| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2024/0693/З |
| Дугаар | 128/ШШ2025/0203 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2025/0203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК, РД:*******, төлөөлөгч Ц.*******, өмгөөлөгч Б.Б*******,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, Л.О******* нарын хоорондын “Хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ц.И*******, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. “Ж*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст хандан хувь хүний орлогын албан татварын тайланг залруулж бүртгүүлэхээр хүсэлт гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 тоот албан бичгээр “... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан асуудлаар танай 01/71 дугаартай албан бичигт дурдагдсан хүсэлтийг хангах боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн байна.
1.2. “Ж*******” ХХК-иас дээрх хариуг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газарт гомдол гаргасны дагуу тус газраас 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03/729 тоот албан бичгээр “... Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасан байна. Иймд танай компанийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны Хувь хүний орлогын албан татварын тайланг залруулж бүртгэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн.
1.3. Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 дугаар хариу хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гаргасан.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах” гэж тодруулсан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 04 тогтоол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4, 7 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоол баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-ын “г”-д заасныг баримтлан “Ж*******” ХХК-ийн захирал Ц.*******ыг яллагдагчаар татсан хугацаанаас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих, тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд заасан хувь хэмжээгээр тооцон тайланг залруулж бүртгэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (хуучнаар)-т даалгасан.
Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ”, 31.3-т “Татварын алба залруулсан тайланг хүлээн авахдаа энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэж заасан.
Тус аж ахуйн нэгж хуулийн хугацаанд нь Татварын тайланг баталгаажуулж байсан нь дүүргийн Татварын албаны шүүхэд гаргаж өгсөн баримт, мэдүүлгүүдээр бүрэн нотлогдож байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тогтоол заасан хугацааны хүн амын орлогын албан татварын залруулж, тайланг зөвтгөж залруулснаар тус компанийн санхүүгийн бүртгэл үнэн зөв болж, үйл ажиллагаагаа хууль журмын дагуу хэвийн явуулах нөхцөл боломж бүрдэх юм.
Иймд Татварын албаны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 хариу хууль бус болохыг тогтоож, “Ж*******” ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг хуульд заасан үндэслэл журмын дагуу залруулж бүртгэхийг Татварын албанд даалгаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь тайлан нөхөж бүртгүүлэх нэхэмжлэл гаргаагүй. Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай тогтоолд дурдсанаар нэхэмжлэгч компанийн захирал миний яллагдагчаар татагдсан хугацаа гэдгийг 2010-2015 оны 09 дүгээр сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг залруулж бүртгэхийг нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Иймд тухайн хугацааны татварын албаны хүн амын орлогын албан татварт өөрчлөлт орж байгаа учраас үүнийг залруулах бодит шаардлага бий болсон. Үүнийг онцгой нөхцөл гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн шүүх Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08/1868 дугаартай хариуг анхаарах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.
Аж ахуйн нэгжүүд татварын тайланг үнэн зөв хөтлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн зүйлийн 31.2-т “Хэрэв татвар төлөгч татварын тайлангийн ногдлыг бууруулах залруулга хийх бол уг залруулгыг нотлох анхан шатны болон холбогдох бичиг баримтын хамт залруулсан тайланг ирүүлнэ”, 31.3-т “Татварын алба залруулсан тайланг хүлээн авахдаа энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэж заасан болохоос өөр ямар нэгэн хугацаа хязгаарласан зохицуулалт Татварын ерөнхий хуульд байхгүй. Хариуцагч талаас тайлбарлаж байгаа татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаартай тушаалыг үндэслээд тайланг залруулах боломжгүй гээд байгаа нь 2010-2015 оны хоорондох хугацаа хамрагдахгүй. Хууль давсан тушаал, шийдвэр гэж байх ёсгүй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 дугаар хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогыг албан татварыг залруулж бүртгэхийг даалгаж өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н*******, Л.О******* нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "“Ж*******” ХХК 2010 оны 04 сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.
Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана”, 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна” гэж заасны дагуу татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргах бөгөөд энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасны дагуу татвар төлөгч татварын тайлангаа 1 жилийн дотор засварлах боломжтой байдаг.
“Ж*******” ХХК-ийг 2007 онд БНХАУ-ын Yu, JIn, W, J гэх 4 иргэн 90%, Монгол Улсын иргэн Ц.******* 10% эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулсан бөгөөд эдгээр 5 хүнд 2011-2014 онуудад Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутган тооцох татварын /ТТ11/ тайлан өгч татварын ногдол үүссэн. /ТУНС-ээс тооцооллыг хуулбарлан хүргүүлсэн/ бөгөөд 2011-2012 онд тайлагнасан татвараа төлөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс иргэний хэргийн анхан шатны шүүхэд татварын өр төлүүлэх нэхэмжлэл гаргаж хариуцагч сайн дураар биелүүлэхээр болсон тул Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаартай захирамж гарсан хүчин төгөлдөр байна. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй татварын өрийг тайлан засварлах бууруулах боломжгүй юм.
Нэхэмжлэгч тал татварын тайлангаа засварлах үндэслэл болгоод байгаа Улсын Дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ц.*******ын нийгмийн даатгалын хувь хэмжээг 10% төлснийг 8%-иар тооцох шийдвэр гаргасан. Уг тогтоолд татварын тайлан засварлах талаар дурдаагүй бөгөөд Дээд шүүхийн тогтоолын дагуу нийгмийн даатгалын тайланд орж буй залруулга нь татвар төлөгчийн хувьд төлөх татварын хэмжээ нэмэгдэх өөрчлөлт юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох”, 14.1-д “Энэ хуулийн 7.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийн хасна” гэж заасны дагуу татвар төлөгч тайландаа нийгмийн даатгал 10%-иар тооцсон хасагдах зардал 8% болж буурсан тул тэр зөрүүгээр татвар ногдох орлого өсөж төлөх татварын хэмжээ нэмэгдэх тооцоолол гарч байна. Энэхүү тайлан залруулгыг хийснээр татвар төлөгчийн ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй бөгөөд эсрэгээрээ эрх зүйн байдал дордохоор байн.
Мөн татварын улсын байцаагч 2011-2014 оны хооронд үүссэн Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутган тайлагнасан 16,909,600 төгрөгийн татварын өрийг төлүүлэх талаар Ж******* ХХК-ийн захирал Ц.*******ыг дуудан уулзахад тухайн өрийг төлөхгүй тайлангаа засварлаж ногдолгүй Х тайлан гаргаж өргүй болно гэх асуудлыг ярьж байгаа нь хууль зүйн хувьд боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана.” гэж заасан. Мөн хуулийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж тус тус заасан. Жишээ нь өнгөрсөн жилийн татварын тайланг энэ жил залруулж болохоор байгаа юм. Нэхэмжлэгч компани нь 2007 онд анх байгуулагдсан бөгөөд тус компанийн 90 хувийг Хятад улсын 4-н иргэн, 10 хувийг Монгол Улсын иргэн Ц.******* эзэмшдэг. Гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Тус аж ахуйн нэгж 2011-2014 оны хооронд цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоор тайлангаа татварын хэлтэст өгсөн байдаг. Хавтаст хэргийн 119 дүгээр хуудаст тус тайлангийн тооцоолол, 120 дугаар хуудаст цалингийн задаргаа авагдсан байдаг. Тус тайлангийн 2011-2012 оны хугацааны татварын тайланг төлүүлэхээр манайхаас 2013 онд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан байдаг. Харин 2013-2014 оны тайлан нь хавтаст хэргийн 121 дүгээр хуудаснаас хойш нотлох баримтаар авагдсан бөгөөд 2015 онд экс тайлан өгсөн байдаг.
Нэхэмжлэгч татварын тайлангаа залруулах үндэслэлээ Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай тогтоол гэж яриад байдаг. Тус тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******ыг хилс хэрэгт мөрдөгдөж байсан хугацааны нийгмийн даатгалын хувийг 10 хувиар биш 8 хувиар бодохоор шийдвэрлэсэн байдаг. Ингээд тус шийдвэрийн дагуу нийгмийн даатгал дээр залруулга өгч байгаа учраас татварын тайланд залруулга хийнэ гэдэг үндэслэлийг хэлдэг. Тус үндэслэлийн дагуу залруулга хийнэ гэхээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох”, 14.1-д “Энэ хуулийн 7.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасна” гэж заасан. Тэгэхээр өмнө нь 10 хувиар тооцож байсан одоо 8 хувь болгож нийгмийн даатгалд засвар оруулбал нэхэмжлэгчийн татварын хэмжээ өсөж бодогдохоор байна. Энэ тооцооллын дагуу засварласнаар нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх сэргэхгүй, харин эрх зүйн байдал дордсон нөхцөл үүсэхээр байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******оос өнгөрсөн оны 03, 05 дугаар саруудад 2013 оны 122 дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулахаар иргэний хэргийн шүүхэд хандахад ямар нэгэн эрх сэргэхгүй гэдгийг шүүхээс тодорхой тайлбарлаж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 8-д энэ талаар дурдаж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй” гэв.
Дөрөв. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт.
4.1. Иргэдийн төлөөлөгч Ц.И******* бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдэж улсад төлбөрөө төлөх ёстой гэж бодож байна” гэжээ.
4.2. Иргэдийн төлөөлөгч Ц.И******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч тухайн хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж хоригдож байсан гэж ойлголоо. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Ж*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... аж ахуйн нэгж тайланг үнэн зөв хөтлөх хуулиар хүлээн үүрэгтэй, хуульд тайлан залруулж болох, болохгүй хугацааг заасан зүйл, заалт байхгүй, хүн амын орлогын албан татварыг залруулж, тайланг зөвтгөж залруулснаар тус компанийн санхүүгийн бүртгэл үнэн болж, үйл ажиллагаа хууль журмын дагуу хэвийн явуулах нөхцөл бүрдэнэ” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх нэхэмжлэгчээс тодруулсан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Маргааны үйл баримтын тухайд,
3.1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 610 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтаар “... яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Ц*******ийн *******од холбогдох хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Ө, Д.О нарыг цагаатгасугай” гэж, 2 дахь заалтаар “... шүүгдэгч Ц.*******ыг П.Иг хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн тогтоолын 4 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ц.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.2. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/309 дугаартай албан бичгээр Ц.******* нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан болох нь тогтоогдов.
3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн,
3.3.1. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаартай шийдвэрээр ““Ж” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, мөн дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Ж” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээж авахаас татгалзсан шийдвэрийн 2014 оны 10 сараас 2015 оны 08 сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын тайланг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны тайланг хүлээн авахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 Оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар магадлалаар хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэнд хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон.
3.3.2. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 638 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “Ж” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан хугацаанаас 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарыг дуустал, 2014 оны 10 дугаар сарны 01-ний өдрөөс 2015 оны оны 04 дүгээр сарыг дуустал, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 633 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.4. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0638 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2023/0633 дугаар магадлалын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4, 7 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-ын г-д заасныг баримтлан “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Ц.*******од холбогдох хэсгийг хангаж, Ц.*******ыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчийн төлбөл зохих хувиар тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд заасан дүнгээр тооцож, тайланд залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай” гэж тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг гэж зааснаар дээрх хууль, журамд заасан хууль бусаар ... мөрдөгдсөн гэдгийг эрүүгийн гэмт хэрэгт (гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон) яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан, уг хугацаандаа цагдан хоригдсон нөхцөл байдал зэргийг хамааруулж ойлгох бөгөөд энэ тохиолдолд даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь нийгмийн даатгалын санд төлөхөөр тодорхой заасан” гэж дүгнэжээ.
3.5. “Ж*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст хандан 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/71 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанийн захирал Ц.*******ын 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулан бүртгэх хүсэлтийг гаргаж, тус хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1/4627 албан бичгээр “... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан асуудлаар танай 01/71 дугаартай албан бичигт дурдагдсан хүсэлтийг хангах боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн байна.
3.6. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хариуг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газарт 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/80 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч Нийслэлийн Татварын газраас 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03/729 тоот албан бичгээр “... Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасан байна. Иймд танай компанийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны Хувь хүний орлогын албан татварын тайланг залруулж бүртгэх боломжгүй” гэжээ.
3.7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******оос нэхэмжлэлийн шаардлагад “... хүн амын орлогын албан татварын тайлан” гэж тодорхойлсон тайлан нь хавтас хэргийн 121-125, 193-195 дахь талд авагдсан ТТ-11 маягтаар гаргасан “Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан” бөгөөд энэхүү тайланг зөвтгөн засварлуулах шаардлагатай байгаа гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
4. Татварын ерөнхий хууль/2008/-ийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь заалт болон 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заажээ.
5. 2008-2019 онд хүчин төгөлдөр мөрдөгдсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т “ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод татварыг сар бүрийн эцэст ногдуулж, мөн хуулийн 24.1-д заасан хөнгөлөлтийг хасч, холбогдох төсөвт шилжүүлэх үүргийг суутгагч хүлээх”-ээр зохицуулсан байжээ.
6. Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, залруулга хийх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ” гэж журамлажээ.
7. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан/ТТ-11/”-г дараагийн татварын жилд багтаан залруулах боломжтой байхад залруулаагүй байх тул хариуцагчийн татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Тодруулбал,
7.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд тус хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ц.*******ын хоригдож байх хугацаанд хамаарах 2014 оны “Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан/ТТ-11/” гаргасныг татварын алба хүлээн авсан байх ба татвар төлөгч нь тухайн тайланг дараагийн санхүүгийн жилийн дотор залруулах боломжтой байсан байхад захирал Ц.******* нь батлан даалтад гарснаас хойш буюу 2015 оны 08 дугаар сарын 20-оос мөн оныг дуусталх хугацаанд уг тайланг залруулаагүй,
7.2. 2015 оны тайлангуудын хувьд “0” дүнтэй буюу цалин, хөдөлмөрийн хөлс олгоогүй байдлаар тайлан гаргасан байх ба уг тайланг 2016 онд залруулах хуулийн зохицуулалттай байхад татвар төлөгч нь уг хууль зүйн боломжийг ашиглаагүй, тайлангаа залруулаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
8. Хэдийгээр 2008 оны Татварын ерөнхий хуульд татварын тайланд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зурж татварын албанд хүргүүлэхээр хуульчилсан байсан, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн захирал Ц.******* нь цагдан хорих ангид тодорхой хугацаагаар хоригдож байсан нь тогтоогдож байгаа, түүнчлэн түүний энэхүү нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан авч үзэх боломжтой хэдий ч татвар төлөгчийн хувьд тушаасан татварын тайланд залруулга хийх боломж мөн хуулиар олгогдсон байхад энэхүү боломжийг хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
9. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “... “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Ц.*******од холбогдох хэсгийг хангаж, Ц.*******ыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчийн төлбөл зохих хувиар тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд заасан дүнгээр тооцож, тайланд залруулж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж” шийдвэрлэсэн боловч уг шийдвэрийн биелэлтийг хангуулах ажил хүлээгдэж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 99 дугаартай албан бичиг, “Ж*******” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/54 тоот албан бичгээр тогтоогдов.
10. Мөн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/818 тоот албан бичигт “... 2011-2014 оны хооронд Цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан татварын тайлан өгсөн бөгөөд засварласан, нөхөж өгсөн тайлан байхгүй...” гэсэн болон “Ж*******” ХХК-иас тус хэлтэст гаргасан 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/71 тоот хүсэлтэд “... тус компанийн дээрх хугацааны санхүүгийн тайлангийн хүн амын орлогын албан татварт өөрчлөлт орно. ... татварыг залруулж өгнө үү” гэснээс үзвэл, нэхэмжлэгч нь 2014, 2015 онуудын холбогдох саруудын “Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан/ТТ-11/”-г ямар дүнгээр хэрхэн залруулах талаар тайлангаа гаргаж, татварын албанд хүргүүлээгүй байна.
11. Энэ тохиолдолд татвар төлөгч татвар ногдох орлогоо өөрөө тодорхойлох, тайлагнах зарчим мөн хэрэгжээгүй байх тул хариуцагчийн татгалзлыг буруутгах мөн өрөөсгөл болно.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй” хэмээн тайлбарлан маргах боловч тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаартай шийдвэрээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг залруулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн, харин Сонгинохайрхан дүүргийн шүүх/хуучин нэршлээр/-ийн шүүгчийн 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаар захирамжаар зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь маргаж буй хугацаанаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул уг тайлбар үндэслэлгүй.
14. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн төлөх татварын хэмжээ нэмэгдэхээр байх тул иргэдийн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч тухайн хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдаж хоригдож байсан гэж ойлголоо. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна” гэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй, хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, тайлан залруулахыг даалгаснаар нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хууль/2008/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, Татварын ерөнхий хууль/2019/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг тус тус баримтлан “Ж*******” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Хариуцагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/4627 хариу хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангийн 2010 оны 04 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр сар дуустал хугацааны хүн амын орлогын албан татварыг залруулж бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ