Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 109/ШШ2025/0013

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.О /РД:************/

Хариуцагч: Архангай аймгийн Боловсролын газар хоорондын “Архангай аймгийн Боловсролын газрын төсөвт суугдсан тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х.О нэрээр тэтгэмжийн төсөвт суугдсан 9.264.000 (есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөгийн тэтгэмжийг олгохыг Архангай аймгийн Боловсролын газарт даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Х.О нь Архангай аймгийн Боловсролын газарт холбогдуулан “Архангай аймгийн Боловсролын газрын төсөвт суугдсан тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х.О нэрээр тэтгэмжийн төсөвт суугдсан 9.264.000 (есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөгийн тэтгэмжийг олгохыг Архангай аймгийн Боловсролын газарт даалгах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. Иргэн Х.О нь 2011 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Орос, Англи хэлний багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2013 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Боловсрол судлалын магистр зэрэгтэй тус тус төгссөн байна. (Хавтаст хэргийн 60-63 дахь тал)

2.2. Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Х.О-ийг тус аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, мөн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Боловсрол, соёл урлагийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Насан туршийн боловсролын төвийн захирлаар Х.О-ийг /жинхлэн/ томилжээ. (Хавтаст хэргийн 11-12 дахь тал)

2.2. Иргэн Х.О нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр боловсролын байгууллагад тасралтгүй 5 жил ажилласан тэтгэмж авах тухай хүсэлтийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт гаргаж, тус газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад төрөөс үзүүлэх дэмжлэг буюу 5 жилийн тэтгэмжийг Х.О-т олгож байжээ. (Хавтаст хэргийн 151-152 дахь тал)

2.3. Улмаар дээрх хугацаанаас хойш Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай албан бичгээр тус төвийн 2025 оны төсвийн төслийг хүргүүлсний дотор хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад олгох мөнгөн тэтгэмжийн судалгааг холбогдох баримтын хамт аймгийн Боловсролын газарт хүргүүлсэн байна. (Хавтаст хэргийн 138-140 дэх тал)

2.4. Архангай аймгийн Боловсролын газраас 2025 онд төсөвт суулгах шаардлагатай нэг удаагийн тэтгэмжийн судалгааг гаргасны 31-д Насан туршийн суралцахуйн төвд 42,864,0 төгрөгийн тэтгэмж шаардлагатай талаар тусгаж, нийт тэтгэмжид 2,655,576,0 төгрөгийн төсвийн санал хүргүүлснээс 2,658,510,0 төгрөгийн тэтгэмжийн төсөв батлагджээ. (Хавтаст хэргийн 159-161 дэх тал)

2.5. Архангай аймгийн Боловсролын газрын дарга 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар нэр бүхий ажилтан, албан хаагчдад тэтгэмж олгохоор баталсны 2 дугаар хавсралтын 1, 2, 76 дугаарт Насан туршийн суралцахуйн төвийн багш Б.Г, С.П, Д.Н нарт хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохоор тусгажээ. (Хавтаст хэргийн 162-163 дахь тал)

2.6. Харин нэхэмжлэгч Х.О-т тэтгэмж олгогдоогүй бөгөөд Архангай аймгийн Боловсролын газрын дарга 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т насан туршийн суралцахуйн төвийн захирал гэдэг нэршил байхгүй тул тэтгэмж олгох боломжгүй байна” гэх хариу амаар өгсөн талаар нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан байна.

2.7. Ийнхүү иргэн Х.О-ээс Архангай аймгийн Боловсролын газарт холбогдуулан 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр дахин хүлээн авснаар 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн захирлаар ажилд орж одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Насан туршийн суралцахуйн төв нь Ерөнхий боловсролын сургуультай ижил статустай ба албан хаагчид нь ижил ТҮБД цалингийн ангилал, шатлалаар цалинжиж, дагалдах нийгмийн баталгаагаар хангагддаг. Мөн бид Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан хөдөө орон нутагт ажилласны тэтгэмжийг Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтны адил энэ хуулийн заалтаар авдаг. Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал миний бие 2022 онд 5 жилийн тэтгэмжээ авсан, хуулийн дагуу дараагийн 3 жилд олгогдох тэтгэмжийн материалаа бүрдүүлж, өнгөрсөн 2024 оны төсвийн төсөлд тусгаж явуулсны дагуу Боловсролын яамны санхүүжилтээр 2025 оны төсөвт миний нэрээр 9.264.000 /есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөг суугдаж ирсэн. Тухайн жил манай байгууллагын захирал миний бие, менежер, 3 багш гээд нийт 5 албан хаагчийн тэтгэмж нэрээрээ суугдаж ирээд, манай 3 багшийн тэтгэмж тэдний дансанд шилжин, бүрэн олгогдсон. Гэтэл захирал, менежер хоёрынх ороогүй. Захирал менежер хоёрынх яагаад олгогдоогүй учрыг лавлахад Боловсролын ерөнхий хуулийн тухайн заалт дээр байгууллагын нэр тусгагдаагүй тул олгох боломжгүй гэж утсаар мэдэгдсэн. Тиймээс 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт Архангай аймгийн Боловсролын газрын дарга Ц.М-тай биечлэн уулзаж тодруулахад “Боловсролын яамнаас таны нэрээр тэтгэмж төсөвт суугдаж орсон хэдий ч Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т Насан туршийн суралцахуйн төвийн захирал, менежер гэдэг нэршил байхгүй тул олгох боломжгүй, харин албан бус боловсролын багш гэж байгаа тул багш нарын чинь олгогдсон” гэж хариулсан. Өөрсдийн учир байдлыг танилцуулахад “манай байгууллагын хувьд бүр өгөхгүй гэж татгалзаж байгаа зүйл байхгүй, та шүүхэд хандана уу” гэсэн хариу өгсөн. Иймд Архангай аймгийн Боловсролын газрын төсөвт суугдсан тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х.О нэрээр тэтгэмжийн төсөвт суугдсан 9.264.000 (есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөгийн тэтгэмжийг олгохыг Архангай аймгийн Боловсролын газарт даалгаж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны төсвийн төсөл авахад манай байгууллагаас 5 ажилтан тав болон гурван жилийн тэтгэмж авах тухай хүсэлтээ аймгийн Боловсролын газарт өгсөн. Аймгийн Боловсролын газраас уг хүсэлт, холбогдох баримтыг хянаад дээд шатны байгууллагадаа хүргүүлсэн. Ингээд 2025 оны төсөвт тэтгэмж батлагдаж ирсэн. Уг тэтгэмжийг өгөхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй юм. Иймд Архангай аймгийн Боловсролын газрын төсөвт суугдсан тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х.О нэрээр тэтгэмжийн төсөвт суугдсан 9.264.000 (есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөгийн тэтгэмжийг олгохыг Архангай аймгийн Боловсролын газарт даалгаж өгнө үү гэв.

3.3. Хариуцагч Архангай аймгийн Боловсролын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Х.О-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т насан туршийн суралцахуйн төвийн захирал гэдэг нэршил байхгүй тул орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан тэтгэмжийг олгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн талаар

1.1.Тус хэрэгт шүүхээс шүүх хуралдаан товлох асуудлаар 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, нэхэмжлэгч, хариуцагч нарыг биечлэн оролцуулж саналыг авч, шүүх хуралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хийхээр товлож, товыг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид мэдэгдэж баталгаажуулжээ. (Хавтаст хэргийн 180-183 дахь тал)

1.2. Улмаар шүүх хуралдаанд хариуцагчийг оролцох эсэхийг тодруулахад хариуцагчаас “шүүх хуралдаанд оролцохгүй тухай тайлбар гаргаж, хэргийг эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” талаар утсаар мэдэгдсэн байна.

1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4. дэх хэсэгт “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж зааснаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хоёр. Архангай аймгийн Боловсролын газрын төсөвт суугдсан тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х.О- нэрээр тэтгэмжийн төсөвт суугдсан 9.264.000 (есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөгийн тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй эсэх талаар

2.1. Нэхэмжлэгч Х.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “ ... миний бие 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн захирлаар ажилд орж одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Миний бие 2022 онд 5 жилийн тэтгэмжээ авсан, хуулийн дагуу дараагийн 3 жилд олгогдох тэтгэмжийн материалаа бүрдүүлж, өнгөрсөн 2024 оны төсвийн төсөлд тусгаж явуулсны дагуу Боловсролын яамны санхүүжилтээр 2025 оны төсөвт тэтгэмж суугдаж ирсэн. Тухайн жил манай байгууллагын захирал миний бие, менежер, 3 багш гээд нийт 5 албан хаагчийн тэтгэмж ирээд, манай 3 багшийн тэтгэмж бүрэн олгогдсон. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т Насан туршийн суралцахуйн төвийн захирал гэдэг нэршил байхгүй тул олгох боломжгүй гэх татгалзал нь үндэслэлгүй ...” гэж;

2.2. Хариуцагч Архангай аймгийн Боловсролын газраас “Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т насан туршийн суралцахуйн төвийн захирал гэдэг нэршил байхгүй тул орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан тэтгэмжийг олгох боломжгүй байна.” гэж тус тус маргасан.

2.3. Нэхэмжлэгч Х.О-ийн тухайд, 2011 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Орос, Англи хэлний багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2013 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Боловсрол судлалын магистр зэрэгтэй  төгсөж, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Насан туршийн боловсролын төвийн захирлаар томилогдон ажиллажээ. (Хавтаст хэргийн 11-12, 60-63 дахь тал)

2.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 4/-т “ ... , цалин хөлс авах, ...”, 5/-т “ ... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1.-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Дөчин зургадугаар зүйлийн 3.-т “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.” гэж заасан.

2.5. Мөн Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэг Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал”, 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана: 61.1.1.-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах; 61.1.10.т “хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа” гэж тусгасан байна.

2.6. Боловсролын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.-д "насан туршийн суралцахуй" гэж хүн хэрэгцээ, сонирхол, боломж, нөхцөлдөө нийцүүлэн орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэргэжил, боловсрол, мэдлэг, чадвараа албан, албан бус сургалтаар болон амьдралын орчинд суралцах замаар тасралтгүй хөгжүүлэх, дээшлүүлэх үйл ажиллагааг”, 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэг  Боловсрол нь хөгжлийн тэргүүлэх салбар байх бөгөөд бодлого, үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална: 5.1.5.-д “насан туршийн суралцахуйг дэмжсэн байх” гэж заасан. 

2.7. Мөн дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9.-д "албан бус боловсрол" гэж иргэн, хуулийн этгээдээс хүний хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу чадвар, боловсрол эзэмших үйл ажиллагааг”, 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “Боловсролын тогтолцоо нь албан, албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцахуйгаас бүрдэнэ.”, 17 дугаар зүйлийн 17.1. дэх хэсэгт “Боловсролын байгууллага нь ..., насан туршийн суралцахуйн төвөөс бүрдэнэ.”, 17.6. дахь хэсэгт “Насан туршийн суралцахуйн төв нь иргэний албан, албан бус сургалтаар боловсрол эзэмших, бие даан суралцахад мэдээллээр ханган, зөвлөн туслах, удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Насан туршийн суралцахуйн төв нь боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяанд байна.” хэмээн насан туршийн суралцахуйн төвийн эрх зүйн байдлыг тодорхойлжээ.

2.8. Түүнчлэн Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д "багш" гэж Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг”, 2002 оны Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлд Багшийн эрх, үүрэг гэж, мөн 2023 оны Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Багшийн эрх, үүрэг, багш, ажилтны нийгмийн баталгааг тухайлан заасан байна.

2.9. Нэхэмжлэгч Х.О-ийн тухайд, Орос-англи хэлний багш мэргэжилтэй, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/677 дугаар захирамжаар “заах аргач” мэргэжлийн зэрэг олгосон ба 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тухайн албан тушаалд тасралтгүй ажилласан, албан тушаалын тодорхойлолтод зааснаар боловсролын салбарын бодлого, хууль тогтоомжийн хүрээнд тухайн орон нутагт бүх насны иргэний албан, албан тус боловсрол, амьдралын орчинд бие даан суралцах, хөгжих үйл ажиллагааг дэмжих зөвлөн туслах, мэдээллээр хангах, зохион байгуулах, хувь хүн, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурласан олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг хэрэгжүүлэх, төсвийн тогтвортой байдал, үр ашгийг дээшлүүлэх ажлыг мэргэжлийн болон захиргааны удирдлагаар хангах, үр дүнг томилох эрх бүхий албан тушаалтны өмнө хариуцах зорилго тусгагджээ. (Хавтаст хэргийн 60-63, 72,108-109 дэх тал)

2.10 Маргаан бүхий энэ хэргийн тухайд, Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3. дахь хэсэгт Багш, ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана: 13.3.3.-т “сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох” гэж заасан байна.

2.11. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухаан сайдын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” А/535 дугаар тушаалаар “Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааны журам”-ыг баталжээ. Уг журмын 1.1.-т “Насан туршийн суралцахуйн төв” нь Боловсролын ерөнхий хуулийн 17.6-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (Боловсролын ерөнхий газар) шинжлэн ухааны яамны харьяанд ажиллах бөгөөд аймаг, ... аймагт “Насан туршийн суралцахуйн төв” (цаашид “төв” гэх) хамаарна., 1.2.-т Аймаг, ... төвийн үйл ажиллагааны зохицуулахтай холбогдох харилцааг Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү журмаар зохицуулна, 3.3.-т Төсвийн удирдах ажилтан буюу захирал нь бусад тогтоомжид заасны дагуу байгууллагын дарга, төсвийн шууд захирагчийн хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжилтийг ханган ажиллана.” гэж заажээ.

2.12. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай 240 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалтны зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалтны жагсаалтын 1.-д ТҮБД-5, 1.Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын  захирал, 2.Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын эрхлэгчийн албан тушаалтай 1.Төрөлжсөн асрамж, халамжийн цэцэрлэгийн эрхлэгч, 2. Насан туршийн суралцахуйн төвийн захирлын албан тушаалыг дүйцүүлэх албан тушаалаар тогтоожээ.

2.13. Дээрх хууль болон журмын нарийвчилсан зохицуулалтаас дүгнэхэд, Насан туршийн суралцахуйн төвийн захирлын албан тушаал нь ерөнхий боловсролын сургалтын байгууллагын захирал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгчийн албан тушаалтай дүйцэх буюу эрх зүйн байдлын хувьд эдгээр албан тушаалтантай адил тэгш нийгмийн баталгааг эдлэхээр зохицуулсан байна.

2.14. Мөн 2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хууль нь хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэхэд зорилгын хэрэгжүүлэхээр заасан ба боловсрол нь хөгжлийн тэргүүлэх салбар байх бөгөөд бодлого, үйл ажиллагаандаа насан туршийн суралцахуйг дэмжсэн байх зарчмыг тусгажээ. Энэ хүрээнд насан туршийн суралцахуйн боловсрол олгох, түүнийг удирдан зохион байгуулах чиг үүргийг шууд хэрэгжүүлж буй төрийн албан хаагчийг багшлах буюу албан бус боловсрол олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж буй этгээд гэж үзэх үндэслэлтэй.

 2.15. Энэ хэрэг маргааны тухайд, дээр дурдсанчлан Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн захирлын албан тушаал нь ерөнхий боловсролын сургалтын байгууллагын захирал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгчийн албан тушаалтай дүйцэхээр зохицуулсан тул Насан туршийн суралцахуйн төвийн захирал нь Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т заасан /ажилласан жилийн/ шаардлага хангагдсан тохиолдолд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах нийгмийн баталгаагаар хангагдахаар байна.

2.16. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмын 2.1.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дараах багш, ажилтанд доор дурдсан хэмжээгээр мөнгөн тэтгэмжийг олгоно: 2.1.1.-д “Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан багш, ажилтанд  эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний”, 2.2.-т “Энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан багш, ажилтан төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж (цаашид "сургалтын байгууллага" гэх)-д томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил (60 сар) болон дараагийн гурав дахь жил (36 сар) ажилласан байна.”, 3.1.-д “Тухайн сургалтын байгууллага тэтгэмж олгох шаардлага хангасан ажилтны тасралтгүй ажилласан хугацааг тооцож, төсвийн төсөлд саналаа тусган аймаг, нийслэлийн боловсролын газар, дээд шатны төсвийн захирагчид холбогдох хуульд заасан хугацаанд  доор дурдсан баримт бичгийг хүргүүлнэ: ...”, 3.3.-т “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тэтгэмж олгоход шаардагдах зардлыг улсын хэмжээнд нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дараагийн жилийн төсвийн төсөлд тусган Төсвийн тухай хуульд заасан хугацаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулах арга хэмжээ авна.”, 3.4.-т “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.1.1-д заасан тэтгэмжийн хөрөнгийг аймаг, нийслэлийн боловсролын газар, 2.1.2, 2.1.3-т заасан тэтгэмжийн хөрөнгийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар дамжуулан багш, ажилтанд олгох ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангана.” гэж тус тус зохицуулжээ.

2.17. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай албан бичгээ тус төвийн 2025 оны төсвийн төслийг хүргүүлсний дотор Х.О-ийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж авах хүсэлт, холбогдох баримтыг бусад 4 ажилтны хамтаар аймгийн Боловсролын газарт хүргүүлсэн, Архангай аймгийн Боловсролын газраас 2025 онд төсөвт суулгах шаардлагатай нэг удаагийн тэтгэмжийн судалгааг гаргасны 31-д Насан туршийн суралцахуйн төвд 42,864,0 төгрөгийн тэтгэмж шаардлагатай талаар тусгаж, нийт тэтгэмжид 2,655,576,0 төгрөгийн төсвийн санал хүргүүлснээс 2,658,510,0 төгрөгийн тэтгэмжийн төсөв батлагдсан, Архангай аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Насан туршийн суралцахуйн төвийн багш Б.Г, С.П, Д.Н нар холбогдох тэтгэмжээ авсан болох нь тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 138-140, 159-163 дэх тал)

2.18. Түүнчлэн хэргийн оролцогч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 9.264.000 (есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөгийн тэтгэмжийн хэмжээ, тооцооллын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2.19. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, иргэн Х.О нь тэтгэмж авах хүсэлтээ холбогдох баримтын хамт дээрх журмын дагуу эрх бүхий этгээдэд хүргүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. 

2.20. Гэтэл хариуцагчаас Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т насан туршийн суралцахуйн төвийн захирал гэдэг нэршил байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Х.О-т гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоос татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй байна.

2.21. Тодруулбал, нэхэмжлэгчид тэтгэмж олгохоос татгалзсан Архангай аймгийн Боловсролын газрын эс үйлдэхүйн улмаас иргэн Х.О-ийн төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа алдагдаж, хөдөлмөрлөх /тэтгэмж авах/ эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

2.22. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.О-т тэтгэмжийн төсөвт суугдсан 9.264.000 (есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөгийн тэтгэмжийг олгохыг Архангай аймгийн Боловсролын газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

2.23. Түүнчлэн нэхэмжлэгч Х.О-ийн тухайн албан тушаалд томилогдсон өдрөөс хойшхи ажилласан жилийг тооцоход, Архангай аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлаар 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр томилогдож, 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 5 дахь жилийн шаардлагыг, 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр дараагийн 3 дахь жилдээ тасралтгүй ажилласан нь тогтоогдсон, тэтгэмж авах шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Х.О-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2.24. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн тул Архангай аймгийн Боловсролын газрын төсөвт суугдсан нэхэмжлэгч Х.О-т тасралтгүй 3 /гурав/ жил ажилласан тэтгэмжийг хууль, журмын дагуу 30 /гуч/ хоног дотор олгохыг Архангай аймгийн Боловсрол газарт даалгах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боловсролын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дахь хэсгийн 3.1.7., 13 дугаар зүйлийн 13.3. дахь хэсгийн 13.3.3., Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсгийг 14.1.2 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Боловсролын газрын төсөвт суугдсан тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х.О нэрээр тэтгэмжийн төсөвт суугдсан 9.264.000 (есөн сая хоёр зуун жаран дөрвөн мянга) төгрөгийн тэтгэмжийг олгохыг Архангай аймгийн Боловсролын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ОДОНТУЯА