| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0166/З |
| Дугаар | 128/ШШ2025/0184 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0184
2025 03 10 128/ШШ2025/0184
Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн
зөвшөөрснийг баталж, шийтгэлийн хуудаст
өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би, Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Автозамын хяналтын улсын ахлах байцаагч *******од холбогдуулан бичсэн Улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор *******ийн дүгнэлтээр хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор *******ь шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор *******ь би, Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч ******* нь “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь авто замын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажилд хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлийн биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлээгүй” гэх үйлдэлд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогчийг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалыг хянав.
Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч ******* нь шийтгэлийн хуудас /маягт 1/-д “Холбогдогч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ийн зөрчилд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу /500,000 төгрөгийн торгууль/ торгох шийтгэл оногдуулсугай” гэжээ.
Зөрчлийн тухай хуульд 15 дугаар зүйлийн 1.2 гэсэн зүйл, заалт байхгүй бөгөөд шийтгэлийн хуудсанд хуулийн зүйл, заалтыг зөрүүтэй байдлаар бичиж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т заасан “Зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, хураан авсан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэснийг, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн холбогдогч "******* *******" ХХК-нд шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудаст “Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.2” гэж бичсэнийг “Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2” гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Автозамын хяналтын улсын ахлах байцаагч ******* би, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтэд дурдсан 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн холбогдогч “******* *******” ХХК-д шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудаст “Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.2” гэж бичсэнийг “Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2” гэж өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...” гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” тус тус заажээ.
Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Автозамын хяналтын улсын ахлах байцаагч ******* нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор *******аас гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг хариуцагч Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын Автозамын хяналтын улсын ахлах байцаагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, улсын байцаагчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст “Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.2" гэж бичсэнийг “Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2” гэж өөрчлөлт оруулж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ