Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/36

 


Ч.Хүрэлбаатарт холбогдох  
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
 Даргалагч,
Ерөнхий шүүгч                Б.Батзориг
Шүүгчид                            Г.Давааренчин                                                             Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор                           А.Золзаяа
Шүүгдэгч                           Ч.Хүрэлбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч   Р.Баярхүү
Иргэний нэхэмжлэгч        Э.Саранцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Боржигин овогтой Чулуунбатын Хүрэлбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1831003740026 дугаартай, 175/2019/0054/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
        Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 16-нд Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7 эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 063 тоотод оршин суух, Урсгал-Ус ХХК-д слесарь ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Чулуунбатын Хүрэлбаатар РД:/МЬ73121619/
        Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Хүрэлбаатар нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Сүхбаатарт сум руу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний 06 цагийн үед 58-56 СЭҮ улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслээр 18 ширхэг 3.02 метр куб нарс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
        Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор:
        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Лүн овогт Чулуунбатын Хүрэлбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 
        - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Лүн овогт Чулуунбатын Хүрэлбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 
        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ч.Хүрэлбаатарт оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, 
        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ч.Хүрэлбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулж, 
        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 58-56 СЭҮ улсын дугаартай Киа бонго маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Төрийн банкинд олгож, шүүгдэгч Ч.Хүрэлбаатараас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан улсын төсөвт орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 
        Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Ч.Хүрэлбаатар нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний 06 цагийн үед 58-56 СЭҮ улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслээр 18 ширхэг 3.02 метр куб нарс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон байна. 
        Анхан шатны шүүхээс Ч.Хүрэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж, шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой” зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 
        Учир нь: Ч.Хүрэлбаатар нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн18 ширхэг 3.02 метр куб нарс модыг анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгуулахаар санал гаргасныг шүүх шийдвэрлэж, шийтгэх тогтоол уншин сонсгохдоо улсын орлого болгосугай гэж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийтгэх тогтоолд заагаагүй нь буруу байна. 
        Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар замаар зөвтгөх нь зүйтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. 
Прокурор давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 зааснаар ноцтой зөрчсөн. Учир нь анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ Ч.Хүрэлбаатарын авч явсан 3.02/гурав зууны хоёр/ метр куб модыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн хирнээ шийтгэх тогтоолдоо энэ талаар заагаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Хүрэлбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ багатай, учирсан хохирол байхгүй учраас гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байгааг анхаарч үзээсэй гэж үзэж байна. Дээрх байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5-д зааснаар тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсан нь тохиромжгүй гэж үзэж байна. Бусдад учирсан хохирол байхгүй тул 1.000.000/нэг сая/ төгрөгийг гаргуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
    Ч.Хүрэлбаатар нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Сүхбаатарт сум руу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний 06 цагийн үед 58-56 СЭҮ улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгслээр 18 ширхэг 3.02 метр куб нарс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг “Хууль бусаар мод тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Лүн овогтой Чулуунбатын Хүрэлбаатарыг 450 нэгжтэй хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 58-56 СЭҮ улсын дугаартай Киа бонго маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Төрийн банкинд олгож, шүүгдэгч Ч.Хүрэлбаатараас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ. 
Прокурорын эсэргүүцлийн дагуу Ч.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал: Ч.Хүрэлбаатар нь дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Э.Саранцэцэг /хх-ийн 41-р хуудас/, гэрч О.Отгонбаатар /хх-ийн 43-р хуудас/, гэрч Б.Болормаа /хх-ийн 44-р хуудас/,  гэрч М.Мөнхцэцэг /хх-ийн 45-р хуудас/, гэрч Ж.Баасанбат /хх-ийн 46-р хуудас/, гэрч П.Болдоо /хх-ийн 47-р хуудас/ гэрч Т.Мөнхтуул /хх-ийн 48-р хуудас/, гэрч Д.Эрдэнэбаяр /хх-ийн 49-р хуудас/, гэрч Б.Цогбадрах /хх-ийн 50-51-р хуудас/, шинжээч М.Ганболд /хх-ийн 61-63-р хуудас/, шүүгдэгч Ч.Хүрэлбаатар /хх-ийн 77-78, 111-116-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18-04-015/64 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн СЭА-005 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 80-р хуудас/, 58-56 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 81-р хуудас/, 58-56 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Төрийн банк”-нд барьцаалсан барьцаат зээлийн гэрээ болон бусад баримтууд /хх-ийн 20-39-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хэргийн оролцогчдын зүгээс энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна. 
Харин  анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 17 ны өдрийн №12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор/хх-ийн 11-р ху/  битүүмжлэгдсэн 18 ширхэг 3.02 метр куб нарс модыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар даалгаж шийдвэрлэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-ийн 111-116-р ху/ тусгагдсан боловч шийтгэх тогтоолд энэ талаар тусгаагүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. 
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 6 дугаар заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
    1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 
    -6 дугаар заалтыг: “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д тус тус зааснаар хэрэгт хураагдан ирсэн 18 ширхэг 3.02 метр куб нарс модыг улсын орлогод оруулж, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 58-56 СЭҮ улсын дугаартай Киа бонго маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Төрийн банкинд олгож, шүүгдэгч Ч.Хүрэлбаатараас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан улсын төсөвт орлогод оруулсугай.” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
        2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                       ДАРГАЛАГЧ                    Б.БАТЗОРИГ
                                         ШҮҮГЧИД                       Г.ДАВААРЕНЧИН 
                                              Д.БУЯНЖАРГАЛ