| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0075/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 82
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгч Б.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.От холбогдох эрүүгийн 1821000040043 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Силикатын ....... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд
Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Б.О.
Шүүгдэгч Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Буйр хорооллын 2 тоотод оршин суух хохирогч Г.Бын байшингийн цонхоор нууцаар хууль бусаар нэвтрэн орж, “Acer” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, бэлнээр 11.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хувьд үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах шатанд бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна.“ гэв.
- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Гэрээсээ эд зүйл хулгайд алдаад цагдаад хэлсний дараа Б.Отай утсаар ярьж асуухад танд хэлж чадаагүй юм гэхээс өөр үг хэлээгүй. Нөөтбүүк зарсан хүнээ олж өгнө гэсэн боловч олж өгөөгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.О манай гэрээр хааяа орж гараад явдаг байсан. Гэр доторх эд зүйлээ бүртгээд үзэхэд зүүн хойд өрөөний ширээн дээр байсан ACER маркийн зөөврийн комьютер, мөн хүүхдийн гацуур модон дээр байсан 11.000 төгрөг алга болсон байсан” гэжээ. /хх-ийн 28-29 тал/
- Гэрч Г.Ганжигүүр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Хамт самаранд явж байсан Б.Отай таараад нэг шил архины мөнгө байна уу гэхэд мөнгө байхгүй, энэ зөөврийн компьютер байна, нэг шил юманд тавиад авчих, найз нь дараа өөрөө мөнгийг нь төлөөд авчихна гэхээр нь комьютерийг аваад 6 багт байрлах Мустанг баарны тэнд явж байтал Жанчивтай таарсан. Түүнд компьютер авах уу гэхэд чинийх юм уу гэхээр нь манай найзынх юм аа, чи тэгэхдээ ганц юм аваад өгчих гээд Жанчиваас нэг шил 0,75 граммын Улаанбаатар архи, 20.000 төгрөг аваад компьютерийг өгсөн... ” гэжээ. /хх-ийн 36 тал/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтэнд:
1.Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,5 гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 4 гэж дугаарласан гарын мөрний төв болон уулзварын гурвалжин /дельта/ нь дүрслэгдээгүй, папиляр шугамууд нь бүдэг муу бэхжигдсэн, мөрүүдийн хувийн онцлог шинжүүд нь тооны хувьд цөөн байх тул шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь Папилон системийн нэгдсэн санд MN004120002125 бүртгэлтэй, Б.О гэгчийн баруун гарын чигчий хурууны хээтэй, баруун гарын ядам хурууны хээтэй мөн баруун гарын алганы хээтэй доорх шинж тэмдгээр тохирч байна гэжээ. /хх-ийн 43-44 тал/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 7-10 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30 тал/
- Б.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/
- Эмнэлгийн магадлагаа
- “Ягаан цээнэ” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Боржигон овогт Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Буйр хорооллын 2 тоотод оршин суух хохирогч Г.Бын байшингийн цонхоор нууцаар хууль бусаар нэвтрэн орж, “Acer” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, бэлнээр 11.000 төгрөгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Б, гэрч Г.Ганжигүүр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.От холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Оыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Оыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Тус хэрэгт шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Г.Бд 211.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Оын .....тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.О-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Оыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ...... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ