Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/47

 

Ш.Мөрөнд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

 Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

Шүүгчид     Г.Давааренчин                                  

        Д.Буянжаргал

   Оролцогчид:

Прокурор                      Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч                        Ш.Мөрөн

Шүүгдэгчийн өмгөөлөгч   Р.Атарцэцэг

Хохирогч                           Ч.Туул

Хохирогчийн өмгөөлөгч   П.Батжаргал                                                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт Ваанжил овогтой Шижир-Эрдэнийн Мөрөнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1833000960073 дугаартай, 150/2019/0021/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, “Оч” их сургуулийн 1 дүгээр курсэд сурдаг, оюутан, ажилгүй, ам бүл 3 ээж, эмээгийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19-р хороо Тахилтын 1 дүгээр гудамжны 148 тоотод оршин суух хаягтай, Ваанжил овогт Шижир-Эрдэнийн Мөрөн. /УХ00260431/

          Холбогдсон хэргийн талаар: Ш.Мөрөн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 59-60 дахь тэмдэгтэд Дюна загварын 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 22.6 Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна. 6.Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх. 6.2 Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. 6.3 Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч иргэн Ч.Туулын биед баруун хөлний шилбэний шаант ясны үе дайрсан битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор:

          - Шүүгдэгч Ваанжил овогт Шижир-Эрдэний Мөрөнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          - Шүүгдэгч Ш.Мөрөнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ш.Мөрөнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж,

          - Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч Ч.Туулын гэм хорын хохиролд нэхэмжилсэн 7.359.958 төгрөгнөөс нотлох баримтын шаардлага хангаагүй, гэм хорын хохиролд хамаарахгүй 550.830 төгрөгт холбогдох хэсэг, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч П.Сондорын хууль ёсны төлөөлөгч А.Номин-Эрдэний П.Сондорын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 553.500 төгрөгнөөс нотлох баримтгүй 365.000 төгрөгт холбогдх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 3.404.564 төгрөг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 2.444.564 төгрөг /хохирогч Ч.Туулд өгсөн 960.000 төгрөгийг хасч тооцов/ гаргуулж хохирогч Ч.Туулд, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 3.730.000 төгрөг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 3.730.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Анхзаяад, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 315.834 төгрөг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 315.834 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Номин-Эрдэнэд, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 94.250 төгрөг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 94.250 төгрөг гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч П.Сондорын хууль ёсны төлөөлөгч А.Номин-Эрдэнэд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 09 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Гантулгын гуйлтаар надтай хамт Булган аймаг руу яваад ирээч гэхэд нь хамт явсан. Тэр өөрөө уг машиныг жолоодож явсан. Тэгээд шатахуун түгээх станцаас шатахуун авна гэж байсан боловч машин бензин байхгүй замдаа зогссон. Гэтэл Гантулга намайг чи руль дээр суугаадах АЭрдэнэбаяр бид хоёр машиныг түлхье гэсэн боловч өөд газар байсан тул машин хөдлөхгүй руль нь маш хатуу байсан тул болохгүй байна гэж би хэлсэн, тэгэхэд за буугаад ир 3-уулаа Хөтөл сум явбал арай ойрхон байна гэж хэлээд Гантулга машинаа түгжээд бид 3 замаар алхсан. Тэгээд эргээд ирэхэд осол гарсан байсан. Явахаасаа өмнө би Гантулга ахад тус болж жалганаас машины эвдэрсэн гупер олжөгч машиныхаа ард нилээн зайтай тавьсан. Тухайн үед Гантулга ах ослын тэмдэг байхгүй, бензиний дайчиг ажиллахгүй байна гэж маш их уурлаж байсан. Гэтэл мөрдөн байцаалтын үед намайг машин барьж явсан болгож өөрөө дүү Гантогтохынхоо нэрээр жолооч болж ярьж байсан, тэр нэрээр мэдүүлэг өгсөн. Чи бага хүүхэд чамайг машин барьж явсан болгоно шүү гэж хэлж байсан атлаа тэгэж мэдүүлэг өгүүлэнгүүтээ намайг орхиод алга болсон. Тиймээс миний бие Гантулгад гомдолтой, тэр хүн өөрөө л машинаа барьж явсан, түүнчлэн жолооны эрхгүй явсан байдлыг дараа нь мэдсэн. Би хүний өмнөөс хэрэг үүрч хэрэгтэн болох цаашилбал хүмүүсийн төлбөрийг төлөх байдалд ормооргүй байна.

          Шүүх хуралд Гантулга огт ирээгүй, би ганцаараа шүүх хуралд оролцсон, ингэж ял зэмлэл хүлээнэ гэж бодоогүй явсан юм. Тиймээс би үнэн учраа бичлээ.

          Шийтгэх тогтоолд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэх шинжээчийн дүгнэлтийг баримталсан байдаг. Гэтэл 2 дүгнэлт гарсан. Эхний дүгнэлтэнд хохирогч Туулыг замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн байсан. Гэтэл одоо би ганцаараа 100% буруутан болж байгаад гомдолтой байна.

          Би өмгөөлөгч Болормаагөмгөөлөгчөөр авсан байсан. Шүүх хуралд өмгөөлөгч маань ирээгүй байсан. Гэтэл чиний зүйл анги хөнгөн бүгд цугларсан байна чи өмгөөлөгчгүй орж болно гэж шүүхийн туслах болон зааланд байсан хүмүүс бүгд хэлсэн тул надаас хүсэлт гэж бичүүлж аваад шүүх хурал хийсэн. Би өөрийнхөө талаар юу ярьсан тэр хүмүүсийн ярьж байгаа зэргийг тухайн үед айдастай байсан учраас юу ч ойлгоогүй өөрийгөө хамгаалах хүнтэй ороогүйдээ харамсаж байна.

          Тиймээс хэргийн буруутай этгээдийг тогтоон эрүүгийн хариуцлага оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, шийтгэх тогтоолыг хянаж үнэнийг олж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1.1 дэхь заалт болон 1.3 дахь заалтанд заасанчлан уг шийтгэх тогтоол хууль зөрчиж гарсан учир хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байна. 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй шийтгэх тогтоол гарсан байна гэж үзэж байна мөн тус хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтанд дүгнэлтэнд ноцтой нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй шийдвэр гаргасан байна.

            Тухайн шийтгэх тогтоолд уг гэмт хэрэгт хэзээ, хэн үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, мэдүүлэг эргэлзээтэй байхад анхан шатны шүүх Ш.Мөрөнг гэм буруутай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Хэрэгт авагдсан №06 дугаар болон №025 дугаартай шинжээчийн дүгнэлт байхад зөвхөн №06 дугаартай шинжээчийн дүгнэлтийг баримталж шийдвэр гаргасан байна. Уг 2 дүгнэлт хоорондоо зөрүүтэй байгаа. №25 дугаартай  шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж няцааж байгаа үндэслэлүүдээ шүүх тайлбарлаагүй байгаа нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Тухайн хэрэг гардаг өдөр уг машиныг хэн барьж явсан мөн тухайy барааг хэн хүргэж өгөх ёстой болон тээвэрлэлтийн гэрээг хэн хийсэн эсэхийг  тогтоогоогүй байна. Мөн өсвөр насны хүн заавал өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө гэсэн заалтууд зөрчигдөж байгаа нь хэрэгт авагдсан шүүгдэгч Ш.Мөрөнгийн 4 удаагийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтийг нэмэлт болон давтан шинжилгээ гэж 2 төрлөөр хийнэ гэж заасан байдаг. Ямар тохиолдолд давтан шинжилгээ хийдэг вэ гэхээр эхний шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан тохиолдолд давтан шинжилгээ хийснийг шүүх үндэслэл болгон шийдвэр гаргасан байна. Шүүгдэгч Ш.Мөрөнд шүүх тулган шахсан зүйл байхгүй. Тухайн шүүгдэгч өөрөө өмгөөлөгчгүй орьё гэсэн саналтай байсан учир анхан шатны шүүхэд өмгөөлөгчгүй орсон. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Прокурор шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Прокурорын зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, гэрч хохирогчийн мэдүүлэг дээр үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн. Тийм учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ш.Мөрөн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай засмал замын 59-60 дахь тэмдэгтэд Дюна загварын 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 22.6 Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна. 6.Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх. 6.2 Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. 6.3 Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч иргэн Ч.Туулын биед баруун хөлний шилбэний шаант ясны үе дайрсан битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум Дундын Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор:

            - Шүүгдэгч Ваанжил овогт Шижир-Эрдэний Мөрөнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            - Шүүгдэгч Ш.Мөрөнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ш.Мөрөнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж,

            - Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч Ч.Туулын гэм хорын хохиролд нэхэмжилсэн 7.359.958 төгрөгнөөс нотлох баримтын шаардлага хангаагүй, гэм хорын хохиролд хамаарахгүй 550.830 төгрөгт холбогдох хэсэг, насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч П.Сондорын хууль ёсны төлөөлөгч А.Номин-Эрдэний П.Сондорын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 553.500 төгрөгнөөс нотлох баримтгүй 365.000 төгрөгт холбогдх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 3.404.564 төгрөг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 2.444.564 төгрөг /хохирогч Ч.Туулд өгсөн 960.000 төгрөгийг хасч тооцов/ гаргуулж хохирогч Ч.Туулд, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 3.730.000 төгрөг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 3.730.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Анхзаяад, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 315.834 төгрөг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 315.834 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Номин-Эрдэнэд, шүүгдэгч Ш.Мөрөнгөөс 94.250 төгрөг, иргэний хариуцагч П.Ганзоригоос 94.250 төгрөг гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч П.Сондорын хууль ёсны төлөөлөгч А.Номин-Эрдэнэд тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ш.Мөрөнгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ш.Мөрөнд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийг хэн үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь: Иргэн П.Гантулгын эзэмшлийн Дюна загварын 02-31 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний томилсон буюу өөрөө шилжүүлэн өгсөн П.Ганзориг ашиглан Улаанбаатар хотоос Булган аймаг руу ачаа тээвэрлэх явцад тухайн гэмт хэрэг гарсан бөгөөд Ш.Мөрөн нь уг тээврийн хэрэгслийг П.Ганзоригийн зөвшөөрлөөр түр жолоодож явах хугацаанд шатахуун дууссаны улмаас зайлшгүй зогсолт хийж, П.Ганзоригтой хамтран тээврийн хэрэгслийг зам дээр байрлуулж, машинд ослын тэмдэг байгаагүй тул өөрийн санаачлагаар машины ар талд тодорхой зайнд  машины эвдэрхий буфер байрлуулсан болох нь тогтоогдож байх тул Ш.Мөрөн нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан жолооч мөн эсэх, ямар үндэслэлээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн   22.6 ...Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна..., 6. Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх. 6.2 Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. 6.3 Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.. гэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргасныг мөрдөн байцаалтын явцад нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1,1.1, 39.6 дугаар зүйлийн 1,1.2, 39.9 дүгээр зүйлийн1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ш.Мөрөнд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдв27.10.эрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

    ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

       Д.БУЯНЖАРГАЛ