| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2025/00024/И |
| Дугаар | 193/ШШ2025/00101 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 193/ШШ2025/00101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 онд ******* суманд 8 жилээ төгссөн. 1985 оноос 1988 он хүртэл *******д экскаваторчин мэргэжлээр 3 жил сурсан. 1988 онд 6 сард сургуулиа төгсөөд Баян-Өлгий аймгийн нүүрсний уурхайд засварчнаар намайг тэр үед явуулж байсан. 1988 оны 10 сард цэрэгт татагдаж явж ирэхэд уурхай хувьчлагдсан байсан. Тэгээд ажилд орохгүй байж байгаад 2002 онд Экскаваторчин авна гэсэн зарын дагуу “ ХХК”-нд 6 дугаар сарын дундуур ажилд орсон. Ажилд орох үед Экскаваторын хүнд машин механизмын засварчин гэсэн орон тоон дээр ороод, 2004 оны 01 дүгээр сарын 01-ээс экскаваторчин гэдэг ажилд томилогдсон. Энэ хугацаанд Завхан аймгийн Солонготын давааны замыг 2002 онд засаж байсан тэнд анх ажилд орсон. 2004 онд Хэнтий аймгийн Мөрөн чиглэлийн Дуутын давааны 50 км зам дээр ажилласан, 2007 онд Төв аймгийн Лүнгийн зам дээр ажилласан, 2007 ондоо тэндээсээ бид нар дахиад Архангай аймгийн Өлзийт сумын зам дээр очиж ажилласан, Архангай аймгийн Өндөр улаанын зам дээр ажилласан, 2009 оноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгой төслийн зам дээр ажилласан. Тэндээ 2-3 жил ажиллаад 2011 оны 06 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд намайг 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ХХК-нд экскаваторчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нийслэлийн Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, ХХК-ийн захирлын 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 41 дугаартай “арга хэмжээ авах тухай” тушаал, өөр ажилд томилон ажиллуулах тухай 2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дугаартай тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, талархал, 4 ширхэг гэрэл зураг, гэрч Б., Н., Н. нарын мэдүүлэг, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, даатгуулагчдын нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийн тооцооны хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.******* нь 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ХХК-нд экскаваторчноор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Экскаваторын оператор ажилтай Н.*******ийг арга хэмжээ авсан ХХК-ийн захирлын 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 41 дугаартай “арга хэмжээ авах тухай” тушаал, *******гийн *******ийг 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс экскаваторчноор томилсон ХХК-ийн захирлын 2004 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 214 дугаартай “өөр ажилд томилон ажиллуулах тухай” тушаал, гэрэл зургууд, Н.*******ийн 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Налайх дахь Түлш эрчим хүч Геологийн техник мэргэжлийн дунд сургуулийг экскаваторын машинчийн ангид сурч төгссөн талаар бичсэн бичилт, Н.*******ийн экскаваторын машинч мэргэжлийн 4 зэрэг олгосон диплом, Сүхбаатар дүүргийн Нийгмийн Даатгалын газраас хуулбарлан ирүүлсэн Н.*******ийн 2004 оны 6 сар, 2005 оны 5 сар, 2007 оны 10 сар, 2008 оны 5 сар, 2009 оны 10 сар, 2010 оны 10 сар, 2011 оны 1 саруудын даатгуулагчийн нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэлийн тооцооны хуудсын бүртгэлд Н.*******ийг экскаваторчин гэж бичсэн, нийгмийн даатгалын дэвтэр, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч би 2006 онд ХХК-д ажилд ороход Н.******* экскаваторчноор ажиллаж байсан. Би 2017 онд ажлаас гарсан харин Н.******* 2011 онд ХХК-с ажлаас гарсан гэх мэдүүлэг, гэрч Б.ийн … Н.*******той 2008 оноос хамт ХХК-д ажиллаж байсан. Би 2020 онд тэтгэвэрт гарсан, Н.******* 2011 онд ажлаас гарсан. 2008 онд Архангай айгийн Өлзийт суманд 22 км авто зам барих ажил, 2009-2011 онд Ханбогд Оюутолгойн замын ажилд хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Н.гийн … Би 2001 онд ХХК-д экскаваторын операторчнаар ажилд орсон. Н.******* 2002 онд ажилд орж байсан байх. Завхан аймгийн Солонготын авто замын ажилд хамт ажиллаж байсан. 2004 онд Хэнтий аймгийн Дуутын давааны авто замд, Мөрөнгийн чиглэлийн замд, Чулуут, Лүн, Дашинчилэнгийн замын ажилд бид хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ХХК-ний эрхлэх үйл ажиллагааны мэдээлэлд зам гүүр барих, машин механизмын түрээс, худалдааны зуучлал, гадаад худалдаа, барилга угсралт гэж, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд Б., Г., үүсгэн байгуулагчийн мэдээлэлд Б. гэж бүртгэгдсэн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Мөн хуулийн 5.1.5. … хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ гэж зохицуулсан байна.
Нэхэмжлэгч Н.******* нь хүнд нөхцөлд ажиллаж байснаар тэтгэвэр тогтоолгохын тулд шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн байна.
Иймд дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Н.*******ийг 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ХХК-д экскаваторчноор ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ийг 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ХХК-д экскаваторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА