| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 137/2020/00382/И |
| Дугаар | 202/МА2021/00011 |
| Огноо | 2021-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 202/МА2021/00011
2021 05 05
202/МА2021/00011
К ХХК дахь банкны эрх
хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 137/ШШ2021/00075 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т овогт Б-ын Б,
Хариуцагч: А овогт Б-ийн Ц нарт холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 98661522,06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг, нийт 98670022,06 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагч нарын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 11756048 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг;
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н /зайнаас цахимаар/, хариуцагч нарын өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Ц, Б.Б нар нь К банктай 89100000 төгрөгийг сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, “Амьдран суух зориулалт бүхий орон сууц худалдан авах” зориулалтаар 2047 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авахаар 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр №2006/023190 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулсан. Банк “Зээлийн гэрээ”-ний 3.1.4 дэх хэсэгт заасан зээлдэгчийн К банкин дахь 2006023326 тоот харилцах /депозит/ дансанд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 89100000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1288902,88 төгрөг, зээлийн хүүнд 10467121,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24,46 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Дараах нөхцөлд Банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавал болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардана”, 8.3.1-д “Энэхүү гэрээг ноцтой зөрчсөн”, 8.3.2-т “Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /хавсралт 1/-н дагуу зөрчсөн” гэж тус тус тохиролцсон. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 653106,05 төгрөгийг төлөх үүрэгтэй байхад дараах байдлаар зөрсөн. Үүнд: Үндсэн зээлд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 56090,64 төгрөгийг төлж үүнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 597015,42 төгрөгийг төлж, энэ өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгч тодорхой хугацаанд гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгчээс гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, зээлийн гэрээг цуцлах, зээлийн өр төлбөрийн үлдэгдлийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 8500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлдэгч Б.Ц, Б.Б нартай 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан №2006/023190 дугаартай “Зээлийн гэрээ”-г хугацаанаас өмнө цуцалж, зээлийн өр төлбөрт нийт 96661522,07 төгрөгийг, нотариатчийн зардал 8500 төгрөгийн хамт гаргуулж, “К” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч Б.Б, Б.Ц нар нь К ХХК-тай 89100000 төгрөгийг сарын 0.67 хувийн хүүтэй, жилийн 8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 2047 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаатайгаар 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг байгуулсан. Банк зээлийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу 2006003326 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 89100000 төгрөгийг хийснээр гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээл авч ашигласнаас хойш зээлийн үндсэн төлбөрт 1288902,88 төгрөг, зээлийн хүүнд 10467121,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2400046 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний зөрчлийн тухайд Зээлийн гэрээний өөрийн санаачилгаар дуусгавар болгож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж хохирлыг шаардана. 8.3.1-т энэхүү гэрээг ноцтой зөрчсөн, 8.3.2-т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэж үзсэн. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр үндсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 653106,73 төгрөгийг төлөх үүрэгтэй. Үүнээс 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлөлт хийж үүнээс хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нар зохих хугацаанд зээлийн төлөлт хийгээгүй учир зээлдэгч нарын гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн зээлийн гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. Зээлдэгчийн зээл, хүүний төлбөр 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 87811097,12 төгрөг, зээлийн хүү 10837648,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1477614 төгрөг, нийт 98661522,06 төгрөг байна. Харилцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 8500 төгрөгийн зардал гарсан. нэхэмжлэлийн шаардлага зээлдэгч Ц, Б нартай 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 2006023101 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн өр төлбөрт нийт 98661522,06 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөгийг гаргуулж К банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Ц анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед К банкны зээлийн барьцаанд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулна гэсэн мэдээллийг сонсож К банктай очиж уулзсан. Тэгтэл К банкны Замын-Үүд салбарын эрхлэгч нь Замын-Үүд сумын 1-р багт баригдсан 6 давхар 65 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авсан удахгүй үл хөдлөхийн гэрчилгээ нь гарна. Манай банкны 100 хувийн санхүүжилтээр урьдчилгаа төлбөргүй Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авах боломжтой талаар ярьсан. Бидэнд энэ нөхцөл үнэхээр боломжийн санагдаж байрыг сонирхож үзэхэд дээврээс борооны ус гоожсон байдалтай хананы обой нь хуйларсан, шавар шохой нь унасан шинэ гэхэд хэцүү байр байсан. Гэтэл К банк нь энэ асуудалгүй, бид сайхан дахин засвар хийгээд өгнө таазыг сайхан янзалж өгнө. Асуудалгүй сая улсын комисс хүлээж авсан байр гэж бидэнд итгэл найдвар төрүүлсэн. Хэдий байр нь эрхийн доголдолтой байсан боловч залуу хосууд бидэнд байр авах урьдчилгаа төлбөр байхгүй учир улсын комисс хүлээн авсан шинэ байранд Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж орно гэдэг нь таатай санагдаж 2017 оны 10 дугаар сарын эхээр банкинд материалаа бүрдүүлэн өгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны 2-р орц, 6 давхар, 39 тоотод байрлах 66 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 мкв-г 1.350.000 төгрөгөөр нийт 89.100.000 төгрөгөөр 100 хувь банкны зээлээр худалдан авахаар орон сууц захиалгаар барих тухай гэрээнд гарын үсэг зурсан. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр К банктай зээлийн гэрээг байгуулсан. Эхний үед бид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлд хамрагдаж байртай болсон гэж хөөрцөглөн зээлийг графикийн дагуу саадгүй төлж ирсэн. Гэтэл дээрх байрны талаар Улсын комисс хүлээж аваагүй үл хөдлөхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах боломжгүй үүнтэй зэрэгцээд манай дээврээс бороо орсон үед маш ихээр дусаал гоожих болсон зэрэг уг байртай холбоотой олон доголдол ил гарч эхэлсэн учир зээлийн төлөлтийг хийгээгүй. К банкны Замын-Үүд салбар нь тухайн байрыг улсын комисс хүлээн аваагүй байхад авсан хэдий боловч Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19 тоот шийдвэрээр Дорноговь аймгийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан. Энэ талаар мэдэж байсан атал зориуд биднийг төөрөгдүүлж чанарын шаардлага хангахгүй эрхийн доголдолтой байрыг худалдан зээл гаргаж биднийг хохироосон. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн зээл мэтээр бидэнд ойлгуулан банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, Монгол банкны ипотекийн зээлийн журам зэргийг зөрчин гэрээ байгуулсан байна. Юнайтэд эйшн проперти ХХК нь К банкны охин компани бөгөөд бидэнд зориудаар стандартын шаардлага хангаагүй, улсын комисс хүлээн аваагүй, үл хөдлөхийн гэрчилгээгүй гарах боломжгүй эрхийн доголдолтой орон сууцыг мэдсээр байж худалдан өөртөө давуу байдлыг бий болгосон. Иймд дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-т зааснаар банк нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар 09-ний өдөр К банктай байр худалдан авах гэрээг байгуулсан. Захиалагчийн гэрээг тэр өдөр мөн байгуулсан. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр энэ байрыг Улсын комисс хүлээж аваад 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын комиссын шийдвэрийг анхан шатны шүүх хүчингүй болгосон. Банк хүчингүй болгосон байр гэдгийг мэдсээр байж биднийг төөрөгдүүлж 1 сарын дараа үл хөдлөхийн гэрчилгээ гарна гэж хэлсэн. ипотекийн 8 хувийн зээл таатай санагдсан. Би тухайн үед ажил хөдөлмөр эрхэлдэггүй манай нөхөр ганцаараа ажил хийдэг байсан. 89.100.000 төгрөг гэдэг маш их мөнгө. Манайх нэг хүн ажил хийдэг болох уу гэхэд болно гэсэн. Монголд байр худалдаж авахад санхүүгийн бэрхшээлтэй учирдаг, 8 хувийн ипотекийн зээлд танайх хамрагдаж болно гэж хэлэхээр нь баяртайгаар хүлээж аваад зээлээ хөөцөлдөөд, судлуулаад, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээг байгуулсан. К банк анхнаасаа энэ байр улсын комисс хүлээж аваагүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй гэж хэлсэн бол бид нар энэ байранд орохгүй байх байсан. Улсын комисс хүлээж авсан гэж хэлсэн, гэхдээ ямар ч бичиг баримт үзүүлээгүй. 1 сарын дараа үл хөдлөхийн гэрчилгээ гарна гэсэн гэхдээ гараагүй. Байранд ороод 1 сар өнгөрсний дараа Замын-Үүд зар болон манай байрныхны дундын чат фейсбүүк хаягаар Сүлд багийн нутаг дэвсгэрт баригдсан 6 давхар 155-р байр Улсын комиссын актыг хүчингүй болгосон байранд иргэдийг оруулсан гэсэн мэдээлэл явж эхэлсэн. Бид нар маш их дарамтад орсон. Үүнээс болж банкны эрхлэгчтэй яриад үл хөдлөхийн гэрчилгээ гарна гэсэн яасан бэ? гээд удаа дараа хэлэхэд гарна гэж хэлдэг байсан. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш сар бүр 653.000 төгрөгийг зээлийн дансанд хийсэн. Нэг ч өдөр хойшлуулахгүйгээр хийж байсан. 2018 онд маш эрт бороо орсон, гэтэл манайх яг гадаа байгаа юм шиг бороо ордог. Маш хүйтэн. Улсын комисс хүлээж аваагүй болохоор дулаан холбоогүй байсан. Бид нар маш ихээр хохирсон. Банк бид нарыг хохироож залилсан гэж үзэж байгаа. 2019 оны 04 дүгээр 02-ны өдрийг хүртэл манайх нэг ч өдөр хойшлуулахгүйгээр төлөлтөө хийж байсан. Өвөл болоход нөхөр бид 2 байрны дээврийн цаасыг малтдаг байсан. Тэгж байранд амьдарна ч гэж юу байх вэ. Авсан бүх тавилга, гэрийн доторх зүйлс нурж унаж байсан. Ямар ч хандах хүнгүй болсон. Манай хохирлыг барагдуулах боломжгүй гэсэн учир манайх төлөлтийг хийхээ зогсоосон байгаа. Банк зээл гаргахдаа заавал барьцаа хөрөнгийг шаарддаг. Бид 2 залуу хос байсан учир ямар ч барьцаа хөрөнгө байгаагүй. Гэтэл банкинд бид хоёрт ямар ч барьцаа хөрөнгө байхгүй яах вэ гэхэд болно, энэ байрыг барьцаа хөрөнгө болгоод ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэсэн. Тэгсэн энэ байр барьцаа хөрөнгө болоогүй байсан. Мөн 2021 он болж байхад манай үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй байгаа, ядаж үл хөдлөхийн гэрчилгээ гарсан байсан бол хамаагүй, бид 2 төлж чадахгүй байлаа гэхэд зарж борлуулаад банкийг хохиролгүй болгох байсан. Ийм үндэслэлээр банкны нэхэмжлэлээс татгалзаж байгаа” гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ц, Б.Б нар нь К банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа. Татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотолсон гэж үзэж байгаа. Хариуцагч нарын хүсэл сонирхлын илэрхийлэл нь байр авах байсан. Байр худалдаж авахдаа К банкны буруу ташаа мэдээллийг сонсож Сүлд багт баригдсан 65 айлын орон сууцыг Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлээр олгоно гэж зар тавьсан байхыг хараад банктай очиж уулзсан. Банк уулзаад улсын комисс хүлээж авсан удахгүй гэрчилгээ гарна 8 хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой холбогдох материалуудаа өг гэсэн шаардлагыг тавьсан. Энэ 2 хүн үнэн учраа хэлж бид хоёрт урьдчилгаа өгөх мөнгө байхгүй яах вэ? гэхэд банк судлаад үзье гэсэн. Банк өөрт илт давуу байдал бий болгосон, мөн Бишрэлт холдинг компани охин компаниуд байгаад байгаа юм. Барилга барьсан компани нь Голден сэркл, Гэрэлт фокус компани, Их модун компани сүүлд тодорхой хэсгийг гүйцэтгэсэн байдаг. Барихдаа Голден сэркл компани К банкны санхүүжилтээр зээл авч барьсан. Тэгээд Улсын комисст хүлээлгэж өгсөн боловч энэ нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр энэ хүмүүсийн зээл гарахын өмнөхөн акт хүчингүй болсон. Үүнийг банк мэдэж байсан атлаа хүмүүст таатай нөхцөл санал болгоод байгаагийн гол учир шалтгаан гэхээр К банкны санхүүжилтээр баригдсан учир мөнгөө гаргаж авахыг тэргүүнд тавьсан. Юнайтед эйшн проперти ХХК болон хариуцагч нар 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр орон сууц захиалан барих тухай гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээг Юнайтед эйшн проперти ХХК-тай байгуулж байгаа боловч энэ компани энэ барилгыг бариагүй. Энэ нь бас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Мөн зориудаар стандартын шаардлага хангаагүй, Улсын комисс хүлээн аваагүй, үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжгүй, эрхийн доголдолтой орон сууцыг мэдсээр байж худалдан борлуулж иргэдэд илт хохиролтой зээлийн гэрээ байгуулж, давхар хууль зөрчиж, өөрийн үйл ажиллагааны журмуудаа зөрчсөн. Өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт нь хавтаст хэргийн 112-113-р хуудсанд авагдсан К банк Юнайтэд эйшн проперти ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ байдаг. Мөн хавтаст хэргийн 115-122 дугаар хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11/1747 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн лавлагаа байгаа. Энэ хуулийн этгээдийн лавлагаа Улсын бүртгэлийн тоот дээр Бишрэлт холдинг компани охин компаниуд нь К банк, Голден Сэркл, Юнайтед эйшн проперти ХХК нь мөн юм гэсэн тодорхойлолт байдаг. Хавтаст хэргийн 182-р хуудсанд авагдсан гэрч Б-ийн мэдүүлэг, тэр нь дээр Юнайтед эйшн проперти ХХК-тай хамтран ажиллах гэрээгээр уг байрыг борлуулах үйл ажиллагааг хийсэн гэсэн гэдэг. Дараагийн үндэслэл бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Ипотекийн зээл гэж хариуцагч нарыг төөрөгдүүлсэн. Ипотекийн зээлийн журам болон К банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журамд заасны дагуу банк зээл хүссэн өргөдөл болон холбогдох материалуудаар зээлийн судалгаа хийж зээлийг эргүүлэн төлөх нөхцөл боломжтой эсэх, өр авлагын харилцаа хангаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж заавал барьцаа хөрөнгө барьцаалж зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн зээлийг олгодог. Мөн банкны тухай хууль болон урт нэртэй хууль дээр ч гэсэн тийм байгаа. Гэтэл тухайн үед хариуцагч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн нэг нь ажилтай мөн барьцаа хөрөнгө барьцаалах атал барьцааны гэрээ хийгээгүй. Зээлийн гэрээг хийхдээ банкны эрх бүхий хуулийн этгээд, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, банкны тухай хууль, зээлийн журам, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам, Монгол Банкны ипотекийн зээлийн журам зэргийг зөрчсөн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан журмууд болон гэрч Н-ийн мэдүүлгээр тогтоогддог. Хариуцагч болон өмгөөлөгчийн зүгээс үзээд байгаа гол нөхцөл нь уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хийсэн байна гэж үзээд байгаа. Ямар хууль журам зөрчөөд байгаа юм бэ гээд аваад үзэхээр Иргэний хуулийн 451.1-т тодорхой заасан байгаа. “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж байгаа юм. Хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлийг олгох байж. Гэтэл банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу банк үйл ажиллагаагаа явуулна. Энэ хуулийн 20-р зүйлийн 1-т “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид “зээлдэгч” гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид “зээл” гэх/ гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, зээл олгож байгаа учраас хүнээс заавал барьцаа шаардах нь ээ. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1-т “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Хуульд заавал барьцаа хөрөнгийг шаардах байж. Банк зээлийг гаргахдаа банкны барьж байсан, зээлийн үйл ажиллагааны журам гэх мэт журмууд байгаа. Журмуудыг хэрэгт хийсэн. Зээлийн үйл ажиллагааны 2.3.1-т зээл гэж гээд “Банк нь өөрийн мөнгөн хөрөнгөө зээл хүсэгч иргэн, аж ахуй нэгжид тодорхой хугацаа, хүү, эргэж төлөгдөх барьцаа баталгаатайгаар олгох санхүүжилтийг хэлнэ” бас л барьцаа хөрөнгө, баталгаатайгаар олгох нь. Энэ заалтуудаар зээлийг олгохдоо заавал барьцаа хөрөнгийг барьцаалж тодорхой хугацаанд зээлийг олгох юм байна. Гэтэл эднийх энэ журам хуулийг огт бариагүй. Энэ үйлдлүүд нь К банк өөрөө ямар нэгэн санаа зорилготойгоор өөрсдөө илтэд давуу байдлаар урт хугацааны зээл гаргаж иргэдийн хохироосон үйлдлүүд харагдаад байгаа юм. Барьцаатай холбоотой заалтуудаа зээлийн гэрээндээ дурдсан байж барьцаа хөрөнгийн гэрээ хийгээгүй. Ипотекийн зээлийн гэрээний журмыг тэр чигт нь зөрчсөн. Монгол Улсын Засгийн газраас иргэдэд урт хугацаатай бага хүүтэй зээлээр орон сууцтай болгохын тулд ипотекийн зээлийн журмыг гаргасан. Урьдчилгаа 30 хувь, 8 хувийн хүүтэй, дээд хэмжээ 20 жилийн хугацаатай зээл олгох журам гаргасан. Гэтэл К банк энэ журмаас давуулсан нөхцөлтэй 8 хувийн хүүтэй зээл олгоод байгаа нь хууль дүрмийг ноцтой зөрчөөд байгаагийн нэг хэлбэр. Зээлийн гэрээг өнгөц харахаар энэ хүмүүст ашигтай юм шиг харагдаад байгаа юм. Барьцаа хөрөнгө барьцаалаад эднийх зээлээ гаргасан байсан бол энэ хүмүүс өнөөдөр барьцаа хөрөнгөөр хангуулъя эсвэл зараад зээлээ төлье гэх мэт асуудлууд яригдана. Явж, явж энэ мөнгө хаашаа орсон юм бэ? гээд шүүхэд Глобал хурд гэдэг компанийн данс руу мөнгө орсон байгаа юм. Худалдах худалдан авах гэрээг хийсэн компанийн данс руу л энэ мөнгө орох ёстой шүү дээ. Энэ Глобал хурд гэж компани ямар компани байх вэ? гээд хайгаад үзтэл Бишрэлт холдинг компанийн охин компани байна лээ. Үндсэндээ Бишрэлт холдинг гэдэг толгой компани охин компаниудаар дамжуулж өөрийн алдагдлыг нөхөх ч юм уу гэсэн зүйл харагдаад байгаа юм. Хариуцагч нарын татгалзаад байгаа үндэслэл хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтад тулгуурлаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу үйл ажиллагааны журмыг зөрчиж хийсэн хэлцлийг хүчингүй болгож зээлд төлсөн мөнгийг буцаан гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Б.Ц, Б.Б нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Б.Ц, Б.Б бид 2017 оны 10 дугаар сарын эхээр К банкны зээлийн барьцаанд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулна гэсэн мэдээллийг сонсож К банктай очиж уулзсан. Тэгтэл К банкны Замын-Үүд салбарын эрхлэгч нь Замын-Үүд сумын 1 дүгээр багт баригдсан 6 давхар, 65 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авсан удалгүй үл хөдлөхийн гэрчилгээ нь гарна. Манай банкны 100 хувийн санхүүжилтээр урьдчилгаа төлбөргүй Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авах боломжтой талаар ярьсан. Бидэнд энэ нөхцөл үнэхээр боломжийн санагдаж байрыг сонирхож үзэхэд дээврээс ус гоожсон байдалтай хананы обой нь хууларч унасан, шавар шохой нь унасан шинэ ашиглалтад орсон байр гэхэд хэцүү байсан. Гэтэл К банк нь энэ асуудалгүй бид сайхан дахин засвар хийгээд өгнө, таазыг сайхан янзалж өгнө. Асуудалгүй сая улсын комисс хүлээн авсан байр гэж бидэнд итгэл найдвар төрүүлсэн. Хэдий байр нь эрхийн доголдолгүй байсан боловч залуу хосууд бидэнд байр авах урьдчилгаа төлбөр байхгүй учир улсын комисс хүлээн авсан шинэ байранд Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдаж орно гэдэг нь таатай санагдаж 2017 оны 10 дугаар сарын эхээр банкинд материалаа бүрдүүлэн өгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны 2-р орц, 6 давхар, 39 тоотод байрлах 66 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 мкв-г 1.350.000 төгрөгөөр нийт 89.100.000 төгрөгөөр 100 хувь банкны зээлээр худалдан авахаар орон сууц захиалгаар барих тухай гэрээнд гарын үсэг зурсан. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр К банктай зээлийн гэрээг байгуулсан. /Дээрх бүх үйл баримтыг К банк дээр нэг өдөр 2 гэрээнд гарын үсэг зурсан/. Эхний үед бид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн зээлд хамрагдаж байртай болсон гэж хөөрцөглөн зээлийг графикийн дагуу саадгүй төлж ирсэн. Гэтэл дээрх байрны талаар Улсын комисс хүлээж аваагүй үл хөдлөхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гарах боломжгүй үүнтэй зэрэгцээд манай дээврээс бороо орсон үед маш ихээр дусаал гоожих болсон зэрэг уг байртай холбоотой олон доголдол ил гарч эхэлсэн учир зээлийн төлөлтийг хийгээгүй.
1. К банкны Замын-Үүд салбар нь тухайн байрыг Улсын комисс хүлээн аваагүй. Авсан хэдий боловч Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19 тоот шийдвэрээр Дорноговь аймгийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 26/2016 дугаар актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан. Энэ талаар мэдэж байсан атал зориуд биднийг төөрөгдүүлж чанарын шаардлага хангахгүй эрхийн доголдолтой байрыг худалдан зээл гаргаж биднийг хохироосон.
2. Ипотекийн зээлийн журам болон К банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журамд заасны дагуу банк нь зээл хүссэн иргэдийн өргөдөл болон холбогдох материалыг хүлээн авч, зээлийн судалгааг хийн зээлээ эргүүлэн төлөх нөхцөл заавал барьцаа хөрөнгө барьцаалж байж зээлийг олгодог. Гэтэл тухайн үед бид хөрөнгөөр бүртгэх атал бидэнтэй барьцааны гэрээ хийгээгүй. Гэтэл Зээлийн гэрээний 3.10-т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор байгуулсан барьцаа /батлан даалт, баталгаа/-ны гэрээ, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарь /гэрээний хавсралт 1/ нь энэ гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан. Мөн гэрээний 4.1.3, 4.1.4, 4.2.11, 4.2.12, 4.2.14, 5.1.5, 5.2.6, 5.2.7, 7.2.3, 7.2.4, 8.3.8 зэрэг заалтуудад барьцаа хөрөнгөтэй холбоотой зориулалт оруулсан атлаа банк нь өөртөө зориуд давуу байдлыг бий болгох үүднээс иргэд биднийг төөрөгдөлд оруулж Ипотекийн зээлийн журам, К банкны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам зэргийг зөрчин зээлийн гэрээ байгуулсан.
3. Э.А-ын өмчлөлийн газарт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгыг К банкны санхүүжилтээр захиалагч байгууллагаар Голден Сэркл ХХК гүйцэтгэгчээр Гэрэлт Фокус ХХК, Их Модун ХХК-иуд нь барилга угсралтын ажлыг хийсэн байх ба 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгаар барих тухай гэрээний нэг тал болох уг компанитай гэрээг хийлгэсэн. К банк нь өөрийн компанийн санхүүжилтээр барьсан стандартын шаардлага хангаагүй, улсын комисс хүлээн аваагүй, үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжгүй эрхийн доголдолтой орон сууцыг бидэнд зориудаар мэдсээр байж өөртөө давуу байдал бий болгон худалдсан байна. Бидэнтэй илтэд хохиролтойгоор барьцаа хөрөнгө барьцаалахгүй, зээлийн гэрээг байгуулж, зээл олгосон гэх 89.100.000 төгрөгийг буцаан өөрийн банкинд төвлөрүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Иймд 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар банк нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд тооцож, зээлийн төлбөрт төлсөн 11.756.048 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Э сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Түрүүний тайлбарласан тайлбар маань сөрөг нэхэмжлэлтэй давхацсан байгаа. Тэгэхээр товч яръя. Банкны тухай хууль болон банкны үйл ажиллагаандаа мөрдөх журмууд, мөн Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиудыг зөрчсөн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлд төлсөн 11.756.048 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Ц, Б.Б нар нь зээл авах хүсэлт зорилгоо илэрхийлснээр зээлийн гэрээ байгуулагдаж 89.100.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар олгосон. Банк гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж Б.Ц-ийн 2006003326 харилцах дансанд 89.100.000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 26/2016 дугаартай тоотоор улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Барилгын гүйцэтгэгчээр ажилласан Гэрэлт фокус ХХК нь барилгын баталгаа гаргаагүй байхад Улсын комисс хүлээн авсан гэх шалтгаанаар барилгыг ашиглалтад оруулсан Улсын комиссын актыг хүчингүй болгож өнөөдрийн хурал маргаантай
Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар “К” ХХК-ийн Замын-Үүд салбарын Б., Б.Б нартай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Ц, Б.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 87.811.097,12 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 10.835.648,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 14.776,14 төгрөг, нийт 98.661.522,06 төгрөг, нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан зардал 8500 төгрөгийг тус тус гаргуулан “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хариуцагч Б.Ц, Б.Б нарын гаргасан К банктай 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан 2006/023190 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 11.756.048 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж 651.258 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Ц, Б.Б нараас 651.258 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн Улсын тэмдэгтийн хураамжид 203.047 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Хариуцагч Б.Ц, Б.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,
Хэрэгт нотлох баримтаар ирсэн 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,
Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Э давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Хариуцагч нарын хүсэл сонирхол нь К банкны санал болгосон байрыг худалдан авах, авахын тулд банкны санал болгосон зээлийн гэрээг байгуулсан.
Юнайтэд эйшн проперти ХХК болон хариуцагч нарын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих тухай К банктай зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээг үндэслэн банк зээл олгосон байдаг.
Гэтэл хариуцагч нарын банкны санхүүжилтээр худалдан авсан гэх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгыг Юнайтэд эйшн проперти нь бариагүй, Голден Сэркл ХХК, Гэрэлт Фокус, Их Модун ХХК-иуд барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн өнөөдрийг хүртэл маргаантай байгаа болох нь хавтаст хэргийн 71-90-р хуудсанд авагдсан Голден Сэркл ХХК-ийн Замын-Үүд сумын үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын ажлын захиалагч зохигч гүйцэтгэгчийн хамтарсан техникийн болон чанарын дүгнэлт, Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын акт, ажил гүйцэтгэх гэрээ, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, улсын байцаагчийн дүгнэлт, Захиргааны хэргийн анхан, давах, дээд шүүхийн шийдвэрүүдээр нотлогдож байна.
2. Дээрх барилга нь К банкны санхүүжилтээр баригдсан, уг барилгатай банк нь шууд бусаар хамааралтай, зориудаар стандартын шаардлага хангаагүй, улсын комисс хүлээн аваагүй, үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжгүй эрхийн доголдолтой орон сууцыг мэдсээр байж өөрсдийн оруулсан санхүүжилтээ гаргаж авахын тулд иргэдэд худал ташаа мэдээллийг өгч, илтэд хохиролтой зээлийн гэрээг байгуулж, өөртөө давуу байдлыг бий болгосон үйл баримт нь
Хавтаст хэргийн 112-113-р хуудсанд авагдсан К банк, Юнайтэд эйшн проперти-ний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ,
Хх-ийн 115-122-р хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11/10747 тоот албан бичиг, хуулийн этгээдийн лавлагаа,
Хх-ийн 182-р хуудсанд авагдсан гэрч Б.Батзоригийн мэдүүлэг,
Хх-ийн 152-154-р хуудсанд авагдсан гэрэл зураг бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Юнайтэд эйшн проперти ХХК нь үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулдаг зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд Бишрэлт Холдинг ХХК нь охин компани, өөрөөр хэлбэл дээрх барилгатай холбоотой К банк, Голден Сэркл ХХК, Юнайтэд эйшн проперти, Глобаль хурд ХХК-ийн толгой компани нь Бишрэлт Холдинг ХХК болох нь хуулийн этгээдийн лавлагаа, албан бичгээр нотлогдож байгаа болно.
3. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн зээл мэтээр хариуцагч нарт буруу ташаа мэдээлэл өгч, төөрөгдүүлсэн, Ипотекийн зээлийн журам болон К банкны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журамд заасны дагуу банк нь зээл хүссэн иргэдийн өргөдөл болон холбогдох материалыг хүлээн авч, зээлийн судалгааг хийн зээлээ эргүүлэн төлөх нөхцөл боломжтой эсэх, өр орлогын харьцаа хангаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж, хуульд зааснаар заавал барьцаа хөрөнгө барьцаалж, зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн зээлийг олгодог. Гэтэл тухайн үед хариуцагч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн тогтмол орлогогүй, мөн дээрх байрыг барьцаа хөрөнгөөр бүртгэх атал барьцааны гэрээ хийгээгүй, зээлийн гэрээг хийхдээ Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Банкны тухай хууль, Зээлийн бодлогын журам, Монгол банкны Ипотекийн зээлийн журам зэргийг зөрчин гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан журмууд болон гэрч Н, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарын мэдүүлгээр тогтоогддог.
К банк нь Б.Б, Б.Ц нарын К банкны санхүүжилтээр худалдан авсан гэх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт баригдсан 65 айлын барилгатай шууд бусаар хамааралтай байх бөгөөд анх дээрх иргэдэд байр худалдан авахыг санал болгож, улсын комисс хүлээн аваагүй, эрхийн доголдолтой байрыг Улсын комисс хүлээн авсан удахгүй үл хөдлөхийн гэрчилгээ гарах мэтээр ташаа мэдээлэл,
Мөн Засгийн газраас олгож буй Ипотекийн 8 хувийн зээлд хамруулна гэсэн мэдээлэл өгсөн байдаг.
Дээрх үйлдэл нь Банкны тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан банк дараах үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно.
7.4.1-т дангаар буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцох
7.4.8-д өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх мэдээлэл өгөх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Зээлийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 3.4.4-т зээлийн хороод заавар, журам зөрчиж, зээл эрх мэдлээ хэтрүүлэн олгохыг хориглосон атал эрх мэдлээ хэтрүүлэн барьцаа хөрөнгө шаардахгүй зээлийн гэрээг байгуулсан.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид зээлдэгч гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид “зээл” гэх/ гэнэ гэжээ.
Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 2.1.3 “зээл” гэж банк нь өөрийн мөнгөн хөрөнгө зээл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжид тодорхой хугацаа, хүү, эргэж төлөгдөж барьцаа, баталгаатайгаар олгож буй санхүүжилтийг гэж,
3.5- д банк нь зээлдэгчид тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хүүтэй, хугацаатай, барьцаа батлан даалттай, зориулалттай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлдүүлнэ гэж,
Зээлийн гэрээний 3.10-т Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор байгуулсан барьцаа /батлан даалт, баталгаа/-ны гэрээ зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарь /Гэрээний хавсралт 1/ нь энэ гэрээний салшгүй хэсэг болно гэж,
Мөн зээлийн гэрээний 4.1.3, 4.1.4, 4.2.11, 4.2.12, 4.2.14, 5.1.5, 5.2.6, 5.2.7, 7.2.3, 7.2.4, 8.3.8 зэрэг заалтуудад барьцаа хөрөнгөтэй холбоотой зохицуулалт оруулсан атлаа барьцаа болон батлан даалтын гэрээг зориудаар байгуулаагүй нь хариуцагч нарын өмчлөх, эзэмших, захиран зарцуулах, барьцаа хөрөнгөөр өр төлбөр барагдуулах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл харагдаж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан атал зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2006/023190 дугаартай зээлийн гэрээ нь дээрх хууль болон журмыг зөрчиж хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 137/ШШ2021/00075 дугаартай шийдвэрийг хянаж, өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ц, Б нарын гаргасан зээл авах хүсэлт, өргөдлийг хүлээн авч, зээлийн гэрээ байгуулж, 89 100 000 төгрөгийг сарын 0,66%, жилийн 8%-ийн хүүтэй, 560 сарын хугацаанд төлөх нөхцөлөөр зээл олгож байсан. Банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Ц-ийн дансанд 89 100 000 төгрөгийг шилжүүлсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээний төвтэй, 65 айлын орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгсөн. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан “Гэрэлт фокус” ХХК нь барилгын чанарын баталгааг гаргаагүй байхад улсын комисс хүлээн авсан гэх шалтгаанаар барилгыг ашиглалтад оруулсан улсын комиссын албан бичгийг хүчингүй болгож, маргаан үүсгэж, энэ нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 18 дугаар тогтоолоор эцэслэн шийдэгдсэн боловч 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар “К” ХХК, “Голден серкл” ХХК-аас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Гэрэлт фокус” ХХК-д нэхэмжлэл гаргасан байдаг. 2020 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1846 тоот дугаартай шийдвэр, 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1013 дугаар магадлал, “Гэрэлт фокус” ХХК мөн шүүхийн шатанд хэлэлцэгдэх гэж байгаа. Зээл олгосон тухайд ямар эх үүсвэрээр зээл олгосон бэ гэхээр зээлдэгчийн зээл хүсэх өргөдөл, холбогдох материалуудыг хүлээн авч судалгаа хийсний үндсэн дээр орон сууц худалдан авах зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж энэхүү зээлийг олгосон байгаа. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын өмгөөлөгч С.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй буюу хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэснээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “К” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Б.Ц, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 87811097,12 төгрөг, зээлийн хүүд 10835648,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14776,14 төгрөг, нийт 98661522,06 төгрөг, нотариатчид төлсөн зардал 8500 төгрөг, нийт 98670022,06 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч “... чанарын шаардлага хангахгүй эрхийн доголдолтой байрыг худалдан зээл гаргаж биднийг хохироосон, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль ... зээлийн журам зөрчин гэрээ байгуулсан, ... үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж гэрээ байгуулсан ...” гэж маргаж, “... зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлийн төлбөрт төлсөн 11756048 төгрөгийг гаргуулах...” тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... банк тухайн үед мөрдөн ажиллаж байсан журмын дагуу ... зээл олгох хүсэлтийг шийдвэрлэсэн ... зээл, зээлийн хүүд төлөлт хийж байсан нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг нотолж байна ...” гэж маргажээ.
Нэгэнт зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар буюу банкнаас зээл олгох үйл ажиллагааг хуульд нийцээгүй, эрх зөрчсөн талаар маргасан ба шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөхийн тулд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалтад нийцсэн эсэхэд буюу зээлийн гэрээний зорилго, агуулга, зээл олгосон байдал зэрэгт үндэслэх учиртай.
Өөрөөр хэлбэл банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх тухай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зохицуулалт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох эсэхийг тодорхойлохын тулд шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа банкны зээлийн агуулгад нийцсэн эсэх, банк зээл олгохдоо хууль болон гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, зээлийн гэрээний үндсэн нөхцөлүүд хангагдсан эсэхэд хуульд нийцсэн дүгнэлт өгөх шаардлагатай болно.
Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зааснаар банк нь өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохдоо тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар олгох бөгөөд энэхүү хуульд заасан зээлийн зориулалт, эргэж төлөгдөх барьцаа, баталгаа зэрэг зээл олгосон нөхцөл байдалд хамаарах үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдсоноор банкнаас зээл олгох ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжтой гэж үзнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “К” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Б.Ц, Б.Б нартай зээлийн гэрээг бичгээр /1хх11-18/ байгуулан нийт 89100000 төгрөгийг, сарын 0,67 хувийн, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар зээл олгосон байх ба зээлийн мөнгөн хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Б.Ц-ийн дансанд гүйлгээ хийгдэж, мөн өдөр уг мөнгийг “Глобал хурд” ХХК-д шилжүүлсэн /1хх-196,197,198/, зохигчид үүргийг барьцаагаар хангах талаар тохиролцоогүй, энэ талаарх нотлох баримт байхгүй байна.
Гэхдээ хариуцагч нар нь энэхүү зээлийн хөрөнгөөр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны 39 тоот үл хөдлөх эд хөрөнгийг урьдчилгаа төлбөргүйгээр 100 хувь банкны зээлээр худалдаж авсан ба ийнхүү худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг “К” өөрөө санал болгож, өөрөө худалдан борлуулсан боловч биет байдлын хувьд чанарын шаардлага хангахгүй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эрхийн доголдолтой гэж хариуцагч нар хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тодорхойлжээ.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нарын зээлийн хөрөнгөөр худалдан авсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны 39 тоот үл хөдлөх эд хөрөнгийг буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, Тээвэрчдийн гудамж, 155 дугаар байр, Үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгыг “Голдэн Сэркл” ХХК-ийн захиалгаар “Гэрэлт фокус” ХХК, “Их модун” ХХК –ууд барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр /1хх79-90/ барилгын ажлыг гүйцэтгэсэн, барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актыг шүүхийн шийдвэрээр /1хх95-103, 144-147/ хүчингүй болгосон, хариуцагч нар 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Юнайтэд эйшн проперти” ХХК-тай орон сууц захиалгаар барих тухай гэрээ /1хх91-93/ байгуулсан, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “К” ХХК болон “Юнайтэд эйшн проперти” ХХК-ийн хооронд “Банкны эзэмшил өмчлөлд бүртгэлтэй Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр багт 155 дугаар байр хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулах, ...”-р хамтран ажиллах гэрээ /1хх-113/ байгуулсан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Голден сэркл” ХХК нь “К” ХХК-ийн охин компани, “К” ХХК нь “Бишрэлт холдинг” ХХК –ийн охин компани, “Юнайтэд эйшн проперти” ХХК нь 2020.01.31-нд “Мон пластик энд пайп” ХХК нэртэй болсон, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар “Бишрэлт групп” 100 хувь хувьцаа эзэмшигч /1хх114-122/ байсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.
Эндээс үзвэл банк хариуцагч нарт орон сууц худалдан авах зориулалтаар зээл олгосон атлаа юуг үндэслэж 89100000 төгрөгийн зээлийг олгосон нь гэрээний нөхцлөөр тодорхойлогдоогүй байх ба хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч нарын зээлийн хөрөнгөөр худалдан авсан гэх орон сууц нь хэний эзэмшил өмчлөлд байсан, одоо хэний өмчлөлд байгаа нь тогтоогдоогүйгээс зээлийн зориулалт, барьцааны агуулга, зээл эргэн төлөгдөх баталгаа зэрэг үйл баримт тодорхойлогдсонгүй.
Тодруулбал 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Б.Ц болон “Юнайтэд эйшн проперти” ХХК-тай орон сууц захиалгаар барих тухай гэрээнд “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны барилгын 2-р орц, 6 давхар, 39 тоот, 66 м2 талбайтай, 3 өрөө байр, 1 мкв нэгж үнэ 1350000 төгрөг, нийт үнэ 89100000 төгрөг ...” гэснээс үзэхэд зээлийн хөрөнгөөр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэж үзэхээр байх боловч зээлийн мөнгийг “Глобал хурд” ХХК-д шилжүүлсэн, цаг хугацааны хувьд банк зээл олгосноос хойш буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “К” ХХК болон “Юнайтэд эйшн проперти” ХХК-ийн хооронд “Банкны эзэмшил өмчлөлд бүртгэлтэй Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр багт 155 дугаар байр хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулах, ...”-р хамтран ажиллах гэрээ байгуулсан, мөн энэ гэрээнд үл хөдлөх эд хөрөнгө “...банкны эзэмшил өмчлөлд бүртгэлтэй ...” гэж дурдагдсан атал эд хөрөнгийн улсын бүртгэлийн талаарх мэдээлэл хэрэгт авагдаагүй, “К” ХХК-ийн охин компани болох “Голдэн сэркл” ХХК нь тухайн барилгын захиалагч болох нь тогтоогдсон атал уг барилгын захиалагч “Голдэн сэркл” ХХК яагаад “К” ХХК болон “Юнайтэд эйшн проперти” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрхийг шилжүүлсэн, хариуцагчийн зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн “Глобал хурд” ХХК нь зээл олгох үйл ажиллагаанд ямар хамааралтай зэрэг үйл баримтыг тогтоохгүйгээр зохигчид банкнаас зээл олгох үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй болно.
Өөрөөр хэлбэл дээр дурдсан хэргийн үйл баримтыг тогтоосноор банкнаас зээл олгох гэрээгээр банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжүүлсэн эсэхийг буюу банкны зээл олгосон үйл ажиллагаа нь Банкны тухай хуулийн 10 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан журмын дагуу явагдсан эсэхээс шалтгаалж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийх боломжтой болно.
Ийнхүү маргаанд ач холбогдол бүхий хэргийн үйл баримт, нөхцөл байдлууд тодорхойгүй байхад анхан шатны шүүх “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн” гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д нийцээгүй гэж үзнэ.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул хариуцагч нарын өмгөөлөгчийн “... анхан шатны шүүх хэргийн үйл баримтанд бодит дүгнэлт хийгээгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Э-аас давж заалдсан гомдол гаргахад хариуцагч Б.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 651258 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 137/ШШ2021/00075 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч нарын өмгөөлөгч С.Э-ын давж заалдсан гомдлыг хангасугай
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын өмгөөлөгч С.Э-ын давж заалдах гомдол гаргахад хариуцагч Б.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 651258 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
Н.БАТЧИМЭГ