Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00422

 

2025 03 20 307/ШШ2025/00422

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00153/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сумын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй,

Б.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

...Би усалгааны мотор шланктай зарна гэж зар тавьсан. Тэгээд *******ын ******* гэж хүнд 2,000,000 төгрөгөөр 600 м шланктай өгсөн. Тухайн үед надад 1,000,000 төгрөгийг өгөөд 2024 оны 9 дүгээр сард 1,000,000 төгрөгийг өгнө гэж тохиролцсон. Бүрэн толгойд би өөрөө портероор аваачиж өгсөн. Утасны дугаар луу залгаад холбогдох гэхээр утсаа авдаггүй байсан. Сүүлдээ холбогдохгүй болсон. Мөн хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас түүний хаягийг тодруулсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа. Улаанбаатар хот, Налайх дүүрэгт байдаг хаягтаа амьдардаг тул Б.*******ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан гэв

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс ХААН банк ХК-аас Б.*******ын бүртгэлтэй хаяг, холбогдох дугаарыг тодруулахад ***** регистрийн дугаартай ******* овогтой ******* нь Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* тоот хаяг, **** дугаарын утас бүртгэлтэй гэж албан бичиг ирүүлсэн байна.

Мөн Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 353 дугаартай албан бичгээр *******ын ******* нь Уурхайчид ******** тоот хаягт бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолтыг тус тус шүүхээс бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.*******ийн гаргасан Б.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. *******ын ******* нь хаана оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болох нь Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 353 дугаартай ****** нь Уурхайчид ****** тоот хаягт бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй нь үнэн болох-ыг тодорхойлсон албан бичиг болон хүсэлт гаргагчийн тайлбараар Б.*******ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж хуульчилжээ.

 

Иймд хүсэлт гаргагч Б.*******ийн гаргасан Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан ****** регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.*******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Б.*******ын хаягийг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Б.******* (утас:*****)-ийн утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ