Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 68

 

 

 

                                                  

 

2023       11         28                                              2023/ДШМ/68

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун/цахим/, Н.Очирбат, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/199 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2309000001022 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, Захнайм баржавынхан ургийн овогт *******ийн Соёл-Эрдэнэ, 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл долоо, нөхөр, таван хүүхдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******

 

2. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь багшийн коллежийн дугаартай 2009 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "боловсролын бакалавр" зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Ховд аймгийн ******* ******* хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч ийн 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №11 дугаартай тушаалаар бүлгийн багшаар ажилд орж 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас Д.Соёл-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Захнайм баржавынхан ургийн овогт *******ийн Соёл-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Соёл-Эрдэнийг 3'000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3'000'000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Соёл-Эрдэнийн хувьд ногдох эд хөрөнгөөс 107 166'521 (нэг зуун долоон сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун хорин нэг) төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

4.4 Энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгч Д.Соёл-Эрдэнийг баривчлаагүй, цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.5 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.6 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн дугаартай бакалаврын дипломыг хэргийн хамт хадгалж,

4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар буруутгасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь ******* би Баян-Өлгий аймаг дахь багшийн коллежид 2005 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр элсэж орсон бөгөөд 3 жил бүтэн сурсан.

 Харин 4 дүгээр курсэд 2008 оны 11 дүгээр сар хүртэл сураад 12 дугаар сард нь төрөөд чөлөө авч явсан. Чөлөө авч явсны дараа буюу 1 дүгээр сарын сүүлээр 2 сарын эхээр оюутны амралт тавьсан санагдаж байна. 2009 оны 03 дугаар сард чөлөөний хугацаа сунгах гээд хүүхдээ аваад очсон хүүхэдтэйгээ очиход хүүхэд минь уйлаад бие нь өвдөөд байхаар нь сургуулийнхаа сургалтын албаны менежер, Зарымханы д хүүхэд минь уйлаад байна чөлөөгөө сунгая гээд хэлэхэд "за чи тэгүүл сургалтынхаа төлбөрийг өгчих /сургалтын төлбөрийн үлдэгдэл мөнгө 400-600 мянган төгрөгийг бэлнээр сургуулийн сургалтын албандаа өгч байна гэж бодоод өгсөн /, хавар дипломыг чинь өгнө гэж хэлсэн.

Тэгж хэлэхээр нь ******* би хүүхдээ аваад Ховд аймгийн ******* сум руу буцаад явсан. Хавар нь 2009 оны 5 дугаар сарын сүүлээр Баян-Өлгий аймагт сургууль дээрээ очоод сургалтын албаны менежер Зарымханы аас дипломоо очиж авсан.

 3. тухайн үед ******* надад тухайн дипломыг хуурамч, асуудалтай гэдэг зүйлийг огт хэлээгүй бөгөөд дипломоо хуурамч гэдгийг 2022 оны сүүлээр Боловсрол шинжлэх ухааны яамны шалгалтаар мэдсэн. Өөрөөр хэлбэл диплом, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдээгүй, хуурамч болохыг мэдээгүй байсан.

Хуурамч гэдгийг мэдсэн бол огт авахгүй байх байсан. Баян-Өлгий аймгийн архивын тасгаас Баян-Өлгий аймаг дахь багшийн коллежийн материал дотор ******* надад холбогдох материал байгаа эсэхийг шүүлгэхэд анх сургуульд элсэн суралцсан шийдвэр, 4 дүгээр курсийн материал олдсон. ******* миний бие хуурамч диплом гэдгийг мэдээгүй. Прокурор болон анхан шатны шүүхэд 3.ыг гэрчээр асуулгах, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас сурч байсан талаарх нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан болов ч хүсэлтийг хүлээн аваагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол гэж зааж өгсөн бөгөөд би тухайн дипломыг хуурамчаар үйлдээгүй, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаагүй. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ******* надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6.Шүүгдэгч Д.Соёл-Эрдэнийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* болон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нар гэм буруу дээр маргаан байхгүй юм байна. Миний хувьд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Шүүгдэгч нь уг гэмт хэргийг шууд санаатай үйлдээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь шүүгдэгч нь хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан. Өөрийг нь нөхцөл байдлыг сургалтын алба харгалзан үзсэн гэж ойлгож тухайн дипломыг авсан гэж тайлбарласан. Хэрэв хуурамч диплом гэдгийг мэдсэн бол 10 жилийн хугацаанд дахин шалгалтад орж дипломыг дахин авах боломж байсан гэдэг нь өнөөдөр тус сургуульд суралцаж байгаагаар харагдаж байна. Прокуророос хэргийг шалгахдаа шүүгдэгчид хуурамч диплом гаргаж өгсөн хүнийг яагаад шалгаагүй юм тус дипломыг хуурамчаар ******* үйлдээгүй. Шүүгдэгчид оногдуулсан гэмт хэргийн шинж нь шууд санаатай гэж прокурор үзсэн нь өрөөсгөл ойлголт юм. Гэтэл шүүгдэгч нь болгоомжгүйгээр тус хэргийг үйлдсэн нөхцөл байдал харагдаад байна. Үүнээс харахад хэргийг тал бүрээс нь нотлох үүргээ мөрдөн байцаагч, прокурор биелүүлээгүй. Учир нь шүүгдэгч нь тухайн сургуульдаа төгсөх хүртлээ суралцсан. Гэтэл жирэмсний амралттай байсан шалтгааны улмаас шалгалтад орж чадаагүй. Энэ байдлаа сургалтыг албандаа мэдэгдэхэд түүнийг шалгалтад нь оролцуулалгүйгээр дипломыг нь гаргаж өгсөн. Ийм л нөхцөл байдал болсон. Прокурор шүүгдэгчийн цагаатгах талын нотлох баримтыг хэрэгт цуглуулж бэхжүүлээгүй. Шүүдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд оруулж байна. Энэ нь шүүгдэгчид нэг талаасаа сэтгэл зүйн дарамт бий болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар цагаатгах талын нотлох баримт байна гэж үзэж байна гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан ял нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байна.

 Шүүгдэгч *******эс хууль бус орлого болох 107,166,521 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба энэ мөнгөнд нийгмийн даатгалын шимтгэл, бусад эрүүл мэндийн даатгалын мөнгө зэргийг оруулаагүй, зөвхөн гарт олгосон мөнгөнөөс тооцсон тул шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос шүүгдэгч Д.Соёл-Эрдэнийг Монгол улсын Боловсролын Их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь багшийн коллежийн дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэнд  холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

5. Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүний үйлдсэн хэргийн үйл барим тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд шүүгдэгч Д.Соёл-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

6. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь “******* нь тухайн дипломыг хуурамчаар үйлдээгүй, хуурамч болохыг мэдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудлаар маргаагүй ба Д.Соёл-Эрдэнийн уг диплом ашиглаж авч байсан цалин хөлснөөс тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож өөрт нь үлдээж, торгуулийн ялаас хасаж өгнө үү гэв.

6.1 Шүүгдэгч ******* нь Монгол улсын Боловсролын Их сургуулийн  харьяа Баян-Өлгий аймаг дахь багшийн коллежид суралцаж байсан боловч төгсөх жилээ 11 сар хүртэл суралцаад чөлөө авсан, улсын шалгалт зохих журмын дагуу өгөөгүй, диплом, дүнгийн хавсралт нь үнэт цаас биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон,  дугаар нь А.Хуралай гэх хүний нэр дээр бүртгэлтэй байх тул түүнийг “ дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан” гэж  дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

6.2 “Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас улсын төсөвт их хэмжээний хохирол нөхөн төлөхөөр байгаа зэрэг байдлыг нь харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

6.3 Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь 2009 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хуурамч диплом ашиглаж төрөөс 134,298,988 төгрөгийн цалин хөлс авсан байхад шүүх гарт олгосон цалин буюу 107,166,521 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна. Иймээс давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг нь 134,298,988 төгрөгөөр тооцлоо.

6.4 Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч ******* нь хуурамч диплом ашиглаж төрөөс цалин хөлс авч байсан нь тогтоогдсон боловч тэрээр ажиллаж байсан байгууллагадаа хөдөлмөрлөж байсан тул түүний нийт авсан цалин хөлснөөс тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож өөрт нь үлдээж, илүү гарсан цалин хөлсийг гэмт хэргийн улмаас төрд учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд түүний ажиллаж байх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 43,429,600 төгрөг өөрт нь үлдэхээр байх тул нийт авсан цалин хөлс буюу 134,298,988 төгрөгөөс хасаж, үлдэх 89,283,085 төгрөгийг гэмт хэргийн улмаас төрд учирсан хохиролд тооцож, шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт нөхөн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

6.5 Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Соёл-Эрдэнийн хуурамч диплом ашиглаж төрөөс авч байсан цалин хөлсийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “гэмт хэргийн улмаас төрд учирсан гэм хорын хохирол” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлахгүйгээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримталсан байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

6.6 Мөн шүүх шүүгдэгч *******д торгох ял оногдуулахдаа торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүйгээс үүсэх хууль зүйн үр дагавар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тайлбарлаагүй орхисон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт орууллаа.  

7. Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан агуулгаар нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн “******* нь тухайн дипломыг хуурамч болохыг мэдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/199 дугаар шийтгэх тогтоолыг Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “3,000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 төгрөгөөр торгох” гэснийг “500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******эс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 89,283,085 (наян есөн сая хоёр зуун наян гурван мянга наян тав) төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж бүхэлд нь өөрчлөн найруулж, Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******д тайлбарласугай.” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                   ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР