| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2025/0002/З |
| Дугаар | 121/ШШ2025/0004 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Татвар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 121/ШШ2025/0004
2025 03 25 121/ШШ2025/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “***” ХХК-ийн гомдолтой,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ***д холбогдох зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч ***, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: “Өвөрхангай аймгийн Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч ***гийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргажээ.
2. Хэргийн товч үйл баримт, процессын тухайд:
2.1. Иргэн ***аас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ““***” ХХК-аас байр авсан боловч НӨАТ өгөхгүй хойшлуулаад байна шийдвэрлэж өгнө үү” гэх, иргэн ***аас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “НӨАТ олгоогүй, 3 сард орсон шинэ байр. 13 дугаар баг 215 дугаар байр. Хэлж үзсэн боловч хариу байхгүй. Байраараа авч чадаагүй. Өгөхгүй байгаа шийдэж өгнө үү” гэх гомдлыг тус тус аймгийн Татварын газарт гаргасан.
2.2. Дээрх гомдлуудын дагуу Өвөрхангай аймгийн Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч *** нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ***дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “***” ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2.3. Хариуцагчаас гомдол гаргагч “***” ХХК-д дээрх шийтгэлийн хуудсыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гардуулах ажиллагаа хийсэн бөгөөд гомдол гаргагчаас шийтгэлийн хуудас танилцуулсан баримтад гарын үсэг зурахаас татгалзсан байна.
2.4. Гомдол гаргагчаас шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан бөгөөд шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
3. Гомдол гаргагч “***” ХХК-аас шүүхэд гаргасан гомдолдоо:
3.1. Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *** нь “***” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн *** хотхон 24 айлын орон сууцны иргэн ***, *** нарт төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
3.2. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8-д Татварын хууль зөрчих зөрчлүүдийг зааж, мөн зүйлийн 8.3-т энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.
3.3. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар торгохоор заасан. Татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу “Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”-ийг шалгасны үндсэн дээр торгох шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой. Манай компанийн хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр торгох боломжтой байхад нотлох баримтыг дутуу үнэлж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасан хариуцлага хүлээлгэсэн нь бодит нөхцөл байдлыг зөв үнэлээгүйтэй холбоотой гэж үзэж байна.
3.4. Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан “татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих” чиг үүргийн хүрээнд иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу шалгахад төлбөрийн баримт олгож зөрчил арилсан.
3.5. “***” ХХК нь өөрийн борлуулалтын орлогод ААНОАТ, НӨАТ ногдуулж төлөхөөс гадна татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн нь санхүүгийн хувьд нэмэлт дарамт үүсгэж байна.
3.6. Татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх нөхцөл байдал үүсээгүй байхад буюу Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ, 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасан сонгох боломжийг хэрэглээгүй.
3.7. Тодруулбал “***” ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн тайланд борлуулалтын орлого 18,181,818,18 тайлагнасан байхад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасан үндэслэлээр торгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироосон шийдвэр байна.
3.8. Иймд Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасныг хэрэглэж, 15,000,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нь “***” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн “***” 24 айлын орон сууцнаас иргэн ***, *** нарт төлбөрийн баримт олгоогүй гэдэг үндэслэлээр татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу 15,000,000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэсэн.
4.2. Уг шийтгэлийн хуудсыг тус компанийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзээд хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг нь 8.1, 8.2, 8.3 гэсэн гурван шийтгэлийн хэлбэртэй. 8.1 8.2 дугаар хэсэгт заасан заалтууд маань борлуулалтын орлого буюу өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг хэлдэг. Харин 8.3 дахь хэсгийн хувьд 8.1 8.2 дугаар зүйл заалтуудыг хэрэглэх боломжгүй нөхцөлд 8.3-т заасан борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй нөхцөлд 15 сая төгрөгөөр торгосон.
4.3. Өмнөх 2 нөхцөлийн тухайд тухайн татвар төлөгчийн борлуулалтын орлогыг зөрчлийн хэрэг нээж шалгаад түүний үндсэн дээр борлуулалтын орлого хэд байгаагаас хамаараад тодорхой хувь хэмжээгээр торгох заалттай. Гэтэл байцаагчийн хувьд 8.3 буюу 15 сая төгрөгөөр торгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн байр суурьтай байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан үйлдэл, эс үйлдэхүйд шийтгэл оногдуулахтай холбоотойгоор татварын улсын байцаагчийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг зайлшгүй шалгаж зөрчлийг явуулах ёстой гэж заасан.
4.4. Гэтэл байцаагчийн хувьд 8.1-т заасан зөрчил гарсан гэх үндэслэлээр торгох боломжтой байхад 8.3-т зааснаар хариуцлага хүлээлгэж байгаа нь буруу байна. Өөрөөр хэлбэл хуулийн зүйл заалтыг сонгож хэрэглэсэн нь буруу байна. Дээрээс нь зөрчилтэй холбоотой зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байхад татварын улсын байцаагч өөрөө борлуулалтын орлогыг дансны хуулга болон тухайн компанийн тайлан баланс бүх юмыг нь татаж авч үзээд борлуулалтын орлогыг бүрэн тодорхойлох боломжтой байхад 8.3-т зааснаар торгож байгаа буюу тодорхойлох боломжгүй байна гэсэн дүгнэлт хийгээд шийтгэл оногдуулж байгаа нь буруу байна.
4.5. 2 татвар төлөгчийн худалдан авалттай холбоотой гомдолд дурдсан төлбөрийн баримтыг 2 иргэнд олгосон. Энэ 2 иргэн маань орон сууцныхаа худалдан авалтын буцаан олголтын 2 хувийг аваад явах боломж нөхцөл бүрдсэн. Энэ нь ямар нэгэн байдлаар тухайн 2 иргэний эрх ашиг болон өөр бусад иргэний нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэдэг зүйл байхгүй. Татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотойгоор тухайн зөрчил арилсан.
4.6. Ийм нөхцөл байдал байгаа учраас зайлшгүй татвар төлөгч буюу “***” ХХК-ийг торгох нөхцөл шаардлага байхгүй байсан. Ийм учраас татварын улсын байцаагчийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгээд зөрчлийн шинжгүй байна гэдэг үндэслэлээр татгалзах бүрэн боломжтой байсан.
4.7. Дээрээс нь борлуулалтын орлоготой холбоотойгоор нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасныг хэрэглэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хянаж хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргаж байна гэв.
5. Хариуцагч татварын улсын байцаагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
5.1. “... Холбогдогч нь төлбөрийн баримт олгоогүй зөрчил үйлдсэн тул орлого дутуу бүртгэгдэж, НӨАТ-ын тайлан зөрүүтэй байх шууд шалтгаант холбоо үүсэх учир холбогдогчийн зөрчил үйлдсэн хугацааны өмнөх тайлант сарын борлуулалтын орлогыг тодорхойлох үүднээс арилжааны банканд эзэмшиж буй дансаар орлого, зарлага зэргийг шүүж тэдгээрт дүн шинжилгээ хийх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч тухайн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй нөхцөл үүссэн учир Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу “***” ХХК-ийг 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
5.2. Зөрчилд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх тухайд: Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 5.1.1-д зайлшгүй байх, 5.1.3-т шударга байх гэж заасан.
5.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ, 17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно” гэж тус тус заасан.
5.4. Зөрчилд холбогдогч “***” ХХК нь бараа худалдан авсан иргэн ***, *** нарт буюу албан татвар төлөгчийн орон сууцны захиалгын гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болон ипотекийн зээлээр төлж барагдуулахад төлсөн албан татварыг суутган төлөх, албан татвар төлөгчид төлбөрийн баримт олгох үүргээ биелүүлээгүй хууль тогтоомж зөрчсөн.
5.5. Зөрчилд холбогдогчийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь бусад баримтаар илэрхий нотлогдсон. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж “***” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг хүчингүй болгож, Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ***дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2. Өвөрхангай аймгийн Татварын газрын хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ***дугаар шийтгэлийн хуудсаар “***” ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Гомдол гаргагч компанийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас уг шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Манай компанийн хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр торгох боломжтой байхад нотлох баримтыг дутуу үнэлж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасан хариуцлага хүлээлгэсэн нь бодит нөхцөл байдлыг зөв үнэлээгүйтэй холбоотой. “***” ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн тайланд борлуулалтын орлого 18,181,818,18 төгрөг гэж тайлагнасан байхад Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасан үндэслэлээр торгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, ..гомдол гаргасан хоёр иргэний НӨАТ-ын баримтыг компаниас олгосон бөгөөд уг хоёр иргэний эрх сэргэсэн. Иймд татварын улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийх явцдаа “***” ХХК-ийг зөрчлийн шинжгүй гэдэг үндэслэлээр шийтгэл оногдуулахаас татгалзах бүрэн боломжтой байсан.” гэж тайлбарлан маргаж байна.
4. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд Татварын хууль зөрчих зөрчлүүдийг нэрлэн зааж, мөн зүйлийн 8-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд: 8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь; 8.2.төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 8.3.энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.
5. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй.” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т "төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: ...17.3.2-т бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.” гэж тус тус зааснаар аливаа татвар төлөгч аж ахуйн нэгж нь борлуулалт хийсэн тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд тооцож, шийтгэл оногдуулахаар хууль тогтоогчоос хуульчилж өгчээ.
6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, иргэн *** нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, иргэн Э.Төмөрбат нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г тус тус “***” ХХК-тай байгуулсан байх бөгөөд *** нь гэрээний дагуу төлбөл зохих 197,600,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 59,280,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 138,300,000 төгрөгийг Голомт банкнаас ипотекийн зээл авч, “***” ХХК-ийн дансанд шилжүүлсэн, Э.Төмөрбат нь гэрээний дагуу төлбөл зохих 110,040,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 31,212,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 77,000,000 төгрөгийг Төрийн банкнаас ипотекийн зээл авч “***” ХХК-ийн дансанд шилжүүлсэн зэргээр иргэд нь 2024 оны 5 дугаар сард орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
7. Ийнхүү орон сууц захиалгаар бариулсан иргэд төлбөрөө төлсөн тохиолдолд орон сууц борлуулсан “***” ХХК нь дээрх хуульд зааснаар төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй байтал үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан байна.
8. Хариуцагч татварын улсын байцаагч нь иргэдийн гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулаад хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, хохирогчоос гаргасан баримтууд, төлбөрийн баримтын жагсаалт /зөрчлийн хэргийн 23, 90 тал/ зэргээр “***” ХХК-ийг төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй.
9. Харин хариуцагч нь уг зөрчлийг гарсан хугацааг 2024 оны 11 дүгээр сард иргэдээс гомдол гаргасан хугацаагаар тооцон тус компанийн өмнөх тайлант сар болох 10 сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг нотлох баримтаар гаргуулсан, тус тайлангаар борлуулалтын орлого байгаагүй, Хаан, Хас, Төрийн банкны лавлагаагаар гүйлгээ хийгдээгүй зэргийг үндэслэн орлогыг тодорхойлох боломжгүй байсан гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу 15,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
10. Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3 дахь заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь тухайн бараа, ажил, үйлчилгээ борлуулсан компани төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан бол “өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй” гэдэг нөхцөл байдлыг татварын байцаагч нь бүрэн дүүрэн шалган тогтоосон байх учиртай.
11. Энэхүү маргааны тохиолдолд иргэд нь орон сууцны төлбөрийг 2024 оны 5 дугаар сард төлж барагдуулсан тул “***” ХХК нь борлуулалт хийсэн тухай бүрд төлбөрийн баримтыг өгөх хуулиар хүлээсэн үүргийн дагуу 2024 оны 05 сард төлбөрийн баримтыг өгөх үүрэгтэй байсан.
12. Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.” гэж зааснаар “***” ХХК нь дээрх зөрчлийг 2024 оны 05 сард гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...1.10. хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах;”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна, ...1.3-т тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасан.
14. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа шийтгэл оногдуулахдаа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй.
15. Иймээс эрх бүхий албан тушаалтан татварын улсын байцаагч нь тус компанийн зөрчил үйлдсэнээс өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлого буюу 2024 оны 4 дүгээр сарын орлогыг нягтлан шалгах шаардлагатай байхад зөрчил үйлдсэн хугацааг буруу тодорхойлсноос шалтгаалан холбогдох сарын орлогыг тогтоогоогүй нөхцөл байдал нь шүүхээс энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэх үндэслэл болж байна.
16. Хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-ыг хэрэглэж шийтгэл оногдуулсан нь зөрчлийн хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх хэдий ч “***” ХХК нь төлбөрийн баримт олгоогүй зөрчил гаргасан нь тогтоогдсон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. 2-д Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж тус тус зааснаар зөрчилд тохирох хариуцлагыг оногдуулах нь Зөрчлийн тухай хуулийн дээрх зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ.
17. Иймээс орлогыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэхийг бүрэн шалгаагүй үндэслэлээр гомдол гаргагч компанийн гомдлыг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
18. Түүнчлэн гомдол гаргагч компани нь шийтгэлийн хуудас гарснаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэдэд төлбөрийн баримт олгосон нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...зөрчлийг арилгасан тул зөрчлийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох ёстой байсан, заавал торгох шийтгэл оногдуулах шаардлагагүй...” гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн боломжгүй.
19. Дээрх байдлаар гомдол гаргагч компанийн 2024 оны 04 дүгээр сарын олсон орлогыг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дугаар зүйлийн аль хэсгээр шийтгэл оногдуулахыг шийдвэрлэх нь татварын улсын байцаагчид хуулиар олгогдсон үүрэг тул шүүхээс энэхүү ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, маргаан бүхий Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ***гийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ***дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
20. Шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдох бөгөөд энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтан татварын улсын байцаагч нь “***” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сард олсон орлогыг холбогдох нотлох баримтын дагуу бүрдүүлэн шалгаж, дахин шинэ шийтгэлийн хуудас гаргах үүргийг хүлээнэ, шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ***дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.3.2, 17.5, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 2, 2.4 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 8.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-ийн 1.10, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ***гийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ***дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд Өвөрхангай аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *** нь шинэ акт гаргахгүй бол 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ***дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ