Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 202/МА2021/00008

 

 

 

  2021         04           27                                    

   202/МА2021/00008                                           

 

 

 

Ш.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2021/00067 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: М овогт Ш-ын Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С овогт У-ын А-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч У.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нарын  гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч У.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Уянга нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие У.А-тай 2013 онд танилцаж, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг гэр бүл байх хугацаанд 2015 онд хүү А, 2017 онд охин А нар төрсөн. У.А 2017 оноос эхлэн гэр бүлээс гадуурх харилцаатай болж, зан ааш нь их өөрчлөгдсөн. Одоо ч У.Ан өөрийгөө хянах чадваргүй байна. Хүүхдүүдийн өсөж торниж байгаа орчин үнэхээр хэцүү байдалтай байна. Иймээс бид цаашид гэр бүл байх боломжгүй гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Одоо Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар  баг, 48 айл, 2 дугаар орц, 12 тоотод өөрийн төрсөн эгч Ш.Х-ийнд түр оршин сууж байгаа. Эгчийн ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Сод Монгол ХХК-д ажиллаж байгаад ковид-19 цар тахлын улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Өмнө нь мал маллаж байсан. Одоо ажилгүй хүүхдээ хараад гэртээ байгаагэв.

 

Хариуцагч У.А анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхнэр маань гэрлэлтээ цуцлуулж 2 хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох саналтай байна. Миний хувьд гэрлэлт цуцлуулж, том хүүгээ өөрийн асрамжид үлдээх саналтай байна. Хүү А.А-н хамт ам бүл хоёулаа Дорноговь аймгийн Хөвсгөл суманд амьдардаг, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар М овогт Ш-ын Н, С овогт У-ын А нарын гэрлэлтийг цуцалж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2015 онд төрсөн хүү А.А-г эцэг У.А-гийн асрамжид үлдээж, 2017 онд төрсөн охин А.А-г эх Ш.Н-ийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч Ш.Н нь хүү А.А-г өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар Ш.Н болон У.А нарын хэн аль нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд нь харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдаж,

 

Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь хүүхдийн асрамж өөрчлөх нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1  дэх хэсэг, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин А.А-г 11 нас хүртэл нь түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг У.А-аар тэжээн тэтгүүлж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Ш.Н-т үүрэг болгож,

 Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь хэсэгт зааснаар хүү А.А-г сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах, сургуульд суралцахад бэлтгэх байдлыг хангахыг эцэг У.А, эх Ш.Н нарт үүрэг болгож,

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Золбоод даалгаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 53024 төгрөгийг хариуцагч У.А-аас гаргуулан улсын төсвийн орлогод оруулж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс эдийн бус шаардлагад төлсөн 140000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагч У.А-гаас гаргуулан нэхэмжлэгч Ш.Н-т олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч У.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрээр Ш.Н-ийн нэхэмжлэлийг хянан хэлэлцээд: ...тогтоох хэсгийн 5-д ... охин А.А-г эцэг У.А-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Харин гэрлэлт цуцлах, асрамж тогтоох зэрэг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдвэрийн заалтыг ойлгон хүлээн зөвшөөрч байна. Би эцэг, эх хуулиар адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээдэг гэж ойлголоо. Хүү А.А-д  эх Ш.Н-ээр тэжээн тэтгүүлэх эрх байгаа юу, эх Ш.Н-т хүү А.А-г тэжээн тэтгэх үүрэг байгаа эсэхийг хянуулахаар давж заалдсан гомдол гаргасан” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу талуудын аль аль нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Эцэг эхийн үүргээс гадна хүүхэд өөрөө буюу хүү А ч бас мөн адил тэжээн тэтгүүлэх эрхтэй бөгөөд энэ эрхийг нь зөрчиж байна гэж үзэж гомдол гаргасан. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу эцэг, эх нь эд хөрөнгө, аливаа нэгэн зүйлээс үл хамааран эцэг, эх болсон л бол тухайн хүүхдийг насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр нэгэнд нь үүрэг ноогдуулчхаад, нөгөөд үүрэг ноогдуулахгүй байна гэдэг нь учир дутагдалтай. Мөн эх хүн учир өөрийнхөө хүүхдийг тэжээн тэтгэх үүрэг байсаар байхад нэгэнд нь тэжээн тэтгэх үүрэг ноогдуулаад, нөгөөд тэтгэмж авах эрх олгоод байгаа нь нэг хүүхдийнх нь тэжээн тэтгүүлэх эрхийг орхигдуулж байна. Энэ нь хүүхдийн эрхийн тухай хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна” гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүхээс зөвхөн хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл Анхан шатны шүүх гэр бүлийн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцож, шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Тодруулбал нэхэмжлэгч Ш.Н-ээс хариуцагч У.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа үндэслэлээ “...У.А 2017 оноос эхлэн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, ааш зан нь өөрчлөгдөн, гэр бүлээ гэх сэтгэлгүй болсон, цаашид бид гэр бүл байх боломжгүй” гэж, харин хариуцагчаас “...би эхнэрээ зодож, нүдэж хөөж тууж, сэтгэл санаа болон бие махбодид нь хохирол учруулж байгаагүй, Ш.Н 2017 оны 11 дүгээр сарын 15-нд хүүхдийн вакцин хийлгээд ирнэ гэж яваад ирээгүй, хүү бид хоёрыг орхиод явсан, гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна, хүүхдүүдээ өөрийн асрамжид авмаар байна, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй” гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Ш.Н, У.А нарын гэрлэлтийг цуцалж, 2015 онд төрсөн хүү А.А-г эцэг У.А-ийн, 2017 онд төрсөн охин А.А-г эх Ш.Н-ийн асрамжид тус тус үлдээж, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин А.А-г 11 нас хүртэл нь түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг У.А-гаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү шийдвэрийг хариуцагч болон түүний өмгөөлөгч эс зөвшөөрч “...охин А.А-г ... эцэг У.А-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Харин гэрлэлт цуцлах, асрамж тогтоосон шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна, Хүү А.А-г  эх Ш.Н-т тэжээн тэтгэх үүрэгтэй эсэхийг хянаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гэрлэгчид 2013 онд танилцан хамт амьдарч, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, хүү А.А 2015 онд, охин А.А 2017 онд төрсөн, гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 оны 11 сараас тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулах маргааны талаарх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдаж гэрлэгчид хамтран амьдрахаар эвлэрч гэрээ байгуулсан хэдий ч эвлэрээгүй, цаашид аль аль нь хамтран амьдрах хүсэл сонирхолгүй болохоо илэрхийлсэн үйл баримт тогтоогдсон байх ба энэ нь “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн болно.

 

            Түүнчлэн гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцоогүй тул Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч Ш.Н-ийг охины хамт эгчийндээ гэр бүлийнх нь хамт амьдарч байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй зэрэг түүний ахуйн нөхцөл болон хүү А.А төрсөн цагаасаа өнөөдрийг хүртэл эцгийнхээ гэрт хамт амьдарч байгаа мөн эцгийнх нь ахуй амьдралын бололцоо нөхцөлийг харгалзан хүү А.А-г түүний асрамжид үлдээж, түүнээс сар бүр “хүүхдийн тэтгэлэг гаргуулж” охин А.А-г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Н “хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан учир энэхүү шаардлагын хүрээнд хүүхдэд тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийг зөрчөөгүй. Харин эхээс хүү А.А-д хүүхдийн тэтгэлэг гаргуулаагүйн хувьд хариуцагч У.А хүүхдийн асрамжийн асуудлаар маргасан хэдий ч тэтгэлэг нэхэмжлээгүй энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Гэхдээ энэ асуудлаар цаашид бие даасан нэхэмжлэлээр шийдвэрлэх боломжтой учир хүү А.А-н эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхийг энэхүү шийдвэр зөрчөөгүй гэж үзнэ.

 

            Харин Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 9 дэх заалтад хариуцагчийн 1/нэг/ жилийн хугацаанд төлөгдөх/207400 төгрөгөөс/ тэтгэлгийн хэмжээнд төлбөл зохих тэмдэгтийн хураамж 34416 төгрөгийг 53024 төгрөг гэж илүү тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийг шаардлага тус бүрээр тооцож илүү төлсөн байхад үүнийг буцаан олгохоор шийдвэрлээгүй нь буруу болжээ.

 

Тухайлбал нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөг/хх-2/ төлснийг 140000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу байх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаас үзэхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн учир нэхэмжлэлийн үнийг тооцохдоо бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох төдийгүй энэ нь эд хөрөнгийн бус нэхэмжлэлд тооцогдох тул нэхэмжлэгчийн илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлого/төрийн сан/-аас буцаан гаргуулж түүнд олгох учиртай. 

 

Түүнчлэн хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа 140000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасан “...шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэсэнд нийцээгүй байх бөгөөд тэрээр “...охин А.А-г эцэг У.А-гаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснийг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй, харин гэрлэлт цуцлах, асрамж тогтоосон шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна, Хүү А.А-г  эх Ш.Н-т тэжээн тэтгэх үүрэгтэй эсэхийг хянаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Эндээс үзэхэд хариуцагч нь “...шүүхийн шийдвэрийн хүүхдүүдийн тэтгэлгийг шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байх тул энэхүү хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу 2 хүүхдийн хувьд тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн хэмжээг 11 нас хүртэл нь амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин/207400/-гийн 50 хувьд үндэслэн хураамжийн хувь хэмжээг тус тус тооцоход 68832 төгрөгийг хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлөх байсан тул түүний илүү төлсөн 71168 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...53024 төгрөгийг” гэснийг “34416 төгрөгийг” гэж, 10 дахь заалтад “ 58 дугаар зүйлийн 58.1” гэж нэмж, “нэхэмжлэгчээс төлсөн 140000 төгрөгийг” гэснийг “140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70200 төгрөгийг, хариуцагч У.А-гаас 70200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох” гэж холбогдох заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Харин Анхан шатны журмаар иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явагдаагүй, нэхэмжлэгч хариуцагч нараас гэрч асуулгах тухай хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй орхигдуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгааг Анхан шатны шүүх цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэхээр шийдвэрлэлээ. Учир нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түдгэлзүүлсэн/1хх-38/ шалтгаан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр арилсан/1хх-61/ байтал 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулахаар шийдвэрлэснээс үзэхэд үндэслэл шалтгаангүйгээр хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлжээ.

 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрч асуулгах талаар гаргасан хүсэлтийн талаар тодруулахад хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс “...гэрчүүд хөдөө амьдардаг, шүүхэд ирэх боломжгүй учир анхан шатны шүүх хуралдааны өмнө хүсэлтээсээ татгалзсан” гэсэн тайлбар өгсөн учир  эдгээр дурдсан зөрчлүүдийг нийтэд нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг тус тус ноцтой зөрчөөгүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл болгоогүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 136/ШШ2021/00067 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 9 дугаар заалтын

 

“...53024 төгрөгийг” гэснийг “34416 төгрөгийг” гэж,

 

10 дугаар заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70200 төгрөгийг, хариуцагч У.А-гаас 70200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Н-т олгосугай.” гэж нэмэлт, өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч У.А, түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч У.А, түүний өмгөөлөгч Б.Д нараас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140000 төгрөгөөс 68832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 71168 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах  хугацааг  тоолоход  саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

  

 

 

  

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                               ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                      Н.БОЛОРМАА