Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.овогт Н-ийн Д холбогдох 1803000010039 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин, хувиараа  хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... аймгийн ............... сум ........ дугаар баг .............гудамж ...........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.овогт Н-ийн Д/РД: ЧЙ...................../

 

Шүүгдэгч  Н.Д нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний 19 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын орон нутгийн билетийн кассан дотор А.Батбэхийг нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Н.Д нь А.Батбэхийг нүүрэн тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч А.Батбэхийн “Би 2017 оны 10 дугаар сарын 04-ний оройн 19 цагийн үед Орхон аймаг явж ажил хийхээр болоод Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний буудлын орон нутгийн билет касснаас оройн 20 цаг 20 минутын үед Эрдэнэт явах суудлын галт тэрэгний билет авах гээд билет кассанд оочерлоод зогсож байсан чинь манай арван жилийн нэг ангид хамт сурч байсан Должинбат гээд залуу билет касс руу ороод ирэхээр нь сайн уу гээд би түүнтэй мэндлээд за чи хаашаа явах гэж байгаа гэтэл Сэлэнгэ явах гэж байна гэхээр нь за тэгвэл чи миний урдуур ороод билетээ бичүүлээд авчих гээд өөрийнхөө урдуур оруулсан. ... Би бид хоёр чинь бараг нэг нэгнээ уусан байхыг харж байгаагүй юм байна шүү гэж хэлэхээр нь би хоёулаа урьд өмнө Далай багшийг ирэхэд нэг уулзаж байсан биз дээ чи тэр үед цагдаа ирэхэд ааваараа түрий бариад үлдсэн шүү би харин цагдаа руу явсан гэж хэлсэн чинь тэрэнд уурлаад миний хамар луу мөргөсөн. Би түүнийг чи яагаад хүний хамар луу мөргөж байгаа гэж хэлэхэд шууд тоохгүй цаашаагаа гараад явсан. Миний хамраас цус гараад вокзалын ариун цэврийн өрөө орсон бөгөөд тухайн үед тэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарт болсон асуудлыг хэлээд Должинбатыг вагонд сууж байхад бариад эрүүлжүүлэхэд хийсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

“... Миний биеийн байдал одоо зүгээр байна. Тухайн үед би биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан байсан. Одоо ямар нэгэн өвдөж шаналж байгаа зүйл алга байна. Н.Д миний хохирол болох эмчилгээний зардал гэж 350.000 төгрөгийг бэлнээр төлсөн учир надад ямар нэгэн гомдол санал алга байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Гэрч Р.Батбаярын “Би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар төмөр зорчигч үйлчилгээний төв буудал дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Оройн 19 цагийн үед орон нутгийн билет кассан дотор билет бичүүлж байсан нэг эрэгтэй зодуулчихлаа гэсэн дуудлага өгсөн. Үүний дагуу тухайн хүн дээр очиж шалгахад Александр овогтой Батбэх нь Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэрэгний тасалбар авах гэж  байгаад өөрийн хуучин арван жилд хамт нэг ангид сурч байсан найз болох Н.Д гэдэг хүнд хамар руугаа мөргүүлсэн байдалтай хамарнаас нь цус гарсан байсан. Үүний дагуу шуурхай ажиллаж тухайн хүнийг Дархан-Шарын гол чиглэлийн галт тэрэгнээс барьж авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12858 дугаартай:

“1. А.Батбэхийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 13 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Н.Дын яллагдагчаар өгсөн “Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Улаанбаатар хотод найзынхаа машиныг засах гээд 2017 оны 09 дүгээр сарын дундуур ирсэн. ... Вокзал дээр ирээд билет кассанд тасалбар бичүүлэх гээд ороход манай арван жилийн нэг ангид хамт сурч байсан Батбэх гэдэг залуу билет касс дээр тасалбар бичүүлэх гээд оочерлоод зогсож байхаар нь түүн дээр очиж хэсэг юм ярьж байгаад түүний урдуур нь ороод билетээ бичүүлсэн. ... Бид хоёр арван жилийн нэг ангийн хүүхдүүд байсан бөгөөд сургуулиа төгсөөд нэг нэгтэйгээ уулзаж байгаад сая 10 жилийн өмнөөс огт уулзаагүй байж байгаад өчигдөр уулзсан. Уг нь би уулзаагүй удсан болохоор хэсэг ойр зуурын юм яриад байж байсан чинь өнгөрсөн баларсан сонин, сонин юм яриад байхаар нь уурандаа түүнийг мөргөчихсөн. Тэрнээс өөр ямар нэгэн цохиж зодсон асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Должинбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, хохирогч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

  

   Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дыг 450 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдав.

                                                                          

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.овогт Н-ийн Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Н.Дыг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Н.Д торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Д баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Дад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ