Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00703

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00703

 

 

 

 

Д.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа, даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00392 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Сын хариуцагч Ю.Сд холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлсний үлдэгдэл 2 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.С нь нэр бүхий хүмүүст холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахаар болж өмгөөлөгч Ю.Стай уулзан өмгөөллийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан.

Гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ю.С өмгөөлөгчийн дансанд 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Өмгөөлөгч Ю.С нь шүүхийн шийдвэрээр гардаж аваад надад мэдэгдээгүй тул миний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж чадаагүйгээс эрх маань зөрчигдсөн учир өмгөөллийн хөлсөө буцаан шаардахад 500 000 төгрөгийг буцаан өгч үлдэх 2 000 000 төгрөгийг өгөөгүй. 2019 оны 4 дүгээр сард багтаан төлнө гэж бичиг хийж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл 2 000 000 төгрөгийг өгөөгүй тул хариуцагчаас 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ю.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Д.Стай өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, түүнийг төлөөлөн анхан шатны шүүхийн бүхий л үйл ажиллагаанд оролцсон.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.С, Б.Ө нарын нэхэмжлэлтэй Б.Бт холбогдох 16 793 930 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болж дахин шийдвэрлэгдэхээр ирсэн байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох бүхий л ажиллагаанд би оролцон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Шүүх хуралдаан дуусаад Д.С руу утасдаж шүүхээс гарсан шийдвэрийг мэдэгдэж тайлбарлаж өгөхөд Б.Бийг давж заалдахгүй байгаасай гэж байсан, Д.С өөрөө давж заалдах тухай яриагүй, ямар шийдвэр гарсан болохыг мэдэж байсан.

Гэтэл 2019 оны эхээр гэнэт манай ажлын байранд ирж би тархины хавдар өвчтэй болсон гэж хөлсөнд өгсөн 2 500 000 төгрөгөө нэхэж манай бусад өмгөөлөгч нарын дэргэд ямар ч шалтаг шалтгаангүй хэл амаар доромжлоод байхаар нь 500 000 төгрөг өгсөн, дараа нь удаа дараа ирж хэл амаар доромжлоод байхаар нь бичиг хийж өгсөн. Би ажлын хөлс авчихаад үүргээ гүйцэтгэхгүй хаяагүй бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлүүлсэн.

Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны албан бичигт дурдсан эрүүгийн 201626011752 дугаартай н.Э, н.Ш нарт холбогдох хэрэг нь энэ иргэний хэрэгт хамааралгүй тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Ю.Сгаас 2 000 000 төгрөг гаргуулах тухай Д.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо: Д.С нь 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Ю.Стай байгуулсан. Уг гэрээгээр нэр бүхий иргэд болох н.Б, Ю, Ш нарт холбогдуулан эрүү, иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өмгөөллийн төлбөрт 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн.

Улмаар Б.Бтэй холбоотой иргэний маргаан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэтэл өмгөөлөгч уг хэргийг хэрхэн яаж шийдвэрлэгдсэн талаар Д.Сд бүрэн дүүрэн ойлгуулаагүйгээс болж нэхэмжлэгч нь уг шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхээ алдсан.

Түүнчлэн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу тохиролцсон ажил болох н.Ю, н.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэх талаар ажил, үйлчилгээг өмгөөлөгчийн зүгээс огт үзүүлээгүй болно.

Ингээд Ю.С өмгөөлөгчийн зүгээс гэрээгээр тохиролцсон үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч өмгөөллийн төлбөрт авсан 2 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг буцаан өгч үлдэх төлбөрийг 2019 оны 4 дүгээр сард багтаан буцаан өгье гэх бичгийг мөн оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрийн гараар бичиж өгсөн.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ю.С өмгөөлөгчийн Д.С ирээд тархины хавдартай болсон гээд шалтаг шалтгаангүй хэл амаар доромжлоод байхаар нь 500 000 төгрөгийг буцаан өгч, бичиг хийж өгсөн гэх тайлбарыг үнэн зөв үндэслэлтэй тайлбар гэж дүгнэсэн нь учир дутагдалтай буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт зааснаар баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон гэж үзэхгүй. Харин нэхэмжлэгч Д.С нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн боловч шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Ю.Сд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлсний үлдэгдэл 2 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр харилцан тохиролцоод Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр Ю.С нь анхан болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, Д.С үйлчилгээний хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-6/ Гэрээний дагуу Д.С нь Ю.Сд ажлын хөлс 2 500 000 төгрөгийг урьдчилан шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан кассын зарлагын баримт зэргээр нотлогджээ. /хх-3, 48/ Анхан шатны шүүх эдгээр нотлогдсон үйл баримтыг үндэслэн зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд гэрээний нэг тал нь нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Дээрх үйл баримтад талуудын хэн аль нь маргаангүй, харин өмгөөлөгч Ю.С гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх нь маргааны зүйлийн нэг үндэслэл болжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор үйлчилгээний хөлс төлсөн тухай кассын орлогын ордер, хариуцагч Ю.Сгийн өмгөөллийн хөлсний төлбөр 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгөх агуулгатай гар бичмэл баримт, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 04/103 дугаартай албан бичиг зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-3-5/

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дах хэсэгт заасан журмыг зөрчсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.Бт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гарсан талаар мэдэгдээгүйн улмаас давж заалдах журмаар гомдол гаргаж чадаагүй эрх зөрчигдсөн, ... өмгөөллийн хөлсөө буцаан шаардахад 500 000 төгрөгийг өгөөд 2019 оны 4 сард багтаан үлдэх 2 000 000 төгрөгийг өгнө гээд өгөөгүй ... гэж тайлбарласан байх ба энэ нь түүний давж заалдах гомдлын нэг үндэслэл болжээ. /хх-1,48/

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3626 дугаартай Д.Сын давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, мөн сарын сарын 22-ны өдрийн 184/ШЗ2019/04570 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2649 дугаартай шүүгчийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Д.Сын дээрх тайлбар үгүйсгэгдэж байна. /хх26-28/ Мөн хариуцагч Ю.С нь нэхэмжлэгч Д.Сыг төлөөлөн иргэн Б.Бт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/02835 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /хх-16-25/ Хариуцагч Ю.С нь ажлын хөлсний үлдэгдэл 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Сд буцаан өгөхийг зөвшөөрсөн агуулгатай баримт үйлдсэн байгаа хэдий ч иргэн Б.Бт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул түүнийг хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг биелүүлсэн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу уг үйлчилгээнд ногдох ажлын хөлсийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

Зохигчид, иргэн н.Ю, н.Штуяа нарт холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон эсэх талаар маргадаг.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.С нь өмгөөллийн хөлс болох 2 500 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ю.Сд хүлээлгэн өгч баримт үйлдэхдээ гүйлгээний утгад Б, Ю, Ш нарт гэж бичсэн байна. Мөн Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээч Б.Эрдэнэбилэгээс Б.Саруулын гаргасан гомдолд хариу өгсөн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 04/103 дугаартай албан бичигт Талууд эрүүгийн 201626011752 дугаартай хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр түүнийг оролцуулахаар 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж улмаар энэхүү гэрээг 2019 оны 3 дугаар сарын 26-нд дүгнэн өмгөөлөгч Ю.С 2 сая төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон байна. ... хууль зүйн туслалцааны хөлсөө ... шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн агуулга тусгагджээ. /хх-5/

Хариуцагч Ю.С нь дээрх нотлох баримтуудыг баримтаар үгүйсгэж чадаагүйн гадна иргэн н.Ю, н.Ш нарт холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцоогүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул зохигчдыг иргэн Б.Б, н.Ю, н.Штуяа нарт холбогдох иргэний болон эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр аман хэлбэрээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

Тэрээр хариуцагч нь иргэн н.Ю, н.Штуяа нарт холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэгчээс гэрээг цуцалж, гүйцэтгээгүй ажлын хөлсийг буцаан шаардаж буй нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дах хэсэгт заасантай нийцжээ.

Зохигчид гэрээний үнэ буюу нийт ажлын хөлс 2 500 000 төгрөг гэдэгт маргаагүй, мөн Б.Бт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримт дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хөлсөөр ажиллах гэрээний 3.1-д анхан болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ гэж талууд харилцан тохиролцсон байна. /хх-6/

Эдгээр нөхцлийг харгалзан нийт ажлын хөлсийг хувь тэнцүүлэн хувааж, Б.Бт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хөлсийг 833 333 төгрөг, н.Ю, н.Штуяа нарт холбогдох эрүүгийн хэргийн үйлчилгээний хөлсийг 1 666 666 төгрөг /2 х 833 333 төгрөг/ -өөр тус тус тооцох нь гэрээний талуудын эрх тэгш байх зарчимд нийцнэ.

Хариуцагч Ю.С нь нэхэмжлэгч Д.Сд 500 000 төгрөг буцаан өгсөн болох нь тэдгээрийн тайлбараар нотлогдсон учир уг үнийг гүйцэтгээгүй үүргээс хасч /1 666 666 төгрөг500 000 төгрөг/ тооцвол хариуцагчийг 1 166 666 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзлээ. Иймээс Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ю.Сгаас 1 666 666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00392 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ю.Сгаас 1 666 666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлээс үлдэх 333 334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ю.Сгаас 41 617 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД