| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2025/0006/З |
| Дугаар | 109/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 109/ШШ2025/0010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Э /РД:**********/
Хариуцагч: Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох “2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18,076,439 (арван найман сая далан зургаан мянга дөрвөн зуун гучин есөн) төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Г.Э нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан “2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18,076,439 (арван найман сая далан зургаан мянга дөрвөн зуун гучин есөн мянга) төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Иргэн Г.Э нь анх Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даамлаар томилогдож, Архангай аймгийн Газрын албаны даргын 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тушаалаар Тариат сумын газрын даамлаар томилогдон ажиллажээ. (Хавтаст хэргийн 96-97 дахь тал)
2.2. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар Тариат сумын газрын даамал Г.Э-ыг албан ажлаа хангалтгүй гүйцэтгэж байгаатай холбоотой гэх тодорхой зөрчлүүдийг дурдаж, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргажээ. (Хавтаст хэргийн 72 дахь тал)
2.3. Мөн тус газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар дээрх Б/46 дугаартай тушаалын Г.Э-ыг ажлаас чөлөөлсүгэй гэснийг ажлаас халсугай хэмээн захиргааны актын алдааг залруулсан байна. (Хавтаст хэргийн 73 дахь тал)
2.4. Иргэн Г.Э-аас Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0029 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2025/0001 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна. (Хавтаст хэргийн 6-32 дахь тал)
2.5. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Г.Э-ыг Тариат сумын газрын даамлаар томилжээ. (Хавтаст хэргийн 90 дэх тал)
2.6. Нэхэмжлэгчид энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг олгоогүй тул иргэн Г.Э-аас 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.Э миний бие Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлын албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар тасралтгүй 22 жил ажиллаж байгаа төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч юм. Гэтэл Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б/46 дугаартай тушаалыг гаргаж Г.Э миний биеийг алжаас халсан нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус захиргааны акт болсон тул эс зөвшөөрч Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл гаргасан. Ингээд анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0029 тоот шийдвэрээр Г.Э намайг ажлаас халсан Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б/46 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2025/0001 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар намайг газрын даамлын албан тушаалд эгүүлэн томилсон байдаг. Иймд Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас надад 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18,076,439 (арван найман сая далан зургаан мянга дөрвөн зуун гучин есөн) төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг даалгаж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Э миний бие 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын Б/46 дугаартай ажлаас халагдсан. 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан. Энэ ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн. Нэхэмжилсэн үндэслэл нь анхан болон давж заалдах шатны шүүхээс ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосон учраас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн. Ажлаас халагдана гэдэг нь цалин мөнгөнөөс гадна сэтгэл санаа, нэр төр асар их хохирол амсдаг юм байна. Ажилгүй байсан хугацаандаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн өөрөө төлж явсан. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх, мөн цалингаа нэхэмжилсэн гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон зүйл байхгүй. Хэдийгээр тус газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Г.Э-ыг ажлаас халах тухай” Б/46 дугаартай захиргааны актыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0029 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 221/МА2025/0001 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч Г.Э-ын тухайн маргаанаар хэлэлцэгдсэн сахилгын зөрчил давхцуулсан гэх үндэслэлд дурдсан зөрчлүүд одоог хүртэл арилаагүй, арилгах арга хэмжээ аваагүй байна. Мөн түүнийг ажлаас чөлөөлснөөс хойш ажилгүй байх хугацаанд илэрсэн Г.Э-ын ажиллаж байх хугацаандаа үйлдсэн Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль зөрчсөн болох нь тодорхой үйлдлүүд /үүнээс 1 зөрчил маргаан бүхий Б/46 дугаартай тушаалд дурдагдсан бусад нь шинээр илэрсэн/ одоо Авлигатай тэмцэх газар дээр шалгагдаж байна. Хариуцагчийн зүгээс тухайн маргааны асуудалд туссан анхан шат, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал гарахад нөлөөлсөн Г.Э-ын хуурамчаар үйлдсэн хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг арилгаж хариуг хугацаанд нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгсөн гэх нотлох баримтыг хяналтын журмаар хянуулах боломжтой байсан хэдий ч шат шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж мөн Г.Э нь тухайн маргааны үеэр ажилгүй байх хугацааны цалин нэхэмжлээгүйг харгалзан үзэж хяналтын гомдол гаргахгүйгээр маргааныг эцэслэж нэхэмжлэгчийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажилд нь буцаан томилсон. Түүний нэхэмжилж байгаа цалинг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Тариат сумын газрын даамал Г.Э-ыг зүв зүгээр цагаан цаас шиг ажлаа хийгээд явж байхад нь чөлөөлөөгүй. Харамсалтай нь 2 шатны шүүх тухайн үүрэг даалгаврыг биелэгдсэн гэдгээр шийдсэн. Шүүх шийдсэн асуудалд юм ярихгүй. Тухайн зөрчлийн болон сахилгын арга хэмжээ авсан асуудал шалгагдаад эцэслэн шийдэгдээгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа цалинг төлөх боломжгүй. Шүүх хуралдаанаар ямар шийдвэр гарна бид тухайн шийдвэрийг хүндэтгэнэ. Хамгийн гол нь нэхэмжлэгчийн шалгагдаж байгаа асуудлыг аль алныг шалгуулаад эцэслэсэн бол гэдэг байр суурьтай байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг төлөх боломжгүй гэдэг байр суурьтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Э-аас анх Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан “2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21,194,390 (хорин нэгэн сая нэг зуун ерэн дөрвөн мянга гурван зуун ерэн) төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18,076,439 (арван найман сая далан зургаан мянга дөрвөн зуун гучин есөн) төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнгийн хэмжээг багасгаж тодруулсан тул шүүх эл шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Маргааны үйл баримтын талаар
1.1. Нэхэмжлэгч Г.Э-ыг анх Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даамлаар, Архангай аймгийн Газрын албаны даргын 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар тушаалаар Тариат сумын газрын даамлаар томилогдон ажиллаж байсан.
1.2. Улмаар нэхэмжлэгчийг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар үүрэгт ажлаас халжээ.
1.3. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс тус ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхээс маргаан үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.
1.4. Ийнхүү Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 109/ШШ2024/0029 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Г.Э-ын Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 6-25 дахь тал)
1.5. Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2025/0001 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
1.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргаагүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр байна. (Хавтаст хэргийн 26-32 дахь тал)
1.7. Мөн хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Г.Э-ыг Тариат сумын газрын даамлаар /эгүүлэн/ томилжээ.
Хоёр. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах үндэслэлтэй эсэх талаар
2.1. Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгчийг ажлаас нь халсан Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг хууль бус болохыг шүүхээс тогтоож хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2.2. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж нэхэмжлэгчийг ажлаас халсан Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын Б/46 дугаар тушаал хүчингүй болсноор тухайн актын эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болж нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалын эрх зүйн үйлчлэл сэргэн, нэхэмжлэгчийн уг ажилдаа орж ажиллах, цалин хөлс авах эрх нээгдсэн гэж үзнэ.
2.3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж тус тус зохицуулсан.
2.4. Иймд хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын Б/46 дугаартай тушаалд дурдсан үндэслэлтэй холбогдуулан тайлбарлан маргаж буй тайлбар, үндэслэлийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
2.5. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох, дүгнэлт хийх шаардлагагүй тул дээрх тайлбар, татгалзлыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
2.6. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн зүгээс Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажилд нь эгүүлэн томилжээ. (Хавтаст хэргийн 5 дахь тал)
2.7. Тодруулбал, нэхэмжлэгчийг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар ажлаас халснаас хойш тус газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар үүрэгт ажилд нь эгүүлэн томилох хүртэл тэрээр ажил, хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс олгоогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байна.
2.8. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” хэмээн заасан.
2.9. Дээрх байдлаар хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн цалин хөлс авах эрх зөрчигдсөн байх тул нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй.
2.10. Тиймээс Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар хууль бусаар ажлаас нь халснаас үүдэж нэхэмжлэгчийн цалин хөлс авах эрхийг зөрчиж хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэв.
2.11. Иймд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах”, 127 дугаар зүйлийн 127.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг маргаан бүхий акт гарсан 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн ажилд эгүүлэн томилсон буюу 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 18,076,439 (арван найман сая далан зургаан мянга дөрвөн зуун гучин есөн) төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилтийг хийхийг хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах үндэслэлтэй байна.
2.12. Түүнчлэн, хэрэгт нэхэмжлэгч Г.Э-ын 2024, 2025 оны цалингийн карт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэгчээс ирүүлсэн ажилгүй байсан хугацааны цалингийн тооцооны хүснэгт зэрэг баримт авагдсан ба нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүн, түүний тооцооллын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчөөс маргаагүй болно. (Хавтаст хэргийн 57-71, 131 дэх тал)
2.13. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Г.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин хөлстэй нь тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 57 дугаар зүйлийн 57.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Г.Э-ын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18,076,439 (арван найман сая далан зургаан мянга дөрвөн зуун гучин есөн) төгрөгийг хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас гаргуулж, тус олговрын дүнгээс тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА