Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/43

 

С.Бат-Эрдэнэд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

Шүүгчид              Г.Давааренчин                                  

Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                            Г.Энхмаа

Яллагдагч                           С.Бат-Эрдэнэ

Яллагдагчийн өмгөөлөгч   Ж.Эрдэнэбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Харчин овогт Сэрээтэрийн Бат-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1802003780253 дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1971 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, Дархан-Уул аймаг Дархан сум 14 дүгээр баг 2 дугаар хороолол 47 дугаар байр 71 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Харчин овогт Сэрээтэрийн Бат-Эрдэнэ /РД:ТВ71071177/

          Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч С.Бат-Эрдэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн нутаг “Могойт гол” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж улмаар байгаль экологид 34.114.321 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай шүүгчийн захирамжаар:                

          - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Сэрээтэр Бат-Эрдэнэд холбогдох 1802003780253 тоот хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж,

          - Яллагдагч С.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Нийслэлийн Прокурорын газарт очтол хэвээр хэрэглэж,

          - Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10,8 грамм жинтэй алт, /Au74.4%/ төмөр /Fe-13.4/, цайр /Zn-6.6%/ элементүүд илэрсэн шар өнгийн металийг /мөн экскаваторын комьпютер 1 ширхэг/ хэргийн хамт буцаахаар шийдвэрлэжээ.

          Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Өмнө нь ашиглаж байсан үйл ажиллагаанаас нь усан сан, хөрсний бүрхэвчинд хохирол учирч байсан эсэхийг тогтоогоогүй байж яллагдагч С.Бат-Эрдэнийн үйлдлээс болж газрын хэвлийд 5.024.607 төгрөг, эдэлбэр газарт 11.600 төгрөг, усан санд 18.874.214 төгрөгний хохирол, хөрсөн бүрхэвчинд 10.203.900 төгрөг, нийт 34.114.321 төгрөгний хохирол учруулсан гэсэн дүгнэлт нь үндэслэл муутай тул байгаль экологид учруулсан хохирлыг шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулах.

          -Хавтаст хэргийн 243-р талд “...эрүүгийн 1802003780253 тоот хэрэгт хюндай 2900 ЛС 7 маркын экскаватор нь “И80510198” сериал дугаартай биш “Е904GL211310” сериал дугаартай байгаа болохыг тэмдэглэл болгон бичив” гэсэн мөртлөө хамааралгүй болсон “И80510198" сериал дугаартай экскаваторын үнэлгээ гаргаж хавсаргасан нь ойлгомжгүй.

           -Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ямар техник, машин механизмын үнийг гаргуулах эсэх талаар, мөн экскаваторын комьютер 1 ширхэгийг хураан авч шүүхэд шилжүүлсэн мөртлөө энэ талаар дурдаагүй байна гэжээ.

          1. Хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд “...Могойн голын аманд алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас 0.2 га буюу 1869.4 м2, 0.3 га буюу 252,Зм2 нийт 0,439 га  4397.7 м2 хоёр ухаш үүсгэн газрыг эвдсэн байна. Ухашийн дундаж гүн 4 метр, ёроолд нуур үүссэн байдалтай. 1-р ухашийн дундаж урт нь 50м, дундаж өргөн нь 38 метр, 2-р ухашийн дундаж урт нь 68м дундаж өгрөн нь 47 метр байна.

          Ашиглалтын улмаас газрын хэвлийд 5.024.607 төгрөг, эдэлбэр газарт 11.600 төгрөг, усан санд 18.874.214 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 10.203.900 төгрөг нийт 34.114.321 төгрөгний хохирол учруулсан. Тус талбай өмнө нь уурхайн үйл ажиллагаа явагдаж байсан хуучин газар байна” гэсэн дүгнэлт /хх 41-42 хуудас/

          Шинжээч Б.Очмаагийн “...Олборлолт явуулсан гэх талбай өмнө нь ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан нь шинжилгээ судалгаа хийхэд тогтоогдсон. Гэхдээ байгальд учруулсан хохирлыг тухайн үйл ажиллагаа явуулсан иргэн С.Бат-Эрдэний 0,439 га буюу 4394.7 м2 талбайд тооцсон болно” гэсэн мэдүүлэг /хх 65-66 хуудас/ зэрэг нотлох баримтаас дүгнэхэд шинжээч Б.Очмаа нь эвдрэлд өртсөн нийт талбайг бүхэлд нь бус, харин зөвхөн С.Бат-Эрдэнийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд өртсөн талбайд хохирлыг тооцож гаргасан байна.

          Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчээс мэдүүлэг авах, дахин шинжээч томилох эрхийн хүрээнд шинжээч томилох боломжтой.

          2. Хавтаст хэргийн 243-р талд “И80510198” сериал дугаартай эксковатор нь гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй учраас үнэлгээг нотлох баримтанд үнэлэхгүйгээр шийдвэрлэх боломжтой юм.

          3. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ямар техник, машин механизмын үнийг гаргуулах эсэх талаар, мөн эксковаторын компьютер 1 ширхэгийг хураан авч шүүхэд шилжүүлсэн мөртлөө энэ талаар дурдаагүй байгаа боловч шүүх хуралдааны явцад шинжлэн судлах замаар зөрчлийг арилгах боломжтой юм.

          Өөрөөр хэлбэл дээрх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн заалтууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш буюу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэснээр яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

          Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/139 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн захирамжаар прокурор хэргийг буцаасан. Байгаль экологид учирсан хохирлыг “Ойт бүс” гэх компаниар гаргуулсан. Үүнтэй холбогдуулан шинжээч н.Очмааг асуусан. Хэрвээ эргэлзээтэй бол гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээчийг оруулах боломжтой.

2. Хавтаст хэргийн 243-р талд “И80510198” сериал дугаартай экскаватор нь гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй учраас үнэлгээг нотлох баримтанд үнэлэхгүйгээр шийдвэрлэх боломжтой юм.

3. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ямар техник, машин механизмын үнийг гаргуулах эсэх талаар, мөн экскаваторын компьютер 1 ширхэгийг хураан авч шүүхэд шилжүүлсэн мөртлөө энэ талаар дурдаагүй байгаа боловч шүүх хуралдааны явцад шинжлэн судлах замаар зөрчлийг арилгах боломжтой юм.

Хавтаст хэрэгт нотлох баримт цуглуулахдаа ямар ямар техник ашигласныг тогтоох талаар хийгдсэн хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэх саналтай байна гэжээ.

 

Яллагдагч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний асуудал дээр гомдолтой байна. Тэр газар урьд ухагдсан байсан, ухсан шороо ихтэй газар юм. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нь үнэн гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьд нь ухагдсан талбай, хөрс нь хөндөгдсөн байсан. Бас ойн сав бүхий газар байсан тул мод энэ тэрийг авсан, хөндөгдсөн байсан. Яллагдагчийг газрын хэвлийд 5.024.607 төгрөг, эдэлбэр газарт 11.600 төгрөг, усан санд 18.874.214 төгрөгийн хохирол, хөрсөн бүрхэвчид 10.203.900 төгрөг, нийт 34.114.321 төгрөгийн хохирол учруулсан гэсэн дүгнэлт нь үндэслэл муутай тул байгаль экологид учруулсан хохирлыг шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасан. Харин үүнийг анхан шатны шүүх хүлээж авсан.

 Үнэхээр онгон дагшин хөндөгдөөгүй байгаль байсан бол бид ингэж хүсэлт гаргахгүй байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Мөн тэр бульдозерийн сериал дугаар энэ тэр зөрүүтэй, компьютерийг бичээгүй байсан зэрэг байдал нь хэргийг буцаах үндэслэл болсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         С.Бат-Эрдэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар багийн нутаг “Могойт гол” гэх газарт хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж улмаар байгаль экологид 34.114.321 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатаар хянан хэлэлцээд хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр яллагдагчид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

          Прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийн материалыг судлан үзэхэд: Яллагдагч С.Бат-Эрдэнийн үйлдлээс болж газрын хэвлийд 5.024.607 төгрөг, эдэлбэр газарт 11.600 төгрөг, усан санд 18.874.214 төгрөгний хохирол, хөрсөн бүрхэвчинд 10.203.900 төгрөгийн гээд нийт 34.114.321 төгрөгний хохирол учруулсан гэсэн дүгнэлт нь үндэслэл муутай тул байгаль экологид учруулсан хохирлыг шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулах гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ямар ямар техник хэрэгслийн үнийг гаргуулах эсэх талаар, мөн эксковаторын компьютер 1 ширхэгийг хураан авч шүүхэд шилжүүлсэн боловч энэ талаар яллах дүгнэлтэнд заагаагүй гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Тус хэрэгт 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор мэргэжлийн байгууллага болох “Ойт бүс” ХХК-ийг шинжээчээр томилж шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх ба шинжээч дүгнэлтээр өгсөн хариултдаа ашиглалт явуулсан гэх талбай нь өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байсан хуучин газар байсан, хуучин газар гэдэг нь хөрсний өнгө, нягтаршил, ургамалшилт, агаарын зурган дээрээс харагдах байдал зэргээр тогтоогдоно гэсэн, дүгнэлтийн 1 дүгээр заалтаар олборлолт явуулсан талбайн хэмжээг 0,439 га буюу 4394.7 м2 2 ухаш үүсгэсэн гэж тодорхойлсон байх ба шинжээчээр өгсөн мэдүүлэгтээ ...олборлолт явуулсан гэх талбай нь өмнө нь ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон, хохирлыг тухайн үйл ажиллагаа явуулсан иргэний талбайд тооцсон... гэж мэдүүлсэн байна.

          Уг байдлаас дүгнэж үзэхэд хууль бусаар олборлолт явуулсан гэх талбай нь өмнө нь ашиглагдаж байсан хуучин талбай болох нь тогтоогдож байх бөгөөд шинээр олборлолт явуулсан болон хуучин талбайг хэрхэн ялгаж дүгнэсэн талаар тодорхой дүгнэлт гаргаагүй, хуучин эвдэгдсэн хэдий хэмжээний газраас чухам хэдий хэмжээний газрыг шинээр ухаш үүсгэн эвдсэн нь тодорхой бус, энэ байдлыг шинжээчээс тодруулаагүй байх тул шинжээчээс уг байдлыг тодруулах, шаардлагатай бол нэмэлт, дахин дүгнэлт гаргуулах ажиллагааг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоох шаардлагатай гэж үзлээ.

          Дээрх шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолыг яллагдагчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

          Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй талаарх анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг бүрэн олж тогтоон, битүүмжилж ирүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

          Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 28 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

  ШҮҮГЧИД                          Г.ДАВААРЕНЧИН

                                     Д.БУЯНЖАРГАЛ