| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00089/И |
| Дугаар | 320/ШШ2025/00377 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 320/ШШ2025/00377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .. дугаар баг, .. дүгээр гудамжны ... тоотод оршин суух, Ш овогт Г.М,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Тэрээр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.М нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Х.. ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агентаар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын А хэрэглээний хоршоонд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагч хийж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа. Өмнө нь шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолготол ажиллаж байсан байгууллагын нэр зөрүүтэй байна гэсэн. Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар болж хүсэлт гаргасан. Хүсэлтийг хангаж дахин хянуулахаар болсон.
Хэрэгт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтраг хэрэглээний хоршоо нь 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс үүсэн байгуулагдаж 1997 онд хасалт хийгдсэн талаар баримт байгаа тул энэ баримтад үндэслээд шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа тодруулъя.
Иймд Г.М миний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд агентаар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтраг хэрэглээний хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Ш овогт Г.М иргэний үнэмлэхийн хуулбар, Гал түймрийн улсын байцаагчийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11/868 дугаартай албан тоот, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангийн захиргаанаас 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Г.М-т нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ш овогт Г.М-н №0.... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Н эмнэлгийн Т... тасгийн 1989 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №9.... дугаартай төрөлтийн болон нярай хүүхдийн өсөлтийн түүхэд Н эмнэлгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын архиваас түүвэрлэсэн Г.М-н Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 онд ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хэрэглээний хоршооны даргын 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №27 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хэрэглээний хоршооны даргын 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №07 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШШ2024/00274 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №310 дугаартай архивын лавлагаа, тэтгэвэрт гарах иргэдэд өгөх зөвлөмж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 274 дугаартай шүүхийн шийдвэрт Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, өмгөөлөгч авах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-7, 19-22, 24-26, 31-32, 36-37, 59-67, 74 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Д, Н.Б нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 29-30, 33-34 дүгээр тал)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Мягмарын ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт зэрэг баримтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасаг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Г.М-н ажиллаж байсан байдалтай холбоотой тушаал, шийдвэр бий эсэх талаарх болон Баянзүрх сумын Алтраг хэрэглээний хоршоотой холбоотой тушаал, шийдвэр бий эсэх талаарх лавлагааг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 12-15, 42, 94-109 дүгээр тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд агентаар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтраг хэрэглээний хоршоонд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд агентаар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтраг хэрэглээний хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.М нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Г.М нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд агентаар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтраг хэрэглээний хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Ш овогт Г.М-н иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Г овогтой М-т Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангийн захиргаанаас 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нээж олгосон 01.1985 01 01 Баянзүрх сумын Соёл нэгдлийн 1-р бригадад худалдааны агентаар томилон ажиллуулав. Баянзүрх сумын ХБ ангийн даргын 1984 оны 12-р сарын 30-ны өдрийн 19 тоот тушаалаар, 02. 1994 01 04 Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн хэрэглээний хоршооны худалдагчаар томилон ажиллуулав. Баянзүрх сумын Хэрэглээний хоршооны даргын 1993.12.30-ны өдрийн 27 тоот тушаалаар, 03. 1997 11 28 Бүх гишүүдийн хурлын шийдвэр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Баянзүрх сумын хоршооны даргын 1997 оны 11-р сарын 25-ны өдрийн 07 тоот тушаал гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын архиваас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр түүвэрлэсэн Г овогтой М-н 1988 оны 01-12 дугаар саруудад Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, (хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтраг хэрэглээний хоршооны даргын 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай 1. 1-р бригадын агент Г овогтой М-г өөр ажилд шилжих болсон тул 1993 оны 12-р сарын 30-наар тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.
2. Алтраг хоршооны бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн Г овогтой М-г тус хоршооны худалдагчаар мөн өдрөөс томилон ажиллуулсугай.... гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 36-р хуудас)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтраг хэрэглээний хоршооны даргын 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1. Тус хоршооны хүнс барааны дэлгүүрийн худалдагч Г овогтой М-г өөрийн хүсэлт бүх гишүүдийн шийдвэрийг үндэслэн 1997 оны 11-р сарын 25-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй..... гэх бичилт бүхий №07 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 37-р хуудас)
Хөвсгөл аймгийн Н эмнэлгийн т... тасагт 1989 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 21 цаг 40 минутад төрсөн. Овог нэр, хэсэгт Г. М, нас-... яс үндэс- д..., Боловсрол: дунд, ....Ажлын газар гэх хэсэгт Баянзүрх, албан тушаал хэсэгт агент гэх бичилттэй №9... дугаартай төрөлтийн болон нярай хүүхдийн өсөлтийн түүхэд Н эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас)
Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Худалдаа бэлтгэлийн анги, Ажилд орсон он гэх хэсэгт 1987, цех, тасаг, бригад гэх хэсэгт 1-р хэсэг, эрхэлдэг ажил гэх хэсэгт агент, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум район гэх хэсэгт Баянзүрх гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 13-р хуудас)
Хөвсгөл аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1988 оны II дугаар сарын 02-ны өдрийн №122 дугаартай тушаалын хавсралтад ....24. Шагнах байгууллага, сум гэх хэсэгт Баянзүрх, агент гэх хэсэгт Г.М, бараа гүйлгээ хувь гэх хэсэгт 116,1, 37, 34, хувь гэх хэсэгт 91,0, олгох шагнал гэх хэсэгт 50.... гэх бичилт бүхий Шагнах тухай тушаал, хавсралтад аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 95-96-р хуудас)
Хөвсгөл аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №09 дугаартай тушаалын хавсралтад ....30.сумын нэр гэх хэсэгт Баянзүрх, агентын нэр гэх хэсэгт М, олгох шагнал гэх хэсэгт 50.... гэх бичилт бүхий Социалист уралдааны дүнгийн тухай тушаал, хавсралтад аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 97-98-р хуудас)
Гэрч Ц.Д-н ...Г.М нь 1985 онд намайг ажилд ороход Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, худалдагчаар 1996 он хүртэл ажиллаж байсан. Би 1985 оны 11 дүгээр сараас Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид мах болон барааны нярваар орж 1996 он хүртэл тасралтгүй ажилласан...гэх мэдүүлэг,
Гэрч Н.Б-н ...Г.М нь намайг 1987 онд цэргээс халагдаж ирэхэд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид агент, худалдагчаар ажиллаж байсан. Түүнээс хойш 1990 онд намайг ажлаасаа гарахад ажлаад үлдсэн. Худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдсаны дараа Алтраг хоршоонд агент, худалдагчаар тасралтгүй 1996 он хүртэл ажиллаж байсан. Би 1984-1987 оны хооронд цэргийн алба хааж ирээд 1987 оны 8 дугаар сараас 1990 он хүртэл Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигч буулгагчаар ажиллаж байсан . ...гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 29-30, 34-35 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангийн захиргаанаас 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Г.М нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд агент, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтраг хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Алтраг хэрэглээний хоршоо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн ...Алтрага хоршоо нь 1991 оны 12 сарын 28-ны өдөр Баянзүрх сумын төвд хаягтай үүсэн байгуулагдаж 1997 онд улсын бүртгэлээс хасагдсан бүртгэлтэй байна. гэх бичилт бүхий 30/386 дугаартай албан бичиг, улсын бүртгэлийн дугаар гэх хэсэгт 166782, бүртгэсэн он, сар, өдөр гэх хэсэгт 1991.12.28, Аж ахуйн нэгжийн нэр гэх хэсэгт Алтрага ББХХ, гэрээг нотариадоор батлуулсан он, сар, өдөр гэх хэсэгт 1991.12.17, Дүрэм баталсан бүх гишүүдийн хурлын шийдвэрийн он, сар, өдөр гэх хэсэгт 1991.9.18, өргөдөл гаргасан он сар өдөр гэх хэсэгт 1991.12.26, өмчийн хэлбэр гэх хэсэгт Хоршоо, ажиллах хугацаа гэх хэсэгт хугацаагүй гэх бичилт бүхий бүртгэлийн дэвтрийн хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан баримт,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх сумын Алтраг хэрэглээний хоршоо нь 1991-1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ... гэх бичилт бүхий 69 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Г.М-н Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд агентаар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Алтраг хэрэглээний хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН