| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2023/01301/И |
| Дугаар | 320/ШШ2025/00322 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/00322
| 2025 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 320/ШШ2025/00322 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *** сумын *** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, С.Х
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ** сумын ** дугаар багийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, П.С
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М..сумын *** дугаар багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн М..сумын ** дугаар багийн **дүгээр гудамжны ** тоотод түр оршин суух, Д.Д
Хариуцагч: Хөвсгөл аймгийн М..сумын ** дугаар багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн М..сумын *** дугаар багийн *** дүгээр гудамжны ** тоотод түр оршин суух, Д.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Д.Т Хөвсгөл аймгийн М..сумын Д.Т тоотод байрлах хашаанд барьсан гражийн зориулалттай барилга байгууламж нь хөрш болох Х.Б. Б.Б нарын амьдарч байгаа хувийн орон сууцанд тулгаж, цонхыг бүрэн хэмжээгээр хааж барьсан нь эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж баригдсан болохыг тогтоолгох, хариуцагчид барьсан гражаа буулгахыг даалгах, Хөвсгөл аймгийн М..сумын Д.Т тоот хашаанд байрлах бохирын цооногийг Х.Б. Б.Б нарын өмчлөлийн цооног болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Д.Д хууль ёсны эзэмшил бүхий газартай давхацсан газрын хэмжээгээр Х.Б. Б.Б нарын барьсан хувийн сууцыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай 155/2023/01301/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Б , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Б ,
Хариуцагч Д.Д , түүний өмгөөлөгч Б.М ,
Хариуцагч Д.Т , түүний өмгөөлөгч Л.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Б нь Д.Т , Д.Д нарт холбогдуулан хариуцагч Д.Т Хөвсгөл аймгийн М..сумын Д.Т тоотод байрлах хашаанд барьсан грашийн зориулалттай барилга байгууламж нь хөрш болох Х.Б. Б.Б нарын амьдарч байгаа хувийн орон сууцанд тулгаж, цонхыг бүрэн хэмжээгээр хааж барьсан нь эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж баригдсан болохыг тогтоолгох, хариуцагчид барьсан грашаа буулгахыг даалгах, Хөвсгөл аймгийн М..сумын Д.Т тоот хашаанд байрлах бохирын цооногийг Х.Б. Б.Б нарын өмчлөлийн цооног болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Х.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Хөвсгөл аймгийн М..сумын 3 дугаар багийн ****тоотод байрлах байшинг 2014 оны 11 дүгээр сард Н.Б гэх хүнээс худалдаж авсан. Тэгээд Д.Т , Д.Д гэх айлтай хөрш болж буусан. Н.Б нь байшингаа худалдахдаа танай байшинг эхэлж барьж байсан, бохирын цооног танай юм шүү, хажуу байшинг бусдад зарсан гэж хэлж байсан. Тухайн үед байшин, газраа үзэж хараад авч байсан. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд бохирын хөрштэйгээ ээлжлээд соруулаад явж байсан чинь Х.С бид хоёрыг байхгүй хооронд хашаа буулгуулаад, граж барьсан байсан. Хүүхэд ах аа та юу хийж байгаа юм бэ гэж асуухад, та нарт хамаагүй гэхэд нь над руу утсаар ярьж хэлсэн. Тэгэхээр нь миний бие залгаад хашаа буулгаж барилга барьж байгаа юм уу гэхэд Тэгсэн, манайх газар авсан. Граж барьж байгаа. гэхэд нь хуулийн дагуу хийж байгаа биз дээ гэдгийг нь хэлсэн. Гарц, орцны асуудалтай хоорондоо зохицож байгаа шүү дээ. Граж барихад орц, гарцны асуудал нь болж байгаа юм уу гэдгээ хэлсэн. Өөрсдөө анх буухдаа манай энэ газарт машинаа тавьж болно, танай урдуур манайх гарч байя гээд зохицоод бохироо соруулаад, машинаа зөрүүлж тавиад явж байсан. Граж барьснаас хойш зөв өрүүлтэй машин багтахааргүй, давчуу жижиг газар машин тавих газар үлдээсэн байсан. 10 жил айл хөрш байсан хүмүүс хэлж, ярьж зохицож болдоггүй юм уу гэхэд зөрсөөр байгаад гражаа барьж дуусгасан. Үүнээс болж бидний хувьд гомдолтой байна. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрүүл, маргаантай байх хугацаанд бохирын салга гэх асуудлыг байнга тавьж байсан. Анх байшингаа худалдаж авахад манай бохир гэж хэлсэн учраас өөрсөддөө итгэлтэйгээр хэлсэн. Эднийх болсон манай бохир гээд байгаа. Энэ 2 шаардлагын хүрээнд нэхэмжлэлээ гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Анх гражаа барьж эхлэхэд нь утсаар ярьж хэлж байсан. Гэтэл үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байсаар байгаад бариад дуусгачихсан нь хөршийн эрхийг зөрчсөн гэв.
Нэхэмжлэгч Х.С шүүх хуралданд гаргасан тайлбарт: Миний хувьд маш их гомдолтой байгаа. Ноднин граж барьж байх хугацаанд манай нөхөр говьд ажилтай байсан. Миний хувьд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд тус граж нь баригдсан. Яагаад хугацаг нь сайн мэдэж байна вэ гэхээр намайг Улаанбаатар хот руу явахад уг граж баригдаж эхлээгүй байсан. Намайг хот руу 10 хоногийн хугацаанд эмнэлгийн ажилтай байхад баригдсан. Энэ хугацаанд миний бие Мөрөнд байхгүй байсантай холбоотой баримтаа хэрэгт гаргаж өгсөн. Улаанбаатар хотоос ирээд үргэжлүүлээд ажлын 5 хоногийн хугацаанд албан томилолтоор сумдаар явсан. Ингээд ирэхэд уг граж баригдаад дуусчихсан байсан. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэгчлэн энэ хүмүүс хэл амаараа ойлголцъё гээд ярьж хэлсэн зүйл огт байхгүй байсанд нь маш их гомдолтой байгаа. Хүнээс газар аваад граж барьж болно оо өчнөөн жил айл хөрш байчихаад, яах уу ийх уу гэж асууж барихгүйгээр айлын цонх, хаалгыг таглаад барьчихаж болохгүй ээ. Нэр нөлөө бүхий хүмүүсийн нэрийг барьж манайхыг граж барьж болно гэсэн гэж хүмүүсийн нэр барьж өчнөөн цаг хэрэлдсэн. Граж нь ямар байдалтай баригдсан бэ гэхээр би харанхуй болсны дараа гэртээ томилолтоосоо ирсэн болохоор яаж баригдсаныг нь анзаараагүй гэтэл өглөө нь сэрсэн манай 2 давхарын балконоор граж барьж байсан хүмүүс нь харчихсан байж байсан. Тэгээд арай ч ингэж барьж болохгүй гэдгийг эхнэрт нь зүй зохисоор нь хэлсэн. Монгол хүн хэл амаараа яагаад ойлголцооп хэлчихгүй, айлын цонхыг хааж барьч байгаа юм бэ гэдэг талаар нь ярьсан. Гэрт нь ороод эхнэр нь ингэж хэлээд, ямар нэгэн муудалцах зүйл байхгүйгээр гарч ирсэн. Гэтэл нөхөр нь гадаа ирж таарсан. Хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдагын адилаар энэ хүмүүс эхлээгүй байсан бол одоогийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Нөхрийнх нь хэл амаар доромжилж, айлган сүрдүүлэхтэй холбоотой асуудлаар нь цагдаад хандсан. Нөхөрийг минь байхгүй байхад ганц бие эмэгтэйг хэлэх, хэлэхгүй үгээр дайрсан, хүүхдүүдийг минь хүртэл энэ асуудалд оролцуулсан зэрэгт маш их гомдож байгаа. Сүүл рүүгээ эвлэрнэ гэж нөхрийн минь толгойг эргүүлсэн байсан. 2014 оны нарийн хугацааг нь сайн мэдэхгүй байна. Манайх Н.Б гэх хүнээс байшинг худалдаж авсан. Баригдсан хугацаа, хууль эрх зүй талаасаа ч анхдагч гэдэг зүйл бол нэн тэргүүний асуудал. Манайх анхдагч учраас байшингийн хэмжээ, бохир зэрэгт ямар нэгэн асуудал байхгүй. Байшингийн гражийн тухайд газрыг нь худалдаж авсан хэдий ч албан ёсоор шилжүүлж аваагүй, ямар ч барилгын стандарт нормивтив байдлыг хангаагүй, хулгай орох эрсдэл өндөр, дуу чимээ ихтэй хэцүү байдаг. Танхимд байгаа та бүхэн бодоод үзээрэй. Цонхоо хаалгачихсан, хүнийхээ тоогоор тоос манаргаад машин тэрэг авчраад тавьчихдаг. Өнөөдөр би зөвхөн урд талынхаа цонхоор харж амьдарч байна. Бидний амь нас, эрүүл мэнд машин, гражнаас дор байгаад хамгийн их гомдолтой байгаа. Энэ байр сууриндаа миний бие бат зогсоно. Энэ шүүхийн шийдвэр яаж гарснаас үл хамааран явж болох бүхий л газраар явж асуудлаа шийдүүлнэ гэж бодож байгаа. Уг граж нь барилгын ямар ч шаардлагыг хангаагүй, хөршийнхөө цонхыг хаасан, галын эрсдэлийг үүсгэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүх хуралдаанд оролцож байна. Бохирын хувьд манайх мөн анхдагч гэдгийг хэлмээр байна. Хариуцагч нар удаа дараа биднийг балмад үгээр хэлж, хүн ёсоор хандаагүйд нь гомдолтой байгаа гэв.
Хариуцагч Д.Т хариу тайлбартаа: Бид 10 жил хамт хөрш амьдарсан. Нэхэмжлэгч нар манайхыг авсны дараа өөрсдийн байшин, хашаагаа авч байсан. Тухайн үед нь нэхэмжлэгч нарыг өмнө нь таньдаг байсан учраас кадастрыг сайн шалгаж, бохирын асуудлыг нь тодруулж аваарай гэдгийг нь хэлж байсан. Цагаан байшин хөршийнхийг нүүж ирэхэд эзгүй байсан, өмнө нь ч эзгүй байдаг байсан. Манайх н.Чойжилсүрэн гэх хүнээс худалдаж авч байсан. Манайх хурим хийх гээд бохироо 3 цооног гарагж шийдсэн, Н.Б гэх айлынх газрын маргаантай, Н.Х гэх хүнээс Н.Х гэх хүн авч байсан кадастр нь модны үйлдвэр рүү орчихсон гэдгийг нь хэлсэн. Гражийн газрыг н.Төгсбаяраас үнээ тохироод ав байсан. Газрыг нь цагаан байшинтай зэрэгцүүлж шугам татаж өгөхөд, хойд айлын Н.Х гэх хүн хамт байсан. Энэ хүнийг гэрчээр асуулгаагүй нь буруудсан байна. Мөн н.Галаа, н.Оюунгэрэл гэх хүний хүүхэд хамт байхад нь Н.Х рүү утсаар ярьсан. Граж барих гээд газар авлаа. ....Н өглөө, цагаан байшинг чи тохироод аваарай гэж хэлэхэд чи гражаа барьдгаараа барь н.Цэрэнжав, Н.Т томоор нь газар авчихаад би *** дуудна гэж хэлж байсан. Бохир нь манайх юм байгаа юм. Гражаа бариад дуусахад эхнэр нь хулгайчаар дуудаад хайч, мод бариад маргалдсан. Ийм л зүйл болсон. Түүнээс биш хүний эрхэд халдсан зүйлгүй. Гражийн газарт кадастр хийгээд өгчихсөн гэв.
Хариуцагч Д.Д хариу тайлбартаа: Манайх 2014 оны 10 дугаар сард 3-****тоотод иргэн **** 253 м.кв газар бүхий 2 давхар амины орон сууцыг худалдаж авсан. Тэр үед хажуу талын цагаан байшин эзэнгүй, доторлогоо нь дуусаагүй, нойлд холбогдоогүй, хүн огт ирдэггүй байшин байсан. Жилийн дараагаас хөрш *** нүүж ирсэн. 2014 оны хавар ** яваад ирэхэд нойлоо холбочихсон, байшингаар нь хүн орж гараад байдаг болчихсон байсан. Миний бие нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой газрын алба болон иргэний бүртгэлийн байгууллагаас зарим зүйлийг тодруулсан. Ингэхэд 3-****тоот гэх хаягт Д.Д , Д.Т гэх нэг айлынх бүртгэлтэй байдаг юм. Гэтэл яагаад өдийг хүртэл уг газарт 2 айлын 2 байшин баригдаад явсныг ойлгоогүй. Дараагийн асуудал нь нэхэмжлэгч нарынх болон манайх нэг, нэгээрээ орч гардаг, ойр дотно хөршүүд биш ээ, гэтэл 2022 оноос нэхэмжлэгч Н.Х нь удаа дараа манай нөхрөөс газрын гэрчилгээгээ өгчих хүнд үзүүлчихээд өгье гэж шаардсан байдаг. Үүнийг бас асуух шаардлагатай гэж үзэж байна. Юм үнэнээрээ сайхан, иргэн Х.С хүүхдээрээ бичлэг хийлгэж бүтэн 6 цаг орилж, чарлаж байсан. Нэхэмжлэгч нар үүнтэй холбоотой тайлбар хэлсэн учраас миний бие бас тайлбар хэлж байна. Бодит байдал баримтаар нотлогддог учраас манай зүгээс баримтуудаа гаргаж өгсөн. Шүүх үнэнийг нь тогтоогоод явах байх гэж бодож байна. Манайх болон нэхэмжлэгч нарын хоорондын зайд 2 машины граж барих хангалттай талбайтай. Нэхэмжлэгч нарын байшингийн 4 цонх наашаагаа харчихсан байдаг учраас яаж хоёулаа граж барихав дээ, хойно том талбайтай газар байгаа юм чинь зарах байлгүй дээ гээд асуугаад 35,000,000 (гучин таван сая) төгрөгөөр гражийн газраа авч байсан. Ингээд гражаа бариад машинаа хийчихсэн байхад зай талбайн хувьд ямар ч асуудалгүй, хөрш айлууддаа мөн ямар ч асуудалгүй л байсан. Гэтэл гэнэтхэн юу нь хатгасан юм бүү мэд, граж асуудал болоод эхэлсэн. Цооногийн тухайд хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр болоод бодит нөхцөл байдлаас харахад олйгомжтой байгаа. Миний хувьд төрийн байгууллагад 20 жил ажиллаж байгаа хүн бичиг баримтыг чухалчилж үздэг. Эхлээд 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгийнхөө бичиг баримтыг гаргуулж авах үедээ ***нараас 253 м.кв газар яг өөрсдийн мөн эсэх, нойлын тухайд нийтийн хэрэглээний гэдгийг нь тодруулж байсан. Нойлыг доогуураа шингээлттэй, үнэр танар нь нэлээн хэцүү болчихсон байхад үер ороод бүр нэмэргүй болж байсан манайх хурим, найраа хийх гэж байсан учраас нөхөр маань 3 гольцоо авч янзалж байсан. Тухайн үед манайх ганц жаахан хүүхэдтэй юм чинь жилд ганц, хоёр удаа л соруулах байх, нэхэмжлэгч нарын хувьд мөн бүл цөөтэй учраас жилд ганц, хоёр удаа л соруулах байх гэж хэлээд жил нойлоо соруулаагүй байж байтал гэр рүү бохир халиад ороод ирсэн. Тэгсэн байхгүй хойгуур хулгайгаар бохироо холбочихсон байсан. Үүнээс хойш сар, сард нь ээлжилж соруулъя гэж ярьж тохироод өнөөдрийг хүртэл сард 30,000 төгрөгөөр соруулаад л явж байгаа гэв.
Нэхэмжлэгч нараас *** дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, фото зургийн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч **** дугаартай албан бичиг, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ** дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, өмгөөлөгч авах тухай хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, *** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ****дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын гаргасан *** нэгж талбарын дугаартай кадастрын зураг, фото зургуудыг шүүхэд гаргасан. (1 дүгээр хх-ийн 6-12, 35, 87-93 дугаар тал),
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс үзлэг хийлгэх, гэрчээс мэдүүлэг авахуулах, нотлох баримтыг холбогдох байгууллагаас гаргуулах тухай хүсэлт, нэхэмжлэгч **** ах, дүүсийн нэгдсэн цахим *** хаяг бүхий нэгдэл дэх 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэгдлийг үүсгэгч *** тавьсан зурган дээр нэхэмжлэгч нар байгаа эсэх, нагац эгч дээрээ очсон байгаа байдал, цаг хугацаа, мөн админы хаяг зэрэгт үзлэг хийлгэх, Т** гэрчээр асуулгах тухай хүсэлт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх толгой бичвэр бүхий баримт, эмчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт, шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ татгалзсан тухай тайлбар, ** нарыг нүүрэлдүүлэн гэрчийн мэдүүлэг авах тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилуулах тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн *** дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газрын ** дугаартай албан бичгээр ирүүлсэн *** нэгж талбарын дугаартай нотлох баримтын хуулбарууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна. (1 дүгээр хх-ийн 36-37, 110-120, 136-137, 146, 160 дугаар тал, 2 дугаар хх-ийн 1-56 дугаар тал),
Хариуцагч Д.Д , түүний өмгөөлөгч Б.М нараас хариу тайлбар*** дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, **** нэгж талбарын дугаартай кадастрын зураг, фото зураг, өмгөөлөгч авах тухай хүсэлт, сөрөг нэхэмжлэл, гэрч асуулгах тухай хүсэлт, **** нарыг гэрчээр асуулгах, Барилгын хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газраар шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт, шинжээч томилуулж шинжилгээ хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзсан тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ***дугаартай албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын *** дугаартай албан бичгийн хуулбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын ** дугаартай албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын *** дугаартай албан бичгийн хуулбар зэргийг шүүхэд гаргасан. (1 дүгээр хх-ийн 27-33, 71, 76-79, 97, 109, 156-158, 212 дүгээр тал, 2 дугаар хх-ийн 58-60, 78 дугаар тал),
Хариуцагч Д.Т аас өмгөөлөгч авах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. (1 дүгээр хх-ийн 244 дүгээр тал),
Шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч Х.Б. Б.Б нарын амьдарч байгаа хувийн сууцны цонхыг бүрэн хэмжээгээр хааж, мөн нэхэмжлэгчийн орон сууцны зүүн урд булан руу догол үүсгэн зэрэгцүүлж граш барьсан эсэх зэрэг бодит байдлыг тодруулахаар үзлэг хийж, хариуцагч *** нар нь Хөвсгөл аймгийн М..сумын *** дүгээр гудамжны /хуучнаар модны үйлдвэрийн хашааны хэсгээс/ 6х12 метр квадрат талбайтай газар эзэмших эрхийг *** өдрийг хүртэлх хугацаанд хэн нэгнээс шилжүүлэн авсантай холбоотой баримт, лавлагаа, гэрчилгээ, өргөдөл, худалдах, худалдан авах гэрээ зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулж, *** нараас гэрчийн мэдүүлэг авч мөн **** нараас нүүрэлдүүлэн гэрчийн мэдүүлэг, (1 дүгээр хх-ийн 44-70, 72-75, 133-135, 233-236 дугаар тал),
Шүүх хариуцагч Д.Д , түүний өмгөөлөгч Б.М нарын хүсэлтийн дагуу *** нараас гэрчийн мэдүүлэг авч, ***нараас гэрчийн мэдүүлэг, (1 дүгээр хх-ийн 104-108, 128-132, 227-229 дүгээр тал),
Шүүхээс нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Б , хариуцагч Д.Д , түүний өмгөөлөгч Б.М нарын гаргасан хүсэлтийг дагуу ***** гэрчийн мэдүүлэг авч тус тус нотлох баримт бүрдүүлсэн. (1 дүгээр хх-ийн 222-226 дугаар тал),
Үндсэн нэхэмжлэл бүрэн хангагдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан тул нэхэмжлэгч Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг, хариуцагч Д.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б. Б.Б нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар хариуцагч Д.Т Хөвсгөл аймгийн М..сумын Д.Т тоотод байрлах хашаанд барьсан гражийн зориулалттай барилга байгууламж нь хөрш болох Х.Б. Б.Б нарын амьдарч байгаа хувийн орон сууцанд тулгаж, цонхыг бүрэн хэмжээгээр хааж барьсан нь эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж баригдсан болохыг тогтоож, хариуцагч нарт барьсан гражаа буулгахыг даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хөвсгөл аймгийн М..сумын Д.Т тоот хашаанд байрлах бохирын цооногийг Х.Б. Б.Б нарын өмчлөлийн цооног болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсныг, хариуцагч Д.Д Х.Б. Б.Б нарт холбогдуулан Д.Д хууль ёсны эзэмшил бүхий газартай давхацсан газрын хэмжээгээр Х.Б. Б.Б нарын барьсан хувийн сууцыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг тус тус баталсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг, хариуцагч Д.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б. Б.Б нарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ