Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00573

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00193 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн хариуцагч ЭПСЭО ХХК, С С ХХК, А.Ц- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг болон хохиролд нийт 6 932 352 853.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд баталгаа гаргагч нараар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ЭПСЭО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямтулга, хариуцагч ЭПСЭО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саруултөгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2018 оны 09 сарын 26-ны өдөр ЭПСЭО ХХК-тай ЗГ/СС180920006-1 дугаар зээлийн гэрээ байгуулж, 5 600 000 000 төгрөгийг, жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн. Энэ талаар зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгож ирсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл, зээлийн гэрээний 10.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй болно. Зээлдэгч нь 2020 оны 11 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 5 600 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 1 310 453 802.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 839 551.06 төгрөг, нийт 6 932 293 354 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор А.Ц-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201035931 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2201035930 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байрлах 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2201035932 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байрлах 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай хөрөнгө, С С ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн Э-2206000820 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1802301250 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 951 м.кв талбай бүхий газар, А.Ц-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн Э-2206000820 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1780300175 дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж 2/11 хаягт байрлах үйлчилгээний зориулалтаар олгогдсон 1 489 м.кв талбай бүхий газар, А.Ц-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206055946 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 57 тоот хаягт байрлах 1 849 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан.

Иймд зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 6 932 293 354 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал буюу хохиролд 59 500 төгрөг, нийт 6 932 352 853 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд баталгаа гаргагч нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ЭПСЭО ХХК нь 2018 оны 09 сарын 26-ны өдрийн ЗГ/СС180920006-1 дугаар зээлийн гэрээний дагуу 5 600 000 000 төгрөг авахаар тохирч, 687 135 238.35 төгрөгийг үүргийн зөрчилгүй эргэн төлж байсан боловч Дэлхий нийтийг хамарсан цар тахал, санхүүгийн хямрал, валютын ханшийн өсөлт, саарал, хар жагсаалт гэх мэт гадаад, дотоодын олон хүчин зүйлээс шалтгаалж зээлээ хэвийн төлж чадахгүйд хүрч, аж ахуйн үйл ажиллагаа доголдсон. Сонгинохайрхан дүүрэгт байрлах А.Ц-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлээ эргэн төлөхөө илэрхийлж, хичээж ирсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн дараах хэсгийг зөвшөөрөхгүй. Үүнд хариуцагч нь зээл авах үедээ банкнаас үзүүлж буй санхүүгийн үйлчилгээний зардлыг бүрэн санхүүжүүлэх зорилготой гэх Иргэний хууль, Банкны хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд байхгүй, хуулиар зөвшөөрөөгүй шимтгэл гэгчээр 8 400 000 төгрөгийг зээлийн дүнгээс хасуулсан. 5 600 000 000 төгрөгийг авч ашиглаагүй, 5 591 600 000 төгрөгийг бодитоор зээлж авсан тул банк уг дүнгээс зээлийн хүүг тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 01 сарын 10-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэлд 2020 оны 01 сарын 25-ны өдрийн дотор төлбөрөө төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд зээлийн өр төлбөр шаардахаа мэдэгдсэн. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 10.2-т...банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй, мөн 10.5-д ...банк гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалж, дуусгавар болох тохиолдолд зээлдэгчид энэ тухай мэдэгдэл хүргүүлнэ гэж тус тус заажээ. Банкны зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан тул хариуцагчийн зүгээс мэдэгдэлд заасан хугацаанаас хойших буюу 2020 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш хугацааны зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 59 500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч эдгээр баримтыг эх хувиар нь гаргаж өгөх бүрэн боломжтой бөгөөд заавал нотариатаар батлуулж зардал гаргах шаардлагагүй.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 6 150 645 075.39 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх 781 648 278 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

ХХБ ХХК-аас ЭПСЭО ХХК нь дээрх зээлийг авах үед С С ХХК-ийг Баталгааны гэрээ байгуулахыг шаардсан учир банкны хүсэлт, шаардлагаар БГ/СС180920006-1-2 тоот баталгааны гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан дээрх баталгааны гэрээ нь анхнаасаа хууль зөрчсөн. Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банканд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Уг гэрээгээр банк нь бусдын өмнөөс мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэдэг болохоос өөр этгээд банкны өмнө үүрэг хүлээдэггүй. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг иргэд хоорондын буюу Иргэний хуулийн хорин дөрөвдүгээр бүлэгт заасан зээлээс ялгаж, тусгайлан Иргэний хуулийн дөчин дөрөвдүгээр бүлгийн хоёрдугаар дэд хэсэгт зохицуулсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж зааж банкнаас олгох зээлийн зохицуулалтын хүрээ, зарчмыг тодорхойлсон. Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоос харахад банкнаас олгох зээлийн харилцааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулж байна. Уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар...өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл, банк нь барьцаа, эсхүл батлан даалтын үндсэн дээр зээл өгөх эрхтэй, бас үүрэгтэй. Зохицуулагч байгууллага буюу Монголбанкнаас энэ хүрээнд холбогдох журам, заавраа боловсруулж, хэрэгжүүлдэг байтал банкны зүгээс хууль зөрчсөн гэрээг харилцагчтайгаа байгуулсныг зөвтгөх ёсгүй.

Иймд 2018 оны 09 сарын 26-ны өдөр ЭПСЭО ХХК болон ХХБ ХХК-ийн хооронд байгуулсан ЗГ/СС180920006-1 тоот зээлийн гэрээний хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.

Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А.Ц- нь 2018 оны 10 сарын 02-ны өдрийн ЗБ/СС180920006-1-2, ЗБ/СС180920006-1-3, ЗБ/СС180920006-1-4, ЗБ/СС180920006-1-5, ЗБ/СС180920006-1-6 дугаар барьцааны гэрээнүүдийг байгуулсан. А.Ц- нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгүүд, тэдгээрийн доорх газрыг хамтад нь худалдан борлуулж зээлээ эргүүлэн төлөх хүсэлтэй байгаагаа удаа дараа банканд илэрхийлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэг дэх хөрөнгүүдийг хууль, журмын дагуу дуудлага худалдаагаар албадан худалдаж үүргийн гүйцэтгэл хангуулахтай холбоотой маргаан байхгүй.

Харин Хан-Уул дүүрэгт байрлах улсын бүртгэлийн Ү-2206055946 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө болон түүний доорх улсын бүртгэлийн Э-2206000820 дугаарт бүртгэгдсэн газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана гээд уг зүйлийн 11.1.8-д барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх бол тухайн эрхийг олж авсан гэрээний үндсэн нөхцөл, хугацааг заавал тусгасан байхаар заасан.

Талуудын байгуулсан барьцааны гэрээнд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг олж авсан гэрээний үндсэн нөхцөл, хугацааг тусгаагүй заагаагүй байна. Хэрэв барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн бол уг гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглох бөгөөд энэ журмыг зөрчиж бүртгүүлсэн бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 62 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, барилга байгууламж, орон сууц барих, засан сайжруулах зорилгоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах гэрээ байгуулахаас өмнө барьцаалагч нь барьцаалуулагчид дараах мэдээллийг бичгээр өгч, тайлбарлах үүрэгтэй гээд нийт 8 төрлийн мэдээллийг өгөх, хэрэв энэхүү мэдээллийг өгөөгүй буюу мэдээлэл өгөх журмыг зөрчсөн бол барьцаалагчаас барьцаалуулагчид мэдээлэл өгөөгүйд тооцохоор заажээ. Түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ... хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй гэж зааснаас гадна мөн хуулийн 11.2 дахь хэсэгт хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна гэжээ. Банкны зүгээс хууль зөрчсөн байх бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа хэрэглэгчийн эрхийг хамгаалсан зохицуулалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, хэрэглэгчид холбогдох мэдээллийг гэрээ байгуулахаас өмнө байтугай гэрээ байгуулсны дараа ч өгөлгүйгээр барьцаалуулагчийн эрхийг нь хөнджээ.

Талуудын байгуулсан барьцааны гэрээний 6.1.8-д барьцаалуулагч барьцааны зүйлийг гуравдагч этгээдэд давхар барьцаалсан тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг шаардах, түүнчлэн гэрээний 8.4, 8.7, 8.8-д зааснаар ХХБ ХХК-аас олгосон зээлийг эрсдэлд учруулахгүйн тулд давхар барьцаалахгүй гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Нэхэмжлэгчээс олгосон зээлийг эрсдэлд оруулахгүйн тулд гэх шалтгаанаар давхар барьцаалахыг хориглох, эсхүл давхар барьцаалсан тохиолдолд гэрээг цуцална гэж гэрээгээр хааж буй нь Иргэний хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн зарчимтай нийцэхгүй бөгөөд аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг А.Ц-т хүлээлгэх эрх банканд байхгүй. А.Ц-ээс ЭПСЭО ХХК-ийн авсан зээлийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 09 сарын 26-ны өдрийн ЗГ/СС180920006-1 дугаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч ЭПСЭО ХХК-аас нийт 6 932 352 853.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ЭПСЭО ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035931, Ү-2201035930, Ү-2201035932 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу гудамж, 13 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчны гудамж, 2/11 хаягт байрлах улсын бүртгэлийн Э-2206000820 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1780300175 дугаартай, үйлчилгээний зориулалттай олгогдсон 1 489 м.кв талбай бүхий газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206055946 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 57 тоот хаягт байрлах, 1 849 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Э-2206000820 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 1802301250 дугаартай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 951 м.кв талбай бүхий газрыг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ц- болон С С ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 960 114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭПСЭО ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 34 960 114 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ЭПСЭО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь зээл олгох үедээ банкнаас үзүүлж буй санхүүгийн үйлчилгээний зардлыг бүрэн санхүүжүүлэх зорилготой гэх үнийн дүн нь тодорхой бус /зээлийн гэрээнд шимтгэлийн хувь, хэмжээ байхгүй/ шимтгэл гэх 8 400 000 төгрөгийг бидний данснаас авсан байдаг. Иймд дээрх мөнгийг зээлийн төлөлтөд хамааруулж зээлийн дүнгээс хасуулах буюу 5 591 600 000 төгрөгийг бодитоор авч ашигласан талаар тайлбарласан.

Гэвч анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талуудын зарчимд үндэслэсэн зээл судалсны шимтгэл төлөхөөр тохиролцсон талуудын тохиролцоог буруутгах үндэслэлгүй юм гэж дүгнэсэн. Талуудын хооронд маргаж буй асуудал нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн харилцаа гэдгийг шүүх анхаараагүй, улмаар хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохдоо мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч нь эргүүлэн төлөх үүрэг хүлээдэг.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь урьдчилан тогтоосон стандарт нөхцөл бүхий гэрээ мөн бөгөөд уг гэрээнд шимтгэлийн хувь, хэмжээг заагаагүй, тодорхой бус байхад шүүхээс гэрээг чөлөөтэй байгуулах зарчимтай холбож, хариуцагч шимтгэлийн хэмжээг өөрөө мэдэх үүрэгтэй гэж үзэн, улмаар гэрээнд хувь, хэмжээг нь ч заагаагүй шимтгэл, түүний үнийн дүнг зөвтгөж шийдвэрлэсэн нь буруу юм. Хариуцагч талаас үнийн дүн нь тодорхой бус шимтгэл гэх агуулга бүхий гэрээний 3.5 дахь заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд 5 591 600 000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч, харин ашиглаагүй 8 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн Зээлийн гэрээний 10.5-д банк гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалж, дуусгавар болгох тохиолдолд зээлдэгчид энэ тухай мэдэгдэл хүргүүлнэ гэж, мөн зүйлийн 10.2-т ...дараах тохиолдлуудад банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй гэж тус тус заасан байдаг. Энэхүү зээлийн гэрээнд гэрээг хэрхэн цуцлах талаар хуулийн заалтыг тодотгосон журам, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл туссан байгааг шүүх анхаарч үзнэ үү. Гэрээнд заасны дагуу зээлийн хүүд нийт 687 135 238.35 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн боловч санхүүгийн хямрал, цар тахлын нөлөөгөөр бизнесийн хэвийн үйл ажиллагаа доголдож, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан. Нэхэмжлэгчийн зүгээс ч 2020 оны 01 сарын 10-ны өдөр хариуцагчид гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Энэхүү мэдэгдэлд 2020 оны 01 сарын 25-ны өдрийн дотор төлбөрөө төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд зээлийн өр төлбөрөө шаардахаа мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан тул энэхүү мэдэгдэлд заасан хугацаанаас өмнөх буюу 2020 оны 01 сарын 25-ны өдрөөс өмнөх хугацаанд бодогдсон зээлийн хүү 558 520 047.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 726 747.02 төгрөг буюу нийт 560 246 794.15 төгрөгийг хүүгийн төлбөрт төлөхөө хүлээн зөвшөөрч, харин мэдэгдэлд зааснаас хойших хугацааны зээлийн хүү 751 933 755.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 112 804,04 төгрөг буюу нийт 772 046 559.65 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Талуудын мэтгэлцээнээс үндэслэхэд нэхэмжлэгчийн хувьд зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж, урьдчилан тогтоосон нөхцөл бүхий гэрээ байгуулснаа ойлгож, хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм учраас талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэн, зээлдэгчид ашигтайгаар тайлбарлаж, зээлийн хүүгийн тооцооллыг багасгаж өөрчлөх нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 6 932 352 853.80 төгрөгөөс хариуцагчийн хүлээн зөвшөөрөөгүй дүн болох шимтгэл 8 400 000 төгрөг, зээлийн хүү 751 933 755.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 112 804.04 төгрөг, нийт 780 446 559.65 төгрөгийг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч ЭПСЭО ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал, нийт 6 932 352 853.8 төгрөг гаргуулах, уг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэлцэхгүй тохиолдолд баталгааны гэрээний дагуу баталгаа гаргагч С С ХХК, А.Ц- нараар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тэдгээрт холбогдуулан гаргасан байна. /хх1-3/

 

Хариуцагч С С ХХК, А.Ц- нарын хувьд баталгааны гэрээг хууль зөрчсөн үндэслэлээр тэдгээрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, мөн барьцаалуулагч А.Ц- нь барьцааны гэрээний зүйл болох зарим үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж маргасан байна. /хх68-70/ Хариуцагч буюу зээлдэгч ЭПСЭО ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний дагуу бодитоор хүлээн авсан 5 591 600 000 төгрөг, түүнд хамаарах хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч, зээл олгосон шимтгэлд суутгуулсан 8 400 000 төгрөг болон зээлдүүлэгчээс зээлдэгчид хүргүүлсэн мэдэгдэлд заасан хугацаа буюу 2020 оны 01 сарын 25-ны өдрөөр гэрээг цуцалсан гэж үзээд түүнээс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэл зааж талууд маргажээ. /хх71/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг бүхэлд нь хангаж, баталгаа гаргагч нараар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4 дэх хэсэгт заасныг тус тус зөв хэрэглэжээ. Зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргийг зээлдэгч зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохиролд хамааруулан хариуцагч ЭПСЭО ХХК-аас гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч ЭПСЭО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоос бодитоор зээлсэн буюу хүлээн авсан мөнгөний хэмжээгээр үүрэг гүйцэтгэхтэй холбоотой хэсэг хууль зүйн үндэслэлтэй. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхийн хүрээнд дараах өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах шаардлагатай байна.

 

Тодруулбал, зээлдүүлэгч ХХБ ХХК нь 2018 оны 09 сарын 26-ны өдрийн ЗГ-СС180920006-1 дугаар зээлийн гэрээний дагуу зээлдэгч ЭПСЭО ХХК-д 5 600 000 000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 2018 оны 09 сарын 28-ны өдрөөс 2023 оны 09 сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлд ногдох хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн зээлийн гэрээ байгуулсан байна. /хх13-16/

 

Зээлдүүлэгч нь 2018 оны 09 сарын 28-ны өдөр дээрх зээлийн гэрээний дагуу 5 600 000 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн боловч мөн өдрөө зээл судалсны шимтгэлд 8 400 000 төгрөг буцаан авсан болон зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөд нийт 687 135 238 төгрөг төлсөн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан ЭПСЭО ХХК-ийн дансны хуулга /хх73/, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Талууд энэ талаар маргаагүй байна.

 

Зээл судалсны шимтгэл гэх 8 400 000 төгрөгийг зээлийн мөнгөн хөрөнгөөс суутган авсан нь хууль болон гэрээний агуулгад нийцээгүй талаарх зээлдэгчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч ХХБ ХХК, хариуцагч ЭПСЭО ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус тус заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүссэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зээлдүүлэгчээс зээл олгоход хийх ажиллагааг тодорхой нэрлэн заасан байх бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгах үүргийг зээлдүүлэгч хариуцах учиртай.

 

Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлээс шимтгэл тооцох талаар нарийвчлан тусгаагүй байна. Учир нь зээлийн гэрээний 3.5-д зээлдэгч нь зээлийн хүсэлтийг судалсны шимтгэлийг тухайн банкны цахим сайтад /www.tdbm.mn/ тавигдсан Банкны үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл-д заасны дагуу төлнө гэж тодорхой бус байдлаар 8 400 000 төгрөгийг шимтгэлд суутгасан байгааг гэрээний стандарт нөхцөл тогтоосон буюу Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл дээрх тодорхой бус нөхцөл нь гэрээний салшгүй болохгүй бөгөөд үүгээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан хүсэл зориг бүрэн илэрхийлэгдэж талуудын хоорондын зөвшилцөн хэлцэл хийсэн буюу гэрээний чөлөөт зарчимд нийцсэн гэж үзэхгүй. Үүнээс гадна, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу олгогдоогүй мөнгөн хөрөнгөд хүү нэмж тооцон шаардах эрхийг хуулиар нэхэмжлэгчид олгоогүй.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ЭПСЭО ХХК-д бодитойгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 5 591 600 000 төгрөг, түүнд тооцогдох хүүг шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих мөнгөн төлбөрийн үүргийг тооцоход, үндсэн зээл 5 591 600 000 төгрөг, түүнд гэрээнд заасны дагуу 1 жилийн 16.8 хувийн хүүг нэхэмжлэгчээс шүүхэд хандсан өдөр болох 2020 оны 11 сарын 19-ний өдөр хүртэл тооцон 1 980 544 720 төгрөгийн хүүгийн төлбөрөөс талуудын маргаагүй эргэн төлөлтийн дүн болох 687 135 238 төгрөгийг хасахад зээлдэгч нь үндсэн зээлээс гадна хүүгийн төлбөрт 1 298 409 482 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Түүнчлэн, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн гэрээний 3.4-т зааснаас үзвэл, зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэв. Тухайлбал, талууд зээлийн гэрээний хугацааг 60 сараар тогтоосон байх бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарьд олгосон зээлийн хэмжээг бодитойгоор шилжүүлсэн 5 591 600 000 төгрөгөөр бус 5 600 000 000 төгрөгөөр тооцсон байна. Энэхүү хуваарийн дагуу зээлдэгчийн үүргийн зөрчлийн хэмжээ, түүнд тооцогдох нэмэгдүүлсэн хүүг тодорхойлох боломжгүй байна. Гэвч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын диспозитив зарчим мөрдөгдөх учраас зээлдэгч буюу хариуцагч ЭПСЭО ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдолдоо хүлээн зөвшөөрсөн агуулгаар илэрхийлсэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 726 747.02 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасантай нийцнэ гэж үзлээ. /хх96, 124-125/

 

Хариуцагч ЭПСЭО ХХК-ийн давж заалдах гомдлоос ...2021 оны 01 сарын 25-ны өдрийн дотор зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдлийг зээлдүүлэгчээс зээлдэгч талд хүргүүлсэн тул тухайн хугацаанаас хойш тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий үндэслэлийг хангахгүй орхив. Учир нь, хариуцагчийн татгалзалдаа үндэслэж буй хэргийн 51 дэх талд авагдсан ХХБ ХХК-аас ЭПСЭО ХХК-д хаягласан Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 5/193 дугаартай баримтад нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсанаас өөр бусад гэрээний үүргийн зөрчлийн талаар байх бөгөөд үүгээр талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 сарын 26-ны өдрийн ЗГ/СС180920006-1 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа гэх агуулга илэрхийлээгүй байх тул энэ үндэслэлээр гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ЭПСЭО ХХК-аас зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 6 891 795 729.02 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 557 124.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилсан өөрчлөлтийг тус тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ЭПСЭО ХХК-аас зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 6 891 795 729.02 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 557 124.6 төгрөгийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...хариуцагч ЭПСЭО ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 34 960 114 төгрөг гаргуулан... гэснийг ...хариуцагч ЭПСЭО ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 34 616 929 төгрөг гаргуулан... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭПСЭО ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 060 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР