| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2025/0005/З |
| Дугаар | 109/ШШ2025/0011 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 109/ШШ2025/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Д /************/
Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргын хоорондын “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийн иргэн Г.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Г.Д нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийн иргэн Г.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/92 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд давуу эрхээр газар эзэмших эрх олгосны хавсралтын 6 дугаарт иргэн Г.Д-д тус сумын Баахан булаг гэх газарт ногоон тэжээлийн зориулалтаар 4 га газар эзэмших эрх олгожээ. (Хавтаст хэргийн 6-7 дахь тал)
2.2. Улмаар иргэн Г.Д-д дээрх газрыг эзэмшүүлж, *************** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 2 дугаар сарын 26-ны олгосон байна. (Хавтаст хэргийн 8 дахь тал)
2.3. Дээрх хугацаанаас хойш Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаар захирамжаар Цэнхэр сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэдийн газар эзэмших эрхийг цуцалсны хавсралтын 16 дугаарт иргэн Г.Д-гийн эзэмших эрх бүхий 4000м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгожээ. (Хавтаст хэргийн 78, 85 дахь тал)
2.4. Тодруулбал, дээрх захирамжийн хавсралтын нэхэмжлэгч Г.Д-д холбогдох хэсэгт “ ... Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3 дугаар заалт тус тус зөрчигдсөн. Сумын багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол байхгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мэдээллийн санд тусгаагүй, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй ...” гэж дурджээ.
2.5. Иргэн Г.Д-д газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаар захирамжийг 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гардуулж, нэхэмжлэгчээс 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. (Хавтаст хэргийн 12-13 дахь тал)
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/92 дугаартай захирамжаар газар эзэмших эрх олж авсан бөгөөд уг захирамжийг үндэслэн надад 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Өргөөг гэх газарт ************ дугаар бүхий 4 га газрыг 15 жилийн хугацаагаар үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон. Гэтэл Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай захирамжаар тус газрыг эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх. хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар. санал гаргах боломж олгоно.’’ гэж заасан байх бөгөөд уг ажиллагааг буюу сонсох ажиллагаа явуулалгүй, надад мэдэгдэлгүй, тайлбар, санал гаргах боломж олголгүй миний газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай захирамж нь миний газар эзэмших эрхийг цуцалж Г.Д миний эрх, ашиг сонирхлыг шууд хөндсөн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон шийдвэр болсон байна. Миний бие дээрх эзэмшлийн газар дээр хашаа барьж, жил болгон малын ногоон тэжээл тарьж ургуулан нутаг орныхоо айл өрхүүдийн малын тэжээлд хувь нэмэр оруулан ашиглаж, өөрийн амьдрал ахуйдаа хэрэглэж байгаа билээ. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга уг захиргааны актыг батлан гаргахдаа ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа этгээд буюу Г.Д надад нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олголгүй, надад мэдэгдээгүй бөгөөд нутгийн хүмүүс таны газар цуцлагдсан гэж яриад байхаар нь сумын газрын даамлаас 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр захирамжийг авч танилцсан. Архангай аймгийн Засаг дарга нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 40 дүгээр зүйлийн 40.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг үндэслэл болгосон байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” 66.3-т 'Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно. Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-т “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах", 40 дүгээр зүйлийн 40.4-т "Аймаг, сум. нийслэлийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулна." 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно." гэж заасан. Эдгээр хуулийн зохицуулалт нь Засаг даргын бүрэн эрх болон гаргасан шийдвэрээ эрх бүхий байгууллагад мэдэгдэж, тусгуулах хуулийн зохицуулалт байх бөгөөд Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн зохицуулалтыг үндэслэл болгоогүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь хэсгүүдэд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хуульд заасан үндэслэлээс үндэслэл болголгүй миний газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй шийдвэр болсон. Үүнээс дүгнэхэд Архангай аймгийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хууль зүйн үндэслэлийг заагаагүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй шийдвэр болжээ. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай захирамжийн Г.Д надад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Г.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цэнхэр сумын Өргөөт гэх газар нөхрийн хамт газар тариалан эрхэлж ажилладаг байсан. Тухайн үед давуу эрхээр 4 га газар олгосон. Тэгээд тухайн 4 га газраа үйл ажиллагаа явуулаад, Цэнхэр сумандаа малчин хийгээд амьдардаг. Тухайн 4 га газрыг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/92 дугаар захирамжаар тус сумын Буйлан багийн Өргөөт гэх газар 4 га газрыг 15 жилийн хугацаагаар, үр тарианы зориулалтаар гэрчилгээ олгосон байдаг. Харин Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаар захирамжаар иргэн Г.Д-д олгосон газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.7, 40 дүгээр зүйлийн 40.4, 61 дүгээр зүйлийн 61.1 гэсэн хуулийн зохицуулалт, мөн аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт зэргийг үндэслээд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үндэслэлдээ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан тухайн шатны засаг даргын өргөн мэдүүлснээр аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөө, түүнд нийцүүлэн сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 21.3.2 дахь хэсэгт зааснаас бусад газрыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгж байгууллагад ашиглуулах, эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэн зохион байгуулах, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан багийн иргэдийн нийтийн хурал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн газар тариалангийн салбарт үр бүтээлтэй, олон жил ажилласан гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан, Засгийн газраас тогтоосон журмын давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэн давуу эрхээр эзэмшүүлэх газрын хэмжээ үр тарианы зориулалтаар 100 га, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га байна гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Сум, багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол байхгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мэдээллийн санд байхгүй, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй гэсэн үндэслэлээр гаргасан. Өмгөөлөгчийн дүгнэлтийн хувьд, Архангай аймгийн Засаг дарга нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаар захирамжийг гаргахдаа Засаг даргын бүрэн эрх болон хуулийн зохицуулалт нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамжийн үндэслэл болж чадаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1-ээс 40.1.7 дахь хэсэгт заасныг газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл гэж харж байгаа. Эдгээр хуулийн заалтыг үндэслээгүй нь хууль бус болжээ. Аймгийн Засаг дарга нь А/457 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тодруулах гэсэн хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй. Тухайн иргэн Г.Д-гийн газар эзэмших захирамж, тогтоол, гэрчилгээ, нэгж талбарын хувийн хэрэг байгаа эсэхийг тогтоогоогүй захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэгж талбарын хувийн хэргийг тухайн сумын газрын даамал өөрөө хөтөлж, бүрдүүлж явах ёстой байдаг. Г.Д нь энэ нэгж талбарын хувийн хэрэг хөтөлж явуулах эрх зүйн үндэслэлгүй. Иргэн Г.Д тухайн газрыг анх авахдаа Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/92 дугаар захирамжаар авсан байдаг. Газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийн газрын гэрчилгээгээ гаргуулан авсан. Багийн иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулаад газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст газар олгох асуудлыг хэлэлцсэн. Хавтаст хэрэгт тухайн үеийн багийн Засаг даргаар ажиллаж байсан хүний гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдсан байдаг. Г.Д- өөрөө хуралдаа оролцож амжаагүй. Гэхдээ тухайн хуралдаа газар олгож өгнө үү гэсэн хүсэлтээ өгсөн байсан учраас тухайн хурлаар хүсэлтийг хэлэлцээд, Г.Д болон түүний нөхөр тус салбарт олон жил үр бүтээлтэй хамт ажиллаж байсан гээд баталсан. Захиргааны хэргийн шүүхээс суманд үзлэг хийсэн боловч тухайн хурлын тогтоол олдохгүй байгаа. Өнөөдөр Г.Д гэдэг хүн буруутай юм шиг хандаж байна. Тухайн үед хуралдсан багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг батлаад гаргачихсан байсан бол магадгүй өнөөдөр ийм асуудал яригдахгүй байсан. Ийм нөхцөл байдлуудыг Архангай аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа тодруулах ёстой байсан гэж үзэж байгаа учраас хууль бус шийдвэр байна гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс гаргасан сонсох ажиллагаа хийгээгүй гэх тухайд, тухайн газрын эзэмших эрхийг цуцлахын өмнө Цэнхэр сумын газар олголтод нэгдсэн хяналт шалгалтыг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг хийж Газрын тухай хууль зөрчиж газар олголт хийгдсэн зөрчил дутагдлыг Газар тариалан, аялал жуулчлал, үйлчилгээ гэсэн зориулалт бүрээр илрүүлж дүгнэлт гаргаж холбогдох арга хэмжээ авах талаар саналыг аймгийн Засаг даргад танилцуулсан. Тухайн дүгнэлтээр илэрсэн зөрчилд хуульд нийцүүлэн арга хэмжээ авахыг Засаг даргаас үүрэг болгосны дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгч мэдэгдсэн боловч Г.Д мэдэгдлийг хүлээн авахаас татгалзаж энэ тухайгаа бичиж өгсөн. Сонсох ажиллагааг 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр нэгдсэн байдлаар зохион байгуулахад тухайн сонсох ажиллагаанд Г.Д биечлэн ирж оролцсон ямар нэгэн санал тайлбар хэлээгүй. 2. Нэхэмжлэгчээс гаргасан А/457 дугаартай захирамжийг мэдэгдээгүй гэх тайлбарын тухайд: хариуцагчийн зүгээс 2024 оны мэдэгдэл хүлээлгэн өгсөн, 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр сонсох ажиллагаа хийж зөрчилтэй иргэдийн газрыг сонсох ажиллагаа хийж сонсох ажиллагаа хийснээс хойш хуулийн хугацаанд цуцлах арга хэмжээ авах гэж байгаа талаар мэдэгдсэн. Аймгийн Засаг даргын А/457 дугаартай захирамж 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Захирамжийн эх хувийг газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаартай албан бичгээр суманд хүргүүлсэн бөгөөд сумын Засаг дарга, газрын даамал иргэнд гардуулах, мэдэгдэх үүргийг хүлээсэн. Газрын даамлаас тодруулахад утас нь холбогдох боломжгүй байсан, багийн Засаг даргаас нь тодруулсан хаягийг нь мэдэхгүй байсан гэсэн тайлбар өгдөг. Гэтэл нэхэмжлэгч газар эзэмших эрхээ цуцлагдах болсон талаар мэдсээр байж чимээ сураггүй алга болчхоод өнгөрсөн хойно 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр буюу саяхан мэдлээ гардаж авлаа гэж байгаа нь учир дутагдалтай хууль зүйн үндэслэлгүй. 3. Нэхэмжлэгчээс гаргасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй гэх тайлбарын тухайд, тухайн хуулийн зохицуулалтаар иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг төрийн байгууллагын санаачилгаар хүчингүй болгодог бөгөөд гол хүчингүй болгох шалтгаан нь газар эзэмшигч иргэдийн өөрсдийнх нь газар эзэмших явцдаа гаргасан зөрчил, үүргээ биелүүлээгүй үйлдэл байдаг. Тухайн маргааны тухайд энэхүү нөхцөл байдал буюу нэхэмжлэгч Г.Д-гийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ Газрын тухай хууль зөрчсөн үүргээ биелүүлээгүй үйлдлийн үндэслэл биш харин газрыг анх олгохдоо Газрын тухай хууль зөрчсөн шийдвэр гаргагчийн алдаатай үйлдлийн үндэслэл байдаг. Тухайн газар олголтод илэрсэн зөрчил нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дугаар заалтыг зөрчсөн үйлдэл буюу газар олголтыг хийхдээ багийн иргэдийн нийтийн хурлын санал аваагүй, 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3 тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн батлаагүй хууль зөрчиж газар олголт хийсэн байсан нь тогтоогдсон учир аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 40 дүгээр зүйлийн 40.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэж Газрын тухай хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон. 4. Нэхэмжлэгчээс гаргасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэх тухайд, хариуцагчийн зүгээс Газрын тухай хууль зөрчигдсөн бодит нөхцөл байдлыг Засаг даргын томилсон ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр тогтоосон. Хуулийн зөрчлийг арилгах арга хэмжээний санал авахаар Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн сонсох ажиллагааг хийсэн. Эзэмшигчийн тайлбар, саналтай танилцсан ирүүлсэн тайлбар саналдаа бодитой тайлбар ирүүлээгүй нэмж газар авах бусадтай эрх тэгш байх талаар тайлбар ирүүлсэн байдаг. Мөн газар ашиглалтын газрын төлбөрийг төлөөгүй нөхцөл байдалтай байсан зэрэг үйлдлээр бодит нөхцөл байдлыг тогтоож байж шийдвэр гаргасан болно. Дээрх шалтгаан нөхцөлийг үндэслэж Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Засаг даргын зүгээс иргэний газар эзэмших эрхийг цуцалсан үйлдэл нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хууль бусаар хөндөөгүй, Газрын тухай хуулийн зөрчил дутагдлыг арилгасан үйлдэл байсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж А/457 дугаартай захирамжийн Г.Д-д хамаарах хэсгийн хэрэгжилтийг хэвээр үлдээж Газрын туухай хуулийн зөрчлийг арилгасан аймгийн Засаг даргын шийдвэрийг хангаж өгнө үү гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлын хэсгийг дүгнэлтийг аймгийн Засаг дарга огт үндэслээгүй. Аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд заасан болон Газрын тухай хуульд заасан эрх, хэмжээ, түүнд тусгайлан олгосон эрх хэмжээний хүрээнд захирамж гаргасан. Газар эзэмших эрхийг цуцлахдаа, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.7 дахь хэсэгт заасан аль нэг үндэслэлийг заавал авсан байх ёстой гэж өмгөөлөгч ярьдаг. Би энэ дээр эсрэг байр суурьтай байна. Яагаад гэвэл газар эзэмшигч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас зөрчил гаргасан бол түүнийг төрийн байгууллага тогтоогоод, сонсох ажиллагаа явуулаад эзэмших эрхийг цуцалж байгаа заалт болохоос биш төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж газар эзэмших эрхийг цуцалж байгаа бол энэ зүйл заалтыг хэрэглэхгүй. Нөхцөл байдлыг тодруулаагүй гэж байна. Төрийн захиргааны байгууллагаас тодруулсан. Нэгж талбарын хувийн хэрэг байхгүй гэж байна. Энэ тал дээр тэгж буруутгасан зүйл байхгүй. Хууль зөрчсөн үндэслэл нь өөрөө багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээгүй байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, давуу эрхээр газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байна гэдгийг тогтоогоод газар эзэмших эрхийг цуцалсан. Түүнээс нэгж талбарын хувийн хэргийг үндэслээгүй болно. Мөн тухайн үеийн багийн иргэдийн нийтийн хуралд Ц гэж хүн байгаад мэдүүлэг өгсөн гэж байна. Тухайн хэргийн материалтай танилцаж байхад тухайн багийн хурал болоогүй байсан. Хэрэгт авагдсан багийн иргэдийн нийтийн хурлын материал нь 2012, 2013 он буюу өмнөх оны материал байсан. Тухайн материалд давуу эрхээр газар эзэмшүүлэх асуудал дурдаагүй байсан. Нэхэмжлэгчээс гаргасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна гэсэн. Хариуцагчийн зүгээс Газрын тухай хууль зөрчигдсөн бодит байдлыг аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр тогтоосон. Хариуцагчийн зүгээс гаргасан захирамжийг хэвээр үлдээхийг дэмжиж байгаа гол шалтгаан нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/92 дугаар захирамж нь Цэнхэр сумын Буйлан багийн 4 га газрыг иргэн Г.Д-д давуу эрхээр, үнэ төлбөргүй эзэмшүүлсэн нь дараах зөрчилтэй байсан. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, тухайн шатны засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлсэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газрын төлөвлөгөөг хэлэлцэн батлах гэж заасны дагуу Цэнхэр сум 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар тогтоолоор, аймгийн 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 11 дугаар тогтоолоор баталсан байсан. Цэнхэр сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа давуу эрхээр, үнэ төлбөргүйгээр иргэдэд газар эзэмшүүлэх гэж огт батлаагүй нь нотлох баримтаар тогтоогдоно. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу үр тарианы зориулалтаар иргэдэд эзэмшүүлэхээр багийн иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдаагүй болох нь хэрэг авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдоно. Ийнхүү багийн иргэдийн нийтийн хурал хийгээгүй Цэнхэр сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байхад, иргэнд давуу эрхээр үр тарианы зориулалтаар газар эзэмшүүлсэн нь өөрөө Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 20.1.2, 21.4.3, 32.1.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байгаа. Цэнхэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаар тэмдэглэлд дурдагдсан байгаа. Мөн аймгийн баталсан 2016 оны Цэнхэр сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сум тэр чигээр батлаад хэрэгжүүлсэн харагдаад байгаа. Нэхэмжлэгч иргэн Г.Д-д давуу эрхээр үнэ төлбөргүй эзэмшүүлсэн байгаа 4 га газрыг Цэнхэр сумын Алтан овоо баг, Хонгорын аманд нийт 40 га газрыг ногоон тэжээл тариалах зориулалтаар дуудлага худалдаагаар нийтэд нээлттэй худалдаалах замаар хэрэгжүүлэх ёстой байсан байтал нэхэмжлэгч иргэнд Буйлан багт 4 га газар давуу эрхээр, үнэ төлбөргүй эзэмшүүлж, А/92 дугаар сумын засаг даргын захирамж гарсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болохыг аймгийн Засаг дарга буюу дээд шатны Засаг дарга тогтоож, өөрт тусгайлан олгогдсон эрхийн хүрээнд хүчингүй болгож шийдвэр гаргасан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас аймгийн Засаг даргын А/457 дугаар захирамжийн биелэлтийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн нөхцөл байдлыг судлаад үзэхээр Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан тухай үйл баримт 5 жил өнгөрсөн байгаа гэдэг асуудал яригдах боломжгүй. Бусдын болон гуравдагч этгээд, нийтийн эрх ашиг хөндөгдөөгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Учир нь
Нэг. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд
1.1. Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/457 дугаартай захирамжийн хавсралтаар нийт 18 иргэний газар эзэмших эрхийг цуцалсны дотор захирамжийн хавсралтын 16 дахь дэс дугаарт зааснаар нэхэмжлэгч Г.Д-гийн үр тариалан эрхлэх зорилгоор эзэмшиж буй газрын эзэмших эрх багтжээ.
1.2. Тус захирамжид “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 40 дүгээр зүйлийн 40.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/298 дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсгийн Цэнхэр сумын газар олголт, хууль зөрчигдсөн үйлдлийг шалгаж зөрчил дутагдлыг илрүүлсэн тухай 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Цэнхэр сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож иргэдийн газар эзэмших эрхийг тус тус хавсралтаар цуцалсугай” гэжээ. (Хавтаст хэргийн 78 дахь тал)
1.3. Маргаан бүхий захирамжийн хавсралтын 16 дахь дэс дугаарт зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан үндэслэлийг хариуцагч заахдаа: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3 дугаар заалт тус тус зөрчигдсөн. Сумын багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол байхгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мэдээллийн санд тусгаагүй, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй” гэжээ. (Хавтаст хэргийн 85 дахь тал)
Хоёр. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3 дугаар заалт тус тус зөрчигдсөн гэх үндэслэлийн тухайд
2.1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсэг Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.2.1.-т “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах”, 21 дүгээр зүйлийн 21.4.3.-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 29 дүгээр зүйлийн 29.3. дахь хэсэгт “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна.” гэж заасан.
2.2. Хуулийн дээрх хэм хэмжээ нь захиргааны байгууллагын хуулиар хэрэгжүүлбэл зохих чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах захиргааны байгууллагад эрх олгосон хуулийн зохицуулалт байх бөгөөд тухайн үед захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй нөхцөл байдлыг өнөөдрийн маргаан бүхий актаар засах боломжгүй бөгөөд эл үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэх эрх хариуцагчид олгогдоогүй буюу шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2.3. Иргэний хувьд захиргааны байгууллага хуулийн хүрээнд ажилласан гэдэгт итгэх итгэлтэй байх эрхтэй төдийгүй эл үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах, газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй.
2.4. Хариуцагчаас гаргасан сум, багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол байхгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч Г.Д-д газар эзэмших эрх олгохдоо тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан эсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлд “ ... Мөнхзаяа-газар тариалангийн салбарт олон жил ажилласан хүнд давуу эрхээр олгодог ... Баахан булагт 57 га ногоон тэжээл тарих ...” гэж, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралт Иргэнд тариалангийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил хэмжээ 3 дугаарт Цэнхэр сум Буйлан баг, Баахан булаг 57 га газрыг Үр тарианы зориулалтаар олгохоор;
2.5. Мөн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралт Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тариалангийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ 5 дугаарт Цэнхэр сум Буйлан баг, Өргөөт атаршсан талбай 5 га төмс, хүнсний ногоо, үр тарианы зориулалтаар олгохоор;
2.6. Архангай аймгийн Цэнхэр сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний танилцуулгад “ ... Гурав. 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн талаар” ... Үр тариа 40 га ...” гэж, Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хавсралт Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тариалангийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ 11 дугаарт Цэнхэр сум Алтан овоо баг, Хонгорын ам 40 га ногоон тэжээл тарих зориулалтаар тус тус баталсан үйл баримтууд тогтоогддог. (Хавтаст хэргийн 95-110, 122-181 дэх тал)
2.7. Мөн нэхэмжлэгчээс 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад давуу эрхээр 10 га газар олгуулах тухай хүсэлт гаргасан, уг хэргийн маргааны үйл баримтад холбоотой асуудлаар 2004-2021 онд Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргаар ажиллаж байсан иргэн Ц.Б шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... Г.Д-д давуу эрхээр газар олгох асуудлыг хэлэлцсэн, Г.Д-гийн нөхөр олон жил газар тариалангийн салбарт ажилласан, тракторчин хийж байсан юм ... тэгээд олон жил тракторчин хийж байсан нь үнэн тул газар давуу эрхээр олгох нь зөв гэж үзсэн. Харин 20 газар гэхгүй боломжоороо л байхад болно гэж ярилцаад сүүлд 4 га газар авсан гэж Г.Д өөрөө ярьж байсан. Г.Д-д газар олгох асуудал багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцсэн. Тогтоол, тэмдэглэл нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдах ёстой ...” гэх тайлбар гаргасан байна. (Хавтаст хэргийн 89-92, 111 дэх тал)
2.8. Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий тус газрыг хашаалан тариалалт хийж байгаа болох нь шүүхийн үзлэгийн явцад тогтоогдсон, тухайн газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж байгааг дурдах нь зүйтэй. (Хавтаст хэргийн 93-94, 117-118, 185-186 дахь тал)
2.9. Мөн хариуцагчаас маргаан бүхий актын нэхэмжлэгчид хамаарах нэг үндэслэлдээ “...мэдээллийн санд тусгаагүй нэгж талбарын хувийн хэрэг байхгүй” гэжээ.
2.10. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, субьектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх нөхцөлийг шаарддаг.
2.11. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10.-т зааснаар "нэгж талбарын хувийн хэрэг" гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбоотой цаасан болон цахим баримт бичгийн бүрдлийг” ойлгоно, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2. дахь хэсэг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах эрх хэмжээтэй байна: 23.2.22.-т “нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмыг батлах” гэж заасан.
2.12. Тодруулбал нэгж талбар бүр хувийн хэрэгтэй байх бөгөөд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/169 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журам”-ын 2.10-д “газар эзэмшигч иргэний нэгж талбарын хувийн хэргийг суманд Газрын даамал, аймаг, нийслэл дүүрэгт Газрын албаны холбогдох мэргэжилтэн нэгж талбарын дугаарыг дэс дараалуулан хавтсанд үүсгэж архивлах ажлыг гүйцэтгэнэ.” гэж заажээ.
2.13. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д “газрын мэдээллийн сан гэж газрын нэгдмэл сангийн мэдээлэл, өгөгдөлд боловсруулалт хийх бололцоотой техник, технологид үндэслэсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хэрэгцээг хангахуйц системчлэгдсэн өгөгдлүүдийн цогцыг” хэлнэ гэж тодорхойлсон.
2.14. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.3.3-т “газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх” гэж заасан.
2.15. Иймд газар эзэмшигч иргэний эзэмшиж буй газрыг мэдээллийн санд тусгах, нэгж талбарын хувийн хэргийг хөтлөх, хадгалах чиг үүрэг нь захиргааны байгууллагад өөрт нь хадгалагдаж буй нөхцөлд эл үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах, нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийг хөндөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Гурав. Аймгийн Засаг дарга нь доод шатны Засаг даргын шийдвэрийг хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгээр зохицуулагджээ.
3.1. Түүнчлэн захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар “нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий акт нь үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зөрчлийн агуулгад мөн нийцсэн байх ёстой.
3.2. Хэдийгээр аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7.-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол …түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ….хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх хариуцагчид хадгалагдаж буй боловч энэхүү эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж заасны дагуу хязгаарлагдана.
3.3. Захиргааны байгууллага эрх бүхий албан тушаалтан өмнө нь гаргасан шийдвэрээ (хууль бус) гэж үзэн өөрөө эсхүл дээд шатны Засаг дарга хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах бөгөөд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т тодорхой заасан ба (хандсан этгээдийн зүгээс) эл хэргийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”-ээс бусад тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш “таван жилийн дотор” хүчингүй болгохоор заасан тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг захиргааны байгууллага баримталж шийдвэр гаргах боломжтой юм.
3.4. Тухайн тохиолдолд, сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлийн аль нь хамаарч байгааг нь тодорхойгүйгээс гадна хариуцагч аймгийн Засаг дарга нь доод шатны Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгох боломжит таван жилийн хугацааг хэтрүүлсэн нь хуулийн дээрх хэм хэмжээтэй нийцээгүй байна.
3.5. Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны (2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Дугаар 001/ХТ2020/0282 тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Дугаар 001/ХТ2020/0330) хүчин төгөлдөр тогтоолуудад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсгийн зохицуулалттай холбоотойгоор тодорхой тохиолдолд хууль тайлбарлан хэрэглэсэн байгааг дурдах нь зүйтэй.
3.6. Иймд шүүх дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/457 дугаартай захирамжийн иргэн Г.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА