Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 202/МА2021/00009

 

 

 

  2021          04           27                              

         202/МА2021/00009                                           

 

 

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2021/00070 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: М овогт Ш-ий Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ч” ХХК-д холбогдох,

 

Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын ажлаас халсан 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Ш.Б-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э /зайнаас/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Ш.Б миний бие нь тус аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1986 оноос жолооч засварчнаар ажиллаж байгаад 1990 онд Улаанбаатар хотод болсон МАХН-ын төв хорооны улс төрийн товчоог огцруулах өлсгөлөн болон жагсаал цуглаануудад удаа дараа оролцсон гэх шалтгаанаар тус үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 337 дугаар тушаалаар ажлаас хууль бусаар халагдсан билээ. Энэ тухайгаа миний бие тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, ажлаас халагдсан нэр төрөө сэргээлгэхээр Ч ОНӨХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар мөн шүүхийн шүүгчийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 149 тоот захирамжаар миний энэ нэхэмжлэлтэй холбоотой хариуцагч компани нь Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 37 дугаар тушаалд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүйг холбогдох байгууллагад уламжилсан зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ажлаас хууль бусаар халагдсаны улмаас улс эх орондоо шударга үнэнээр хөдөлмөрлөж ирсэн хүчин зүтгэл минь хохироход хүрсэн учраас тус аймгийн Ч ОНӨХХК-д уг тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж, өргөдөл гомдол гаргасан бөгөөд өргөдлийг хүлээн авч 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 566 дугаартай албан тоот бичгээр Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 37 дугаар тушаалд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүйг холбогдох байгууллагад уламжилж байна гэсэн. Мөн миний бие Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хандахад 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2/714 тоот албан бичгээр “ажлаас халагдсан” гэх шийдвэрийг комисс хүчингүй болгох эрхгүй харьяалах шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн юм. Тухайн үед би шүүхэд гомдол гаргах шаардлагагүй байсан юм. Учир нь гомдол гаргасан ч миний эсрэг гаргана гэж бодсон. Би 1960 оны Үндсэн хууль, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.1.3. шүүх, тусгай болон онцгой бүрэн эрхт комиссоор хэлэлцэн шийдвэрлээгүй боловч улс төр, үзэл суртлын шалтгаанаар тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан нь шүүхийн журмаар тогтоогдсон гэж заасны дагуу миний гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд Ш.Б миний бие хууль бусаар ажлаас халагдсан Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Б нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгууллагын захиргаанд хандаж “Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 149 дүгээр захирамжийг үндэслэн Ш.Б миний биеийг үндэслэлгүй ажлаас халсан Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалыг өөрчлөхөд татгалзах зүйлгүйг холбогдох байгууллагад уламжилж өгнө үү” гэсний дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 566 дугаар тоот албан бичгээр холбогдох байгууллагад уламжилсан хариуг Ш.Б-д хүргүүлсэн байдаг. Иргэн Ш.Б нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дахин байгууллагын захиргаанд хандан өргөдөл гаргаж “...Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байдаг. Иргэн Ш.Б-д компанийн захирлын зүгээс тухайн үеийн гаргасан шийдвэрийг шүүхээр хүчингүй болгуулахыг тайлбарлаж 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 159 тоот албан бичгээр хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх талаар хариу хүргүүлсэн болно. Мөн Ш.Б-ийн нэхэмжлэлд хавсаргасан материалд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2/714 тоот албан бичигт асуудлыг харьяалах шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байдаг. Иймд Ш.Б-ийн нэхэмжлэлд “Ч” ОНӨХХК хариуцагчаар оролцохоос татгалзаж байна. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тушаал гарснаас хойш 30 жилийн хугацаа өнгөрсөн байна” гэжээ.

Анхан шатны шүүх: 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БНМАУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 202 дугаар зүйлд заасныг баримтлан Ш.Б-ийн нэхэмжлэлтэй “Ч” ХХК-д холбогдох Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын ажлаас хууль бусаар халсан 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2021/00070 шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хууль зүйн үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн 87 дугаар 1.3.4 дүгээр зүйлийг зөрчсөн. Мөн 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.13-ыг зөрчсөн. Эрчим хүчний дотоод дүрэмд улс төрийн өлсгөлөн жагсаал цуглаанд оролцохоор ажлаас хална гэсэн дүрэм байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд шударга бус хууль зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна. Мөн өөрийн биеэр очиж асуугдаж яримаар байна. Дорноговь аймгийн МАХН зохион байгуулалттайгаар намын даалгавраар намайг улс төрийн жагсаал цуглаан өлсгөлөнд оролцсон гэдгээр зохион байгуулалттайгаар ажлаас хууль бусаар халсан. 1960 оны Үндсэн хуулиар олгогдсон иргэний үүргээ миний бие нь биелүүлсэн юм” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ш.Б-ийн ярьж байгаагаар тухайн үед гаргасан тушаал шийдвэрийг хүчингүй болгохоор хоёр удаа хандсан байдаг. Үүний дагуу бид амаар болон бичгээр ч тайлбар гаргаж өгсөн. Эхний удаад өөрөө бичгээр хүсэлт гаргаад холбогдох байгууллагад гомдолгүй, шийдвэрийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэдгийг уламжилж өгөөч гэж ирсэн. Тэгэхээр зөвшөөрсөн гээд удаа дараа яриад байдаг. Үүн дээр манай байгууллага тухайн хүний шийдвэрийг шууд хүчингүй болгох субъект биш юм гэдэг байр суурьтай байдаг. Тэгээд ч анхан шатны шүүхийн тайлбар ч ингэж гарсан. 2013 онд шүүх хурал болоход тухайн үед захирал байсан Лхагва тайлбар өгөхдөө “энэ байгууллага нь нэлээн олон удаа статус нь өөр болж нэрээ сольж байсан байгууллага” гэж ярьсан байдаг. Тэгэхээр 1990 онд болсон энэ үйл явдалд манай байгууллага тайлбар өгөх нь бас зохимжгүй юмаа, гэхдээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ хүн нэр төрөө сэргээх нь чухал ач холбогдолтой гэж үзэж байвал уучлалт гуйхад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг хэлснээр шүүхийн шийдвэр гарсан байдаг. Иймд манай байгууллага тэрхүү тушаалыг, тухай хүний шийдвэрийг шууд хүчингүй болгох субъект биш тул хариуцагчаар орохоос татгалзаж байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ч ОНӨХХК-д холбогдуулан Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ”... хариуцагчаар оролцохгүй...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...1990 оноос хойш 30 гаруй жил өнгөрсөн, ... компанийн нэр, хаяг, статус өөрчлөгдсөн, ... Хөдөлмөрийн болон Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ... тушаалыг хүчингүй болгох эрх бүхий байгууллага биш ...” гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн /1973 оны/ 202 дугаар зүйлийг хэрэглэж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Ш.Б эс зөвшөөрч “... Шүүх 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн 87 дугаар зүйл ..., Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.1.3 дугаар зүйлийг зөрчсөн,  ... намайг улс төрийн жагсаал цуглаан өлсгөлөнд оролцсон гэдгээр зохион байгуулалттайгаар хууль бусаар ажлаас халсан ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ш.Б нь Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт жолоочоор ажиллаж байгаад тус үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалаар /хх-14/, үйлдвэрийн дотоод дүрмийг удаа дараа зөрчсөн үндэслэлээр БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн /1973 оны/ 33 дугаар зүйлд зааснаар ажлаас халагдсан, ийнхүү ажлаас халагдах шалтгааныг “... МОАХ, МАН-ын хурал өлсгөлөнд оролцож, МОАХ-ны ажлаар ... сумдад явахдаа байгууллагаас зөвшөөрөл аваагүй, ...анхааруулсан боловч ... дахин давтан үргэлжлүүлэн ... суугаа жагсаалд оролцохоор ... чөлөөгүй явсан ...” тухай Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хамтарсан хурлын протоколд /хх-15/ тэмдэглэгдсэн, тэрээр уг өлсгөлөн, суулт, жагсаал цуглаанд оролцсон, нэхэмжлэгч нь жагсаал, цуглаан, өлсгөлөнд оролцсон шалтгаанаар ажлаас халагдсан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч нэр төр сэргээгдэхэд байгууллагын нэрийн өмнөөс зайлшгүй шаардлагатай тохиолдолд хүлцэл өчихөд татгалзах зүйлгүй гэснээр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 149 дүгээр шүүгчийн захирамжаар /хх-10-11/ хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор /хх-45/ татан буулгаж, Сайншанд сумын дулааны эрчим хүч, усан хангамж, тохижилт үйлчилгээний чиг үүрэгтэй “ДУЛААН УС” оноосон нэртэй аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан, Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 1999 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “ДУЛААН УС” нэрийг “Ч” гэж өөрчилсөн, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Ч” ОНӨУҮГ-ыг орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрт оруулахаар шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...1990 онд Улаанбаатар хотод болсон МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоог огцруулах өлсгөлөн болон жагсаал цуглаануудад удаа дараа оролцсон гэх шалтгаанаар хууль бусаар халсан ...” гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар ... улс төр, үзэл суртлын шалтгаанаар тухайн үеийн нам төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр ажил албан тушаалаас хууль бусаар халсан ..., ... уг тушаалыг хүчингүй болгосноор нэр төрөө сэргээлгэх, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нөхөх олговор авах зорилготой ... ” гэж тус тус  тодорхойлжээ.

 

Эндээс үзвэл нэг талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ажлаас хууль бусаар үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох гэж үзэх, нөгөө талаас ийнхүү тогтоолгох нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан эрх үүргийг үүсгэх ач холбогдолтой гэж дүгнэж болохоор байна.

 

Энэ нь ажлаас буруу халсан болохыг тогтоолгох тухай агуулгатай гэж үзвэл Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалд тухайн үеийн буюу БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн /1973 оны/ 33 дугаар зүйлийг баримтлан “... үйлдвэрийн дотоод дүрмийг удаа дараа зөрчсөн, ... уг зөрчлөө дахин давтан гаргасан...” гэж, 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хамтарсан хурлын протоколд “...МОАХ, МАН-ын хурал өлсгөлөнд оролцож, МОАХ-ны ажлаар ...сумдад явахдаа байгууллагаас зөвшөөрөл аваагүй, ...анхааруулсан боловч ... дахин давтан үргэлжлүүлэн ... суугаа жагсаалд оролцохоор ... чөлөөгүй явсан...” гэж дурдсанаас тус тус үзэхэд нэхэмжлэгчийг БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн /1973 оны/ 33 дугаар зүйлийн в-д заасан “урьд нь сахилга батын буюу олон нийтийн арга хэмжээ авсаар байтал ажилчин, албан хаагч нь хөдөлмөрийн гэрээгээр авсан үүргээ удаа дараа биелүүлээгүй буюу хөдөлмөрийн дотоод дүрмийг зөрчсөн, хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан ...”  үндэслэлээр ажлаас халжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ийнхүү хэтрүүлснийг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн /1973 оны/ 202 дугаар зүйлд хөдөлмөрийн маргааны талаарх гомдол гаргах хугацааг “Ажилчин, албан хаагчид ажлаас буруугаар халсан тухай гомдлоо халагдах тухай захиргааны байгууллагын шийдвэрийг авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасантай болон Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т нийцсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Б нь Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн жолоочийн ажлаас халагдаад даруй 30 жил 8 сар 13 хоногийн дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх ба ийнхүү хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа нэхэмжлэгч “... тухайн үед гомдол гаргах шаардлагагүй байсан, миний эсрэг гарна гэж бодсон ...” гэж тайлбарласнаас үзэхэд хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэгэнт нэхэмжлэгч Ш.Б нь шүүхэд гомдол нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн тул түүнийг ажлаас халсан Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан эрх үүргийг үүсгэх зорилготой гэж үзвэл дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйн гадна уг шаардлага хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдал ...” буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоох асуудал гэж үзэж болох юм.

 

Тодруулбал нэхэмжлэгч нь түүнийг ажлаас халсан Дорноговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаар тушаалын үндэслэлийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “ ... улс төр, үзэл суртлын шалтгаан ...”-тай буюу өөрийгөө улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэсэн агуулга бүхий тайлбар гаргаснаас үзэхэд энэхүү хуульд заасны дагуу цагаатгуулах тухай гомдол гаргах, улмаар нөхөх олговор авах эрхийг үүсгэх зорилготой гэж ойлгогдохоор байна.

 

Энэ тохиолдолд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т зааснаар “... гомдлыг ... харьяалах анхан шатны шүүхэд ...” гаргах ба хуулийн 6.3-т зааснаар “Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй.”  бөгөөд хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан захиргааны шийдвэрээр ... ажил албан тушаалаасаа халагдсан ... нь тогтоогдвол анхан шатны шүүх захиргааны шийдвэрийг хүчингүй болгож уг этгээдийг хэлмэгдсэнд тооцох, эсхүл гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гаргана.

 

Гэвч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т энэ хуулийн үйлчлэх хүрээг 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн ... хүнд хамаарахаар заасан байх бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “улс төрийн хэлмэгдүүлэлт” гэж хүнийг нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан нам, төр, нийгэмд аюултай этгээд гэж тооцож, улс төрийн буюу төрийн эсрэг гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулж, шүүх, тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд зохиомол хэрэг, гүтгэлэгт үндэслэсэн албадлагын арга хэмжээг хэлэхээр заасан.

 

Улмаар БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль нь 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч Ш.Б-ийг 1990 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халсан байх тул түүний нэхэмжлэлд дурдсан үйл баримт цаг хугацааны хувьд энэхүү Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх ба энэ үндэслэлээр шүүхээс дээрх захиргааны шийдвэр нь нэхэмжлэгчийн хувьд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “улс төрийн хэлмэгдүүлэлт” байсан эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч мөн өөрийг нь улс төрийн шалтгаанаар ажлаас хууль бусаар халсан тул нэр төрөө сэргээлгэх зорилготой гэж нэхэмжлэлийн нэг үндэслэлээ тодорхойлсон байх боловч энэ тухай шаардлагыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотолж тогтоогддоггй болно.

 

Энэ нь нэхэмжлэгч  жагсаал, цуглаан, өлсгөлөнд оролцсон шалтгаанаар ажлаас халагдсан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч нэр төр сэргээгдэхэд байгууллагын нэрийн өмнөөс зайлшгүй шаардлагатай тохиолдолд хүлцэл өчихөд татгалзах зүйлгүй гэснээр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 149 дүгээр шүүгчийн захирамжаар /хх-10-11/ хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг агуулгын хувьд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу түүнийг нэр төрийг сэргээсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2020/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

 

                                   ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                         Н.БАТЧИМЭГ