Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 202/МА2021/00007

 

 

  2021         04          13                           

                                        202/МА2021/00007                                           

 

 

 

Ц.Ж, Б.У нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2021/00059 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Б овогт Ц-ын Ж,

 

Нэхэмжлэгч: Ан овогт Б-ийн У нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А овогт Д-ын Б-д холбогдох

 

Тээвэрлэлтийн явцад учирсан эвдэрч, гэмтсэн барааны үнэ 11007300 төгрөг гаргуулах төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Б-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ж /цахимаар/, нэхэмжлэгч Б.У /цахимаар/, хариуцагч Д.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Уянга нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ж, Б.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Ж, Б.У бидний бие БНХАУ-ын Эрээн хотод ресторан ажиллуулах гэж байгаад хууль чанга шаардлага өндөртэй орон учраас рестораны тусгай зөвшөөрөл бүтэн нэг жилийн дараа гарсан боловч Монголдоо тоног төхөөрөмжөө авч яваад хийе гэж ярилцаад Эрээн хотоос Улаанбаатар хот руу бүх тоног төхөөрөмжөө ачуулахаар болсон.

 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байх хугацааг яг тодорхой санахгүй байна. Энэ өдөр Д.Б гэдэг хүнтэй анх ачаа бараа зөөлгөнө гэж би уулзаагүй, манай ах уулзсан. Би машин хайж явж байгаад чөлөөт бүсийн том машины хашаан дотор уулзсан. Манай ахтай яриад яваад л байсан. Тэгээд ярьж байгаад манай ресторан дээр ирсэн. Би Өвөр Монгол хүнээр ачаагаа ачуулах гээд ярьсан байсан. Манай ах Д.Б-д мөнгө төгрөг нь бага байгаа гээд миний учрыг ярьсан байсан. Тэгээд энэ хүн 10 гаран жил ийм бараа зөөгөөд мэргэшсэн хүн, гааль аргалдаг, татваргүй гаргадаг, маш хямдаар гарна гэж өөрийгөө танилцуулсан. Татварын бичиг, энээ тэрийг ямар ч асуудалгүй гаргаж өгнө гэж ярихаар нь настай хүн болохоор нь итгэсэн. Улаанбаатар хот руу очих хүртэлх мөнгөө өгсөн. 1 тонн ачааг 100000 төгрөгөөр ачдаг гэж тооцоод бид хоёроос мөнгөө авсан. Тэгээд тусгай машин үзүүлээд ийм машинаар гаргана, явуулна гэж хэлсэн. Та 2 хот руу явж байхгүй юу гээд бид 2 тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан болохоор хотод очоод шилжүүлсэн. Тэгэхэд каргонд өгөөгүй зориулалтын бус барилгын хог материал ачсан шаланзанд ачуулаад татлага татаад хог новш болгоод хот руу явуулсан байсан. Зориулалтын бус машинаар ачуулсан болохоор би маш их хохирол амссан. Зүгээр л замын машинд хийгээд барилгын хог материалтай хамт ачуулснаас болоод бид ингээд хохироод сууж байна. Үнэлгээний компанийн гаргасан үнэлгээний дагуу л би нэхэмжилж байгаа. Үнэлгээнээс гадна би маш ихээр хохирсон байгаа. Улаанбаатар хотод хүргэж өгөхөөр тохиролцсон. Бүх тоног төхөөрөмжүүдээ зарахыг нь зараад хөдөө явуулахыг нь явуулсан. Надад эд зүйлүүд минь байхгүй, 3 эд зүйл үлдсэн ашиглагдахаа больсон. Зарим эд зүйлүүдээ үнэлүүлээгүй орхигдуулсан байсан. Одоо би энэ 3 зүйлийг үнэлүүлэхгүй, үнэлүүлэхээр бусад эд зүйлийн үнэлгээ гарахгүй учаас би хохирно шүү дээ.

Танай бүх зүйл шинэ юм байна эгч нь найдвартай хил, гаалиар гаргаж өгнө. Хамгийн гол нь татвар маш их авдаг юм том, том хөргөгчийг нөхрийнхөө машины урд хийе, гаалийнхан тэр зэргийн зүйлийг анзаардаггүй гэж надад хэлсэн. Тэгээд тоног төхөөрөмжийн паспортоо Д.Б-д өгөөд явуулсан. Тэгээд бид хоёр 1520000 төгрөг Д.Б эгчийн дансанд 2 хувааж хийсэн. Хүүхдийнхээ машин дээр ачаад өгөөд явуулсан байсан. Ирэхдээ бүгд эвдэрсэн байдалтай ирсэн. Одоог хүртэл газ болон өөр илүү дутуу зүйлээ аваагүй байгаа. Энэ хүнд маш их гомдолтой. Манай тоног төхөөрөмжүүд цоо шинэ эвдрээгүй зүйлүүд байсан. Одоо 11007300 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч Д.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.Ж гээд залуу Хятадын гааль дээр унаа хайгаад явж байхад нь би очоод ачаа тээвэр гаргадаг юм, танай ачаа барааг очиж үзье гэтэл бүх юмаа баглаад боосон байсан. Тэгээд би гааль дээр тоног төхөөрөмжийн чинь паспортыг үздэг юм гээд авсан. Би барааг нь үзээгүй, хараагүй битүү боолттой байсан. Тэгээд би гэрт нь очиж үзээд 2 хоногийн дараа “өө би танаар гаргуулахаа болилоо таных үнэтэй байна” гэхээр нь би “тэг, тэг чиний ааш араншин ч надад таалагдахгүй байна” гэсэн. Тэгээд дараа нь “та ачаад өгөөч тэгэх үү” гээд гуйгаад байхаар нь “за яах вэ” гээд өөрөөсөө жижиг машинаар зөөлгөөд ачаад өгсөн. Энэ залуугийн ачааг бага мөнгөөр ачсан. Өөрийнх нь мөнгө тээврийн зардалд ч хүрэхгүй, гааль дээр мөнгө нь ч хүрэхгүй байсан. Энэ мөнгө чинь хүрэхгүй байна гэсэн чинь та нар явуулдаг биз дээ, аргалдаг биз дээ гээд байхаар нь би нялх нойтон хүүхэдтэй хэцүү байгаа юм байлгүй гээд хөлсний жолоочид бүрэн бүтэн өгсөн. Ачааг ачсан хүмүүс нь хүртэл цагдаа дээр хэд хэд очиж байцаагдсан. Тэр жолоочийн л буруу юм байгаа биз, би бол тэрийг хариуцахгүй. Бид нарын хооронд бичгээр хийсэн гэрээ ч байхгүй. Вендо компаниар үнэлгээ хийлгэнэ гээд байсан хийлгээгүй. Намайг дуудаж ачаа барааг үзүүлээгүй, өөрсдөө баглаад боочихсон байсан. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдэн төмөр хөл байсан тэр нь мурийсан байсан. Өөр эд зүйл эвдэрснийг мэдэхгүй. Улаанбаатар хот хүргэж өгөхөөр тохиролцсон. Гэвч гааль дээр ирээд хөлс нь хүрээгүй” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар хариуцагч Д.Б-гээс 8.805.840 төгрөгийг гаргуулан Ц.Ж, Б.У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.201.460 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Монгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191.067 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гээс 155.843 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ж, Б.У нарт олгож,

           

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Б давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь эд хөрөнгийг дамжуулж тээвэрлэсэн хэдий ч Иргэний хуулийн 386 дугаар зүйлд заасан үүрэг хүлээгээгүй, гэхдээ тээвэрлэсэн автомашинд эд зүйлийг хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байхад хариуцах ёстой хариуцагч мөн эсэхийг харгалзахгүй надад үүрэг хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хариуцагчийг солих ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсний дараа эд зүйлийг харж хандаж бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй жолоочийн хариуцлагаас үүдсэн хохирол гэж үзэж байгаа.

 

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийн үнийн дүнгийн үнэлгээ нь нэг талыг барьж гаргасан, илтэд хохирол, эрх ашгийг хөндсөн дүгнэлт гэж үзэж дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал эх сурвалжаа буюу эвдэрсэн эд хөрөнгөө гаргаж өгч үнэлүүлэхгүй байгаа нь нэхэмжлэлийн бодит үнэ гэхэд эргэлзээтэй байгаа нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарсан гэх эргэлзээ төрүүлж байна. Ийм учраас шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Ц.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хэлье дээ. Би энэ хүнтэй хэрүүл хиймээргүй байна. Энэ хүн бүр сурчихсан юм байна лээ. 100 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг 7, 8 сая төгрөгөөр үнэлэх гээд байх шиг байгаа юм. Энэ хүний хэлж байгаа бүх зүйл худлаа. Тэр жолооч нь өөрийнх нь хүүхэд нь юм гэсэн, түүнийг яагаад энэ хэрэгт оруулахгүй байгааг би мэдэхгүй. Тэгээд тоног төхөөрөмжөө үзүүлж харуулахгүй байгаа зүйл огт байхгүй. Аль жилийн өмнө ирээд энэ юмнуудаа бүрэн бүтэн болгож өг гэж хэлсэн. Тэр үнэлгээний хүнийг таньж мэддэг, хоорондоо тохирсон юм байхгүй, би тэр хүнийг анх удаа харсан, тэр газрын захирал нь гэсэн, би тийм хүн танихгүй, мэдэхгүй. Хууль ёсны дагуу л үнэлгээгээ хийсэн. Танил талаараа тэгж тохиролцож гаргадаг газар ч байхгүй” гэв.

 

Нэхэмжлэгч Б.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Би  УБ-т ачиж ирсэн жолоочид хөргөгч маань хажуу талаараа цөмөрсөн байна шүү дээ гэхэд жолооч би мэдэхгүй, тэр Д.Б-тэй ярь гэсэн. Д.Б-тэй холбогдох гэтэл миний дугаарыг блок хийсэн байсан, тухайн үед намайг учиргүй яаруулаад байсан болохоор ачаагаа аргагүй буулгаж авсан” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Д.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гийн гомдлыг дараах үндэслэлээр хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Тодруулбал нэхэмжлэгч /тээвэрлүүлэгч/ Ц.Ж, Б.У нар, хариуцагч Д.Б-д холбогдуулан тээвэрлэлтийн явцад учирсан эвдэрч, гэмтсэн барааны үнэ 11007300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Б эс зөвшөөрч “...өгсөн тээврийн хөлс хүрээгүй, ачааг үзүүлээгүй өөрсдөө баглаад боочихсон байсны улмаас эвдрэл үүссэн” гэж маргасан байна.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 8805840 төгрөгийг хангаж, үлдсэнийг буюу 2201460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Д.Б эс зөвшөөрч “...миний бие эд хөрөнгийг дамжуулж тээвэрлэсэн, тээвэрлэсэн автомашинд эд зүйлийг хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байхад хариуцагч мөн эсэхийг харгалзахгүй надад үүрэг хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц.Ж, Б.У/тээвэрлүүлэгч/ нар гал тогооны зориулалт бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийг, хариуцагч/тээвэрлэгч/ Д.Б-гээр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот руу хүргүүлэхээр өөрсдөө ачааг баглаж, боон түүнд хүлээлгэн өгсөн, тээвэрлэлтийн тээвэрлэлтийн хөлс болох 4000 юань буюу 1520000 төгрөгийг хариуцагчийн “Хаан банк”-ны холбогдох данс руу шилжүүлсэн тухай үйл баримт тогтоогдсон байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

Харин хариуцагчийн “...тоног төхөөрөмж, эд зүйлсийг би дамжуулж, өөр жолоочоор тээвэрлүүлсэн байхад намайг хариуцагч гэж үнийг гаргуулахаар үүрэг хүлээлгэж байгааг зөвшөөрөхгүй” гэсэн гомдол, тайлбар нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эсвэл хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх нөхцөл болохгүй юм.

 

            Учир нь хариуцагчийн дээр дурдсан тайлбарыг нотолсон баримтгүй ба тээвэрлэлтийн гэрээний гол нөхцөл болох тээвэрлэлтийн хөлсийг нэхэмжлэгч нар төлөх үүргийг, хариуцагч Д.Б ачааг тогтоосон газарт буюу Улаанбаатарт хүргэх үүргийг тус тус амаар тохиролцсон байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулагдсан гэж үзнэ. Тиймээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. 

 

            Тухайлбал ачааг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь Иргэний хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно. Тухайлбал тээвэрлэлтийн явцад ачаа алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээх бөгөөд “...тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт хуульчилсан байх ба Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-д тээвэрлүүлэгчийн ачаа тээвэрлүүлэхдээ хүлээх үүргийг, тээвэрлэгч ачаа тээвэрлэлт гүйцэтгэхдээ хүлээх үүргийг тус тус тодорхой тусгажээ.

 

            Энэхүү хууль, дүрэм болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд тээвэрлэгч буюу хариуцагч Д.Б ачааг хүлээн авахдаа ачааны баглаа, боодлыг шалгах үүрэгтэй байсны гадна ачааны баглаа, боодол, сав бэхэлгээ нь тээвэрлэлтийн шаардлага хангахааргүй байсан тохиолдолд уг ачааг тээвэрлэхээс татгалзах эрхтэй байхад татгалзалгүй, Улаанбаатар хот руу ачааг тээвэрлэхээр ачаа болон тээвэрлэлтийн тохирсон хөлсийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

 

Гэхдээ Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсгийн 393.4.1-393.4.6-д заасан нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж хуульчилсан байх ба хэрвээ ачаа гэмтсэнд тээвэрлэгч гэм буруугүй болохоо нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ. 

 

Гэтэл энэ хэрэгт тээвэрлэгч буюу хариуцагч Д.Б нь “ачаа гэмтсэнд” гэм буруугүй болохоо нотолж чадаагүй, нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул түүний “...надад ачаа барааг үзүүлэлгүй баглаж, боосон байсан, би ачааг дамжуулан тээвэрлүүлсэн учир уг ачаа гэмтсэнд би буруугүй” гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд түүнийг хуульд заасны дагуу хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл тээвэрлэгч Д.Б/хариуцагч/-ээс “ачаа гэмтсэнд” гэм буруугүй болохоо нотолж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд, хууль болон шударга ёсонд нийцүүлэн хэргийг шийдвэрлэх учиртай.

 

Хэрэгт Итгэлт эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчид болох И.З, Э.Г /хөрөнгийн үнэлгээг хийх эрхийн тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн үнэлгээчин/ нар нийт 18 төрлийн рестораны тоног төхөөрөмж, тавилга, эд хогшилд учирсан хохирол, үнэлгээг 2020-01-09-ний өдөр, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Гачууртад очиж үнэлэн, хохирол үнэлгээний тайланг гаргасан/1хх9-13/ байх ба үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан “...хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх, тодорхой байх” гэх зэрэг үнэлгээний тайланг гаргах нөхцөл шаардлагад нийцжээ. 

Хэдийгээр Анхан шатны шүүх хуралдаанд үнэлгээчин Э.Г-ыг “шинжээч”-ээр оролцуулсан нь “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байх ба хөрөнгийн үнэлгээчнийг хэргийн оролцогчийн хувьд ямар эрх зүйн байдалтайг тогтоолгүйгээр шүүх хуралдаанд оролцуулсан учраас Ганбаатарын мэдүүлгийг үнэлэх үндэслэлгүй боловч энэ нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил биш тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй юм.

 

Түүнчлэн уг үнэлгээнээс өөрөөр хохирлын хэмжээг тогтоосон баримтгүй, хариуцагч татгалзлаа нотлоогүй тул шийдвэрт “Итгэлт эстимэйт” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчид болох И.З, Э.Г нарын тогтоосон үнэлгээг баримталсныг буруутгах үндэслэлгүй юм.

 

Мөн ачаа эвдэрч гэмтсэн шалтгаан нь ачааны баглаа, боодол, сав, бэхэлгээг холбогдох стандарт, нөхцөлийн дагуу хийгээгүйгээс болсон байж болзошгүй нөхцөл байдал зохигчдын тайлбараар тогтоогдсон ба үүнд нэхэмжлэгч нар буруутай тул анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг 20 хувиар бууруулж тооцсон нь Иргэний хууль болон Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн холбогдох заалтад нийцсэн байна.

 

Улмаар шийдвэрт хөрөнгийн өртгийг тодорхойлсон дээрх үнэлгээний тайланг үндэслэж, хохирлыг тооцсон нь зөв бөгөөд нэхэмжлэгч нараас эдгээр үнэлгээ тогтоосон хөрөнгийг “...зарахыг нь зараад хөдөө явуулсан, эд зүйлс одоо байхгүй” гэж тайлбарласан улмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад, анхан шатны шүүхээс шинжээчээр томилсон, Вендо ХХК-ийн зүгээс “...шинжээч хөрөнгийн байдалтай биечлэн танилцаж, дүгнэлт гаргах шаардлагатай байдаг бөгөөд ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй учир хөрөнгийн үнэлгээ хийхээс татгалзаж байна” гэснээс үзэхэд 18 төрлийн рестораны тоног төхөөрөмж, тавилга, эд хогшилд учирсан хохирол, үнэлгээг дахин гаргуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх ба үүнд нэхэмжлэгч нар буруутай болохыг магадлалд тэмдэглэх нь зүйтэй болно.  

 

Иймд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхээс тээвэрлүүлэгч буюу нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 11007300 төгрөгийг, нэхэмжлэгч, хариуцагч нарын гэм буруугийн хэмжээг харгалзан багасгаж, тооцсон нь шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2021/00059 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч Д.Б-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

  

 

 

              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                               ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                      Н.БОЛОРМАА