| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00329/И |
| Дугаар | 320/ШШ2025/00393 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 320/ШШ2025/00393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын ... дүгээр багт оршин суух, Ц овогт Ш.М
Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 320/2025/00329/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.М нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ш. нь Улаанбаатар хотод 196...онд айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд сургуулийн насанд хүртлээ эцэг, эх, эгч нарын хамт амьдарч байсан. Сургуулийн насанд хүрч Хөвсгөл аймгийн Рашаант сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 8 дугаар ангийг 1982 онд, Их-Уул сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж 10 дугаар ангийг 1984 онд төгссөн. Бүрэн дунд боловсрол эзэмшээд БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 256 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр цэргээс халагдаж байсан билээ.
Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл цэргийн батлахаа гээж үрэгдүүлсэн, Батлан хамгаалахын төв архиваас ирсэн лавлагаанд миний эцгийн нэрийг Ш... (Ш...) гэж зөрүүтэй бичсэний улмаас цэргийн алба хаасан байдал ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна. Миний аавыг Ш... гэдэг бөгөөд тухайн үед цэргийн бүртгэл хийж байсан хүн нь Ша....гээд буруу биччихээр нь Ш.... гэж зөвтгөж хэлж байсан юм. Засаж бичихдээ бас буруу бичсэнийг нь би сайн анзааралгүй өнгөрсөн байна.
Иймд Ш.М намайг Б цэргийн ...дугаар ангид 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22- ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өнгө үү гэв.
Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL2567010001001966 төрсний бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн тухай баримт, Ш овогтой М-н 8/537 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ш овогтой М-н №257 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №57... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ш овогтой М-н №23... дугаартай хадгаламжийн дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-6, 35-43 дүгээр тал)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Б-г гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 27-28 дугаар тал)
Шүүх Улсын бүртгэлийн хэлтсээс Ш.М-н овог, нэр өөрчилсөн талаарх лавлагаа, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 12-16 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ш.М нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул цэргийн алба хаасан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Ш.М нь 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 2... дугаар ангид цэргийн албыг Ш... (Ш...)-н М.... нэрээр хаасан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж ирүүлсэн Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр тал),
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргаж ирүүлсэн ...Овог: Эцэг/эх/-ийн нэр: гэх хэсэгт Ш..., Өөрийн нэр: гэх хэсэгт М..., хүйс гэх хэсэгт эрэгтэй, төрсөн, он, сар, өдөр гэх хэсэгт 196..-0..-.., ...Эцгийн: Эцэг/эх/-ийн нэр гэх хэсэгт Ч..., Өөрийн нэр гэх хэсэгт Ш..., Эхийн: Эцэг/эх/-ийн нэр гэх хэсэгт Ж.., Өөрийн нэр гэх хэсэгт Х....... гэх бичилт бүхий CVL25670100010019... төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 5, 18 дугаар тал),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Ш овогтой М... (Р....) нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй байна. Ш... (Ш...)-ийн М... (Р...) гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй.. гэх бичилттэй албан тоот, (хавтаст хэргийн 17 дугаар хуудас)
Гэрч М.Б-н ......М... нь 1965 онд төрсөн. Ш... гэж айлын 2 дахь хүү нь байгаа юм. М... М..., М..., Б..., С..., А гэсэн хүүхдүүдтэй айл байгаа юм. 1984 онд М.. бид 2 Хөвсгөл аймгаас хамт Төв аймгийн Сэргэлэн сумын ...-р ангид татагдаж 3 жилийн цэргийн алба хаагаад 1987 онд цэргээс хамт халагдаж ирээд Рашаант сумынхаа Улаан-Од нэгдэлд ажиллаж байсан. Бид 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Их-Уул суманд сурч 1984 онд 10 дугаар анги төгсөөд цэргийн албанд татагдаж байсан. М...10 жилд байхдаа л Ш... гэдэг овогтой байсан ...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг дүгнээд түүний дээрх хугацаанд Ардын армийн 2... дугаар ангид Ша....(Ша....) -ийн М.... нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 27-28 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Ш.М.... өөрийн цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний 1984 оны 06 дугаар 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 2.... дугаар ангид Ш...(Ш...) -ийн М... нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ц... овогт Ш.М-н 1984 оны 06 дугаар 05-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 256 дугаар ангид Ш.. (Ш...)-ийн М...нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН