| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0069/э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Хохирогч Г.Ж
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Г.Э-д холбогдох 1821000400021 дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Хатагин овогт Г.Э, Дорнод аймгийн Хэрлэн суманд .......... оны......... сарын .......-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ............./, бүрэн дунд боловсролтой, армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн ...............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 10 сарын 07-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл.
Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дүүрэн” нэртэй баарны гадна Г.Ж-ийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 04-ний өдөр би эхнэртэйгээ бааранд орсон юм. Тэгээд эхнэртэйгээ баарнаас гараад гэртээ харих гээд байж байтал хохирогч Ж манай эхнэрийг хэл амаар доромжилсон. Тэгээд би эхнэрээ өмөөрөөд хохирогчийг зодсон нь үнэн гэв.
Шүүгдэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эхнэртэйгээ хамт 20 цаг өнгөрч байсан байх яг хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна. “Парис” баар руу эхнэр Ариунзаяа, найз Төрбаяр, Ундраа нарын хамт орж юм ярьж суунгаа архи, пиво уусан. Тэгээд 22 цагийн орчимд баарнаас гараад Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дүүрэн” бааранд орж дахин архи, пиво уугаад сууж байгаад танихгүй хүмүүстэй хальт маргаан үүсгэхэд баарны зөөгч нар нь “манай баар одоо хаалаа, та нар гарцгаа” гэж хэлэхээр нь бид дөрөв баарнаас гараад үүдэнд нь зогсож байхад манай эхнэрийг Ж /тухайн үед нэрийг нь мэддэггүй байсан сүүлд мэдсэн/ “гичий” гэх мэтээр доромжлоод маргалдахаар нь би, “юу гээд байгаа юм бэ” гээд хажуунаас нь ороход Ж намайг нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би барьж аваад зодолдсон. Яг хаана нь хэдэн удаа цохисон гэдгээ санахгүй байна. Би нэлээд их хэмжээгээр согтсон байсан. Тэгээд нэг сэргэхэд манай найз Баяржаргал, Бямбацэрэн нар намайг болиулсан. Тэгэхэд Ж-тэй хамт явж байсан залуу баруун тийш зугтаахаар нь би, “бариад аваарай” гэж хэлэхэд, Баяржаргал хойноос нь гүйгээд 20-р байрны хажууд очоод барьж авсан. Би араас нь эхнэртэйгээ хамт очиход хажуугаар явж байсан танихгүй хүмүүс “боль” гэхээр нь больсон...” гэжээ. /хх 29/
Хохирогч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 04-05 шилжих шөнө 23 цагийн үед “Дүүрэн” баарны гадаа Э-тэй маргасан. Тэр орой найз Төгсжаргалтай хамт “Тулга” караокед хэдэн пиво уусан юм. Тэгээд гараад тамхи татаж байтал хажуугийн “Дүүрэн” бааранд таньдаг хүн орох шиг болохоор нь араас нь дагаад орсон. Дотор ороход зөөгч нь “манайх хааж байна” гэж хэлсэн. Би буцаад гараад ирэхэд цуг явж байсан Төгсжаргалтай хүмүүс муудаж байсан. Болиулах гээд очоод Э-д зодуулсан. Зодуулсны дараа юу болсон гэдгийг сайн санахгүй байна. Таксины жолооч гэрт хүргэж өгсөн гэв.
Гэрч Б.Ариунзаяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр ах надад хандаж “дуугүй бай, гичий минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь Э уурлаад “эхнэр юу гээд байна” гээд очиход тэр ах эхлээд Э-г бариад авсан тэгээд Э тэр залуутай зодолдож 2-3 удаа гараараа цохиод унагаагаад дээрээс нь 1-2 удаа өшиглөхөд хойд талаас нь Баяржаргал, Бямбацэрэн хоёр ирээд Э-ийг болиулсан...” гэжээ. /хх 16/
Гэрч Ц.Бямбацэрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг очиход “Дүүрэн” баарны гадаа тэр Ж гэдэг залуу Э-тэй зодолдоод байж байсан. Тийм болохоор Э тэр залуугийн нүүр рүү цохисон байх, намайг очсоноос хойш Ж гэх ахыг цохиж зодсон хүн байхгүй...” гэжээ. /хх 14-15/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 68 тоот нэмэлт дүгнэлтэд: “1.Г.Жавхлантөгсийн биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүд, баруун зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, дээд зовхины зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа болон тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 80/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Гэрч Т.Төгсжаргал /хх 11-12/, Ц.Бямбацэрэн /хх 14-15/, Б.Ариунзаяа /хх 16/, Э.Ундраа /хх 17/, Б.Баяржаргал /хх 18/ нарын гэрчээр болон хохирогч Г.Жавхлантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор /хх 7-8, 11-10, 78/, шүүгдэгч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн /хх 13/ мэдүүлгүүд, Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 4/, Яаралтай тусламжийн хуудас /хх 22/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 31-32/, Хохирлын баримтууд /хх 33-43, 84-94, задгай 1ш/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх 47-48/, Эд зүйлийн үнэлгээ /хх 51/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 54/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56-57/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ 2018 оны 01 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Дүүрэн” баарны гадна хохирогч Г.Жавхлантөгстэй эхнэрийгээ “гичий” гэж хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүд, баруун зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, дээд зовхины зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
Шүүгдэгч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай үйлдлээ хүлээн мэдүүлсэн “...Баарнаас гараад үүдэнд нь зогсож байхад манай эхнэрийг Жавхлантөгс “гичий” гэх мэтээр доромжилсноос маргалдах болсон. Би нэлээн их хэмжээгээр согтсон байсан. Яг хаана нь хэдэн удаа цохисон гэдгээ санахгүй байна. Тэгээд нэг сэргэхэд манай найз Баяржаргал, Бямбацэрэн нар намайг болиулсан...” /хх 29, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотолсон:
Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч Г.Жавхлантөгсийн “...Төгсжаргал хэдэн залуучуудтай маргалдаад байж байхаар нь би очоод болиулах гээд Э-ийн куртикнээс нь татаад “юу болоод байгаа юм бэ” гэхэд, надад хандаж “чамд хамаагүй” гэж хэлээд над руу дайраад миний куртикийг татаж ханзалсан. Тэгээд баруун нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би хагас суугаад босч ирэхэд дахин нэг удаа гараараа нүүр рүү маань цохисон. Тэгэхэд би газарт унасан, дээрээс өшиглөж байгаад болиод яваад өгсөн...” /хх 7-8, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,
Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Б.Ариунзаяагийн “...Баарны үүдэнд Э “найзыгаа авъя” гэж бахирахад хажууд зогсож байсан танихгүй хоёр залуугийн нэг нь “чиний найз гэж юу байдаг юм” гэж хэлэхээр нь би, “танд хамаагүй шүү” гэж хэлэхэд тэр ах надад хандаж “дуугүй бай гичий минь” гэж хэлсэн. Тэгэхэд Э уурлаад “эхнэр юу гээд байгаа юм” гээд очсон...Э тэр залуутай зодолдож 2-3 удаа гараараа цохиод унагаагаад дээрээс нь 1-2 удаа өшиглөхөд хойд талаас нь Баяржаргал, Бямбацэрэн хоёр ирээд Э-ийг болиулсан...” /хх 16/ гэх,
Гэрч Э.Ундраагийн “...Э тэр залууг “чи миний эхнэрийг юу гээд байгаая” гээд барьж аваад зодолдож унагаагаад дээрээс нь гараараа цохиод Э-ийн хоёр найз ирж болиулсан...” /хх 17/ гэх,
Гэрч Ц.Бямбацэрэнгийн “...Намайг очиход “Дүүрэн” баарны гадаа тэр Жавхлантөгс гэдэг залуу Э-тэй зодолдоод байж байсан...Э тэр залуугийн нүүр рүү цохисон байх намайг очсоноос хойш Жавхлантөгс гэх ахыг цохиж зодсон хүн байхгүй...” /хх 14-15/ гэх,
Гэрч Б.Баяржаргалын “...Баарны гадаа Э нэг залуутай барьцалдчихсан байхаар нь очоод бид хоёр салгасан...” /хх 18/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Г.Жавхлантөгсийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 4/, Яаралтай тусламжийн хуудас /хх 22/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 31-32/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх 47-48/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн биед “баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүд, баруун зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, дээд зовхины зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт /хх 21/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Э-ийн үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Хохирогч Г.Жавхлантөгсийн эрүүл мэндэд учирсан “Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүд, баруун зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны доргилт, дээд зовхины зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол нь түүнийг гараар цохиж, хөлөөр өшиглөсөн шүүгдэгч Г.Э-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч Г.Жавхлантөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Энэ гэмт хэргийн улмаас надад 5431300 төгрөгийн зардал гарсан. Цаашид ч эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Энэ хугацаанд Э 300000 төгрөг өгсөн. Үүнийг төлбөл зохих хохирлоос хасаж тооцохыг зөвшөөрнө. Үлдэх зардлаа нэхэмжилнэ...” гэжээ.
Шүүх, иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, хохирогч Г.Жавхлантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд хохиролтой холбогдуулж өгсөн нотлох баримтаас куртикний үнийг оролцуулан тооцоход нийт 267600 төгрөгийн хохирол бодитой учирсан нь орлогын баримт, зорчих тасалбар, эд зүйлийн үнэлгээ /хх 33, 35, 92, 51/-гээр; мөн шүүгдэгч нь хохирогч Г.Жавхлантөгсөд 300000 төгрөг төлсөн болох нь хохирол хүлээн авсан баримт /хх задгай 1ш/, хохирогчийн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд хохирогч Г.Жавхлантөгсийн нэхэмжлэлээс эмчилгээний болон замын зардал /шинжилгээний 10000, нүдний үзлэгийн 10000, цусны бүлэгнэлийн шинжилгээний 20000, шүүх эмнэлгийн шинжилгээний 8000, ирж очсон замын зардлын 189600, куртикний үнэ 30000 төгрөг/-д нотлох баримтаар тогтоогдсон 267600 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэстэй боловч шүүгдэгч нь 300000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэстэй байна.
Хохирогч Г.Жавхлантөгсийн 3101700 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Худалдан авсан бараа бүтээгдэхүүний нэр, үнийн дүн харагдахгүй, худалдан авагчийн нэр тодорхой бус, бусад баримтаар давхар нотлоогүй зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хохирогч нь 3101700 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас хоолны үнэ 12000 төгрөг, очергүй үзүүлэхэд бусдад өгсөн 80000 төгрөг, хүний харах эрхтнийг ноцтой хүнд гэмтээсэн учир 2000000 төгрөг гэх, нийт 2092000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хатагин овогт Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Э-д анхааруулсугай.
5. Эрүүгийн 1821000400021 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Жавхлантөгсийн 5431300 төгрөгийн 267600 /хоёр зуун жаран долоон мянга зургаан зуу/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч хохирогчид төлсөнд тооцож, нэхэмжлэлээс 3101700 /гурван сая нэг зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэж, нэхэмжлэлээс 2092000 /хоёр сая ерэн хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ