Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ДШМ/37

 


Р.Одмөнхөд холбогдох  
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
                               Даргалагч,
Ерөнхий шүүгч                      Б.Батзориг
Шүүгчид                             Г.Давааренчин                                                                          Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор                          Т.Нансалмаа                     
 Шүүгдэгч                           Р.Одмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч   М.Гансүх
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Титэм овогтой Ренценгийн Одмөнхөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1831001220110 дугаартай, 175/2019/0053/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
        Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг суманд 1973 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн 0101 дүгээр ангийн Алтанбулаг хилийн шалган нэвтрүүлэх боомтод ээлжийн дарга ажилтай, ам бүл 3,эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Булгийн 01-24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, би эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Титэм овогт Ренценгийн Одмөнх /РД: МА73021719/,
        Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.Одмөнх нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын байрны хажуугийн автомашины зогсоол дээр иргэн Б.Тунгалагтуяатай маргаан үүсгэж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
        Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор:
        - Шүүгдэгч Титэм овогт Ренценгийн Одмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 
        - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Титэм овогт Ренценгийн Одмөнхийг 500 /таван зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэж, 
        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Одмөнхийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 
         Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Намайг Б.Тунгалагтуяагийн эрх чөлөөнд санаатайгаар халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэж  буруутгасан. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өглөөний 09 цаг өнгөрч байх үед Б.Тунгалагтуяатай уулзсан. Бид хоёр хоорондоо маргаан үүсгэж би Б.Тунгалагтуяагийн гарнаас татсан болохоос цохисон асуудал байхгүй. Харин Б.Тунгалагтуяа нь миний хөл рүү өшиглөж, машин цохиж, орилж хашгичиж байсан. Ингэх явцдаа уруул, амаа хазаж гэмтэл авсан болзошгүй. Хавтаст хэрэгт Б.Тунгалагтуяа тухайн өдрөө эмнэлэгт үзүүлсэн эсэх нь эргэлзээтэй олон нотлох баримт байдаг. Иймээс хавтаст хэрэгт авагдсан цагаатгах талын нотлох баримтыг харгалзан үзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож миний биеийг цагаатгаж өгөхийг хүсэж байна гэжээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг дэмжиж байна. н.Тунгалагтуяа нь хөнгөн хохирол учрууллаа гээд цагдаагийн байгууллагад хандсан боловч учирсан хохирлоо нотлох баримттайгаар гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх ийм байсан ч хэргийг шийдсэн. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.
Прокурор давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлогдвол зохих асуудлууд нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
        Р.Одмөнх нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын байрны хажуугийн автомашины зогсоол дээр иргэн Б.Тунгалагтуяатай маргаан үүсгэж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Титэм овогт Ренценгийн Одмөнхийг 500 /таван зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ. 
        Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Р.Одмөнхөд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал: Р.Одмөнх нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын байрны хажуугийн автомашины зогсоол дээр иргэн Б.Тунгалагтуяатай маргаан үүсгэж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Тунгалагтуяагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 06-08, 09-11, -172-173, 2-р хх-ийн 4-16-р хуудас/, гэрч С.Мөнх-Эрдэнийн /15-16-р хуудас/, гэрч Б.Цэрэнтогтохын /17-18-р хуудас/, гэрч Т.Цогтсайханы /21-22р хуудас/, гэрч Э.Дорждэрэмийн /23-р хуудас/, шинжээч Ч.Эрдэмболор /хх-ийн 191-р хуудас/, шинжээч М.Энхбаяр /хх-ийн 192-р хуудас/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А164 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1190 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 178-р хуудас/, хохирогч Б.Тунгалагтуяагийн зодуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 114-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл бүхий ял шийтгэл оногдуулсан байна. 
          Түүний үйлдсэн гэмт хэрэг нь дээр дурдсан нотлох баримтууд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А164 дугаартай 
1.    Б.Тунгалагтуяагийн биед дээд уруулд шарх, тархи доргилт, дээд уруулын дотор салст, зүүн бугалганд цус хуралт, дээд уруул, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй… гэх /1-р хх-ийн 34-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1190 дугаартай 
1.    Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 164 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 
2.    Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нарын 903 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. 
3.    Б.Тунгалагтуяагийн биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд учирсан байх ба эдгээр гэмтлээс тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн бугалганы цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 
4.    Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 
5.    Дээрх үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх /1-р хх-ийн 178-179-р хуудас/, гэрч Т.Цогтсайханы мөрдөн байцаалтад өгсөн “...Одмөнх нэг эмэгтэйтэй маргалдаад байж байсан, Одмөнхийн хувьд эмэгтэйгээ машинд суулгах гэж байгаа бололтой байсан, тэгээд би хажуугаар нь зөрөөд өнгөрч явтал Одмөнх эмэгтэйнхээ нүүр хэсэг рүү гараараа цохиод газарт унагачихаад машиндаа суугаад яваад өгсөн..., ...эмэгтэйрүү явж очоод босоход нь туслаад нүүр царайг нь харахад тэрээр зүүн шанаагаа гараараа дарчихсан, гар нь цус болчихсон харагдаж байсан. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22-р хуудас/, гэрч С.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай ажлын нягтлан бодогч Тунгалагтуяа зодуулсан гэмээр байдалтай хамар, амнаас нь цус гарсан байсан. Түүний хажууд нэг эрэгтэй хүн ирээд босгох гээд зогсож байсан. Тэр эрэгтэй хүн надад -нэг цэрэг хувцастай хүн энэ эмэгтэйг машиндаа оруулах гэж хэсэг ноцолдоод машинд нь суухгүй болохоор түүнийг өшиглөөд, нүүр рүү нь цохичихоод яваад өгсөн. Тунгалагтуяагийн хувьд ч Одмөнх намайг зодчихлоо гэж орилоод байсан. ...Түүний уруул нь сэтэрсэн, зүүн шанаа хэсэг нь овойж хавдсан, өвдөг нь унасны улмаас шалбарсан, нимгэн тирко нь урагдсан, хувцас нь шороо болсон харагдсан...” гэх /1-р хх-ийн 15-16-р хуудас/ мэдүүлгээр тогтоогдсон байх тул шүүгдэгчийн гаргасан ...би гэмт хэрэг үйлдээгүй, миний биеийг цагаатгаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийг  хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 
Харин шүүгдэгч Р.Одмөнхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын байрны хажуугийн автомашины зогсоол дээр иргэн Б.Тунгалагтуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан  хөнгөн хэргийн ангилалд багтаж байгаа ба түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэхээс өмнө буюу 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байна. 
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил байхаар хуульчлагдсан хугацаа дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Р.Одмөнхийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэл хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
         Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 
    -2 дугаар заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1-д заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч Титэм овогтой Ренценгийн Одмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчлөн, 3, 4 дүгээр заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ
                                         ШҮҮГЧИД                       Г.ДАВААРЕНЧИН 
                                              Д.БУЯНЖАРГАЛ