Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 109/ШШ2025/0012

 

  

 

 

 

                                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                      зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, нэхэмжлэгч Ш.Р (цахим), нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц (цахим), хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга Б.Э (цахим), гуравдагч этгээд Г.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Э, гэрч Н.Л (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан, иргэн Ш.Р-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн “Асран хамгаалагч тогтоох тухай” А/93 дугаартай захирамж гарсан. Уг захирамжийг гаргуулахаар Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн иргэн Г овогтой Т хүсэлт гаргасан бөгөөд миний дүү Г-н Э нь өвчний улмаас 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан тул охин Э.Х-ын асран хамгаалагчаар тогтоож өгнө үү гэсэн. Тухайн үед Г.Т нь миний дүү Г.Э нь нэг хүнтэй үерхэж байгаад салаад сумандаа ирж ажиллаж амьдарч байсан. Тэр хүнтэй холбоо бариагүй удаж байгаа хаана амьдарч байгааг мэдэхгүй, дүүгийн буяны ажлаар ч ирээгүй, охиныг надаас өөр асран хамгаалах хүн байхгүй гэсэн бөгөөд аавыг нь асуухад бүр нялх байхад нь хэдхэн сар хамт амьдарч байгаад дүү минь охинтойгоо суманд ирсэн тэрнээс хойш ерөөсөө уулзаж байгаагүй, охин Э.Х аавыгаа мэдэхгүй, огт холбоо барьдаггүй, холбогдох дугаар, гэрийн хаягийг мэдэхгүй бүтэн өнчин гэж хэлсэн. Гэтэл 2023 онд охины аав Ш.Р гэдэг хүн Э.Х охиныгоо өөр дээрээ авах тухай гомдол шүүхэд гаргасан, Г.Т “Ш.Р-г охины аав гэдэгтэй маргахгүй гэж мэдүүлэг өгсөн байсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дугаартай Э-н Х-н төрүүлсэн эцэг нь /**********/ регистрийн дугаартай Ч овогт Ш-н Р мөн болохыг тогтоосон шийдвэр гарсан байна. Иймд тухайн үед гаргасан захирамжид бүтэн өнчин хүүхэд гэж оруулсан нь буруу байсан гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.1 заасны дагуу хүлээн зөвшөөрч байна гэжээ.

2. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

5. Гуравдагч этгээд Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... миний хувь энэ захирамжийг тухайн үедээ хүүхдийн эрх ашгийг хамгаалсан зөв шийдвэр гэж бодсон. Ер нь хүүхдийг гэрчилгээ авах үеэс нь энэ хүнийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй юм байна гэж захирамж гаргуулсан ...” гэв.

6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, энэ хэргийн гол оролцогч нь нэхэмжлэгч, хариуцагч нар. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд оролцож байна. Үүн дээр татгалзах үндсэн эрх байхгүй. Гуравдагч этгээдийн хувьд Засаг даргын захирамж үндэслэлтэй гарсан гэдэг тайлбарыг хэлдэг. Тухайн үед гарч байгаа захирамж өөрөө цаг үеийн нөхцөл байдалтай уялдаад гарч байгаа учраас тэр үедээ үндэслэлтэй байсан. Тухайн үед би аав нь гэдэг ямар ч мэдээлэл байхгүй, хүүхэд ээжээрээ овоглосон. Ээж нь нас барчихаар, нэн тэргүүнд хүүхдийн асран хамгаалагч тогтоох шаардлагатай байсан учраас 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлах байна ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

1.1. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Ш.Р-гийн охин Э.Х нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн бөгөөд эхээрээ овоглодог байна. (Хавтаст хэргийн 40 дэх тал)

1.2. Иргэн Э.Х-ын эх Г.Э- нь 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас баржээ. (Хавтаст хэргийн 41 дэх тал)

1.3. Улмаар Г.Э-ийн төрсөн эгч Г.Т 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргад Э.Х-ыг асран хамгаалах захирамж гаргахыг хүссэн өргөдөл гаргасан байна. (Хавтаст хэргийн 92 дахь тал)

1.4. Иргэн Г.Т-аас гаргасан өргөдлийн дагуу Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн “Асран хамгаалагч тогтоох тухай” А/93 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх заалтыг үндэслэн тус сумын Алаг-Уул багийн иргэн Г.Т-ын гаргасан хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн тус сумын бүтэн өнчин хүүхэд болох Э-н Х-ын асран хамгаалагчаар Г-н Т-г тогтоож, асран хамгаалж, харгалзан дэмжиж буй талаарх хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж Гэр бүлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасны дагуу жил бүр сумын Засаг даргад тайлан гаргаж өгч мэдээлж байхыг асран хамгаалагчаар тогтоогдсон Г.Т-т даалгаж, асран хамгаалагчтай холбоотой баримтыг бүрдүүлж хувийн хэрэг нээж хөтлөхийг Халамжийн мэргэжилтэнд үүрэг болгожээ. (Хавтаст хэргийн 79 дэх тал)

1.5. Дээрх захирамжаас хойш Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, охин Э-н Х-ын төрүүлсэн эцэг хүсэлт гаргагч, РД:**********, Ч овогт Ш-ын Р мөн болохыг тогтоож шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 9-10 дахь тал)

1.6. Тус иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Г.Т шүүхэд гаргасан тайлбартаа “ ... Ш.Р миний төрсөн дүүтэй хамтын амьдралтай байсан бөгөөд Э.Х-ын эцэг гэдэгтэй маргахгүй ...” гэх тайлбар гаргасан, дээрх шүүхийн шийдвэрт холбогдуулан давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй байна. (Хавтаст хэргийн 9-10 дахь тал)

1.7. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 5/-д өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Арван долдугаар зүйлийн 2.-т “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.” гэж заасан.

1.8. Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1.-д “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 7 дугаар зүйлийн 1.-д “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.”, 9 дүгээр зүйлийн 3.-т “Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ.” гэж тусгасан.

1.9. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт “Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ.”, 5 дугаар зүйлийн 5.3. дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.”, 10 дугаар зүйлийн 10.1. дэх хэсэг Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ: 10.1.1.-д “хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх” гэж тус тус зохицуулсан болно.

1.10.Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4. дэх хэсэгт “Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно.”, 21.5. дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.” гэж зааснаар Э.Х-ын төрүүлсэн эцэг нь Ш.Р- мөн болохыг шүүх журмаар тогтоосон бөгөөд хүүхэд эцэг /эх/-ийн хооронд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах, хүүхэд эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх, эцэг /эх/-тэйгээ байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх зэрэг жам ёсны болон зүй ёсны эрх, үүрэг үүссэн байгааг дурдах нь зүйтэй.

1.11. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.-д "бүтэн өнчин хүүхэд" гэж эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл эцэг, эх нь хоёул нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан, гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийг гэж тодорхойлжээ.

1.12. Маргаан бүхий уг хэргийн тухайд, иргэн Э.Х-ын төрүүлсэн эцэг нь Ш.Р мөн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дүгээр шийдвэрээр тогтоосон байна.

1.13. Улмаар иргэн Ш.Р-гээс 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/93 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “ ... Э.Х-ын төрсөн эцэг нь байсаар байхад бүтэн өнчин хүүхэд гэсэн үндэслэлээр хууль бус акт гаргасан нь нэхэмжлэгч болон охины хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн ...” гэж тайлбарлажээ.

1.14. Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаар 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

1.15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар ирүүлсэн байна. Тодруулбал “ ... тухайн үед Г.Т нь миний дүү Г.Э нь нэг хүнтэй үерхэж байгаад салаад сумандаа ирж ажиллаж амьдарч байсан. Тэр хүнтэй холбоо бариагүй удаж байгаа хаана амьдарч байгааг мэдэхгүй, дүүгийн буяны ажлаар ч ирээгүй, охиныг надаас өөр асран хамгаалах хүн байхгүй гэсэн бөгөөд аавыг нь асуухад бүр нялх байхад нь хэдхэн сар хамт амьдарч байгаад дүү минь охинтойгоо суманд ирсэн тэрнээс хойш ерөөсөө уулзаж байгаагүй, охин Э.Х аавыгаа мэдэхгүй, огт холбоо барьдаггүй, холбогдох дугаар, гэрийн хаягийг мэдэхгүй бүтэн өнчин гэж хэлсэн. Гэтэл 2023 онд охины аав Ш.Р- гэдэг хүн Э.Х- охиныгоо өөр дээрээ авах тухай гомдол шүүхэд гаргасан, Г.Т “Ш.Р-г охины аав гэдэгтэй маргахгүй гэж мэдүүлэг өгсөн байсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01081 дугаартай Э-н Х-ын төрүүлсэн эцэг нь /**********/ регистрийн дугаартай Ч овогт Ш-ын Р мөн болохыг тогтоосон шийдвэр гарсан байна. Иймд тухайн үед гаргасан захирамжид бүтэн өнчин хүүхэд гэж оруулсан нь буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна ...” гэх тайлбар гаргасан байна. (Хавтаст хэргийн 29 дэх тал)

1.16. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 4.2. дэх хэсгийн 4.2.1., 4.2.5. дах заалт, 47 дугаар зүйл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3. дахь хэсэг заасан хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

1.17. Мөн шүүх хуралдаанд хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар гаргаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн болно.

1.18 Түүнчлэн шүүх хуралдаанд гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс “ ... хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд оролцож байна. Үүн дээр татгалзах үндсэн эрх байхгүй. Тухайн үед гарч байгаа захирамж өөрөө цаг үеийн нөхцөл байдалтай уялдаад гарч байгаа учраас тэр үедээ үндэслэлтэй байсан. Тухайн үед би аав нь гэдэг ямар ч мэдээлэл байхгүй, хүүхэд ээжээрээ овоглосон. Ээж нь нас барчихаар, нэн тэргүүнд хүүхдийн асран хамгаалагч тогтоох шаардлагатай байсан ... “ гэх тайлбар гаргасан болно.

1.19. Шүүхээс охин Э.Х-ын тухайд, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар нийгмийн халамжийн сангаас холбогдох тэтгэвэр тогтоолгох эрх нь нээлттэй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 18 насанд хүрээгүй иргэн Э.Х-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахад анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж тэмдэглэв.

1.20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зохицуулсан.

1.21. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

1.22. Иймд хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг дарга нэхэмжлэгч Ш.Р-гийн шүүхэд гаргасан “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/93 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.23. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болно.

1.24 Шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Л-с гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй талаар тайлбар гаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5. дахь заалт, 47 дугаар зүйл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3. дах хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7., 12 дугаар зүйлийн 12.1.4. дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Р-гээс Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/93 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ОДОНТУЯА