| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 1932000000018 |
| Дугаар | 2019/ДШМ/44 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2019/ДШМ/44
П.Саруулбуянд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Г.Энхмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг Хохирогч Б.Дашдондов
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт Пүрэвдоржийн Саруулбуянд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1932000000018 дугаартай, 149/2019/0057/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн,39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын ачааны вагон засварын депод сэв шалгагч ажилтай байсан,ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны № 58 тоотод оршин суух хаягтай, 1 удаагийн ял шийтгэлтэй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн № 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өршөөлийн хуульд хамрагдан тэнсэн суллагдсан, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвдоржийн Саруулбуян. /РД: ФД83121517/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Саруулбуян нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн № 32 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Дашдондовын хэвлийн ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Саруулбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар П.Саруулбуянг 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Саруулбуянд оногдуулсан 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хохирогч Б.Дашдондов би П.Саруулбуянд хутгалуулан биелээ гэмтэл авсан билээ. Энэ хэрэг гарах болсон шалтгаан нь бидний архидалтаас болсон бөгөөд тухай үедээ бид бүгдээрээ зодолдсоноос болсон ба миний буруутай үйлдлийн улмаас энэ хэрэг гаргасан. Иймд би П.Саруулбуянд оноглуулсан 3 жил 5 сарын хорих ял нь хүнддэж байна гэж үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн үүднээс давж заалдах гомдол гаргаж байна. 2019-01-10-нд би найз Батзоригтойгоо таарч гэрт нь архи бууз авч очоод идэж уугаад сууж байгаад Батзориг нь найз ахыг дуудсан ба энэ үед Саруулбуян ах 2 залуутай ирсэн. Ингээд бид тэнд дахин архи авч ууж байтал манай найз Батзориг жаахан агсан зантай л даа гэтэл Сүхболдтой маргаад орж гараад байснаа зодолдсон. Энэ үед Саруулбуян ах бид хоёр юм яриад сууж байсан. Гэтэл Сүхболд, Батзориг, Адьяа нар зодолдоод манай найз Батзоригийг шууд зодоод эхлэхээр нь би жаахан халамцуу байсныг ч хэлэх үү эд нар биднийг нь зодох нь гэж бодоод заазуур аваад бүгдийг ална гээд дайрсан тухайн үед ер нь эднийг яасан ч яадаг юм гээд заазуураа бариад Адьяа руу 2-3 удаа дайрсан боловч Адьяа хамгаалаад байсан ба Адьяагийн гарыг зүссэн тэгээл би Адяаг барьж шкафруу түлхэж та нарын хэнийг чинь алах уу гээл Адьяагийн хоолойн дээр заазуураа тулгасан. Энэ үед Батзориг наадуулаа алаад өг гээд хашгараад байсан би шийдчихсэн албал алалцъя, яавал ч яаая л гэж бодож дайрч байх үед араас нэг хүн татах шиг болсон. Тэгээл л би хойшоо болтол миний нуруу халуу оргиод явсан чинь Саруул ах зогсож байсан ба намайг хутгалсан байсан. Энэ үед намайг Саруул ах зогсоогүй бол би өнөөдөр өөрөө хэрэгт холбогдсон ямар ч байдалтай байх байсан юм билээ гэж бодож нэг ёсондоо Саруулыг намайг хэргээс аварлаа л гэж боддог. Энэ үүднээсээ миний буруутай үйлдлээс болж П.Саруулбуян хүнд ял шийтгүүлсэнд үнэхээр харамсаж байна. Тухайн үед Батзориг наадуулаа алаад өг гэж би заазуур бариал та нарын хэнийг алах вэ гээд тэнд байсан хүмүүст заналхийж, хүч хэрэглэн хууль бус үйлдэл хийсний улмаас энэ хэрэг гарсан гэж үзэж байна. Иймд П.Саруулбуянг зүйлчилэн яллаж ял шийтгүүлсэн зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 11.2-р зүйлийн 1-л зааснаар зүйлчлэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял оноглуулж өгнө үү гэж хичээнгүйлэн гуйж байна. П.Саруулбуян ахын охин нь бие муу байнга унаж татдаг, аав нь холооны хорт хавдар өвчтэй эхнэр нь ажилгүй миний буруутай үйлдлээс болж энэ хүн ял эдэлж ар гэр нь ч хүнд байдалтай байгааг харахад үнэхээр надад хүнд байна. Миний бие эмчлэгдсэн ба одоо нэхэмжлэх зүйл ямар нэг гомдол саналгүй болно гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч П.Саруулбуян шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ... Тухайн үед Адъяа, Батзориг, Сүхболд нар зодолдсон, гэтэл нэг мэдэхэд хохирогч Дашдондов заазуур барьчихсан та нарыг ална гээд дайрч байгаад Адъяагийн гарыг зүсэж цус гаргаад Адъяаг шкафанд шахаж хоолойд нь заазуур тулгаад та нарыг хэнийг чинь шаахуу гээд байсан ба Батзориг нь наадуулаа алаад өг гээд байсан , би тэр үед Адъяагийн хоолой зүсэх вий дээ яаж салгана л гэж бодож байсан. Би хохирогчийг салгах л санаатай байсан, бусдыг хутгалан гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн , Хохирогч Б.Дашдондов шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ... Батзориг, Адъяа нар маргаад байх шиг байсан Саруулбуян ах бид хоёр юм яриад сууж байсан нэг мэдэхэд манай найз Батзоригийг Адъяа,Сүхболд нар зодож байхаар нь би заазуур бариад дайрч Адъяагийн гарыг зүссэн тэгээд шкафанд шахаад хоолойд нь заазуур тулгаж та нарыг хэнийг чинь шахуу гээд дайрсан нь үнэн. Нэг мэдэхэд халуу оргиод явсан , миний буруутай үйлдлээс болж энэ хэрэг гарлаа .Тухайн үед би халамцуу байсан Батзориг наадуулаа алаад өг гээд байсан ба би юуч хийхээс буцахгүй болчихсон энэ үед Саруулбуян ах намайг зогсоосон. Тэгээгүй бол би өөрөө хүн алж хэрэгтэн болох байсан гэсэн мэдүүлэг, ХХ-н 35-36-р хуудас, ХХ-н 40-41-р хуудас , ХХ-н 44-45-р хуудасанд гэрч Б.Адъяагийн ... хохирогч Дашдондог нь заазуур бариад бид нар луу дайрч, миний хоолойд заазуур тулгаад “ та нарын хэнийг чинь хэрчих юм бэ гээд байсан гэсэн 3 удаагийн мэдүүлэг, ХХ-н 50-51-р хуудас, ХХ-н 53-54-р хуудасанд гэрч О.Лхагвабаатарын ... Хохирогч Дашдондог нь Адъяагийн хоолойд хутга тулгачихаад та нарын хэнийг чинь шаахуу гээд байсан би ойртох гэснээ хоолойг нь хэрччих байх гэж бодоод ойртоогүй гэсэн 2 удаагийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч Б.Дашдондовын хууль бус үйлдэл байгаа ба заазуур барьж ... хэнийг чинь шаахуу гэж хүч хэрэглэн заналхийсэн болох гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч шүүгдэгчийн нарын хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр бүрэн нотлогдож байна. Иймд шүүгдэгч Д.Саруулбуянг... Хүний эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогч, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс дүгнэхэд хохирогч Б.Дашдондог нь Б.Адъяагийн гарыг заазуураар зүсэж цус гарган хоолойд нь заазуур тулган та нарын хэний чинь хэрчих вэ, хэнийг чинь шаахуу гээд дайрч довтолж байгаа үйлдлийг , мөн Батзориг наадуулаа алаад өг гээд байсан ба би тухайн үед юу ч хийхээс буцахгүй болчихсон байсан гэсэн мэдүүлэг зэргээс хохирогч Б.Дашдондов нь өөрөө Адъяагийн хоолойд заазуур тулган эрхшээлдээ оруулан, хэнийг чинь шаахуу гээд хүч хэрэглэн заналхийлсэн, хохирогчийн хууль бус үйлдэл энэ хэргийг гарахад шууд нөлөөлсөн ба шүүгдэгч П.Саруулбуянг бусдын биед санаатай хүнд хохирол учруулсан үйлдэл нь үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч П.Саруулбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн 11 .1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д зааснаар гэм буруутайд тооцсонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн 11 .2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн хөнгөрүүлэн өөрчлөж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
П.Саруулбуян нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн № 32 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Дашдондовын хэвлийн ар хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч П.Саруулбуянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч П.Саруулбуянд мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр...тус тус зааж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Дашдондов, шүүгдэгч П.Саруулбуян, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:
П.Саруулбуян нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-11-р хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-16-р хуудас/, хохирогч Б.Дашдондов /хх-ийн 25-29-р хуудас/, П.Саруулбуянг гэрчээр /хх-ийн 33-34-р хуудас/, гэрч С.Сүхболд /хх-ийн 35-36-р хуудас/, гэрч Б.Адъяа /хх-ийн 40-45-р хуудас/, гэрч Б.Батзориг /хх-ийн 46-48-р хуудас/, гэрч О.Лхагвабаатар /хх-ийн 49-54-р хуудас/, яллагдагч П.Саруулбуян /хх-ийн 79-80-р хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 57-58-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-р хуудас/, хохирогч Б.Дашдондовын өвчний түүх /хх-ийн 96-112-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн ...зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү... гэх гомдлын үндэслэлийн хувьд хохирогч Б.Дашдондовын гэрч Б.Адьяагийн хоолойд заазуур тулгасан гэх үйлдэл нь шүүгдэгч П.Саруулбуянгийн санаа сэтгэлийг хүчтэй цочролд оруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хэрэг учрал болсон тухайн үед шүүгдэгч болон хохирогч, тухайн үед байсан нэр бүхий гэрч нар нь архидан согтуурч хоорондын түр зуурын үл ойлголцолын улмаас маргалдан, зүй бус авир гаргах явцдаа дээрх үйлдлийг гаргасаныг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан хорих ялыг багасган оногдуулсан нь хууль зөрчөөгүй,шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол нь гэм буруугийн талаар бус хэргийн зүйлчлэлийн талаарх гомдол байх тул Эрүүгийн хууль буруу хэрэглэж хуульд зааснаас доогуур ял оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ