Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00413

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг Их-Уул сумын ... дүгээр баг, Ш.... гэх газар оршин суух, О  овогт Л.Э ,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 320/2025/00367/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Тэрээр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Л.Э  нь Хөвсгөл аймгийн Их- Уул суманд Л-н 4 дэх хүү болж 1962 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мэндэлсэн. Тус сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж төгсөөд 1978-1981 онд Улаанбаатар хотын Барилгын техникомд суралцсан. 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ардын армийн 016 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 436845 дугаарын цэргийн батлахтай халагдсан. Түүний дараа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул амьдрал нэгдэлд 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс туслах ажилчнаар ажилд ороод 1992 онд нэгдэл тарах хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1987 оны архивын материал галд шатсан учир миний орсон гарсан тушаал болон 1987 онд ажиллаж байсан жил тогтоогдохгүй байна.

Иймд Л.Э  миний Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оныг дуустал туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х  шүүхэд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн талаар тодрууллаа. Үүнд: Л.Э  нь Ардын армийн 016 дугаар ангид 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдррийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба 436845 дугаарын цэргийн батлахтай халагдсан. Түүний дараа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул амьдрал нэгдэлд 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс туслах ажилчнаар ажилд ороод 1992 онд нэгдэл тарах хүртэл ажилласан. 1984 оны 12 дугаар сард авч байсан цалин хөлсний баримт мөн гарч ирэхгүй байгаа.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1987 оны архивын материал галд шатсан, түүний ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа зэргээс 1987 онд ажиллаж байсан хугацаа нь тогтоогдохгүй байна.

Иймд Л.Э-г Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: О овогт Л.Э-н иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн И... сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 3/22 дугаартай албан тоот, Л.Э-н Хөвсгөл аймгийн И... сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн И... сумын Засаг даргын тамгын газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, Хөвсгөл аймгийн И...сумын Ш.... багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай албан тоот, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 3069 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11/229 дугаартай албан тоот, Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №23 дугаартай тушаал, хавсралтад аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Л.Э-с Л.Х-д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-16, 29 дүгээр хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Э, С.Э  нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Э-н иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Л.Э-н нэрээр ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газраас Л.Э-н 1985-1991 оны хооронд ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 22-28, 43-50 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Э  нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Э  нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Л.Э  нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

О  овогт Л.Э-н иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Э-н 1985 оны 1-04 дүгээр сар, 6-7 дугаар сар, 1986 оны 1-6 дугаар сар, 10 дугаар сар, 1988 оны 2-8 дугаар сар, 10-12 дугаар сар, 1989 оны 1-4 дүгээр сар, 6-7 дугаар сар, 10 дугаар сар, 1990 оны 1-4 дүгээр сар, 7-8 дугаар сар, 10 дугаар сар, 1991 оны 2-4 дүгээр сар, 7 дугаар сар, 12 дугаар саруудад тус тус Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбарууд, (хавтаст хэргийн 3-10, 43-50 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №23 дугаартай Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийг хувьчлах тухай тогтоол түүний хавсралтын 353 дугаарт Мал хөрөнгө авсан хүний овог нэр гэх хэсэгт Л.Э, Авсан хөрөнгийн хэмжээ мян.төг гэх хэсэгт 4,4 гэх бичилт бүхий тушаал, хавсралтын хуулбарт аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар, (хавтаст хэргийн 14, 27 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлээс бага хувьчлалд олгосон мал хөрөнгийн тооцоонд Аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдаж баталгаажсан хуулбар (хавтаст хэргийн 15, 28 дугаар хуудас)

Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Саруул-Амьдрал нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1984, цех, тасаг, бригад гэх хэсэгт туслах үйлдвэр, эрхэлдэг ажил гэх хэсэгт нормчин, эрхэлж эхэлсэн он хэсэгт 1984, оршдог сум, район гэх хэсэгт Их-Уул гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар (хавтаст хэргийн 23 дугаар хуудас)

Гэрч Л.Э-н ......Л.Э бид 2 хамт 1981-1984 оны хооронд цэргийн алба хааж 1984 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1984 оны 7 дугаар сараас 1990 он хүртэл Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад, 1990-1992 оны хооронд Саруул-Амьдрал ХХК-д нормчин, туслах ажилчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч С.Э-н ...... Л.Э нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад намайг 1985 онд ажилд ороход туслах ажилчнаар ажиллаж байсан. Түүнээс хойш буюу 1990 онд нэгдэл хувьчлагдаад компани болж өөрчлөгдөхөд ажлаад үлдсэн 1992 оныг дуустал ажилласан. Би компанид ажиллаж байгаагүй. Гэхдээ хүргэн дүү нь учраас ажиллаж байсан талаар нь мэдэж байна гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Л.Э нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Л.Э нь 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 12 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Л.Э-н Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН