Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 307/ШШ2025/00405

 

2025 03 18 307/ШШ2025/00405

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/00138/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* байранд байрлах, ******* ХХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* (РД:*******)-д холбогдох,

"Эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 1,401,050 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан 1,401,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэв.

2. ******* ХХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 1,401,050 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч нь баруун өвдөгний үений протезын өөрчлөлт ихтэй, үений бүтэц алдагдсан мэс засал хийх заалттай байсан учраас 2022 оны 03 сарын 21-ний өдөр тус компанийн ******* ******* эмнэлэгт хэвтүүлэн, 03 сарын 23-ны өдөр хагалгаа хийлгэсэн. Хэвтэн эмчлүүлэх ор, эмийн төлбөр, багалгааны багц шинжилгээ, хагалгааны төлбөр нийт 9,509,300 төгрөг болсноос Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,808,250 төгрөгийн хөнгөлөлт олгосон. Эмчилгээний төлбөрт 3,300,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 1,401,050 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан болно.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ: ...Эрүүл мэндийн даатгалын сангаас 4,808,250 төгрөг гарна, иргэнээс 3,500,000 орчим төгрөг гарна гэж хэлж байсан. Гэтэл хагалгаанд ороод гарч ирсний дараа хагалгааны үнэ өсөөд төлбөр нэмэгдсэн байсан. Тухайн үед төлбөрийн чадваргүй болоод төлж чадаагүй. Нийт 3,300,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 200,000 төгрөг төлөхөөр байсан. Ер нь хувийн эмнэлгүүд дураараа үнээ нэмдэг, Эрүүл мэндийн сайдын гаргасан журам дээр өөр үнэ байгаа. Иргэнээс 1 сая гаруй төгрөг төлнө гэсэн заалт байдаг тул уг үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

5. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан 2022 оны 03 сарын 21-ний өдрийн мэс засал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, 2022 оны 03 сарын 23-ны өдрийн мэс заслын тэмдэглэл зэргээр хариуцагч Л.******* нь тус компанийн ******* ******* эмнэлэгт баруун өвдөгний үе бүтэн солих мэс засал хийлгэсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 76-78 дугаар хуудас/

Мөн хэрэгт авагдсан ******* ******* эмнэлгийн нийт 9,509,300 төгрөгийн НӨАТ-ын баримт авагдсан бөгөөд тус баримтаар эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт 4,808,250 төгрөг гэж бичигдсэн байна. /хх-ийн 79 дүгээр хуудас/

Хариуцагч Л.******* нь тус эмнэлэгт хэвтэн, мэс засалд орсон, эмчилгээний төлбөрт нийт 3,300,000 төгрөгийг төлсөн зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

6. Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тус гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Энэхүү хуульд зааснаар нэхэмжлэгч байгууллага тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлсэн байх тул нөгөө талаас хөлс шаардах эрхтэй байна.

7. Хариуцагч тал Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн 01 дугаартай Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралт 1-ийн 224 дугаарт бичигдсэн тариф тус мэс засалд хамааралтай тул иргэнээс 1,645,500 төгрөг төлөхөөр заасан тул үүнээс илүү мөнгө шаардах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан дээрх тогтоолын 2.4-т: төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын дарга /захирал/ нарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны програм, цахим системийг бодит цагийн горимд шилжүүлж, энэ тогтоолын хавсралтаар баталсан тусламж үйлчилгээний өртөг, тариф болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх, иргэн, даатгуулагчаас журам, тогтоол, гэрээнд тусгаснаас өөр нэмэлт төлбөр авахгүй байхыг үүрэг болгосон байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.8-д: Хувийн хэвшлийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиник, түргэн тусламжийн төвөөр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх энэ хуулийн 18.1-д заасан тусламж, үйлчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл хувийн хэвшлийн эмнэлэг нь гэрээний үндсэн дээр хуульд заасан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд хэрэгт авагдсан авлага, өглөгийн тооцоо, НӨАТ-ын баримтуудаар ор хоног, эмийн төлбөр, хагалгааны багц шинжилгээ, хагалгааны төлбөр нийт 9,509,300 төгрөг, түүнээс эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт 4,808,250 төгрөгийг хасаад үлдэх төлбөр болох 4,701,050 төгрөгийг хариуцагч Л.******* төлөхөөр тохирсон, үүнээс 3,300,000 төгрөгийг төлсөн байдал тогтоогдож байна гэж үзнэ.

Мөн хариуцагч Л.*******ын охин буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн тухайн үед ******* ******* эмнэлгийн санхүүгийн албанд гаргаж байсан ... эмчилгээний төлбөр 4,701,050 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 2,201,050 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлөх хүсэлтэй байна... гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Түүнчлэн өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хуваан төлөх саналтай талаарх тайлбарыг шүүхэд ирүүлж байсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөр мөнгө үндэслэлгүйгээр нэмж шаардсан гэж тайлбарлаж байгаа боловч ямар үйлчилгээний төлбөрийг нэмсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй бөгөөд дээр дурдсан эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн тогтоолоор хувийн хэвшлийн эмнэлгийн бүх тусламж үйлчилгээний төлбөрийг ижил байдлаар тогтоосон гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаас хэрэгт ******* ******* эмнэлгийн гэмтэл согогийн мэс засал болон Ерөнхий мэс заслын тарифыг ирүүлсэн бөгөөд тус тарифт заасан хэмжээнээс илүү тооцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,366 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамж 37,366 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Л.*******аас 1,401,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,366 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,366 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ