| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 1732000190001 |
| Дугаар | 2019/ДШМ/38 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2019/ДШМ/38
Д.Эрдэнэбат, Г.Батболд нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Э.Гантулга
Шүүгдэгч Д.Эрдэнэбатын өмгөөлөгч Р.Баярхүү
Шүүгдэгч Г.Батболдын өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт Д.Эрдэнэбат, Г.Батболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1732000190001 дугаартай, 149/2019/0025/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртийн байрны 11-294 тоотод оршин суух хаягтай, урьд 7 удаагийн ял шийтгэл эдэлж байсан,
1.Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ялаар,
2. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №89 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар хөрөнгө хураахгүйгээр 03 жилийн хорих ялаар, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 04 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж нийт 04 жилийн хорих ялаар,
3. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №99 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар,
4. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №52 дугаар таслан шийдвэрлэх тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар,
5. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №19 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны шүүхээс оногдуулсан ялд өөрчлөлт орж суллагдсан,
6. Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 03 сарын баривчлах ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 01 жил 03 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 03 сарын баривчлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 01 жил 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 01 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр суллагдсан,
7. Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын зарим болох 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 03 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Дармаагийн Эрдэнэбат/РД: МЗ-72010314/.
Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Дуу хөгжмийн багш мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг, Шарын голын 07 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Сургууль цэцэрлэгийн цогцолборт дуу хөгжмийн багш ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зуутраг овогтой Гэндэнжавын Батболд/РД:ТК-76083076/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Эрдэнэбат, Г.Батболд нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тод саран” цайны газраас 260 кг хөлдөөсөн хонь, ямааны мах, чихэр печень зэрэг эд зүйлсийг хулгайлж, хохирогч Д.Даваасүрэнд 1.690.000 төгрөгийн, хохирогч А.Пунсалдуламд 597.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Зуутраг овогтой Гэндэнжавын Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,
- Шүүгдэгч Боржигон овогтой Дармаагийн Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Зуутраг овогтой Гэндэнжавын Батболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Батболдыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эрдэнэбатад оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эрдэнэбатад ял оногдуулахдаа шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч 7 удаа гэмт хэрэгт ял шийтгэгдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Батболдод ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь:
Шүүгдэгч Д.Эрдэнэбат нь урьд мөрдөн байцаалтын үед гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...гудамжинд шуудайтай хог байсныг асгаад шуудайг нь авсан байсан, тэр шуудайгаа аваад буцаж ороод Г.Батболдоор шуудайны амыг бариулаад би өөрөө махыг шуудайлсан. Тэгээд бид 2 шуудайтай махаа дамжилж өргөөд гадаа хаалганы хажууд тавьсан...” гэж мэдүүлдэг, мөн яллагдагч Г.Батболд нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Д.Эрдэнэбат “Тод саран” дэлгүүрийн арын хаалгыг онгойлгоод намайг дотогшоо хамт оръё гэж хэлсэн. Намайг орохгүй гэсэн чинь Д.Эрдэнэбат дотогшоо ганцаараа орсон. Дэлгүүрт ороход гэрэлгүй харанхуй байсан ба тавиур дээр савтай задгай чихэр, цагаан самар байхаар нь би тэндээс 3 атгаж аваад халаасандаа хийсэн. Харин цаана Д.Эрдэнэбат нөгөө цагаан шуудайдаа дүүрэн мах хийчихсэн байсан. Намайг үүнийг дамжлаад гаръя гэхээр нь би дамжилж гарсан...” гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлгүүдэд үндэслэн Д.Эрдэнэбат, Г.Батболд нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасныг үл харгалзан зөвхөн шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Г.Батболдыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Шүүх ингэж дүгнэхдээ шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт огт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх тул Г.Батболд, Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна...” гэжээ.
Шүүгдэгч Г.Батболд давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би архи уудаг байсан нь үнэн. Энэ үедээ Д.Эрдэнэбаттай хамт явж байгаад Д.Эрдэнэбат нь шуудайтай юм аваад ирэхээр нь түүнийг нь өргөж, цааш нааш зөөж явсан нь үнэн. Тухайн үед үнэндээ хулгайн юм гэдгийг мэдэж байсан нь үнэн. Тэгэхээс би тэр байшин байрнаас үнэхээр хулгай хийж хамт аваагүй юмаа. Миний бие 2018 оноос эхлэн архи уухаа больж мэргэжлээрээ сургуульд багшаар ажиллаж байгаа болно. Гэтэл 2018 оны намар Цагдаагаас дуудаж хулгай хийсэн гэж байцаахаар нь хэргээ хурдан шийдүүлэх л санаа зорилготой байсан. Би хойшид архи уухгүй зөв амьдралаар амьдрах хүсэлтэй болохоо чин сэтгэлээсээ илэрхийлж байна. Үнэхээр би хулгай хийгээгүй тул надад ганц удаа боломж болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Батболдын өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эрдэнэбат мэдүүлэхдээ ... Би амбаарын хаалгыг түлхсэн чинь онгойсон ганцаараа ороод махыг авсан, авсан махаа эмнэлгийн хашаанд нуучихаад байж байхад Г.Батболд цаанаас хог түүгээд ирэхээр нь Г.Батболдоор харуулсан гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ... Д.Эрдэнэбат бид хоёр хог түүгээд явж байтал нэг мэдэхэд Д.Эрдэнэбат алга байснаа нэг юм чирээд ирсэн тэгээд түүнийгээ харж байгаарай гэж хэлээд нэг юм аваад явсан дараа нь ирээд нөгөө шуудайтай махаа н.Нэргүйбаатарын машинд ачсан гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд Г.Батболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсан...” үйлдэл нь бүрэн нотлогдон тогтоогдохгүй байгаа ба Г.Батболдыг үйл ажиллагаа явуулах зориулалттай “Тод саран” дэлгүүрт нэвтэрч орсон гэдгийг давхар нотолсон баримт хавтас хэрэгт огт байдаггүй. Мөн хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох гэрч н.Жамбалсүрэн, н.Туул, н.Баяндалай нарын мэдүүлэгт Д.Эрдэнэбатыг ганцаараа ирж мах зарсан гэж мэдүүлдэг. Иймд улсын яллагч зөвхөн шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэн яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д заасан “...Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй...” гэж заасан хуулийн заалтыг зөрчин шүүгдэгч Д.Эрдэнэбат, Г.Батболд нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэн дээрх эсэргүүцлээ бичсэнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн зарчмыг баримтлан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд тухайн хэрэг гарах үед архины хамаарал бүхий байсан боловч шүүгдэгч Г.Батболд одоо архинаас гарч биеэ засаж, мэргэжлийнхээ дагуу багшийн ажил хийж, бусдад үлгэр дуурайлалтай, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болно. Залуу хүмүүсийг архичин байсан, хулгайлсан үйлдлээ өөрөө мэдүүлсэн гэсэн үндэслэлээр махны үнэлгээг хохирогчийн хэлснээр үнэлж, үзлэг туршилт хийлгүйгээр үнэлэн, зөвхөн яллах талыг баримталж байгаа нь учир дутагдалтай байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 36 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Эрдэнэбат, Г.Батболд нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тод саран” цайны газраас 260 кг хөлдөөсөн хонь, ямааны мах, чихэр печень зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч Д.Даваасүрэнд 1.690.000 төгрөгийн, хохирогч А.Пунсалдуламд 597.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Г.Батболдод Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж, шүүгдэгч Д.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлийн дагуу Д.Эрдэнэбат, Г.Батболд нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал: Шүүгдэгч Д.Эрдэнэбатын “...тэр шуудайгаа аваад буцаж ороод Г.Батболдоор шуудайны амыг бариулаад би өөрөө махыг шуудайлсан. Тэгээд бид хоёр шуудайтай махаа дамжилж өргөөд гадаа хаалганы хажууд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-р хуудас/, мөн шүүгдэгч Г.Батболдын “... удалгүй эргэж ирээд намайг дуудаад ороод ир гэхээр нь би дэлгүүр лүү орсон. Дэлгүүрт ороход гэрэлгүй, харанхуй байсан ба тавиур дээр савтай задгай чихэр, цагаан самар зэрэг байхаар нь би тэндээс 3 атгаж аваад халаасандаа хийсэн. Харин Г.Эрдэнэбат нөгөө цагаан шуудайдаа дүүрэн мах хийчихсэн байсан. Намайг үүнийг дамжлаад гаръя гэхээр нь би дамжлаад гарсан...” /хх-ийн 199-р хуудас/ гэх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон бусад баримтуудаар шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн байхад анхан шатны шүүхээс “...шүүгдэгч Г.Батболд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн болох нь тогтоогдохгүй, давхар нотолсон баримтгүй...” гэж дүгнэн Г.Батболдод холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, зөвхөн шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэн, тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт огт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй.
Түүнчлэн яллагдагч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өгсөн “...Бид 2 нэг шуудай дүүрэн мах авсан. Өөр 2 гялгар ууттай чихэр, цагаан самар, печень зэргийг бүгдийг нь хамж авсан, Асуулт: Г.Батболд та 2 ундаа, ус, сав суулга авсан уу?, Хариулт: Тэнд тийм зүйл байгаагүй, байсан зүйлийг нь бид 2 авсан” /хх-ийн 104-105-р хуудас/ гэж, “...нэг тасалгаа руу орсон чинь миний зүүн гар талын 3 тавиуртай лангууны 2 дахь тавиур дээр вафли, печень байхаар нь би цэнхэр торонд хийсэн чинь цэнхэр тор дүүрчихсэн, мөн сүлжмэл сээтгэн тавган дотор цагаан самар задлаад печень бас задлаад хийчихсэн байсныг нь дахиж цэнхэр торонд хийгээд хажуу талд нь ...хөргөгчний тагийг дээш онгойлгоод үзэхэд гялгар уутаар ороож, бөөрөнхийлж хөлдөөсөн махнууд байсан, тэгээд Г.Батболд бид хоёр авч явсан цагаан өнгийн шуудайнд нөгөө хөлдөөж ороосон махнуудыг хийж аваад... гэх, мөн ...цайны газрын хөлдөөгчнөөс нэг цагаан шуудай дүүрэн хөлдөөсөн мах, вафли печень, цагаан самар зэрэг эд зүйл авсан...” /хх-ийн 72-73-р хуудас/ гэж мэдүүлсэн байхад Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хонь, ямааны нийт 260 кг мах нь 1 шуудайнд багтах боломжтой эсэх, хэр хэмжээтэй хөргөгчинд уг мах багтаж байсан эсэх, мөн 2 гялгар ууттай чихэр, цагаан самар, печень зэргийг авсан гэж мэдүүлдэг ч дүгнэлтэд дурдагдсан коровка 8 ширхэг, маврюша печень 77 ширхэг, нийслэл печень 26 ширхэг, хөөх печень 13 ширхэг, аз жаргал печень 12 ширхэг, маамуу жүүс 2 ширхэг, соруултай ундаа 3 ширхэг, чанадаг гоймон 9 ширхэг, жижиг контик 1 ширхэг, доширак 7 ширхэг, том аягатай гоймон 4 ширхэг, жижиг аягатай гоймон 4 ширхэг, том чипс 12 ширхэг, жижиг чипс 5 ширхэг, панта ундаа 28 ширхэг, мульт ундаа 32 ширхэг, жижиг ус 10 ширхэг, марс 7 ширхэг, ментос чихэр 9 ширхэг, польш чихэр 88 ширхэг, кофе 55 ширхэг, модон чихэр 66 ширхэг, эрт чихэр 100 ширхэг, 3д бохь 1 боодол, дероль бохь 12 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, певор таваг 20 ширхэг, никель төмөр түмпэн 3 ширхэг, 1 шуудай цагаан будаа, кимбабны таваг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шүүгдэгч Д.Эрдэнэбат, Г.Батболд нарыг авсан гэдгийг хангалттай тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно...” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд шүүгдэгч Д.Эрдэнэбат, Г.Батболд нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зайлшгүй тогтоох шаардлагатай байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Эрдэнбатад авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Батболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ