Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 307/ШШ2025/00467

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 307/2025/00386/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

 

Нэхэмжлэгч: ******* оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-т холбогдох,

“3,500,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...У.*******ээс ******* улсын дугаартай суудлын авто машиныг 6,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, аман гэрээ байгуулсан. Тухайн өдөр 6,000,000 төгрөгийг шилжүүлж, машинаа хүлээн авсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан учир У.******* 1 дэх өдөр буюу ажлын өдөр нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцоод тэр чигтээ шилжилт хийлгэхгүй алга болсон. Нэхэмжлэгчээс элдэв шалтаг тавьж хойшлуулж байсан учир тухайн машиныг шалгуулж үзэхэд банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байгаа нь тогтоогдсон. Тээврийн хэрэгсэл зөрчилтэй нь тогтоогдсон байх тул У.*******тэй уулзаж тээврийн хэрэгслийг буцааж, шилжүүлсэн мөнгөө эргүүлж авах санал тавьж баталгаа гаргасан. Баталгааны дагуу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Иймд У.*******ээс тээврийн хэрэгслийн үнэд шилжүүлсэн үлдэгдэл 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Ш.*******ын нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг У.******* нь хохирлыг барагдуулна. Маргах зүйл байхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч У.*******т холбогдуулан “3,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.

4.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******ээс 35,475 төгрөг, төрийн сангийн орлогоос 35,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******ад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлтэй, У.*******т холбогдох “3,500,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.*******ээс 35,475 төгрөг, төрийн сангийн орлогоос 35,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.*******ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.НОМИН