Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн Мөрөн сумын ...дугаар баг, ...р гудамжны ... тоотод оршин суух, Ц  овогт Н.Б

Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 320/2025/00120/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б  нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Н.Б нь Хөвсгөл аймгийн Хатгал хотод 19...онд төрсөн бөгөөд сургуулийн насанд хүртлээ өвөө, эмээ нарын хамт амьдарч байсан. Сургуулийн насанд хүрч Хөвсгөл аймгийн Хатгал хотын 10 жилийн дунд сургуульд элсэн орж 8 дугаар ангийг төгсөж Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд элсэн орж 2 жил суралцаж төгссөн. Улмаар Батлан хамгаалах яамны сайдын 1983.06.13-ны өдрийн н/....дугаар тушаалаар Сэлэнгэ аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Ардын армийн 2....дугаар ангид алба хааж мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986.06.15-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл цэргийн батлахаа гээж үрэгдүүлсэн ба БХЯ-ны төв архиваас хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа автал миний овгийг өвөөгөөр овоглож буюу С.Б гэж ирсэн байх тул овог зөрснөөс цэргийн алба хаасан хугацаа маань тооцогдохгүйд хүрээд байгаа юм.

Иймд Н. Б  намайг Ардын армийн .... дугаар ангид 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өнгө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL2567010001000197 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL2567010001000196 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 08/1914 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1983 оны 12 дугаар сард намайг цэрэгт байхад эргэж очсон аав О.Н-н хамт авахуулсан зураг гэх тайлбартай гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-6 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн даалгавар гүйцэтгүүлж Х.Н-с гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас)

Шүүх Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас Н.Б-н О.Б гэх нэрээр цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаа болон цэрэгт татагдах үеийн анкетын хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Б-н овог, нэр өөрчилсөн талаарх лавлагаа болон төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 15-24, 48 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Б  нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул цэргийн алба хаасан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Н.Б  нь 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 2... дугаар ангид цэргийн албыг О.Б нэрээр хаасан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн CVL25670100010001... дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн ...Овог: Эцэг/эх/-ийн нэр: гэх хэсэгт Н , Өөрийн нэр: гэх хэсэгт Б , хүйс гэх хэсэгт эрэгтэй, төрсөн, он, сар, өдөр гэх хэсэгт 1965-10-30, ...Эцгийн: Эцэг/эх/-ийн нэр гэх хэсэгт  О, Өөрийн нэр гэх хэсэгт Н , Эхийн: Эцэг/эх/-ийн нэр гэх хэсэгт Д , Өөрийн нэр гэх хэсэгт Г.... гэх бичилт бүхий CVL25670100010001... төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 08/1914 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Н.Б  (Р...) нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй байна. О овогтой Б  (Р...) гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй.. гэх бичилт бүхий албан бичиг, (хавтаст хэргийн 20 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Цахир овогт Н.Б  (Р...)-ийн бүртгэл иргэний улсын бүртгэлийн цахим санд бүртгэлтэй бөгөөд Ц  овогт Н.Б  (Р...) гэх иргэний бүртгэл иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй.. гэх бичилт бүхий албан бичиг, (хавтаст хэргийн 48 дугаар хуудас)

Сэлэнгэ аймаг, хот, районоос ..онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын овог нэр нэр гэх хэсэгт О.Б , төрсөн он, сар, өдөр, нас гэх хэсэгт 1965.6.2, үндэс гэх хэсэгт халх, үндсэн захиргаа гэх хэсэгт Хөвсгөл Хатгал сум, цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан гэх хэсэгт Шаамарын ТМС сурагч, Хэдийд хаана, ямар сургууль, курс төгссөн гэх хэсэгт 1983 онд төгссөн, энгийн ямар мэргэжилтэй, үнэмлэхийн дугаар гэх хэсэгт авто засварчин, тусгай өрх, ах дүү, төрөл садан, хэн, хэн хэдэн настай, хаана ямар ажилтай гэх хэсэгт Эцэг О  Хөвсгөл Хатгалд тэтгэвэрт, ах Ш  цэрэгт гэх бичилтттэй цэргийн албанд татагдагчдын анкетын хуулбарт Батлан хамгаалахын төв архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

Гэрч Х.Н-н ......Н.Б нь 1983 оноос 1986 оныг хүртэл Дундговь аймгийн Ардын армид цэргийн алба хаасан. Намайг Дундговь аймгийн ардын армид цэргийн алба хаахаар очиход Н.Б нь байлдагч цолтой мужаан цэрэг байсан. Харуулд гардаг байсан. Тус цэргийн анги нь роттой байсан болохоор сайн мэдэж байна. Цэргийн алба хааж байхдаа Н.Бямбасүрэн гэсэн овог, нэртэй байсан. Тухайн үед Б гэх өөр нэртэй цэрэг алба хаагаагүй. Харин Б  гэдэг нэртэй Хэнтий аймгийн цэрэг байсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг дүгнээд түүний Ардын армийн ... дугаар ангид О.Б гэх нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Н.Б нь өөрийн цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний 1983 оны 06 дугаар 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 2... дугаар ангид О.Б гэх нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ц овогт Н.Б-н 1983 оны 06 дугаар 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 2...дугаар ангид О.Б нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Б-н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН