| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0030/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2018-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Роза |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 44
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Роза,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Н.И нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ирүүлсэн Н.Ид яллах дүгнэлт үйлдэж холбогдох эрүүгийн 1830000190020 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн харьяат, 1978 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг Баясгалантын 1-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛН78082310, Баянтэрэм овгийн Нацагдоржийн Н.И.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Н.И нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянцогтын 5-29 тоот дахь иргэн П.Мягмарсүрэнгийн амбаарын цоожийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төмрөөр хөшиж нэвтрэн адууны шир, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр түүний байшингийн цоожийг эвдэж нэвтрэн орж цахилгаан өрөм 2 ширхэгийг тус тус хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Н.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018.01.02-нд Мягмарсүрэнгийн амбаарын цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод дотроос нь адууны шир, гэрийнх нь цоожийг төмрөөр хөшиж 2 цахилгаан дрилл авч, адууны ширийг 15.000 төгрөгөөр, цахилгаан дриллийг нэгийг нь 6.000 төгрөгөөр, нөгөөг нь 8.000 төгрөгөөр бусдад зарсан. Цагдаад баригдсаны дараа маргааш нь хулгайлж авсан эд зүйлсээ зарсан хүмүүсээсээ буцаан авч эзэнд нь өгсөн ... гэв.
- Яллагдагч Н.И мөрдөн байцаалтанд өгсөн: Би Мөнххаан суманд ээж ах дүү нартай амьдардаг юм. 2017 оны 11 сарын сүүлээр аавынхаа ах дүү нараар очих гэж Түмэнцогт суманд очсон юм. Тэндээ байж байгаад 2018 оны 01 сарын эхээр сумын төвд архи уучихсан явж байгаад дахиж архи уумаар санагдаад таньдаг айл болох Мягмарсүрэнгийнх хөдөө байгаа сумын төвд байгаа гэр нь эзэнгүй байгаа гэдгийг мэдээд мөнгө болгох юм авахаар очоод хойшоо харсан амбаарын цоожийг хөшиж онгойлгоод дотроос нь хонгор зүсмийн адууны шир 1 ширхэгийг, байшингийн хаалгыг хөшиж онгойлгоод гал тогооны өрөөний баруун талын жижиг өрөөнд байсан хайрцагтай хайрцаггүй 2 дрилл авсан. Тэгээд суманд зүс таних хүмүүст хулгайлсан эд зүйлсээ зараад мөнгөөр нь архи уусан. Тэгээд цагдаад баригдаад зарсан хүмүүстээ мөнгийг нь өгөөд эд зүйлсийг авч цагдаад авчирч өгсөн... гэх мэдүүлэг /хх-31/,
- Хохирогч П.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багт хөдөө байдаг. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сумын төвөөр ирээд байшингаа эргээд буцсан, тэрнээс хойш ирээгүй байж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой ирээд өөрийн дүү Цэнд-Аюушийнд байж байгаад байшингаа эргэхээр очтол хашаанд байдаг 3 амбаарын цоожийг эвдээд, манай байшинд байсан 2 ширхэг цахилгаан гар дрилл, амбаарт байсан адууны 1 ширхэг шир зэрэг алга болсон байсан. Эвдэлсэн цоожийг хаалганд зүүгээд орхисон байсан. Тэгээд хулгайч орсон байна гэж бодоод сумынхаа цагдаад хэлсэн. Түмэнцогт сумын цагдаа нар шуурхай ажиллаж хулгайчийг барьж манай алдагдсан эд зүйлийг олж надад хүлээлгэн өгсөн. Би эд зүйлээ бүрэн авсан болохоор гомдол санал байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-14-15/,
- Гэрч Ч.Өсөхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн айл боловч сумын төв дээр зүүн гэр байранд амьдардаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрт байхад зүс таних 2 хүн ирж мөнгөний хэрэг гарчихлаа 10.000 төгрөгөөр зарна гэж ногоон өнгийн дрилл үзүүлээд байхаар нь би өөрт байгаа 8.000 төгрөгөө өгөөд авсан. Тэгээд удаагүй байтал 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөгөө хүн буцаж ирээд би дриллээ авъя хулгайн юмаа, цагдаа аваад ир гээд байна гэж хэлээд 8.000 төгрөгөө өгөөд дриллээ буцаад аваад явсан... гэх мэдүүлэг /хх-23/,
- Гэрч Г.Энхтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр баг сумын төв дээр зүүн байранд амьдардаг юм. Би сумандаа түүхий эд авдаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 19 цагийн орчим гэрт байхад зүс таних 1 хүн ирж адууны шир өгье гэж дуудсан, гараад харахад эвхэж хөлдөөсөн хонгор зүстэй адууны шир байсан. Би дэлгэж үзэх боломжгүй хөлдүү байсан учраас 15.000 төгрөг төлөөд авсан. Түүнээс хойш хэд хоног өнгөрсний дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөгөө Н.И гэдэг залуу надруу ирж ахаа би нөгөө адууны ширийг буцааж авъя, дүү нь хулгай хийчихсэн юм, Цагдаад баригдчихаад байна гээд 15.000 төгрөгөө надад өгөөд адууны ширээ аваад явсан... гэх мэдүүлэг /хх-24/,
- Гэрч Д.Энхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр баг сумын төв дээр гэртээ байж байхад 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зүс таних Сайхнаа гэх залуу ирж мөнгөний хэрэг гарчихлаа дрилл авах уу, гэж хар хайрцагтай шар өнгийн дрилл үзүүлээд байхаар нь би авахгүй гэж хэлсэн чинь гуйгаад салахгүй байхаар нь 6.000 төгрөгөөр авсан. Би хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад биш гэж байсан... гэх мэдүүлэг /хх-21/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2018 оны 01 сарын байдлаар эд зүйлийн үнэлгээ /хх-34/
- Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зураг /хх- 10-12/
- Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-32/
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4-р багийн Засаг даргын 2018.01.12-ны өдрийн 57 тоот тодорхойлолт /хх-33/
- Шүүгдэгч Н.Иы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-37/
- Н.Иы Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Н.И нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн Баянцогтын 5-29 тоот дахь иргэн П.Мягмарсүрэнгийн амбаараас цоожийг эвдэж орж 20.000 төгрөгийн үнэ бүхий хонгор зүсмийн адууны шир 1 ширхэг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөн хашаан дахь байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч тус бүр нь 50.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан өрөм 2 ширхэгийг тус тус хулгайлж, бусдад нийт 120.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
1. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: хулгайн хэрэг гарсан газар нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутаг, зүүн дэнжийн Баянцогтын 5-29 тоот хашаа бөгөөд хашаан дотор 12 х 8 хэмжээтэй баруун, зүүн талдаа тамбартай, баруун талын тамбараас залгасан хаалгагүй гараж байх ба байшингийн зүүн талд ертөнцийн зүгээр хаалга нь црагш харсан ногоон хаалгатай блокон пин, түүний хажууд баруун тийг харсан төмөр хаалгатай модон өмбаар, мөн түүний урд талд хойг харсан төмөр хаалгатай моддон өмбаар байв. Барун талын үүдний абаарын болон гурван амбаарын цоожнууд эвдэрсэн байдалтай байв. Модон өмбаарт байсан хонгор зүсмийн адууны шир алга болсон байна... гэжээ. Схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/
2. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл. 2018.01.09: Хар өнгийн хайрцагтай шар өнгийн дрилл, ногоон өнгийн дрилл 1 ширхэг, хонгор зүсмийн адууны шир зэрэг эд зүйлийг Н.Иаас түр хураан авав. 3 кадр зураг авав... гэжээ/ хх- 10/,
3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/2018.01.09/: Хар өнгийн хайрцагтай шар өнгийн дрилл, ногоон өнгийн дрилл 1 ширхэг, хонгор зүсмийн адууны шир зэргийг П.Мягмарсүрэнд үзүүлэхэд миний эд зүйл бүтнээрээ байна... гэжээ, 4 ширхэг гэрэл зураг/ хх- 11-12 /,
4.Сүхбаатар аймгийн Түмэннцогт сумын Эд зүйлийн үнэлгээ: нас гүйцсэн адууны шир 1 ширхэг 20.000 төгрөг, цахилгаан дрилл хуучин 2 ширхэг, нэг нь 50.000 төгрөг, нийлээд 100.000 төгрөг... гэжээ/ хх- 34/ ,
5. Хохирогч П.Мягмарсүрэнгийн “ 2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой ирээд өөрийн дүү Цэнд-Аюушийнд байж байгаад байшингаа эргэхээр очтол хашаанд байдаг 3 амбаарын цоожийг эвдээд, манай байшинд байсан 2 ширхэг цахилгаан гар дрилл, амбаарт байсан адууны 1 ширхэг шир зэрэг зүйлс алга болсон байсан ” гэх,
6. Гэрч Г.Өсөхбаярын “2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрт байхад зүс таних 2 хүн ирж мөнгөний хэрэг гарчихлаа 10.000 төгрөгөөр зарна гэж ногоон өнгийн дрилл үзүүлээд байхаар нь би өөрт байгаа 8.000 төгрөгөө өгөөд авсан. Тэгээд удаагүй байтал 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөгөө хүн буцаж ирээд би дриллээ авъя хулгайн юмаа, цагдаа аваад ир гээд байна гэж хэлээд 8.000 төгрөгөө өгөөд дриллээ буцаад аваад явсан ” гэх,
7. Гэрч Г.Энхтөрийн “ Би сумандаа түүхий эд авдаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 19 цагийн орчим гэрт байхад зүс таних 1 хүн ирж адууны шир өгье гэж дуудсан, гараад харахад эвхэж хөлдөөсөн хонгор зүстэй адууны шир байсан. Би дэлгэж үзэх боломжгүй хөлдүү байсан учраас 15.000 төгрөг төлөөд авсан ” гэх,
8. Гэрч Д.Энхбаатарын “ 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зүс таних Сайхнаа гэх залуу ирж мөнгөний хэрэг гарчихлаа дрилл авах уу, гэж хар хайрцагтай шар өнгийн дрилл үзүүлээд байхаар нь би авахгүй гэж хэлсэн чинь гуйгаад салахгүй байхаар нь 6.000 төгрөгөөр авсан ” гэх мэдүүлгүүд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.И-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу хүн байнга амьдрах орон байр, агуулах байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Н.И гэмт хэргийг гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, бусдын эд зүйлс хадгалж, хамгаалах зориулалттай агуулах буюу амбаар, хүн амьдрах зориулалттай байшингийн цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлан бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал, шүүгдэгч Н.И нь согтуурсан үедээ архи уух мөнгө олох зорилгоор бусдын эд зүйл хадгалах амбаар болон орон байранд нэвтэрч эд зүйлсийг хулгайлсан гэдгээ хэрэгт хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Н.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.Иыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Н.И нь гэмт хэрэг үйлдсэний дараа хулгайлсан эд зүйлсийг зарж борлуулсан хүмүүсээс мөнгийг нь төлж буцаан авч, уг эд зүйлсийг хохирогчид бүрэн бүтнээр өгч учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин түүний хоёр удаагийн үйлдлээр орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Н.Иы үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу 1 ширхэг адууны шир, 2 ширхэг цахилгаан өрөм нь хохирогчид буцаан олгогдсон зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол буюу эд зүйлс буцаан олгогдсон, хохирогч П.Мягмарсүрэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.
Шүүхийн шатанд Н.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баянтэрэм овогт Нацагдоржийн Н.Иыг агуулах, орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Иыг 1/ нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Ид оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Ялтан Н.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Ялтан Н.И энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан 120.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн буюу 2 ширхэг цахилгаан өрөм, адууны шир хохирогч П.Мягмарсүрэнд буцаан олгогдсон, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН