Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 603

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би иргэн Ю.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 12 дугаар байрны 16 тоот хаягт оршин суух Ю.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүхбаатар миний бие 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймгийн МСҮТ-ийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Харин хариуцагч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

Хариуцагч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянагдаж буй иргэн Ю.Ц*******гийн нэхэмжлэлтэй Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад холбогдох “Хөдөлмөрийн сайдын 2015 оны Б/201 тоот тушаалыг хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. Тушаал гарах эрх зүйн үндэслэл болох Ю.Ц*******г чөлөөлөх хуулийн зүйл, хэсэг, заалт үгүй.

2. Ю.Ц*******г чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу үйлдэл хийгдээгүй.

Иймд тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох “Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Дундговь аймгийн МСҮТ-ийн захирлын сул орон тоонд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатад нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсанаа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул энэхүү татгалзлыг баталж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Ю.Ц******* нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүхбаатарт олгосон итгэмжлэлдээ “нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь буюу хэсэгчлэн татгалзах” эрхийг олгосон байна.

Мөн хариуцагч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/201 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ тухайгаа бичгээр илэрхийлснийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж тус тус заасныг баримтлан хариуцагч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй...” талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлж, баримтад гарын үсэг зурсан болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг тус тус баримтлан Ю.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хөдөлмөрийн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зарласан Дундговь аймгийн МСҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/201 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д заасныг баримтлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 393 дугаар шүүгчийн захирамжийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                    Н.ДОЛГОРСҮРЭН