Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00574

 

 

 

 

Ч.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/00384 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Д-ийн хариуцагч Д.Х-т холбогдуулан гаргасан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагч Д.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ч.Д- нь Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Чингис хаан Олон улсын нисэх буудлын Цахилгааны албанд лифт транспортёрын засварчнаар 1994 оны 12 сарын 10-ны өдрөөс 2009 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл ажилласан. 2003 онд Иргэний нисэхийн Ерөнхий газартай Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63/2 дугаар байр, 28 тоот орон сууцны төлбөр барагдуулах талаар 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөрийг төлж дуусгасан тул Иргэний нисэхийн Ерөнхий газраас тухайн орон сууцыг Ч.Д-ид хуваарилан, 2007 оны 03 сарын 06-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлалын товчоонд хүсэлтийг хүргүүлж, 2013 оны 09 сарын 03-ны өдөр дээрх орон сууцыг Ч.Д-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон.

Улмаар Ч.Д- нь 2013 оноос Чинхутаг-Өндөр ХХК-ийн Эрчим харуул хамгаалалтад хамгаалагчаар ажилд орж, хөдөө явахаар болсон учир дээрх орон сууцаа өөрийн үеэл болох Г.Нармандахад түрээслүүлэхээр болсон. Тухайн үед Г.Нармандах нь ...эмнэлэг барьж байгаа хөрөнгө оруулалт хэрэгтэй байна, түрээсийн мөнгийг нь нэг мөсөн өгье гэж гуйсныг нь зөвшөөрсөн. Гэвч төлбөр огт төлөөгүй.

Ч.Д- нь дээрх орон сууцыг худалдаж гадаадад эмчилгээ хийлгэх гээд байрандаа очтол Д.Х- ...Г.Нармандах надаас мөнгө авсан, ...Г.Нармандахаас мөнгөө авахаар гарна гээд тухайн орон сууцыг чөлөөлж өгөөгүй бөгөөд Г.Нармандах нь 2015 онд АНУ руу яваад Монгол улсад иргэж ирээгүй гэсэн.

Иймд Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63/2 дугаар байр, 28 тоот орон сууцыг хариуцагч Д.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Тухайн орон сууцыг 2012 оны 07 сарын 23-ны өдөр Г.Нармандахаас Ж.Дүүрэнжаргал нь худалдаж авсан. Г.Нармандах 2015 онд АНУ руу явснаас хойш холбоо тасарсан. Гэтэл нэхэмжлэгч тал 6 жилийн дараа буюу 2017 оны 12 сарын 10-ны өдөр байр суллаж өгөхийг шаардсан. Тухайн үеийн ханшаар 53 000 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчийн авга ах Г.Нармандахад өгсөн.

Нэхэмжлэгч тал 6 жилийн дараа буюу 2018 онд гарч ирээд дахин 2 жил таг чиг болсноо өнөөдөр энэхүү асуудлаар байрыг нэхэмжилж байгаа нь тодорхой бус. Нөгөө талаас байрны эзэн гэгч Ч.Д- нэг ч удаа өөрийн биеэр ирээгүй түүний аав, ах, эгч гэсэн хүмүүс л шаардаад байдаг. Г. Нармандахыг байрны бичиг баримтыг цэгцэлж өгнө гэж итгэн хүлээсээр өнөөдрийг хүрсэн. Тэрээр АНУ руу явж, холбоо тасарсны дараа гэнэт энэ хүмүүс гарч ирж, бидэнд гэрчилгээ байгаа хэмээн биднийг луйвардаж байна.

Нэхэмжлэгч Ч.Д- нь улсын бүртгэлд бүртгүүлсэн цаг хугацааны хувьд 2013 онд өмчлөгч болсон байна. Гэтэл бид 2012 онд тус байрыг худалдаж авсан. Үүнээс хойш тус байранд амьдарч байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2012 онд тухайн орон сууцыг нэхэмжлэгчийн садан төрөл болох Г.Нармандахаас худалдан авсан.

Гэтэл Ч.Д- нь уг орон сууцыг 2013 онд хувьчлан авч, гэрчилгээ гаргуулан, улмаар хаяж үрэгдүүлсэн гээд 2017 онд дахин гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Энэ гэрчилгээг ямар замаар, зорилгоор, яаж гаргуулан авсан нь тодорхой бус байхад өмчлөгч гэж үзэх, манайхыг 2012 оноос өнөөдрийг хүртэл энэ байранд хууль бусаар амьдарч байгаа, эзэмшиж байгаа гэж дүгнэх нь хэрэгт авагдсан баримтууд бүрэн дүүрэн нотлохгүй.

Хэрэв энэ байр Ч.Д-ийн өмчлөлийнх байсан бол тухайн үед байраа авах, өөрсдийнх хэлснээр түрээслүүлэх асуудлаа хариуцагч талтай ярилцах байсан. Гэвч энэ асуудлаар хаана ч хандаж байгаагүй бөгөөд 2017 онд дахин гэрчилгээ гаргуулан авсны дараа шүүхэд хандсан зорилго нь гэр бүлээрээ үгсэж, бичиг баримттай гэдгээр луйвар хийх гэж байна. Энэ орон сууцыг бидэнд худалдсан нэхэмжлэгчийн садан төрөл Г.Нармандах АНУ-д амьдарч байгааг ашиглан гэрчлэх гэрчгүй тул хуулийн байгууллагад хандаж байна.

Иймд Д.Х-ыг Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63/2 дугаар байр, 28 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Х-ын эхнэр Ж.Эрдэнэчимэг нь н.Дүүрэнжаргал тус орон сууцыг Г.Нармандахаас худалдан авсан гэдэг. Н.Дүүрэнжаргал, Д.Х-, Ж.Эрдэнэчимэг нар Г.Нармандахад мөнгө өгсөн талаар баримтгүй, бидэнд үзүүлж байгаагүй. Юуг үндэслэж мөнгө өгсөн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шалгаж, худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуулж Үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж, хуулийн хүрээнд үндэслэлтэйгээр мөнгө төгрөгөө өгч, авах ёстой.

Нэхэмжлэгчийн хувьд орон сууцны төлбөр барагдуулах талаар худалдан авагчтай хийх гэрээний 4.1-д зааснаар 2006 оны 12 сарын 31-ний өдөр төлбөрийг эцсийн хугацаагаар төлж дуусгасан. Иймд ИНЕГ-аас Нийслэлийн орон сууц хувьчлалын товчоонд 2007 оны 03 сарын 06-ны өдөр 5/352 дугаартай албан бичгээр орон сууцыг Ч.Д-ид хувьчлан олгуулахаар шийдвэрээ хүргүүлсэн.

Нэхэмжлэгч нь Г.Нармандахад өглөгийн асуудал байхгүй. Тэрээр уламжлалт эмчилгээний эмнэлэг Баянбүрд орчимд барьсан, мөнгө хэрэгтэй байгаа болохоор орон сууцны түрээсийн төлбөрийг сүүлд нэг мөр өгнө гэдэг байсан. 2012-2020 он хүртэл хүний байранд үнэ төлбөргүй сууна гэж байхгүй тул Ж.Эрдэнэчимэг, Д.Х- нараас байр түрээсэлсний мөнгө авна.

Баримт байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205050540 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63/2 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай, 42.2 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг хариуцагч Д.Х-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д-ид холбогдох, улсын бүртгэлийн Ү-2205050540 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63/2 дугаар байр, 28 тоот хаягт байршилтай, 42.2 м.кв талбайтай, нэг өрөө орон сууны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээ хариуцагч Д.Х- татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 031 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Д.Х-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Ч.Д- нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2013 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Гэтэл бид 2012 оны 07 сард Г.Нармандах гэдэг хүнээс худалдаж авч орон сууцанд амьдарч эхэлсэн. Г.Нармандахыг таньдаг байсан учир гэрээг бичгээр хийгээгүй, амаар тохирч, мөнгийг бэлнээр өгсөн. Ч.Д-, Г.Нармандах нар нь ах дүүгийн холбоотой бөгөөд Ч.Д-оос авлагадаа авсан байр гэж Г.Нармандах хэлж байсан. Байрны бичиг баримтыг гаргаж өгнө гэсэн боловч Ч.Д- хөдөө байгаа учраас болохгүй байна гэсээр өөрөө АНУ-руу явж, одоо сураг тасарсан. Биднийг 2012 оны 07 сараас байранд амьдарч эхэлснээс хойш энэ байрны талаар маргаантай гэж нэг ч хүн ирээгүй. 2017 онд Ч.Д-ийн аав нь ирж байраа авна гэхэд Г.Нармандахтай холбож яриулж ойлгуулсан, тухайн үедээ дахиж ирээгүй. Түүнээс хойш мөн л ямар нэгэн сураг чимээгүй байснаа одоо ийнхүү шүүхэд хандаж байна. Хэрэв Ч.Д-ийн байр мөн байсан бол 5 жил огт шаардаагүй нь эргэлзээтэй мөн Г.Нармандахыг сураг тасарснаас хойш шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. 2012 оноос хойш байр, контор, сөх гээд хэрэглээний бүх мөнгийг төлж байсан. Иргэний нисэхийн Ерөнхий газраас 2007 оны 03 сарын 06-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлалын товчоонд бичиг явуулсан байхад 2013 онд өмчлөгчөөр бүртгэсэн нь мөн л эргэлзээтэй байна. 2013 онд байрыг өмчлөхөөс өмнө энэ байранд хүн амьдарч байсан байж таараа. Гэтэл энэ талаар ямар ч баримт гарч ирэхгүй байгааг анхаарч үзэх шаардлагатай.

Шүүхээс өмчлөгчийн асуудлыг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул орон сууцыг шударгаар олж авсан гэж тооцох боломжгүй гэжээ. Гэтэл биднийг худалдаж авч байх үед буюу 2012 онд энэ орон сууц хэн нэгний өмчлөлд байгаагүй бөгөөд 2013 оны 09 сарын 03-ны өдөр л анх удаа Ч.Д- өмчилсөн байдаг. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, Г.Нармандахыг тус орон сууцны өмчлөгч биш гэдгийг мэдэх боломж байгаагүй. Угаас тус орон сууц нь хэн нэгний өмчлөлийн орон сууц биш байсан. Тиймээс итгэж худалдаж авсан бөгөөд орон сууцны шударга өмчлөгч болсон гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжаа Баянзүрх дүүргийн шүүхэд буюу буруу шүүхэд тушаасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байтал иргэний хэрэг үүсгэсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ч.Д- нь хариуцагч Д.Х-т холбогдуулан Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63/2 дугаар байр, 28 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаан бүхий орон сууцыг 2012 онд Г.Нармандах гэгчээс бэлэн мөнгөөр худалдан авсан, үүнээс хойш одоог хүртэл эзэмшиж байгаа гэх үндэслэлээр татгалзлаа тайлбарлажээ. /хх1-3, 19, 25-26/ Хариуцагч Д.Х- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Д-ид холбогдуулан гаргасан дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар татан авсныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна./хх 54, 73-74, 123/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх8/, маргаан бүхий орон сууцны ашиглалтын зардал төлсөн талаарх Төрийн банк ХХК-ийн баримт /хх57-60/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63/2 дугаар байр, 28 тоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд нь нэхэмжлэгч Ч.Д- байх бөгөөд хариуцагч Д.Х-ын хувьд тус орон сууцыг 2012 оноос хойш одоог хүртэл эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгчөөр 2013 онд бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш хугацаанд орон сууцны талаар аливаа хэлбэрээр шаардаж байгаагүй тул түүний өмчлөлийг хууль бус талаар тайлбар болон давж заалдах гомдолдоо дурджээ.

 

Гэтэл хэрэгт авагдсан Иргэний нисэхийн Ерөнхий газраас Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд хаягласан 2007 оны 03 сарын 06-ны өдрийн 5/352 тоот албан бичиг, Ч.Д-оос дээрх товчоонд 2013 оны 08 сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл болон товчооны 2013 оны 08 сарын 28-ны өдрийн 12 тоот тогтоолоор хувьчлагдсан өрхүүдийн жагсаалт /хх29-31/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 11 сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн 7/10150 тоот албан бичиг, түүний хавсралтууд /хх89-110/ зэргээс үзвэл, нэхэмжлэгч Ч.Д- нь Иргэний нисэхийн Ерөнхий газартай Орон сууцны төлбөр барагдуулах талаар худалдан авагчтай хийх гэрээ-г байгуулж, гэрээнд заасан төлбөрийг барагдуулж дуусгасан тул уг орон сууцыг түүний нэр дээр хувьчлан олгох талаар 2007 оны 03 сарын 06-ны өдөр Иргэний нисэхийн Ерөнхий газраас Нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд хандсан байх бөгөөд Ч.Д- нь 2013 оны 08 сарын 19-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлэхээр тус товчоонд өргөдөл гаргаснаар 2013 оны 08 сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолоор маргаан бүхий орон сууцыг түүнд өмчлүүлэн 0116058 дугаар Гэрчилгээ олгосон байна. Иймд нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгч мөн болох тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.2.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь өөрийн эхнэрийн дүү н.Дүүрэнжаргалын Г.Нармандахаас худалдан авсан орон сууцанд амьдарч байгаа, өмчлөх эрхийг энэ байдлаар олж авсан гэх тайлбараа нотлох зорилгоор Б.Оюунцэцэгийг гэрчээр асуулгасан байх бөгөөд тухайн гэрчийн мэдүүлгээс үзвэл /хх 127/, Г.Нармандах нь Ч.Д-оос авах авлагад тооцсон орон сууцыг н.Дүүрэнжаргал нь найз Г.Нармандахад итгээд гэрээ хийхгүйгээр бэлэн мөнгөөр худалдан авсан талаар агуулга илэрхийлсэн байна. Үүнээс үзвэл, хариуцагч Д.Х- нь уг орон сууцны өмчлөгч Ч.Д-оос өмчлөх эрхийг шилжүүлэх талаар зөвшөөрөл авсан эсхүл үүнтэй холбоотой хийсэн гэрээ, хэлцэл байгаа гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хувьд тухайн орон сууцыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа эсхүл өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа тухай тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүйн гадна нэхэмжлэгчээс гаргасан тухайн орон сууцыг өөрийн хамаарал бүхий этгээд болох Г.Нармандахад түрээслүүлсэн гэх тайлбарыг няцаагаагүй байна.

 

Хариуцагчийн тус орон сууцыг 2012 онд худалдаж авах үед хэн ч өмчлөөгүй байсан, Г.Нармандахыг тус орон сууцны өмчлөгч биш гэдгийг мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Дээр дурдсанаар Д.Х- нь тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн гадна өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэх бөгөөд эзэмшсэнээр үүсэхгүй. Хариуцагч нь уг орон сууцыг 2012 оноос хойш эзэмшиж байгаа гэж тайлбарласан нь эзэнгүй эд зүйлийг тодорхой хугацаанд эзэмшсэнээр өмчлөх эрх үүсгэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууц нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар эзэнгүй эсхүл, өмчлөгч нь тодорхой бус эд хөрөнгөд хамаарахгүй тул хариуцагчийн хувьд эзэмшилд байлгасан хугацаанаас шалтгаалж өмчлөх эрхийг олж авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн, 2013 оноос хойш орон сууцаа шаардаагүй нь ойлгомжгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн харилцаа үүсээгүй байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацаа буюу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна. Энэхүү хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох талаар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зохицуулсан. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу 2013 оны 09 сарын 03-ны өдрөөс хойш шаардах эрх нь үүссэн бөгөөд зохигчдын тайлбараар тогтоогдсон буюу 2017 онд орон сууцны талаар хариуцагч талд хандсан гэх нөхцөл байдлаар Ч.Д-ийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх талаарх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэсэн нь зөв болжээ.

 

Мөн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй буюу буруу дансанд тушаасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу иргэний хэрэг үүсгэх боломжгүй нэхэмжлэлийг хүлээн авсан гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь хэргийн 4 дэх талд авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлсөн баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар тэмдэгтийн хураамжийг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Д-оос 2020 оны 08 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлд 2020 оны 09 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэснийг буруутгахгүй. /хх 15/

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Д- нь хариуцагч Д.Х-ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шаардах эрхтэй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 102/ШШ2021/00384 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Х-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР