Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 202/МА2021/00010

 

 

 

  2021         05           05                               

        202/МА2021/00010                                           

 

 

 

Т.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2021/00082 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Б овогт Т-ын О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П овогт Д-ийн Г,

 

Хариуцагч: Х овогт Б-ын Д нарт холбогдох,

 

тээвэрлэлтийн явцад учирсан гэм хорын хохирол буюу эвдэрч, гэмтсэн барааны үнэ 7824660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг;

 

хариуцагч Д.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Д.Г, хариуцагч Д.Г-ын өмгөөлөгч Ж.Х, хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /цахимаар зайнаас/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Уянга нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос 5 нэр төрлийн студийн тоног төхөөрөмж худалдан авч ачааг Эрээн хот руу явуулсан. Ингээд Б.Д гэх хүн Эрээнээс Замын-Үүд рүү каргонд өгч ачуулсан юм. Каргонд бараа ачуулсан хүн болох Б.Д нь 84-78 ДГА улсын дугаартай Волва маркийн ачааны автомашины жолооч Д.Г-оор ачаагаа ачуулсан ба улмаар тээвэрлэсэн ачаа маань 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө Улаанбаатар хотод ирэх ёстой байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 08-09 цагийн үед жолооч Д.Г залгаад Төв аймгийн нутагт явж байгаад чиргүүлтэй бараа шатсан гэж хэлсэн байсан. Энэ явдлаас болоод миний бие 4697000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг утасгүй микрофон, 1312000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг гупро камер, 115500 төгрөгийн үнэтэй камерын гэрэл 1 ширхэг, 1566950 төгрөгийн үнэтэй зөөврийн гэрэл 2 ширхэг, 72380 төгрөгийн үнэтэй хаалганы түгжээ 1 ширхэг, 60830 төгрөгийн үнэтэй сахлын машин 2 ширхэг нийт 7824660 төгрөгийн үнэ бүхий бараа материалаар хохирсон. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газар хандаж, улмаар намайг хохирогчоор тогтоож шалгаж байгаад иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэсэн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн юм. Иймд хариуцагч нар өнөөдрийг хүртэл хохирлыг минь барагдуулаагүй тул иргэн намайг хохиролгүй болгож, хариуцагч нараас 7824660 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.О нь хувиараа студийн тоног төхөөрөмж интернэтээр худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн таньдаг Өвөр Монгол хүнээр дамжуулан БНХАУ-ын Бээжин хотоос 7824660 төгрөгийн нэр бүхий студийн тоног төхөөрөмж худалдан аваад үүнийгээ Эрээн хот руу авчруулсан. БНХАУ-ын Эрээн хот болон Замын-Үүд сумын хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг микроны жолооч Б гэх Өвөр Монгол хүнээр дамжуулан Замын-Үүд суманд хүргүүлсэн байдаг. Уг барааг Б Д-ын каргонд Улаанбаатар хот руу явуулахаар авчирч өгсөн. Тухайн үед Д өөрийн дэвтэрт тэмдэглэл үйлдсэн гэж Б хэлдэг. Д хүлээж аваад Г-ын эзэмшлийн 84-78 ДГА Волво маркийн машинд ачуулан тээвэрлүүлсэн боловч уг тээврийн хэрэгсэл замдаа шатаж Т.О-д нийт 7824660 төгрөгийн хохирол учирсан. Хэдийгээр Т.О, Б.Д нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй хэдий боловч Өвөр Монгол хүн болох Б Б.Д-т хүлээлгэж өгсөн. Б.Д нь ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг буюу каргоны үйлчилгээ эрхэлдэг учраас Б өгсөн. Хэрэв Б.Д каргоны үйлчилгээ эрхэлдэггүй байсан бол ачааг өгөхгүй байсан. Тэгэхээр Б.Д Улаанбаатар хүртэл ачааг хүргэх үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх хариуцлагыг Б.Д хүлээж байгаа юм. Гэтэл Б.Д Д.Г-той хөлсөөр ажиллах гэрээгээр тохирч машиныг нь авч ачааг ачиж ачуулсан байдаг. Явуулах явцад машины ашиглалт болон үрэлтээс болоод машин шатсан асуудал байгаа. Үүнээс болоод ачаа бараа шатсан. Тэгэхээр уг хохирлыг энэ 2 хүн 50, 50 хувиар хариуцах үндэслэлтэй. Иймд хариуцагч Д.Г, Б.Д нараас 7824660 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Г-ын машинд Т.О-ын ачаа байсан боловч Б.Д, Т.О хоёрын хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй. Б.Д нь Т.О-ын өмнө хүлээсэн үүрэг байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Д нь Д.Г-той Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэлтийн гэрээг амаар байгуулсан ба ачаа бараа Улаанбаатар хотод бүрэн бүтэн хүрсний дараа тээврийн хөлсийг өгөхөөр тохиролцсон. Б.Д нь тээврийн хэрэгсэлд зөвшөөрөгдсөн тонноос бага жин тоннтой ачааг ачиж Д.Г-д хүлээлгэн өгсөн. Д.Г ачаа барааг хүлээж авснаас эхлэн ачаа барааны аюулгүй байдлыг ханган Улаанбаатар хот руу тээвэрлэх үүрэгтэй байсан. Т.О-ын ачаа бараа нь Д.Г-ын хадгалалт хамгаалалтын үед гэмтэж устсан учир Б.Д нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Г замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөр ачаа бараа шатсан гэж үзэж байгаа. Мөн Иргэний хуульд тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд зүйл гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хохирлыг төлөх үүрэгтэй. Б.Д нь карго үйлчилгээ үзүүлдэг гэж байна. Энэ хүн хувиараа тийм үйлчилгээ үзүүлж байгаа болохоос албан ёсны компани байгуулаад тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг хүн биш. Энэ хүн тухайн өдөр Эрээн хотоос Замын-Үүд суманд орж ирсэн ачаа барааг хүлээж аваад Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэхээр Д.Г-той гэрээ байгуулаад ачаа бараатай дагалдах тэмдэглэлийн дэвтрээ өгсөн. Тэр дэвтэр дээр хэн гэж хүнээс хэдэн төгрөг авах, хэн гэж хүнд ямар ачаа барааг өгөхийг бичсэн байдаг. Тэр дэвтэр дээр Т.О-ын бараа тэмдэглэгдсэн байдаг учир Д.Г-д Т.О-ын ачаа барааг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байна гэж үзэж байна” гэжээ.

 

Хариуцагч Д.Г анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ачааны автомашинд гал гарсан нь тээвэрлэгч буюу жолоочийн буруутай үйл ажиллагаа болон тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа эвдрэл доголдол дутагдлаас болж гараагүй, харин бараа илгээгч талууд буюу Б.Д болон ачаа тээшээ тээвэрлүүлж байгаа хүмүүсийн галын аюултай тэсэрч дэлбэрэх тусгай зориулалт шаардсан онцлогтой хийн баллон, фовер банк, аккумлятор зэрэг ачаануудыг огт хэлж тэмдэглүүлээгүй тээвэрлүүлснээс болж гал гарсан гэж үзэж байна. Би Т.О гэж хүнийг мэдэхгүй, миний машинд ачаа нь ачигдсан ачигдаагүйг би мэдэхгүй. Б.Д Т.О-ын ачаа барааг ачсан байгаа гэсэн ямар нэгэн тийм тэмдэглэл надад юу ч өгөөгүй учир хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Д.Г-оос 7824660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О-д олгож, хариуцагч Б.Д-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-оос 140145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.О-д олгож, нэхэмжлэгч Т.О-ын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 301 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож,

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох  бөгөөд зохигчид нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Д.Г давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ Д.Г, Б.Д нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Харин Т.О, Б.Д нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Энэ дүгнэлтээс ургаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар гэм хорын хохирлыг Д.Г намайг хариуцах ёстой гэж шийдвэрлэжээ. Мөн уг машины жолооч намайг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж явах үүргээ биелүүлээгүйгээс болж Т.О-ын эд хөрөнгөнд гэм хор учруулсан гэж дүгнэжээ. Уг болсон явдлыг цагдаагийн байгууллага шалгаж прокурор тогтоол үйлдэж хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоолд ямар нэгэн гэм буруугийн асуудал хөндөгдөөгүй. Гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр дугуй чиргүүлийн модон тавцантай шүргэж гал гарсан байх магадлалтай гэдэг боловч энэ нь жолоочийн буруугаас болсон гэж тогтоогоогүй. Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангаж яваагүй гэж дүгнэсэн боловч Замын хөдөлгөөний дүрмийн аль заалт болон Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтын аль заалтыг хангаж яваагүйгээс болж энэ гал гаргасныг тогтоогоогүй байхад жолооч буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд миний бие Д.О-тай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв. 

 

            Хариуцагч Д.Г-ын өмгөөлөгч Ж.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Д.Г-ын давж заалдсан гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хэргийг шийдэх гол үндэслэлдээ “хариуцагч Г-ын эрх, үүргээс болж хохирогч О-д хохирол учирсан бөгөөд О, Г нарын хооронд гэм хорийн харилцаа үүссэн” гэж эхэлж дүгнэсэн. Цааш энэ дүгнэлтээс улбаалан үргэлжлүүлэн тайлбарласан байдаг. Миний хувьд шийдвэрийн агуулга нь замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч үүргээ биелүүлж яваагүйгээс болж гал гарсан тул О-д хохирол учирсан гэдэг байдлаар хандсан. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч үүргээ биелүүлээгүй гээд дүгнэсэн учраас үүн дээр ямар тайлбар хэлэх вэ гэхээр. Нэгдүгээрт хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд “тавцанд дугуй үрснээр гал гарсан байх магадлалтай” гэсэн байдаг. Ийм дүгнэлт гарсан боловч тавцанд дугуй үрэгдээд гал гарсан асуудал нь жолооч үүргээ биелүүлээгүйгээс болсон уу гэдэг нь тодорхойгүй байдаг. Тэгэхээр О, Г нарын хооронд гэм хорын харилцаа үүссэн байна, энэ нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг дүгнэлт бол үндэслэлгүй дүгнэлт болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хоёрдугаарт О, Г нарын хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй юм. Цаашлаад авч үзэх юм бол Г, Д нарын хооронд харилцаа үүссэн. Тэгэхээр О, Д хоёрын хооронд тээвэрлэлтийн харилцаа үүссэн үү, эсвэл өөр ямар нэгэн харилцаа үүссэн үү гэдэг нь шийдэгдсэний дараа Г Д-той эрх зүйн харилцаа үүсгэсэн байна гэдгийг шийдэх байр суурьтай байна. Иймд О-ын нэхэмжлэлээр Г үүнийг хариуцах үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэв.

 

            Хариуцагч Б. Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Г-ын хувьд ачаа бараа ямар учраас 8478 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан нь тодорхойгүй. Мөн тусгай тээврийн хэрэгсэл шаардсан ачаа барааг хэлэхгүй ачсан, уг тусгай ачаа бараанаас гал гарсан гэж маргадаг. Гэтэл Г-ын тээврийн хэрэгсэлд О-ын ачаа бараа байсан болох нь Д-ын ачаа бараа хүлээж авсан, хүлээлгэж өгсөн тухай дэвтэрт тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс харахад нэхэмжлэгч О-ын ачаа бараа тээврийн хэрэгсэл дээр ачигдаж явсан байна гэж үзэж байна. Мөн Г анхан шатны шүүх хуралдаан дээр тээврийн хэрэгсэлд ачсан ачаа бараа нь зөвшөөрөгдсөн жин тонноос бага байсан талаар мэдүүлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Мөн шинжээчийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нь тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан машины зай, цахилгаан банк, баллон зэргээс гал гарах боломжгүй гэдгийг нотолсон. Тэгэхээр машины зайны нэмэх хасах цэнэг хамгаалалттай байгаа тохиолдолд гал гарахгүй, цахилгаан банк нь 220 вольт эх үүсвэртэй цахилгаанд залгагдсан тохиолдолд гал гардаг. Хэрэв баллоноос гал гарсан гэж үзэх юм бол “тухайн үед мэдэгдэх ёстой байсан, ачаа бараанаас дутаж юм үлдэх вий, чиргүүл үлдэх ёсгүй” гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд ачаа бараанаас гал гараагүй юм байна, шинжээчийн дүгнэлт зөв юм байна гэж үзэж байгаа. Шинжээч удаа дараа дүгнэлт гаргахдаа дугуй, тэвш хоорондоо үрэлцсэнээс болж гал гарч, чиргүүл шатсан гэдэг. Гэтэл Г-ын хувьд дугуй, чиргүүл хоёрын хооронд төмөр байх ёстой гэж маргадаг. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэрэг гарсан тэр өдөр хариуцагч Г миний тээврийн хэрэгслийн буруугаас болж гал гараагүй гэж үзэж байсан юм бол чиргүүлийг хадгалах, хамгаалах зүйл хийх байсан болов уу. Үнэхээр ачаанаас гал гарчихлаа, би буруугүй гэж үзэж байсан бол чиргүүлээ одоог хүртэл хамгаалахгүй яасан юм бэ? Тухайн үед гал гарсан нөхцөл байдалд хаяад явснаас болж дахин шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй болгочихсон байгаа. Одоо бол гал хаанаас гарсан бэ гэдгийг нотлох, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах гэхээр уг тээврийн хэрэгсэл маань алга болчихсон тул ингээд боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр О, Д нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, 82 дугаар шийдвэр, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарласан, хэргийг хууль зүйн үндэслэл бүхий эргэлзээгүй талаас хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэж хүсэж байна” гэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч О-ын хувьд анх нэхэмжлэл гаргахдаа л хариуцагчаар Г болон Д нарыг хариуцагчаар татаж, гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц болон хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдоос гаргасан тайлбар, шүүх хуралдааны явц зэргээс дүгнэхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хууль ёсны үндэслэлтэй дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хариуцагч Д-ын хувьд нэгдүгээрт ачаа бараа байсан эсэх нь тодорхойгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, ачаа бараа хүлээлцсэн тухай тэмдэглэл хийсэн дэвтэр байгаа. Энэ дэвтэрт тодорхой харагддаг. Мөн хэдэн төгрөгийн бараа, хаанаас яаж авсан, мөнгө шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогддог юм. Хоёрдугаарт галын шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа зөвхөн машины зураг харж гаргасан гэж ярьж байх шиг байна. Удаа дараагийн шинжээчийн дүгнэлт болон сүүлийн шинжээчийн дүгнэлтээр ялангуяа “хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн хамт байдаг тэмдэглэл”-ийг бүгдийг нь харж шинжээч сүүлийн дүгнэлтийг гаргасан байдаг юм. Мөн давтан шинжээч шүүх хуралдаанд ороод асуусан асуулт болгонд тодорхой хариулсан байдаг. Гал гарах болсон шалтгаан нөхцөл юу юм бэ, хэний буруутай үйлдлийн улмаас гал гарсан бэ гэхэд машины дугуй, тавцан хоёр хоорондоо үрэгдсэнээс болж гал гарсан. Үүнд жолооч  өөрийнхөө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж явах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас, Д-ын эс үйлдлээс болж, гал гарч О-д хохирол учирсан байна гэж үзээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-ын гомдлыг дараах үндэслэлээр хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүйн гадна нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 7824660 төгрөгийг хариуцагч Д.Г-оос гаргуулан нэхэмжлэгч Т.О-д олгохоор, хариуцагч Б.Д-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Энэхүү шийдвэрийг хариуцагч Д.Г эс зөвшөөрч “...машины жолооч намайг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж явах үүргээ биелүүлээгүйгээс Т.О-ын эд хөрөнгөнд гэм хор учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, гал гарсан шалтгаан нөхцөлийг шинжээчийн дүгнэлтээр дугуй чиргүүлийн модон тавцантай шүргэж гал гарсан байх магадлалтай гэдэг боловч энэ нь жолоочийн буруугаас болсон гэж тогтоогоогүй, миний бие Д.О-тай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Хэргийн оролцогчид болон шинжээчийн дүгнэлт, тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд нэхэмжлэгч Т.О 7824660 төгрөгийн, 5 төрлийн нэр бүхий барааг БНХАУ-ын Бээжин хотоос худалдан авч, ачаа Эрээн хотод хүргэгдсэнийг, Эрээн хот-Замын-Үүд сумын хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг жолооч, Б гэх Өвөр Монгол хүн аваад Замын-Үүд суманд хүргэж улмаар уг ачааг Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хооронд ачаа бараа шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг Б.Д-т, УБ хот руу хүргүүлэхээр хүлээлгэн өгснийг Б.Д 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр жолооч Д.Г-ын эзэмшлийн 84-78 ДГА Волво маркийн машинд бусад барааны хамт ачиж, холбогдох дэвтэрт тэмдэглэн дэвтрийг ачааны хамт түүнд хүлээлгэн өгч, УБ хотод очсоны дараа тээврийн хөлс 1700000 төгрөгийг өгөхөөр түүнтэй тохирсон, хариуцагч Д.Г хүлээн авсан ачааг УБ хот руу тээвэрлэн явах замдаа тээврийн хэрэгслийнх нь чиргүүлийн зүүн талын дугуй ачаа тээвэрлэх явцад чиргүүлийн тавцан/мод/-д үрэлт үүсгэж гал гарснаас тээвэрлэж явсан ачаа бараа шатсан үйл баримт тогтоогдож байна.        

 

Харин ачааг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь Иргэний хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогддог.

 

 Тухайлбал тээвэрлэгч нь ачааны шинж чанар, овор хэмжээ, тээвэрлэлтийн нөхцөл, тоо хэмжээ зэргээс хамааруулж тээвэрлэлтийг гүйцэтгэнэ. Аюултай ачаа, овор ихтэй, хүнд ачаа, түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тус тус тээвэрлэхдээ стандарт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх, тээвэрлэлтийн явцад ачаа алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хариуцлага хүлээх бөгөөд “...тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна” гэж Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 , 393 дугаар зүйлийн 393.1 болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-д тээвэрлүүлэгчийн ачаа тээвэрлүүлэхдээ хүлээх үүргийг, тээвэрлэгч ачаа тээвэрлэлт гүйцэтгэхдээ хүлээх үүргийг тус тус тодорхой тусгажээ.

 

Энэхүү иргэний хэргийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэд “...шатах тослох материал илрээгүй гэх хэрэгт ач холбогдол бүхий хэргийн материалыг судлан шинжлэхэд 84-87 ДГА улсын дугаартай Волво маркийн ачааны тээврийн хэрэгслийн чиргүүлийн зүүн талын дугуй нь ачаа тээвэрлэх явцад чиргүүлийн тавцан/мод/-нд үрэлт үүсгэж халалт буюу дулааны үйлчлэл нь модон материалын авалцан асах температур/250-350’C/-т хүрч гал түймэр гарсан” гэж дүгнэсэн төдийгүй дүгнэлт гаргахад оролцсон шинжээч Ч.А шүүх хуралдаанд “...дугуй тэвш хоёрыг тусгаарласан ямар ч хамгаалалтын төмөр байгаагүй, машин явж байгаа үед дугуй эргэж үрэлт үүснэ, чиргүүлийн зүүн талын шатсан 3 дугуйны дээд талын модон тавцанд үрэлт үүсэж, цөмөрч, шатсан, хийн баллон ямар нэгэн хөдөлгөөнгүй үед яах ч үгүй, нэмэх хасах цэнэгтэй учир акумлятороос масс гарахгүй, гар утасны зай, повер банк тогонд залгаагүй бол гал гарахгүй” гэж дүгнэлтийг танилцуулж, тайлбарласан байна.       

 

Эндээс дүгнэвэл:

 

1/ Тээвэрлэгч буюу хариуцагч Д.Г ачааг хүлээн авахдаа, ачааг тээвэрлүүлэгч Б.Д-ын ачсан ачаа нь аюултай ачаа байсан эсэх, ачаа нь хөдөлгөөний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдалд нөлөөлөхгүй, автотээврийн  хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учруулахгүй байх шаардлагыг хангасан эсэхийг шалгах үүрэгтэй байтал шалгаагүй мөн тухайн ачаа тээвэрлэлтийн шаардлага хангаагүй бол тээвэрлэхээс татгалзаж болох байтал татгалзалгүй тээвэрлэгчээс ачааг хүлээн авч Улаанбаатар хот руу тээвэрлэсэн нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй учир зохигчдын анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан холбогдох тайлбарыг үнэн зөв гэж үзнэ.

 

2/ Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсгийн 393.4.1-393.4.6-д заасан нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж хуульчилсан байх ба хэрвээ ачаа гэмтсэнд тээвэрлэгч/Д.Г/ гэм буруугүй болохоо нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ. 

 

Гэтэл хэрэгт тээвэрлэгч буюу хариуцагч Д.Г-ын “ачаа гэмтсэнд” гэм буруугүй болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учир түүний “...Б.Д болон ачаа тээшээ тээвэрлүүлсэн хүмүүсээс галын аюултай тэсэрч дэлбэрэх тусгай зориулалт шаардсан онцлогтой хийн баллон, фовер банк, аккумлятор зэрэг ачаануудыг огт хэлж тэмдэглүүлээгүй тээвэрлүүлснээс болж гал гарсан” гэсэн тайлбар нь нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх төдийгүй тээвэрлэгч Д.Г-оос  хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

 3/ Замын хөдөлгөөний дүрэмд “...жолооч хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж явах үүрэгтэй” гэснийг жолооч Д.Г биелүүлээгүй байх ба жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт дахь “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох  эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-д заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол аюулгүй байдлыг хангаж явах үүрэгтэй байна.       

 

Жолооч Д.Г-ын тээврийн хэрэгсэлд хэдийгээр  жагсаалтад заасан эвдрэл, гэмтэл тохиолдоогүй байх боловч дурдсанаас бусад гэмтэл учирсан байх буюу түүний тээврийн хэрэгслийн зүүн талын дугуй нь ачаа тээвэрлэх явцад чиргүүлийн тавцан/мод/-нд үрэлт үүсгэж гал түймэр гарсан, тээвэрлэгчийн ачиж явсан ачаа тээшнээс гал гараагүй болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул хариуцагч Д.Г-ыг тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, яваагүй гэж үзэх бөгөөд түүнийг хуульд заасны дагуу хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн чиргүүлийн дугуй нь ачаа тээвэрлэх явцад чиргүүлийн тавцанд үрэлт үүсгэж, халалт үүссэнээс гал гарсан, дугуй тавцангийн үрэлт үүсэх явц нь жолоочийн буруутайгаас буюу тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ачааны жин нөлөөлөхөөр шинжээч шүүх хуралдаанд тайлбарласан ба хэрэгт цугларсан нотлох баримтаар ачааны жин хэтэрсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн жолооч буюу хариуцагч Г нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж явсан болохоо нотлоогүй. Иймд тээвэрлэгч буюу хариуцагч Г-ыг нэхэмжлэгчийн эд хөрөнгө устаж үгүй болсон явдалд гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

4/ Иргэний хуульд “Бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Д.Г-оос нэхэмжлэгч Т.О-ын устаж, гэмтсэн барааны үнэ болох 7824660 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд Анхан шатны шүүхээс хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд, хууль болон шударга ёсонд нийцүүлэн тээвэрлэгч буюу хариуцагч Г-ыг, нэхэмжлэгч Т.О-ын эд хөрөнгө устаж үгүй болсон явдалд гэм буруутай гэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 137/ШШ2021/00082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч Д.Г-ооос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                            ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                 Н.БОЛОРМАА