Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 109/ШШ2025/0014

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Г /РД:**********/

Хариуцагч: Архангай аймгийн Боловсролын газар хоорондын “Архангай аймгийн Боловсролын газрын төсөвт суугдсан тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Г нэрээр тэтгэмжийн төсөвт суугдсан 8.400.000 (найман сая дөрвөн зуу мянга) төгрөгийн тэтгэмжийг олгохыг Архангай аймгийн Боловсролын газарт даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Б.Г нь Архангай аймгийн Боловсролын газарт холбогдуулан “Архангай аймгийн Боловсролын газрын төсөвт суугдсан тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Г нэрээр тэтгэмжийн төсөвт суугдсан 8.400.000 (найман сая дөрвөн зуу мянга) төгрөгийн тэтгэмжийг олгохыг Архангай аймгийн Боловсролын газарт даалгах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. Иргэн Б.Г нь 2008 онд Улаанбаатарын их сургуулийг биологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2017 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Боловсрол судлалын магистр зэрэгтэй тус тус төгссөн байна. (Хавтаст хэргийн 43-46 дахь тал)

2.2. Б.Г-ийг Архангай аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар тус төвийн гэр бүлийн боловсрол хариуцсан багшаар түр, 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Архангай аймгийн Насан туршийн боловсролын төвийн багшийн ажилд жинхлэн томилжээ. Мөн 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн сургалтын менежерийн ажилд томилсон байна. (Хавтаст хэргийн 48-50 дахь тал)

2.3. Иргэн Б.Г нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр боловсролын байгууллагад тасралтгүй 5 жил ажилласан тэтгэмж авах тухай хүсэлтийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт гаргаж, тус газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад төрөөс үзүүлэх дэмжлэг буюу 5 жилийн тэтгэмж олгож байжээ. (Хавтаст хэргийн 98-100 дахь тал)

2.4. Улмаар дээрх хугацаанаас хойш Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай албан бичгээр тус төвийн 2025 оны төсвийн төслийг хүргүүлсний дотор хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдад олгох мөнгөн тэтгэмжийн судалгааг холбогдох баримтын хамт аймгийн Боловсролын газарт хүргүүлсэн байна. (Хавтаст хэргийн 86-88 дахь тал)

2.5. Архангай аймгийн Боловсролын газраас 2025 онд төсөвт суулгах шаардлагатай нэг удаагийн тэтгэмжийн судалгааг гаргасны дэс дугаар 31-т Насан туршийн суралцахуйн төвд 42,864,0 төгрөгийн тэтгэмж шаардлагатай талаар тусгаж, нийт тэтгэмжид 2,655,576,0 төгрөгийн төсвийн санал хүргүүлснээс 2,658,510,0 төгрөгийн тэтгэмжийн төсөв батлагджээ. (Хавтаст хэргийн 105-107 дахь тал)

2.6. Архангай аймгийн Боловсролын газрын дарга 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар нэр бүхий ажилтан, албан хаагчдад тэтгэмж олгохоор баталсны 2 дугаар хавсралтын 1, 2, 76 дугаарт Насан туршийн суралцахуйн төвийн багш Б.Г, С.П, Д.Н нарт хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгохоор тусгасан байна. (Хавтаст хэргийн 108-109 дэх тал)

2.7. Харин нэхэмжлэгч Б.Г-т тэтгэмж олгогдоогүй бөгөөд Архангай аймгийн Боловсролын газрын дарга 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т насан туршийн суралцахуйн төвийн менежер гэдэг нэршил байхгүй тул тэтгэмж олгох боломжгүй байна” гэх хариу амаар өгсөн талаар нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан байна.

2.8. Ийнхүү иргэн Б.Г-ээс Архангай аймгийн Боловсролын газарт холбогдуулан 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр дахин хүлээн авснаар 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Гурав. Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч  Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвд багшаар ажилд орж 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс менежерийн албан тушаалд томилогдон тасралтгүй 9 дэх жилдээ энэ байгууллагадаа ажиллаж байна. Насан туршийн суралцахуйн төв нь Ерөнхий боловсролын сургуультай ижил статустай ба албан хаагчид нь ижил ТҮБД цалингийн ангилал, шатлалаар цалинжиж, дагалдах нийгмийн баталгаагаар хангагддаг. Мөн бид Боловсролын ерөнхий хуульд тусгагдсан хөдөө орон нутагт ажилласны тэтгэмжийг ерөнхий боловсролын сургуулийн адил энэ хуулийн заалтаар авдаг. Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн менежер миний бие 2022 онд 5 жилийн тэтгэмжээ авсан, хуулийн дагуу дараагийн 3 жилд олгогдох тэтгэмжийн материалаа бүрдүүлж, өнгөрсөн 2024 оны төсвийн төсөлд тусгаж явуулсны дагуу Боловсролын яамны санхүүжилтээр 2025 оны төсөвт миний нэрээр 8.400.000 /найман сая дөрвөн зуун мянга/ төгрөг суугдаж ирсэн. Энэ онд манай байгууллагын захирал, менежер 3 багш, нийт 5 албан хаагчийн тэтгэмж нэрээрээ суугдаж ирээд, манай 3 багшийн тэтгэмж тэдний дансанд шилжин, бүрэн олгогдсон. Гэтэл захирал, менежер хоёрынх ороогүй. Захирал, менежер хоёрынх яагаад олгогдоогүй учрыг лавлахад Боловсролын ерөнхий хуулийн тухайн заалт дээр байгууллагын нэр тусгагдаагүй тул олгох боломжгүй гэж утсаар мэдэгдсэн. Тиймээс 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт Архангай аймгийн Боловсролын газрын даргатай биечлэн уулзаж тодруулахад “Боловсролын яамнаас таны нэрээр тэтгэмж төсөвт суугдаж орсон хэдий ч Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т насан туршийн суралцахуйн төвийн захирал, менежер гэдэг нэршил байхгүй тул олгох боломжгүй, харин албан бус боловсролын багш гэж байгаа тул багш нарын чинь олгогдсон” гэж хариулсан. Өөрсдийн учир байдлыг танилцуулахад “манай байгууллагын хувьд бүр өгөхгүй гэж татгалзаж байгаа зүйл байхгүй, та шүүхэд хандана уу” гэсэн хариу өгсөн. Иймд Архангай аймгийн Боловсролын газрын төсөвт суугдсан тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Г- нэрээр тэтгэмжийн төсөвт суугдсан 8.400.000 (найман сая дөрвөн зуу мянга) төгрөгийн тэтгэмжийг олгохыг Архангай аймгийн Боловсролын газарт даалгаж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвд 2017 оноос одоог хүртэл ажиллаж байна. 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс Насан туршийн суралцахуйн төвийн менежерийн албан тушаалд томилогдон ажилласан. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар манай төвийн багш нар, сургуулийн өмнөх боловсрол болон боловсролын байгууллагатай ижил статус, цалингийн шатлалаар цалинжиж, нийгмийн баталгаагаар бүрэн хангагддаг. Үүний дагуу эхний 5 жил, дараа нь 3 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн мөнгөн тэтгэмжийг төсөвт суугдсаны дагуу тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.

3.3. Хариуцагч Архангай аймгийн Боловсролын газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т насан туршийн суралцахуйн төвийн менежер гэдэг нэршил байхгүй тул орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан тэтгэмжийг олгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Учир нь

Нэг. 1.1. Нэхэмжлэгч Б.Г- нь 2008 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатарын их сургуулийг Биологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж, 2017 онд Боловсролын их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Улмаар нэхэмжлэгчид 2008 оны Багшлах эрхийн хорооны 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр багшлах эрхийн үнэмлэх, дугаар 0045723, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын захирлын 2012 оны 2 дугаар сарын 11-ний өдийн 12 дугаар тушаалаар “Заах аргач багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх, дугаар 105 тус тус олгожээ. (Хавтаст хэргийн 43-47 дахь тал)

1.2. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь багшлах эрхийн үнэмлэхтэй, “Заах аргач багш” мэргэжлийн зэрэгтэй, багшлах-сургалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдож байна.

1.3. Нэхэмжлэгч Б.Г-ийг анх Архангай аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/14 дугаар тушаалаар тус төвд гэр бүлийн боловсрол хариуцсан багшаар, мөн тус төвийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар багшаар жинхлэн томилогдон ажиллаж эл хугацаанд иргэдэд албан бус боловсрол олгох үндсэн чиг үүргийн хүрээнд Архангай аймгийн Насан туршийн боловсролын /суралцахуйн/ төвд багшийн ажлыг дагнан хэрэгжүүлж ажиллажээ. (Хавтаст хэргийн 9, 48 дахь тал)

1.4. Нэхэмжлэгч нь Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/14 дугаар тушаалаар Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдон төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮБД-4 ангилал зэрэглэлийн дагуу цалин, хөлс авч ажиллаж байна. (Хавтаст хэргийн 10 дахь тал)

1.5. Боловсролын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэг “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.9.-т “албан бус боловсрол” гэж иргэн, хуулийн этгээдээс хүний хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу чадвар, боловсрол эзэмших үйл ажиллагааг” гэж заажээ.

1.6. Нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвд менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн байх боловч хэрэгт авагдсан баримтаар тухайлбал, менежерийн албан тушаалын тодорхойлолтын “мэргэшил” хэсэгт “багшлах эрхийн гэрчилгээтэй” гэж заасан байна.

1.7. Нөгөөтээгүүр хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хийсэн ажлын 2022, 2023, 2024 оны тайлангийн холбогдох хэсэг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь Боловсролын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т зааснаар хүний хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу, албан бус боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж тодорхой сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалт зохион байгуулах, багшлах зэрэг ажлыг тогтмол хийж албан бус боловсролын багшийн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж ирсэн болох нь тогтоогдож байна.

1.8. Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэг Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.-т "багш" гэж Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг”, Боловсролын тухай хуулийн (2002 он хүчингүй болсон) 44 дүгээр зүйлд Багшийн эрх, үүргийг заасан байсан бол Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд мөн багшийн эрх, үүрэг, нийгмийн баталгааны талаар дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд дээрх хуульд заасан багшийн эрх, үүргийг эдэлж албан бус сургалтын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байсны хувьд Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6.-д зааснаар “хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах” эрхтэй.

Хоёр. Хариуцагчийн Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т Насан туршийн суралцахуйн төвийн менежер гэдэг нэршил байхгүй тул орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийг олгох боломжгүй гэх тайлбар, татгалзлын тухайд

2.1. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3.-т “сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох” гэж заасан.

2.2. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэг Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: 14.1.2.-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж зааснаар Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн менежерийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

2.3. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж заасан.

2.4. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай” 240 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт дэс дугаар 2-т “Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын сургалтын менежер” албан тушаалтай дүйцүүлэх албан тушаалд 4.-т “Насан туршийн суралцахуйн төвийн сургалтын менежер” гэж заажээ.

2.5. Дээрх хууль болон Засгийн газрын тогтоолын агуулгаас үзвэл Насан туршийн суралцахуйн төвийн сургалтын менежерийн албан тушаал нь ерөнхий боловсролын сургалтын байгууллагын менежерийн албан тушаалтай дүйцүүлэх буюу адилтгах албан тушаалд хамаарч нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮБД-4 ангилал зэрэглэлийн дагуу цалин хөлс авч тус ангилал, зэрэглэлийн бусад төрийн үйлчилгээний албан тушаалтны нэгэн адилаар зохих нийгмийн баталгаагаар тэгш хангагдах эрхтэй гэж үзнэ.

2.6. Нөгөөтээгүүр Төрийн албан тухай хуулийн 61 дүгээр зүйлд нийтлэг төрийн албан хаагч бүрийн эдлэх баталгааны талаар хуульчлан зохицуулсан. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана:”, 61.1.1.-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах” гэж зааснаар нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдах, бусад адилтгах төрийн албан хаагчийн нэгэн адилаар тэгш эрхтэйгээр хууль, холбогдох эрхийн актад заасны дагуу тэтгэмж авах эрхтэй.

2.7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт  “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

2.8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар маргаан бүхий акт нь үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх ёстой. Гэтэл хариуцагчаас улсын төсөвт суугдан ирсэн мөнгөн тэтгэмжийг “Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т Насан туршийн суралцахуйн төвийн менежер гэдэг нэршил байхгүй үндэслэлээр олгохгүй байгаа эс үйлдэхүй нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлтэй тохирохгүй байх бөгөөд үүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдсөн байна.

2.9. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн нэрээр улсын төсөвт суугдсан тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ нэхэмжлэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Б.Г-ийн нэрээр төсөвт суугдсан 8.400.000 төгрөгийн тэтгэмжийг олгохгүй байгаа Архангай аймгийн Боловсролын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 8.400.000 төгрөгийг тэтгэмжийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

2.10. Түүнчлэн хэргийн оролцогч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 8.400.000 (найман сая дөрвөн зуу мянга) төгрөгийн тэтгэмжийн хэмжээ, тооцооллын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2.11. Хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн тухайд, шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн байх бөгөөд нь шүүх хуралдаан оролцох боломжгүй, эзгүйд шийдвэрлэх татгалзах зүйлгүй талаар шүүхэд мэдэгдсэн, нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4.-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.12. Ийнхүү дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Б.Г-ийн нэрээр төсөвт суугдсан 8.400.000 (найман сая дөрвөн зуу мянга) төгрөгийн тэтгэмжийг олгохгүй байгаа Архангай аймгийн Боловсролын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 8.400.000 (найман сая дөрвөн зуу мянга) төгрөгийн тэтгэмжийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Архангай аймгийн Боловсролын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Боловсролын газраас 70,200 (далан мянган хоёр зуу) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          А.ТҮВШИНТУЛГА