| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Болорцэцэг |
| Хэргийн индекс | 115/2025/0010/З |
| Дугаар | 115/ШШ2025/0011 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 115/ШШ2025/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Болорцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: И ХХК, РД: ....
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын харьяа ... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Б нарын хооронд үүссэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч И ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч И ХХК нь ... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Бын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-ны 5 дахь хэсгийг хүчингүй болгуулж, хууль бусаар хураан авсан И ХХК-ийн эзэмшлийн 100 хайрцаг эмнэлгийн зориулалттай бээлийг буцаан олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.
2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.2. Гомдол гаргагч И ХХК эрх бүхий албан тушаалтны гаргасан дээрх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай Шийтгэлийн хуудас-ны өөрт холбогдох хэсэг буюу 5 дахь заалтыг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.
3. Гомдол гаргагч И ХХК шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ:
3.1. Манай "И" ХХК нь Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх ХХ-22/24/0032 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тусгай зөвшөөрлийн хүрээнд БНХАУ-ын "Jiangxi Kemei medical Apparatus & Instruments group" Co.LTD үйлдвэрийн Үзлэгийн болон мэс заслын бээлийг худалдан авах гэрээг /ZYJ20231128001/ Haimax Industrial (Qingdao) Co., Ltd худалдааны компанитай 2023 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан.
Тус гэрээний дагуу татан авалтыг хийхээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт 95000 хайрцаг үзлэгийн бээлий, 5000 хайрцаг мэс заслын бээлий импортлох хүсэлтийг өгч 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр олгосон эмнэлгийн зориулалттай бээлий импортлох 003/24/5203 дугаартай зөвшөөрөл олгогдсон. Тус зөвшөөрлийн хугацаа 2025 оны 01 сарын 23-ны өдөр дуусах байсан тул 2024 оны 12 дугаар сард барааг татан авахаар тохиролцсон.
Гэтэл худалдагч талаас манай 100 хайрцаг /100,000 хос/ бээлийг Монгол Улс руу тээвэрлүүлэхэд андуурал үүсэж манай бүтээгдэхүүнийг .... улсын дугаартай автомашинд өөр төрлийн ачаатай нийлүүлэн ачуулж илгээсэн байсан ба манай бараа ... Этранс терминал дээр 12 дугаар сарын 20-ны өдөр саатуулагдсан нөхцөл байдал үүссэн тухай бид мэдсэн даруйдаа "гаалийн бүрдүүлэлт хийж, бараагаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж холбогдох баримтыг гаалийн улсын байцаагчид хүргүүлсэн.
Гэвч хариуцагч гаалийн улсын байцаагч нь эрх бүхий байгууллага болох нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон хүчинтэй хугацаа нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусах импортын тусгай зөвшөөрлийг хүчингүй гэж үзэн, тусгай зөвшөөрлийг шинээр ирүүлэхийг хүссэн.
Ингээд манай компани тусгай зөвшөөрлийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас дахин авч 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийн хамт хариуцагч гаалийн улсын байцаагчид хүргүүлсэн, гэтэл мөн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай компанид мэдэгдэлгүйгээр тээвэрлэгч компани болох "Б" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11-д зааснаар 1,000,000 төгрөrөөр торгох шийтгэл оногдуулж, манай компанийн тусгай зөвшөөрлөөр импортолсон 100 хайрцаг барааг хураан авсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт "... зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан, гэтэл хариуцагч нь уг зохицуулалтыг илтэд зөрчин манай компаниас тусгай зөвшөөрлийн бичгээ явуулсаар байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хууль бус;
түүнчлэн хариуцагчийн хууль бус шийтгэлийн хуудас дээрээ үндэслэсэн "тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг нуун импортолсон" зөрчил тогтоогдоогүй байхад тээвэрлэгчид хариуцлага оногдуулж, улмаар манай "И" ХХК-ийн 100 хайрцаг бээлийг хураан авч, эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрлөөр бараа импортлох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул ... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Бын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-ны 5 дахь хэсгийг хүчингүй болгуулж, хураан авсан барааг И ХХК-д буцаан олгохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж маргаж байна.
3.2. Гомдол гаргагч И ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим над руу Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батсүмбэр гэдэг хүн залгаад манай ачаан дотроос танай эмнэлгийн бээлий гарч ирлээ гэж мэдэгдсэн. Бид Эрээн дэх тээврийн газар руу холбогдоод яагаад ийм ачаа гаргалаа гэж бид нарт хэлсэнгүй вэ гэхэд андуурал үүссэн байна гэсэн. Ачаа ирэхийг мэдэж байсан, бүрдүүлэлт хийх бичиг баримт бэлэн байсан учраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчим Батсүмбэрийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр манай компани томилсон албан бичгийг болон баримтаа хүргүүлсэн. Манай лицензийг Б байцаагч шалгаад хүчингүй болсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд бид гаалийн бүрдүүлэлтээ хийгээд бараагаа авна шүү гэж мэдэгдээд 12 дугаар сарын 23-нд дахиад шинээр лиценз хүсэж аваад 12 цагийн үед хүргүүлсэн.
Хариуцагч гаалийн улсын байцаагч нь 100 хайрцаг бээлийг Б ХХК-ийн бараа биш манай компанийн бараа гэдгийг мэдсээр байж манай компанийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, бараа эзэмшигчийг буюу холбогдогчийн эрхийг зөрчсөн.
Улмаар импортын лиценз буюу мэдүүлгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас шинээр авч ирүүлэхийг шаардсан атлаа бидний зүгээс лицензийг шинээр авч, гаалийн мэдүүлэг гаргах хүсэлтээ хариуцагчид хүргүүлсэн өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай барааг хурааж, шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь хууль бус, барааг хураан авахдаа бидэнд мэдэгдээгүй, барааны эзэн биш Б ХХК-д шийтгэл оногдуулж, манай барааг хураан авснаар бидэнд өөрийнхөө өмч болох 100 хайрцаг бээлийний талаар гомдол гаргах эрхийг зөрчсөнд гомдолтой байна гэв.
4. Хариуцагч ... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
4.1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг, энэ заалтын дагуу "Б" ХХК нь 2024 оны 12 сарын 20-ны өдөр .... дугаартай автомашинд ачигдсан 36860 кг бүх барааг гаалийн байгууллагад 15 нэр төрлөөр мэдүүлж 7,479,913.01 төгрөгийн татвар төлсөн байсан. ... дэх гаалийн газрын хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б би, "Б" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхсайхан овогтой Батсүмбэрийг байлцуулан гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх явцад 100 хайрцаг эмнэлгийн үзлэгийн бээлийг бусад ачаатай цуг ачиж гаалийн байгууллагад мэдүүлээгүй болох нь тогтоогдсон. Иймд Б ХХК нь Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг барааг бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих, 2.1 дэх хэсэг гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах; 2.6 дахь хэсэг гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх; зэрэг мэдүүлэгчийн эрх үүргийг хангаж гаалийн байгууллагад барааг мэдүүлээгүй байсан. 100 хайрцаг эмнэлгийн бээлийг хурааж авах зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад "И" ХХК нь 2024 оны 12 сарын 24-ний өдөр ... дэх гаалийн газарт хүсэлт гаргасан. Гаалийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2-т гаалийн мэдүүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтээ мэдүүлэгчээс гаргах үед гаалийн байгууллага барааг шалгаж эхлээгүй бол гэж заасан гэтэл "И" ХХК-ийн гомдол гаргасан 100 хайрцаг эмнэлгийн зориулалттай бээлийнд гаалийн хяналт шалгалт хийгдсэний дараа хүсэлт ирсэн учир хүсэлтийг хүлээн авах боломжгүй байсан.
Зөрчилд холбогдсон бараанд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ зүйл заалтын дагуу зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж холбогдох барааг хурааж "Б" ХХК-д зөрчлийн арга хэмжээ авсан. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.14 дэх хэсэгт Тарифын бус хязгаарлалт" гэж Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг гэж заасан. Мөн тухайн эмнэлгийн үзлэгийн бээлий нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь хэсэгт "эмнэлгийн хэрэгсэл" гэж өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, хянах, хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих, орлох, нөхөн сэргээх, сэргээн засах, эмнэлгийн хэрэгслийг ариутгах, халдваргүйжүүлэх зорилгоор хэрэглэгдэх дараах бүтээгдэхүүнийг гэж заасан тул тухайн бараа нь тусгай зөвшөөрөлтэй лицензтэй аж ахуйн нэгж импортлох эрхтэй, гаалийн байгууллагад мэдүүлэг гаргасан "Б" ХХК нь эм эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлгүй тул зөрчлийн арга хэмжээ авч ажилласан. Иймд гомдол гаргасан "И" ХХК нь ямар нэгэн байдлаар гаалийн харилцаанд оролцож гаалийн байгууллагад барааны мэдүүлэг гаргаагүй болно.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, мөн 52 дугаар зүйлийн 5.1. захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн; гэж заасан "Б" ХХК-ийн мэдүүлсэн бараанд хийсэн хяналт шалгалтаар тухайн 100 хайрцаг эмнэлгийн бээлийг зөрчилд холбогдуулж шалган шийдвэрлэсэн. И ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш болно.
Иймээс "И" ХХК нь манай бараа 100 хайрцаг эмнэлгийн бээлийг .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд андуурч ачсан гэх шалтгаанаар гомдол, хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагч ... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
И ХХК нь гаалийн байгууллагад мэдүүлэхээс өмнө манай бараа шүү гэж хүсэлт гаргаагүй зөвхөн Б ХХК-ийн ачсан ачаанаас зөрчил гарахад манай бараа, бичиг баримтаа бүрдүүлж авна гэж хэлсэн. Гаалийн хяналт шалгалт хийгдсэн байсан.
Б ХХК-ийн төлөөлөгч Э.Батсүмбэр 2024 оны 12 дугаар сарын 20-нд над дээр ирж бараагаа үзүүлсэн. Тэгээд барааг нь эхнээс нь үзээд хяналт шалгалт явуулж байхад резинэн бээлий гарч ирсэн. Мэдүүлгийн хуудас дээр резинэн бээлий байхгүй байна гэхэд резинэн бээлийг мэдсэнгүй урдаас ирсэн барааны жагсаалтын дагуу мэдүүлсэн гэж хэлсэн.
Би резинэн бээлийг ялгаж зөрчлийн арга хэмжээ авна гэхэд бээлийний талаар тодруулъя гээд явсан, тэгээд орой ажил тарахын үед ирээд И-ын бараа юм байна. Өөрсдөө бүрдүүлэлт хийж авна гэж хэлсэн. Тэгээд И ХХК-ийн лиценз, тусгай зөвшөөрөл, худалдах худалдан авах гэрээ, аж ахуй нэгжийн гэрчилгээ зэргийг авчирсан байсан.
Нэг лицензээр нэг удаагийн татан авалт хийдэг, би ахлахтайгаа шалгаж үзэхэд лиценз нь хүчингүй болсон өмнө нь татан авалт хийсэн лиценз байсан. Гаальд И ХХК гаалийн харилцаанд оролцоогүй учраас мэдүүлэг гаргах хүсэлтийг нь хүлээн авах шаардлагагүй байсан.
Анх мэдүүлэхдээ Б ХХК бараагаа мэдэж байх үүрэгтэй. Гаалийн байгууллагад мэдүүлэхдээ .... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 15 нэр төрлийн 36 тонн 860 кг барааг 100 хувь мэдүүлсэн, татвар төлж орж ирсэн учраас барааг хураан авахдаа И ХХК-д мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн. Барааг хураан авч битүүмжлээд няравт шилжүүлсэн. Маргаантай байгаа учраас захиргааны зөвлөлд шилжүүлээгүй няравт байгаа. И ХХК нь огт гаалийн байгууллагад бараа мэдүүлээгүй, И ХХК дээр зөрчлийн арга хэмжээ авах ямар ч үндэслэлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Гомдол гаргагч И ХХК нь хариуцагч ... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Бын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-ны Шийдвэрлэх нь хэсгийн 5 дахь заалтын зөрчилд холбогдсон 100 хайрцаг резинэн бээлийг ... сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгуулж, хууль бусаар хураан авсан И ХХК-ийн эзэмшлийн 100 хайрцаг эмнэлгийн зориулалттай бээлийг буцаан олгохыг хариуцагчид даалгах гомдлын шаардлага гаргасан.
6. Шүүх гомдлыг үндэслэлтэй байна гэж үзлээ.
7. Гомдлын шаардлагын үндэслэлд хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
7.1. Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Этранс гаалийн хяналтын бүсэд Б ХХК-ийн гаалийн байгууллагад мэдүүлсэн 15 нэр төрлийн бараанд хяналт шалгалт хийх явцдаа тарифын бус хязгаарлалттай бараа болох 100 хайрцаг нэг удаагийн резинэн бээлий-г гаалийн байгууллагад мэдүүлээгүй зөрчлийг илрүүлсэн болох нь Бүртгэлийн .... дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материал-д авагдсан 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаартай Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 67 дахь тал/, мөн өдрийн Эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 68-69 дэх тал/-ээр;
7.2. Улмаар Б ХХК-ийг тарифын бус хязгаарлалттай бараа болох 100 хайрцаг нэг удаагийн резинэн бээлий-г гаалийн мэдүүлэгт бичихгүйгээр гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудасны 5 дахь заалтад зөрчилд холбогдсон 100 хайрцаг резинэн бээлийг ... сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хариуцагч эрх бүхий албан тушаалтны гаргасан маргаан бүхий акт болох 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №1 дугаартай Шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/-аар тус тус тогтоогдож байна.
8. Гомдол гаргагч И ХХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 5 дахь заалтын зөрчилд холбогдсон 100 хайрцаг резинэн бээлийг ... сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын үндэслэлээ
... хариуцагч манай компанийн бараа болох талаар мэдсэн, манай компаниас хариуцагчийн шаардсанаар тусгай зөвшөөрлийн болон холбогдох баримтаа явуулсаар байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд манай компанийн оролцуулалгүй, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж манай барааг хураан авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулгаар;
9. Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас Б ХХК-ийн гаалийн байгууллагад мэдүүлгээр мэдүүлсэн 15 нэр төрлийн бараанд хяналт шалгалт хийх явцад тарифын бус хязгаарлалтай бараа болох 100 хайрцаг резинэн бээлийг бусад төрлийн ачаатай цуг ачиж гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил үйлдсэнийг илрүүлэн шийтгэл оногдуулсан, И ХХК гаалийн харилцаанд оролцогч биш учир зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй, гомдол гаргах эрхтэй этгээд биш, хяналт шалгалт хийгдсэний дараа хүсэлт, лицензээ ирүүлснийг хүлээн авах боломжгүй гэх агуулгаар гомдлын шаардлагыг эс зөвшөөрөн тус тус маргасан.
10. Гомдол гаргагчийн бидэнд мэдэгдэлгүйгээр манай компанийн эзэмшлийн барааг хураан авсан буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн гэх агуулга бүхий гомдлын үндэслэлийн тухайд:
10.1. Гомдол гаргагчаас ... хариуцагч нь 100 хайрцаг бээлийг манай компанийн бараа болох талаар мэдсэн гэж маргадаг ба энэ талаар хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... Б ХХК-ийн төлөөлөгч Э.Батсүмбэр 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр над дээр ирж бараагаа үзүүлсэн. Бээлий гарч ирэхэд Э.Батсүмбэр бээлийний талаар тодруулахаар явсан, орой ажил тарахын үед ирээд И ХХК-ийн бараа юм байна, өөрсдөө бүрдүүлэлт хийж авна гэж байна гээд лиценз, тусгай зөвшөөрөл, худалдах худалдан авах гэрээ, аж ахуй нэгжийн гэрчилгээ зэрэг баримтуудыг нь авчирсан гэж тайлбарласан, тодруулбал хариуцагч нь 100 хайрцаг бээлийг гомдол гаргагч компанийн бараа болохыг мэдсэнээ үгүйсгэн маргаагүйг дурдах нь зүйтэй.
10.2. хариуцагчийн шаардсанаар импортын мэдүүлэг /лиценз/-ийг болон холбогдох баримтаа явуулсан боловч бидэнд мэдэгдэлгүйгээр зөрчлийг шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг гаргасан гэх гомдлын үндэслэлийн тухайд
Гомдол гаргагч И ХХК нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 3 жилийн хугацаагаар олгосон Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй /хавтаст хэргийн 23 дахь тал/ бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1. Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тухай бүрд импортын мэдүүлэг олгоно, 46 дугаар зүйлийн 46.6. Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, холбогдох баримт бичигт үндэслэн энэ хуулийн 43.2-т заасан журмын дагуу импортын мэдүүлэг олгоно, 43 дугаар зүйлийн 43.2. Эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, экспортын мэдүүлэг олгох журмыг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална, 44 дүгээр зүйлийн 44.1. Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тухай бүрд импортын мэдүүлэг олгоно гэж;
Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын мэдүүлэг олгох журам[1][1]-ын 2.1-д Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтад заасан бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох тухай бүрд импорт, экспортын мэдүүлэг олгоно, 2.7-д Импорт, экспортын мэдүүлгийг өргөдөлд заагдсан эм, эмнэлгийн хэрэгсэлд олгох ба улсын хилээр нэвтрүүлэхэд зөвхөн нэг удаа заагдсан тоо хэмжээгээр ашиглана гэж тус тус заажээ.
Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзвэл гомдол гаргагч хуулийн этгээд нь эмнэлгийн хэрэгсэл буюу нэг удаагийн үзлэгийн бээлийг импортлохдоо тухай бүрд нь импортын мэдүүлэг-ийг тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллага болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас авах, импортын мэдүүлгээр зөвхөн нэг удаа барааг улсын хилээр нэвтрүүлэхээр буюу импортын мэдүүлгийг нэг удаа ашиглахаар ойлгож хэрэгжүүлэхээр байна.
Гомдол гаргагчаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчид ирүүлсэн гэх импортын мэдүүлэг-ийн хүчинтэй хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 23-ны дуусахаар байх боловч, дээр дурдсанаар тухайн импортын мэдүүлгийг улсын хилээр нэвтрүүлэхэд өмнө нь ашигласнаар импортын мэдүүлэг нь хүчингүй болсон байжээ.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас эмнэлгийн үзлэгийн нэг удаагийн бээлий-г гомдол гаргагч И ХХК-ийн бараа гэдгийг мэдсэн талаараа үгүйсгэн маргаагүй болохыг өмнөх 10.1 дэх хэсэгт дүгнэсэн ба цаашлаад хариуцагч нь гомдол гаргагч компанийн импортын мэдүүлгийг шалган үзэж, хүчингүй болсон мэдүүлгийг шинээр ирүүлэхийг гомдол гаргагчаас хүссэн тухайгаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... нэг лицензээр нэг удаагийн татан авалт хийдэг, би ахлахтайгаа шалгаж үзэхэд лиценз нь хүчингүй болсон лиценз байсан гэж тайлбарладаг.
Гомдол гаргагчаас ... Гаалийн газарт хандан гаалийн бүрдүүлэлт хийж, бараа бүтээгдэхүүнээ авах хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 295 дугаар албан бичгээр гаргасан ба уг албан бичигт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас И ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон импортын мэдүүлгийг /хавтаст хэргийн 127 дахь тал/ хавсарган хүргүүлсэн, ... дэх Гаалийн газар нь гомдол гаргагчийн хүсэлтийг хүлээн авч, мөн өдөртөө буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны журмын дагуу бүрдүүлэлт хийх гэж цохолт хийн гаалийн улсын ахлах байцаагч Т.Оюунд шилжүүлсэн /хавтаст хэргийн 131 дэх тал/ байна.
Гэвч хариуцагч нь гомдол гаргагч И ХХК-иас импортын мэдүүлгийг шинээр авч, Гаалийн газарт бүрдүүлэлт хийн бараагаа авах тухай хүсэлтийг албан бичгээр гаргаж ирүүлэхтэй зэрэгцэн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргагчийн бараа болох 100 хайрцаг бээлийг хураан авч, Б ХХК-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-ыг гаргасан байна.
Хариуцагчаас И ХХК-ийг зөрчлийг шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй талаараа ... гомдол гаргагч гаальд мэдүүлэг гаргаагүй, гаалийн харилцаанд оролцоогүй, гаалийн хяналт шалгалт эхэлсний дараа хүсэлт, импортын мэдүүлгээ ирүүлсэн тул хүлээж аваагүй гэж тайлбарладаг, гэвч хариуцагч нь анхнаасаа гомдол гаргагч И ХХК-ийг гаалийн харилцааны оролцогч биш гэж үзсэн бол түүний импортын лиценз-ийн хүчинтэй эсэхийг гаалийн ахлах байцаагчийн хамтаар цахим системээс шалгаж үзэх, улмаар гомдол гаргагчаас импортын лиценз-ийг шинээр ирүүлэхийг шаардахааргүй байсан.
Иймээс зөрчлийг шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.
11. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:
Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-ыг гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:
Хариуцагчаас маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-аар Б ХХК-ийг Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн мэдүүлэгт бичихгүйгээр гаалийн хилээр хууль бусаар эсхүл нэвтрүүлэхийг завдсан зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудасны 5 дахь заалтад зөрчилд холбогдсон 100 хайрцаг резинэн бээлийг ... сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, 1.1. тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 3.1 дүгээр зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ, 3.5 дугаар зүйлийн 1. Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, 1.2. хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэж тус тус зааснаар хариуцагч нь Б ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, зөрчлийг шалган шийдвэрлэхээр байна.
Гэтэл хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь Б ХХК-аас тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг, эсхүл Э.Батсүмбэрийг (шийтгэлийн хуудсанд холбогдогчоор гарын үсэг зурсан) хууль ёсны төлөөлөгчийг тогтоолгүйгээр зөрчлийг шийдвэрлэж[2][2] /хавтаст хэргийн 65-86 дахь тал/ 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-аар торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай 3.5 дугаар зүйлийн 1. Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно, 1.2. хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэж заасантай нийцэхгүй.
Хэдийгээр гомдол гаргагчаас маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар Шийтгэлийн хуудас-ны Б ХХК-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан хэсэгтэй маргаагүй боловч, нэгэнт холбогдогч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан эсхүл хууль ёсны төлөөлөгчийг оролцуулалгүйгээр буюу хууль зөрчин гаргасан 1 дугаартай Шийтгэлийн хуудас нь бүхэлдээ хууль бус болсон байна.
Нөгөөтээгүүр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна, 2. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасан.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий 1 дугаар Шийтгэлийн хуудас-ны Шийдвэрлэх нь хэсгийн 5 дахь заалтад албадлагын арга хэмжээний талаар буюу 100 хайрцаг бээлийг хураан авсан тухай тусгаагүй, зөвхөн 100 хайрцаг бээлийг хэрхсэн буюу ... ... сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлсэн тухай тусгасан нь дээр дурдсан Шийтгэлийн хуудас-ны хэлбэрийн шаардлагыг хангаагүй дээр Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасанд нийцээгүй байна.
Дээрх байдлаар хариуцагч ... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Бын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай Шийтгэлийн хуудас бүхэлдээ хууль бус болох нь тогтоогдож байх тул мөн Шийтгэлийн хуудас-ны 5 дахь хэсэгт И ХХК-ийн эзэмшлийн 100 хайрцаг эмнэлгийн зориулалттай бээлийг ... сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож, И ХХК-ийн эзэмшлийн 100 хайрцаг эмнэлгийн зориулалттай бээлийг буцаан олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
12. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба зөвхөн Б ХХК-ийн барааны тоо хэмжээг худал мэдүүлж, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд хамаарах А25-0006 Гомдол, мэдээллийн бүртгэлийн дугаар бүхий Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал-ыг /хавтаст хэргийн 87-109 дэх тал/ бүхэлд нь түүнчлэн маргааны үндэслэлд хамааралгүй зарим баримтуудыг тус тус үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч И ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, ... дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Бын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай Шийтгэлийн хуудас-ны 5 дахь заалтын И ХХК-ийн эзэмшлийн 100 хайрцаг эмнэлгийн зориулалттай бээлийг ... сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, 100 хайрцагт эмнэлгийн зориулалттай бээлийг И ХХК-д буцаан олгохыг хариуцагч гаалийн улсын байцаагч Б.Бод даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан И ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРЦЭЦЭГ