| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00021/Э |
| Дугаар | 00023 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 00023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Мд холбогдох 1832000000021 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 07 сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж, болон хамтран амьдрагч Ц.С нарын хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Цдын М РД:/*/
Тодорхойлох нь:
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Шүүгдэгч Ц.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай 6 дугаар баг 215 тоотод 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ: ... үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.С мэдүүлэхдээ: ...Би Мд чи өмнө нь уулздаг байсан хүүхэнтэйгээ цуг архи дарс уугаад яваад байгаа юм уу гэж хэлэхэд М надруу эргэж хараад миний уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний уруулнаас цус гарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Галмандах мэдүүлэхдээ: ...намайг 2018 оны 02 сарын 04-ний өглөө гэртээ байк байхад манай ээж Ц.С утсаар өчигдөр ээж нь Мтэй маргалдаад тэгээд М ээжийнх нь нүүрлүү цохиод уруул ам хавдуулчихлаа гэж хэлсэн...манай ээж Ц.С манай гэрт ирэхэд түүний дээд, доод уруул хоёулаа бага зэрэг сэтрээд хавдаад хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч А.Цд мэдүүлэхдээ: ..орж ирээд шууд манай хүүг бос чи наад хувцас хунараа тайл гээд цохиод байсан. Тэгээд манай хүү яасан гээд босоод ирсэн. Манай бэр хувцасыг нь тайлаад өмднийх нь тэлээ болон залгуураар цохиод байсан чинь манай хүү гэнэтхэн уурлаад бэрийг түлхэх шиг болсон. Тэгтэл бэрийн амнаас цус гараад газар уначихсан гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/
Шинжээчийн №26 дугаартай дүгнэлтэн дэх “...Сгийн биед уруулын зүүн доод талд язарсан шарх, уруул, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримт авагдсан байна.
Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгч, хохирогчийн хүсэлт /хх-ийн 43-44-р хуудас/
Шүүгдэгч Ц.Мгийн хувийн байдлыг тогтоосон баримт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 38- хуудас/, ял шалгах хуудас /ХХ-ийн 39-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Ц.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангай 215 тоотод 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.
Хохирогч Ц.Сгийн биед уруулын зүүн доод талд язарсан шарх, уруул, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо…гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/, гэрч Б.Галмандахын намайг 2018 оны 02 сарын 04-ний өглөө гэртээ байк байхад манай ээж Ц.С утсаар өчигдөр ээж нь Мтэй маргалдаад тэгээд М ээжийнх нь нүүрлүү цохиод уруул ам хавдуулчихлаа гэж хэлсэн...манай ээж Ц.С манай гэрт ирэхэд түүний дээд, доод уруул хоёулаа бага зэрэг сэтрээд хавдаад хөхөрчихсөн байсан /хх-ийн 20-р хуудас/ гэх мэдүүлэг зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Ц.М нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 44-р хуудас/-ээ бичгээр өгсөн нь хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн 2014 оноос хойш хамтран амьдарч байгаа ба Ц.Мгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлжээ. Иймд Ц.Мг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ц.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болно /хх-ийн 43-р хуудас/,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ц.Мд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Цдын Мг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Цдын Мг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М нь торгуулийн 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
5. Ц.Мд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ