Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 309/ШШ2025/00357

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* дугаар ангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,800,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* дугаар анги шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан АГГ/03 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох 8,620,000 төгрөгийг 97 хоногийн алданги 4,180,700 төгрөгийн хамт нийт 12,800,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “*******” ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байгууллагаас 10 хүн манай компани дээр ирж 12 хоног ажил хийгээгүй. Гэрээгээ дүгнэж хэдэн хүн, хэдэн хоног ажилласан талаар тогтоож, ажилчдын хөлсөнд хэдэн төгрөгийг хэзээ төлөх талаар харилцан тохиролцож акт үйлдэх ёстой байсан ч бидэнтэй уулзаж акт үйлдээгүй өнөөдрийг хүрсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /утас *******/, хариуцагчийн төлөөлөгч ******* /утас *******/ нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Бид доорх байдлаар эвлэрсэн тул эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү.

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 12,800,700 төгрөгөөс алданги 4,180,700 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үндсэн төлбөр 8,620,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.

2. Хариуцагч нь нэхэмжилж буй 8,620,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрөв.

3. Хариуцагч нь заасан хугацаанд тохиролцсон төлбөр /гэрээний үндсэн төлбөр/-ийг төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар хүсэлтээ холбогдох байгууллагад гаргахаар тус тус тохиролцов гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* дугаар анги нь тус шүүхэд хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,800,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 12,800,700 төгрөгөөс алданги 4,180,700 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үндсэн төлбөр 8,620,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжилж буй 8,620,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,620,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ******* дугаар ангид бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 76,435 төгрөг /8,620,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 152,870 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ