| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 166/2019/0132/Э |
| Дугаар | 456 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 456
Д.Г, С.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар магадлалтай, Д.Г, С.Э нарт холбогдох 1918000000160 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй,
1999 оны 11 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 2001 оны 3 дугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 2002 оны 10 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар 29 хоног хорих ял, 2004 оны 3 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, 2006 оны 2 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 2007 оны 2 дугаар сарын 7-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, 2007 оны 7 дугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, 2008 оны 6 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 20 жил хорих ял, 2013 оны 7 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 5 сар 4 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-нд суллагдсан, Хатгин овогт Д.Ганзам.
2.Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй,
2009 оны 6 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ял, 2010 оны 6 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял, 2011 оны 1 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, 2012 оны 9 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих ялыг өршөөсөн, Боржигон овогт С.Э.
Шүүгдэгч Д.Г, С.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Гыг цагаатгаж,
шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Эаас 360.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Од олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуу бичсэн эсэргүүцэлдээ: “С.Э, Д.Г нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт Ихэр-Могой худалдааны төвийн орчимд иргэн Д.Оын гар цүнхнээс бэлэн мөнгө 360.000 төгрөг, бусад бичиг баримттай түрийвчийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэнд 503.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Э, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт буруутган, 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр эрүүгийн 1918000000160 дугаартай хэрэгт 124 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд, 141 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гд холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж шүүгдэгч Б.Гыг үндэслэлгүй цагаатгасан гэж үзэж гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянаад эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөчрсөн гэж үзэж дараахь үндэслэлээр эсэргүүцэл гаргаж байна. Үүнд:
1.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Д.Гыг гэмт хэрэгт оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа ба камерын бичлэгт шүүгдэгч нар хамт явж байгаад Д.Г түрүүлээд явсан, харин шүүгдэгч С.Э ганцаараа хохирогчийн араас дагаж явсаар байгаад түүний цүнхнээс эд зүйлийг авч байгаа үйл баримт бичигдсэн байна.
Мөн шүүгдэгч С.Эын “тухайн үед Д.Г намайг хохирогчийн түрийвчнээс хулгай хийхийг мэдээгүй, бид хоёр хулгай хийх талаар ярилцаагүй гэх мэдүүлэг, Д.Гын “тэгээд 18 цагийн орчим Ихэр могой худалдааны төвийн орчим таньдаг хүнээс мөнгө гуйх санаатай явж байхад С.Э араас дуудаад дүү нь ганц юм авч өгье гэж надад хэлэхээр нь би түүнд ...чи саяхан мөнгөгүй гэсэн биз дээ, надаар битгий тоглоод байгаарай гэсэн чинь түрийвчнээс мөнгө гаргаж үзүүлсэн” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд хэрэгт тэдний мэдүүлгийг үгүйсгэсэн мэдүүлэг, үйл баримт, нөхцөл байдал байхгүй, тэд урьдчилсан үгсэн тохиролцсон гэсэн хийсвэр дүгнэлт хийж нэгэндээ хулгай хийх боломжийг олгосон гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийсэн ба хэрэгт авагдсан камерын бичлэгийг үнэлээгүй, бичлэг болон хохирогчийн мэдүүлэг зэрэг яллах талын нотлох баримтууд байхад эдгээрийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж байна.
Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өгсөн дээр дурьдсан мэдүүлгийг шийдвэрийнхээ иш үндэслэл болгосон байх ба эдгээр мэдүүлэг нь хэргийн хэддүгээр хуудаст бэхжүүлэгдсэн талаар дурдаагүй, шүүгдэгч С.Эын давж заалдах шатны шүүх хуралдаанд биеэр оролцож өгсөн мэдүүлгийг үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна.
2.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлийн хүрээгээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд, шүүгдэгч нарын хэрэгт авагдсан мэдүүлгээр “шүүгдэгч нар хэрэг гарсан тухайн өдөр архи авч уухаар явсан боловч мөнгөгүй байсан, Ихэр Могой худалдааны төвөөс хүнээс мөнгө асуухаар явж байсан, улмаар С.Э хохирогчийн түрийвчийг авсны дараа Д.Гтай нийлж онгойлгож үзээд явж байсан” гэх үйл баримт тогтоогдож байгаа ба энэ үйл баримт нь хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг зэргээр давхар нотлогддог.
Үүнээс үзэхэд Д.Г нь тухайн өдөр хамт явж байсан С.Эыг биедээ мөнгөгүй гэдгийг мэдэж байсан, улмаар мөнгө хайж явсан нь тэдний мэдүүлгээр нотлогдож байхад Д.Г нь С.Эын гарт байгаа түрийвчтэй мөнгийг түүнийх биш буюу гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж хамтран захиран зарцуулсан санаатай үйлдэл хийгдсэн байгааг анхаарч үзэлгүй, шүүх Д.Гын үйлдлийг цагаатгаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй, Д.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байгааг анхаарч үзнэ үү.
Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дугаар шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт хамтран оролцсон нь камерын бичлэгээс тодорхой харагддаг бөгөөд шүүх хэргийн бодит байдалтай огт нийцээгүй дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Г, С.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Г, С.Э нарыг бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр могой” худалдааны төвийн орчим Л.Оын цүнхнээс 360.000 төгрөг болон бусад бичиг баримт бүхий түрийвчийг хулгайлж, нийт 503.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Отгондулам, шүүгдэгч Д.Г, С.Э нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг зэрэг нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр харьцуулан үнэлж, шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин шүүгдэгч Д.Гыг хохирогч Л.Оын анхаарлыг сарниулах, хөдөлгөөнийг нь саатуулах зэргээр идэвхтэй үйлдэл хийж, шүүгдэгч С.Эт хохирогчийн цүнхнээс түрийвчийг нь авах нөхцлийг бүрдүүлэн өгч хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч С.Этай үйлдэхээр санаатай нэгдсэн гэх үйлдэл хангалттай нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна гэсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх ийнхүү шүүгдэгч Д.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ Д.Г нь С.Эын хохирогч Л.Оын цүнхнээс авсан мөнгөөр хамт 2 шил архи авч уусан, мөн тамхины мөнгө гэж 3000 төгрөг авсан гэх үйлдэл Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулсан нь буруу байна.
Харин давж заалдах шатны шүүхээс “хохирогч Б.Од хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харуулсан камерын бичлэгийг үзүүлсний дараа тэрээр “Нүд муутай залуу нь миний урдуур хөндөлсөх үед би хажуу талаар нь зайлсхийх үед хойд талаас нь нөгөө залуу миний цүнхнээс түрийвч хулгайлсан” гэж мэдүүлсэн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан хуулийг шаардлагыг зөрчиж авсан мэдүүлэг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар шүүхийн тогтоосон үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иймд энэ талаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн эсэргүүцлийн 2 дахь хэсгийг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Г, С.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Д.Г, С.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүх Д.Гд холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, түүнд оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Г, С.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуугийн бичсэн эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН