| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0074/э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самбуу овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 1821000650044 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Самбуу овогт Д.Б Дорнод аймгийн Булган суманд ..... оны ..... сарын .....-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......./, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, .................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Улаанбаатар хотын Гарнизоны цэргийн шүүхийн 1989 оны 05 сарын 11-ний өдрийн 127 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Бөхийн-Өргөө”-ний гадна талд иргэн Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 18-ны өдөр Бөхийн өргөөнд бүжгэнд орж байсан юм. Тэр үед зүс таних Бор гэдэг хүн өндөр настай Дугар өвгөний гарыг мушигаад заамдаад зогсож байхаар нь би өмөөрсөн юм. Тэгээд гадаа гараад Бортой зодолдсон гэв.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний орой 18 цаг өнгөрч байх үеэр би “Бөхийн-Өргөө”-нд бүжгэнд орохоор ирсэн. Ингээд бүжиглэж байтал Бор гэх зүс мэдэх хүн Дугар гэх ахыг заамдан гарыг нь мушигсан байдалтай байхаар нь би тэр хоёр руу очоод Бор гэх хүнд хандаж “чи настай хүнийг битгий дээрлэхээд бай” гэж хэлсэн. Тэгээд би дундуур нь орж Бор, Дугар ах нарыг салгаж авсан. Ингээд 20 цаг 50 минутын орчимд бүжиг тарахаар нь би бөхийн өргөөнөөс гарахад Бор нь хашаан дотор тасалбар зардаг байрны хойд талд зогсож байсан. Ингээд Бор надад хандаж “чи ямар чагарсан банди вэ” гэсэн. Тэгээд бид хоёр зууралдаж бие биенээ тонгорч унагаад ноцолдож байгаад салсан. Түүнээс цохиж зодсон асуудал байхгүй. Бид хоёр барилдах ноцолдох хоёрын хооронд байсан. Ингэж байхад Бунханд байдаг өндөр биетэй авгай /нэрийг нь мэдэхгүй байна/ ирж бид хоёрыг салгасан. Бид хоёр зууралдаад хоёулаа цементэн дээр унасан юм...Бор надаас өөр хүнтэй маргаж муудсан болон зодолдож ноцолдсон асуудал байхгүй. Би өөрийн гаргасан үйлдэлд гэмшиж байна. Би Борд хохирол болох 400000 төгрөг төлж барагдуулсан...” гэжээ. /хх 26/
Хохирогч Б.Бор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 сарын 14-ний орой 18 цагт “Бөхийн-Өргөө”-нд бүжгэнд ороход ангийн хүүхэн Бямбаа бүжиглэж байсан. 20 цаг 50 минутын орчимд Бямбаатай бүжиглэх гээд Бямбаагийн гарнаас бариад босоход нүдний шилтэй 70 орчим настай өвгөн дундуур орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхээр нь тэр өвгөнд хандаж “ах аа, би ангийнхаа хүүхэнтэй нэг бүжиглэе, та дараа нь бүжиглээрэй” гэхэд тэр өвгөн намайг “зайл, чамайг ална шүү” гээд миний зүүн хацар хэсэгт маажсан. Тэгэхээр нь би гарыг нь барьж аваад “та яаж байгаа юм бэ” гээд тавиад зогсож байтал Б гэх залуу ирээд зүүн хацар хэсэг рүү нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд тэр хавьд байсан хүмүүс “боль” гээд салгасан...би бөхийн өргөөнөөс гараад Бямбаа, Цэнд-Аюуш нарыг хүлээгээд байж байхад Б дотроос гарч ирчихсэн тасалбар зардаг байрны хажууд зогсож байхаар нь би Б руу очоод “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Б миний өөдөөс “чи яагаад настай хүнийг зодож байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-д хандаж, “би тэр хүнийг зодоогүй, би ч гэсэн 60 гарч байна” гэж хэлсэн. Харин Б “чи чаддаг юм бол намайг зод” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б хандаж, “чамайг зодож яахав дээ бандиа” гэж хэлсэн. Тэгэхэд Б миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхэд миний нүүрэнд гал маналзаад авсан. Ингээд би Б-г тэврээд ноцолдож байхад тэр хавийн хүмүүс бид хоёрыг салгасан...тухайн үед миний зүүн нүд хөхөрч хавдсан бөгөөд хамраас их хэмжээний цус гарсан...” гэжээ. /хх 7-8/
Гэрч С.Дугар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 сарын 14-ний орой би “Бөхийн-Өргөө”-нд бүжгэнд орсон юм. Би хараа муутай болохоор байнга хамт бүжиглэдэг Бямбааг хайсаар байгаад арай гэж олоод байж байхад танихгүй залуу Бямбааг бүжгэнд урихаар нь би голоор нь Бямбааг давхар бүжгэнд урьсан чинь тэр залуу миний баруун гарыг барьж аваад мушигсан чинь тэр хавьд байсан залуучууд ирж тэр залууг надаас салгаж авсан. Түүнээс хойш би Бямбаа руу очоогүй...би тэр хүнд огт гар хүрээгүй. Харин тэр залуу миний гарыг мушгисан. Тэгээд би гараа авч чадахгүй байтал тэр хавьд байсан танихгүй залуу намайг салгаж авсан. Би Б гэх хүнийг огт танихгүй. Надад таних хүн байхгүй, нэрийг нь мэдэх хүн байхгүй. Би Б гэх залууг тэр залууг “зодоод өг” гэж огт хэлээгүй...” гэжээ. /хх 12/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 80 тоот дүгнэлтэд: “1. Б.Борын биед зүүн нүдний алимны доргилт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мөгөөрсний муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 18/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: М.Бямбаа /хх 11/ хохирогч хохирогч Б.Бор /хх 7-8/, шүүгдэгч Д.Б /хх 13/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Яаралтай тусламжийн хуудас /хх 19/, Хохирлын баримт /хх 28/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 31/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Бөхийн-Өргөө”-ний гадна талд “настай хүн зодлоо” гэх маргаанаас болж хохирогч Б.Борыг нүүр хэсэгт гараар цохисноос түүний эрүүл мэндэд “3үүн нүдний алимны доргилт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мөгөөрсний муруйлт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Хохирогч Б.Борын эх сурвалжаа зааж, тогтвортойгоор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Б гэх залуу ирээд зүүн хацар хэсэг рүү нэг удаа гараа зангидаж байгаад цохисон...Би Б руу очоод “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Б миний өөдөөс “чи яагаад настай хүнийг зодож байгаа юм” гэж хэлсэн...Б миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхэд миний нүүрэнд гал маналзаад авсан...” /хх 7-8/ гэх,
Тухайн үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч М.Бямбаагийн “...Б гэх залуу ирээд Борын нүүр хэсэг рүү нэг удаа зангидсан гараараа цохиод авсан. ...Ингээд би Борыг харахад хацар хэсэгт нь 2 ширхэг маажуулсан шалбархай байсан ба шархнаас нь цус гарч байхаар нь арын сандал руу очоод би Борын шалбархайг нойтон салфетикаар цэвэрлэж өгсөн...гарахад хашааны дотор талд билет зардаг байшингийн зүүн талд Бор, Б хоёр дээр доороо ороод ноцолдож байсан...Тэр үед Борын хамар амнаас их цус гоожиж байсан...” /хх 11/гэх,
Гэрч С.Дугарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр залуу миний гарыг мушгисан. Тэгээд би гараа авч чадахгүй байтал тэр хавьд байсан танихгүй залуу намайг салгаж авсан. Би Б гэх хүнийг огт танихгүй...” /хх 12/ гэх мэдүүлгүүд,
Хохирогч Б.Борын эрүүл мэндэд “3үүн нүдний алимны доргилт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мөгөөрсний муруйлт” бүхий хөнгөн хохирол тогтоогдсон талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 80 тоот дүгнэлт /хх 18/, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд гэмт үйлдлийн талаар Цагдаагийн газарт мэдээлж бүртгүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Яаралтай тусламжийн хуудас /хх 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Хохирогч Б.Борын эрүүл мэндэд учирсан “3үүн нүдний алимны доргилт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мөгөөрсний муруйлт” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газар гараар цохисон шүүгдэгч Д.Б-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Борд 400000 төгрөг төлсөн” гэх боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Гэсэн хэдий ч хохирогч Б.Бор нь “нэхэмжлэх зүйлгүй” болох талаар мөрдөн шалгах ажиллагаанд xохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 7-8/, шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ /хх задгай 1ш/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэстэй байна.
Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хурааж ирүүлсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Самбуу овогт Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Б-д анхааруулсугай.
5. Эрүүгийн 1821000650044 дугаартай хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ