Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/40

 

Л.Ганхуягт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

         Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

Шүүгчид      Г.Давааренчин                                  

Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                            Г.Энхмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Чонос овгийн Лхагваагийн Ганхуягт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1802004330030 дугаартай, 175/2019/0071/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1987 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 37 дугаар байр 31 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл, 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д зааснаар 450 нэгжээр торгуулийн ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Чонос овогт Лхагваагийн Ганхуяг. /РД: МЛ87050533/

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Ганхуяг нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг Ялбаг гэх нэртэй газарт ашигт малтмалын, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид 584.408 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор:

          - Шүүгдэгч Чонос овогт Лхагваагийн Ганхуягийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чонос овогт Лхагваагийн Ганхуягийг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгож, торгуулийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Ганхуягийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Л.Ганхуягаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1998 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн 2008 онд Монгол улсад орж ирсэн, 63-39 УБ улсын дугаартай “Хьюндай 2900” маркийн экскаваторын үнэ 21.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгуулахаар зааж шийдвэрлэжээ.

          Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй.

          1. Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Л.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буюу “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай хуулийн зохицуулалтыг журамласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          2. Тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Л.Ганхуягт оногдуулсан дээрх торгох ялыг 2 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 |хоногийн дотор, ... торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэснийг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.

          Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Л.Ганхуягт холбогдох эрүүгийн 1802004330030 дугаартай хэргийг шийдвэрлэсэн.Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/шцт/ 69 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаарзүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

          Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Л.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буюу “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай хуулийн зохицуулалтыг журамласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь эргэлзээтэй байдал төрүүлсэн. Мөн шүүгдэгч Л.Ганхуягт оногдуулсан дээрх торгох ялыг 2 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “...Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 |хоногийн дотор, ... торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй...” гэснийг зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзээд эсэргүүцэл бичсэн.

          Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Л.Ганхуяг нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг Ялбаг гэх нэртэй газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид 584.408 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чонос овогт Лхагваагийн Ганхуягийг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгож, торгуулийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Ганхуягийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Л.Ганхуягаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1998 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн 2008 онд Монгол улсад орж ирсэн, 63-39 УБ улсын дугаартай “Хьюндай 2900” маркийн экскаваторын үнэ 21.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгуулахаар тус тус зааж шийдвэрлэжээ.

         Дээд Шатны Прокурорын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  29 дугаартай эсэргүүцлийн дагуу Л.Ганхуягт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч иргэний нэхэмжлэгч Х.Алтынтас /хх-ийн 69-р ху/, гэрч Г.Чулуунбазар/хх-ийн 70-71-р ху/, Б.Дарханбаяр /хх-ийн 72-73-р ху/, Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ий шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25 ны өдрийн №1/68 тоот дүгнэлт /хх-ийн 31-р ху/, Хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Тод үнэлгээ” ХХК-ий шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №2/93 тоот дүгнэлт /хх-ийн 120-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-11-р ху/, шүүгдэгчээс хохирол төлсөн баримтууд /хх-ийн 88-90-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ялыг оногдуулсан байна.

          Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтаар Л.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг буюу “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” заалтыг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, түүнчлэн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Ганхуягийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зөрчлүүдийг гаргасан байх тул энэ талаар бичсэн Дээд Шатны Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг өөрчлөн найруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтыг:

   “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Чонос овогт Лхагваагийн Ганхуягийг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжээр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай” гэж,

    3 дугаар заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Ганхуягийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгох ялыг 06 / зургаа/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

         2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

    ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                           Г.ДАВААРЕНЧИН

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ