар баталгаа зэргийг Иргэний хуулийн бусад зохицуулалттай харьцуулан үзэхэд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Зээлийн гэрээний зээлийг буцаан төлөх баталгаа нь Д.Үүрцайхын ирээдүйд олох орлого буюу цалин хөлс юм.Харин Б.Эрдэнэцэцэгт холбогдох үүрэг нь гэрийн эд хогшил, хөргөгч, зурагтын гэр бүлийн гишүүнд оногдох хэсэг байх болно. Б.Эрдэнэцэцэг нь хэдийгээр Д.Үүрцайхын эхнэр мөн боловч түүний өмнөөс ажил, хөдөлмөрийг нь гүйцэтгэх, үр дүнг тооцуулах, цалин хөлсийг бодуулах, авах, зарцуулах эрхгүй юм. Энэ тохиолдолд Төрийн банкны салбар, Д.Үүрцайх нарын хооронд байгуулсан цалин барьцаалсан зээлийн гэрээний үүрэг нь Д.Үүрцайхын буюу үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тул түүнийг осолд орж эрх зүйн чадамжгүй болсон 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар дуусгавар болно.Нөгөө талаас нь авч үзсэн ч Д.Үүрцайхын эрх зүйн чадамжгүй болсноос хойш Б.Эрдэнэцэцэг нь банкны шаардлагаар зээлд 1 218 131 төгрөг, хүүд 650 227,87 төгрөг бүгд 1 868 358,87 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийнхээ үүргийг биелүүлсэн гэж үзнэ.Нэгэнт банк болон Д.Үүрцайхын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг хуульд зааснаар дуусгавар болж байгаа нөхцөлд үүргийг зөвхөн Д.Үүрцайхын өвөөс эсхүл түүнд ноогдох бусад орлого тогтоогдвол түүнээс түүнчлэн гэрийн доторх барьцаалагдсан хөрөнгөнөөс Д.Үүрцайхад оногдох хэсгээс төлбөр гаргуулах асуудал Иргэний хуулийн дагуу яригдана. 2014 оны 08 дугаар сарын 22-ны зээлийн гэрээний нөхцөл нь зөвхөн нэмж авсан 3 000 000 төгрөгт хамаарагдах шинжтэй байгаа, өмнөх үлдэгдэл төлбөр нь ямар нөхцөлтэй юуны төлбөр байсныг Д.Үүрцайх болон Б.Эрдэнэцэцэг нар тайлбарлаж мэдэхгүй байгаа нөхцлийг шүүх анхааран хууль зүйн дүгнэлт өгөх ёстой. Арилжааны банк бол ашгийн төлөө хуулийн этгээд мөн боловч зээлдэгч нас барсан ч эрхзүйн чадамжгүй болсон ч ямар ч эрсдэл хүлээдэггүй онцгой эрхтэй субъект биш тул Иргэний хуулийн зохих заалтууд, 240 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.Иймд Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн 129 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 00713 дугаар шийдвэрт шийдлийн өөрчлөлтгүйгээр хууль хэрэглээний хувьд буюу Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсгийг хэрэглэсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс гадна зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүйгээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзах хуульд заасан үндэслэл үүсээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №1300\541 дугаартай зээлийн гэрээг заасан ба нэхэмжлэлийн утгыг тодорхойлохдоо “Д.Үүрцайх нь 2014 оны 8 дугаар сарын 22-нд Төрийн банкны Орхон салбарын Хороолол тооцооны төвөөс №1300\541 тоот зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийн нэмэлт зээл авч, нийт 11 609 000 төгрөгийн зээлийг жилийн 16,8% хүүтэй, 36 сарын \3 жил\-ийн хугацаагаар гэрээт цалингийн зээл авсан” гэжээ.

Хэрэгт 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №1300\541 дугаартай зээлийн гэрээ авагдсан боловч уг гэрээнд заасан “зээлийн үлдэгдэл 8 609 000 төгрөг”-ийн үндэслэл, хэмжээг тодорхойлсон ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч Д.Үүрцайхыг “2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр анх 10 сая төгрөгийн зээл авсан” гэж тайлбарласан боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, дээрх зээл нь ямар нөхцөл, хугацаа, хэмжээтэй болох нь тодорхой бус, хариуцагч Б.Эрдэнэцэцэг тухайн зээлийн үүргийг хариуцах ёстой эсэх нь  тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээгээр зээлдэгчид 3 000 000 төгрөг олгогдсон болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогджээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцдог байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээгээр шаардах эрх 3 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт хамааралтай гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар  нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болно. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №1300\541 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч Д.Үүрцайх болон Б.Эрдэнэцэцэг нарт 3 000 000 төгрөг зээлүүлсэн болохоо нотолсон боловч энэхүү зээлийн олголтоос өмнөх зээлийн 8 609 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг баримтаар нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу болжээ.

2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №1300\541 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч нь 3 000 000 төгрөгийг жилийн 16.8% хүүтэй, 36 сарын хугацаатай авсан бөгөөд нэхэмжлэгчийн хийсэн тооцоогоор 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 3 205 242 төгрөг, хүүд 1 908 430 төгрөг, нийт 5 113 672 төгрөг төлжээ \хх-ийн 12 дугаар тал\. Зээлийн хугацаа 3 жил боловч нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүссэн тул зээлдэгч зээлийг 1 жил 6 сар ашигласан гэж үзнэ. Зээл ашигласан хугацаагаар бодвол зээлдэгч 3 000 000 сая төгрөгийг 1 жил 6 сарын хүү 756 000 төгрөгийн хамт нийт 3 756 000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч  үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болдог учир нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК хариуцагч Б.Эрдэнэцэцэгээс зээлийн үүргийг шаардах эрхгүй байна. Энэ утгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээх, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнийг магадлалын удиртгал хэсэгт оновчгүй заасныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх бүрэлдэхүүн Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчийн бүрэн эрхийн хүрээнд шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг тул бүрэлдэхүүний нэг шүүгч нь тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй байдлыг эрх зүйн маргаан шийдвэрлэж буй шийдвэрт заах шаардлагагүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2016/00713 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “204 дүгээр зүйлийн 204.1.” гэснийг “236 дугаар зүйлийн 236.1.1.” гэж өөрчлөн, “452 дугаар зүйлийн 452.1.” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШЗ2016/04377 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.        

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН