Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/00610

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00278 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г И ББСБ ХХК-ийн хариуцагч Г ХХХК, Д.М, Ж.Н нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 296,705,747 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г ХХХК, Д.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сарантуяа, хариуцагч Г ХХХК, Д.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.М, Г ХХХК, Ж.Н нар нь 2018 оны 11 сарын 06-ны өдөр ЗГ-18/120 тоот зээлийн гэрээ, БГҮ-18/120 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 150,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэйгээр Г И ББСБ ХХК-аас авсан. Зээлийг Д.М, Ж.Н нарын хүсэлтээр Ж.Над олгосон. Зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 01 сарын 25-ны өдөр ЗГ-18/120а тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн үлдэгдэл болох 149,995,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан. Зээлдэгч Д.М, Г ХХХК, Ж.Н нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүрч манай компанид хүндрэл учруулж байсан тул зээлдүүлэгчийн зүгээс гэрээний 5.1.4, 5.1.5, 5.1.6, 7.3 заалтуудын дагуу гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх, байгууллагын хохиролгүй болгох тухай мэдэгдэх хуудсыг зээлдэгчид удаа дараа хүргүүлж байсан болно. Зээл шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00342 дугаар шийдвэрээр Д.М, Г ХХХК-ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг 2020 оны 04 сарын 17-ны өдөр олж тогтоосон тул дахин нэхэмжлэл гаргасан.

Иймд Г И ББСБ ХХК нь зээлдэгч Д.М, Г ХХХК, Ж.Н нараас 2018 оны 11 сарын 06-ны өдрийн ЗГ-18/120 тоот зээлийн гэрээ, 2019 оны 01 сарын 25-ны өдрийн ЗГ-18/120а тоот гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 149,995,000 төгрөг, 2020 оны 09 сарын 21-ний өдөр хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүд 146,710,747 төгрөг буюу нийт 296,705,747 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн хариуцагч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 38 гудамж, 435а тоот хаягт байршилтай, 1,200 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011734 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 38 гудамж, 435а тоот хаягт байршилтай, 664 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Г-2203001183 дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газраар тус тус хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г ХХХК, Д.М нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014 онд анх зээлийн гэрээ байгуулсан гэдэг. Д.М, Г ХХХК нар зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь үнэн боловч мөнгийг авч ашиглаагүй тул буцаан төлөх үүрэг үүсэхгүй. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар зээлийн данс нээж түүндээ зээлийг шилжүүлж олгох ёстой байтал Ж.Над зээлийг олгосон байдаг. Зээлийг дансаар олгосон, эсхүл бэлнээр өгсөн аль болох нь тодорхойгүй. Д.М, Г ХХХК нар нь Ж.Нтай мөнгөний тооцоотой учраас зээлийн гэрээнд гарын үсэг зураад байгаа юм. Зээлээс нэг ч төгрөгийг Д.М болон Г ХХХК аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Аваагүйгээ нотолно гэж байх боломжгүй. Нэхэмжлэгч Ж.Над өгсөн гэнэ, Ж.Н манайд өгөөгүй тул түүнээс шаардах нь зөв. Нэхэмжлэгч нь Д.М, Г ХХХК нарт зээл олгосон нь нотлогдохгүй, тэгээд ч ББСБ-ын үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь тодорхойгүй, сунгасан гэрээнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар ойлгомжтой, тодорхой тусгаагүй тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.1-д зааснаар стандарт нөхцөлийн салшгүй хэсэг болсон тодорхойгүй заалт нь хүчин төгөлдөр бус байх ёстой. Ингэснээр хүү тохирсон гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан талаар 2019 оны 11 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тул гэрээ цуцлагдсан хугацаанаас хойш уг гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно.

Иймд Д.М, Г ХХХК нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Н хариу тайлбартаа: Ж.Н нь зээлийн гэрээ, барьцааны гэрээнд Д.М, Г ХХХК-ийг батлан дааж гарын үсэг зурсан болохоос зээлийг аваагүй учир нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г ХХХК, Д.М, Ж.Н нараас 296,705,747 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Г И ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч нар нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Д.Мын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2203001183 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 36 дугаар гудамж, 435а тоотод байршилтай 664 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011734 дугаарт бүртгэлтэй, 1,200 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г И ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,869,628.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХХК, Д.М, Ж.Н нараас 1,711,678.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г И ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г ХХХК, Д.М нар давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээл олгохоор заасан. Ийнхүү олгоогүй бол хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх бий болохгүй бөгөөд гагцхүү олгосон мөнгөө буцаан шаардах эрх бий болно. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2018 оны 11 сарын 06-ны өдөр 150 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгч ББСБ-аас төлөөлөн гүйцэтгэх захиал Б.Пүрэвмаа, нөгөө талаас Г ХХХК төлөөлөн гүйцэтгэх захирал Д.М, үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгчээр иргэн Д.М, Ж.Н нар бичгээр хийсэн байдаг. Талууд гэрээг бичгээр байгуулсан тохиролцоог нотлох болохоос тухайн гэрээний үүрэг бүрэн хэрэгжсэн гэж нотолдоггүй. Иймээс хэргийн нөхцөл байдалд зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн эсэх аль зээлдэгч нь мөнгийг авсан эсэх, мөнгийг буцаан төлсөн эсэх нь чухал ач холбогдолтой юм.

Анхан шатны шүүх зээлийг Ж.Над олгосон нь нотлогдож байна гэсэн талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн 2018 оны 11 сарын 06-ны өдрийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжтой гэж нотолж байгаа болохоос тухайн баримтын дагуу үйл баримт болсон гэж нотлохгүй. Тухайн үед байсан этгээдүүд нь мөнгийг бэлнээр өгөх гэж байгаад бэлнээр өгсөн тухай баримтыг үйлдсэний дараагаар өгөөгүй ч байж болох эсхүл баримт үйлдсэн боловч мөнгө өгөөгүй ч байж болох юм. Иймээс тухайн баримтын нотолгооны ач холбогдлыг үнэлж дүгнэхэд тухайн үед байсан этгээдүүдийн тайлбар чухал ач холбогдолтой байна. Шүүх хуралдааны явцад Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Ж.Над мөнгийг бэлнээр өгөх гэсэн боловч ийм их хэмжээний мөнгийг бэлнээр авч явах нь эрсдэлтэй гээд дансаар авсан гэх тайлбарыг гаргасан (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэж бодож байна). Мөн хариуцагч Ж.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэл тогтоогдохгүй тайлбарыг гаргасан. Мөнгийг зээлүүлсэн хүн нь бэлнээр өгөөгүй гээд тайлбарлаад байхад шүүх өмнөөс нь бэлнээр өгсөн байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нь нотлох баримтад хуульд заасны дагуу үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргах учиртай. Иймээс мөнгийг ямар хэлбэрээр хариуцагч нарт өгсөн талаар үндэслэл бүхий нотлох баримтад үндэслэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх нь 2018 оны 11 сарын 06-ны өдөр Ж.Н бэлнээр 150,000,000 төгрөгийг авсан гэж дүгнэснээрээ нэг мөнгөн төлбөрийн асуудлаар нэг этгээдийг хоёр удаа өр (300,000,000 төгрөгийн) төлбөрт орох асуудлыг үүсгэж байгаа юм. (Энэ шүүхийн шийдвэрээр 150,000,000 төгрөгийн өр төлбөрт, нэхэмжлэгч дансны хуулгын дагуу дахин нэхэмжлэл гаргавал дахин 150,000,000 төгрөгийн өр төлбөрт орох нөхцөлийг бүрдүүлж хариуцагчаар оролцож буй этгээдийг илтэд хохироож нэхэмжлэгчид давуу байдлыг олгосон) Анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдал, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талууд нь хуулийн хүрээнд гэрээг байгуулах эрхтэй. Хуульд нийцүүлэн хийгээгүй хэлцэл нь Иргэний хуулийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцлийн шинжийг агуулсан тул хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг. Уг хэлцлийг хийсэн этгээд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байдаг.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. (Уг хэм хэмжээ нь талууд өөрчилж үл болох императив хэм хэмжээ байна)

Императив хэм хэмжээ нь тухайн эрх зүйн харилцаанд оролцогчдын өөрчилж үл болох зайлшгүй дагаж мөрдөх хэм хэмжээ байдаг. Диспозитив хэм хэмжээ нь талууд хэлэлцэн тохиролцож өөрчилж болох уян хатан хэм хэмжээ байдаг. Иргэний хууль болон бусад хуульд талуудын өөрчлөн тогтоож болох эрх зүйн хэм хэмжээг хуульчлахдаа гэрээнд өөрөөр заагаагүй бол... нөхцөлийг оруулж талуудын өөрчилж болох хэм хэмжээг диспозитив хэм хэмжээг хуульчилсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан хэм хэмжээнд гэрээнд өөрөөр заагаагүй бол гэх нөхцөлийг хэрэглээгүй тул заавал дагаж мөрдөх императив хэм хэмжээ гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 2018 оны 11 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлдэгчид Г ХХХК-д шилжүүлэгдэх ёстой 150,000,000 төгрөг нь шилжүүлэгдээгүй, зээлдэгчийн нэр дээр ч данс нээгдээгүй байна. Иймээс дээрх 150,000,000 төгрөгийг зээлдэгчид олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс зээлийг шилжүүлэн өгөөгүй хүнээсээ шаардах хууль зүйн үндэслэлгүй тул Г ХХХК, .Мөнх-Очир нараас уг зээлийн гэрээний үүргийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Г И ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 307 дугаар тогтоолоор олгосон тусгай зөвшөөрлийн 1/400 дугаартай гэрчилгээгээр зээлийн үйл ажиллагаа явуулах эрхийг олж авсан, тусгай зөвшөөрөл хүчинтэй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас дахь нээлттэй бүртгэл /Г И ББСБ ХХК (frc.mn)-ийн мэдээллээр тогтоогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар түүнийг баримтаар нотлох шаардлагагүй гэж үзсэн болно гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан цахим хуудас нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх боломжгүй бөгөөд уг баримтын туйлын үнэн зөв гэж үзэхэд ч эргэлзээтэй юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авсан этгээд явуулахаар байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ гэж мөн зүйлийн 15.3.1-т банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно гэж заасан.

Хэргийн 28 дахь талд авагдсан 2014 оны 09 сарын 17-ны өдрийн дугаар 1/400 тоот баримтаас харвал 2014 оны 09 сарын 17-ны өдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос Г И ХХК-д олгосон байна. Уг хугацаанаас хойш сунгаагүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны Даргын 2016 оны 10 сарын 18-ны өдрийн 271 тоот тогтоол, 2017 оны 01 сарын 13-ны өдрийн 27 тоот тогтоол, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 441 тоот тогтоолоор Банк бус санхүүгийн үйл ажиллагааны доод хязгаарыг нэмэгдүүлэн тогтоосон байгаа юм. Гэтэл Г И ХХК нь уг хэмжээнд хүргэж бүртгүүлж байсан эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хугацааг тооцож үзвэл зээлийн гэрээг байгуулагдах үед (сунгаагүй гэж үзвэл) бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд уг хэлцлээр талууд харилцан солилцсон зүйлээ буцаан өгөх үүргийг бий болгодог. Нэхэмжлэгчээс хариуцагч Г ХХХК, Д.М нарт мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул мөнгөн хөрөнгийг шаардах эрхгүй байна.

Нөгөө талаар гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэж ойлгодог. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болдог. Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал нь 2019 оны 11 сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувиас харвал ...гэрээний 5.1.4, 5.1.5, 5.1.6, 7.3 заалтуудын дагуу гэрээг цуцалж... гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл дээрх зээлийн гэрээг хүчинтэй гэж үзсэн ч гэрээний эрх зүйн үйлчлэл нь 2019 оны 11 сарын 15-ны өдөр гэхэд аль хэдийн цуцлагдаж, дуусгавар болсон байна. Иймээс зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 11 сарын 15-ны өдрөөс хойших үүрэг шаардах эрхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г И ББСБ ХХК нь хариуцагч Г ХХХК, Д.М, Ж.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 258 625 184 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайт 36 гудамж, 435 а тоот хаягт байршилтай 664 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, 1,200 м.кв талбай бүхий хувийн сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн талаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг ихэсгэн үндсэн төлбөр 149,995,000 төгрөг, хүүгийн төлбөр 123,015,704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 23,695,043 төгрөг, нийт 296,705,747 төгрөг гаргуулахаар шаардсан байна. /хх1-2, 68-69/

 

Хариуцагч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Г ХХХК, Д.М нарын хувьд, зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, ашиглаагүй, нэхэмжлэгч байгууллага нь зээл олгосон гэх үедээ ББСБ-ын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх нь тодорхойгүй, зээлийн гэрээ цуцлагдсан талаар 2019 оны 11 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тул түүнээс хойш хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэх үндэслэл заан маргасан бол хариуцагч Ж.Н нь зээлийн гэрээ, барьцааны гэрээнд Г ХХХК, Д.М нарыг батлан дааж гарын үсэг зурсан, мөнгө аваагүй гэх агуулгаар татгалзлаа тус тус илэрхийлсэн байна. /хх1-2, 56-57, 68-69, 111/

 

Г И ББСБ ХХК нь Г ХХХК, Д.М, Ж.Н нартай 2018 оны 11 сарын 06-ны өдөр ЗГ-18/120 тоот Зээлийн гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийг сарын 3.9%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн, мөн өдөр Д.М, Ж.Н нартай БГҮ-18/120 тоот Барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээр дурдсан газар, хувийн сууц зэргийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон, улмаар 2019 оны 01 сарын 25-ны өдөр ЗГ-18/120а тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2019 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл сунгаж, Зээл, эргэн төлөлтийн хуваарь-ийг шинэчлэн баталсан үйл баримтыг хэргийн нотлох баримтад үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 120-122, 8-9, 123-126/

 

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа болон Барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн тухай, эдгээр гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 11 сарын 06-ны өдрийн Кассын зарлагын ордер /хх 17/, Зээлийн дансны хуулга /хх 128/ зэргээс үзэхэд зээлийн мөнгөн хөрөнгө болох 150,000,000 төгрөгийг хамтран зээлдэгч Ж.Над гэрээний 2.1.6-д заасны дагуу олгосон нь тогтоогдсон, улмаар түүний хүсэлтийн дагуу дансаар шилжүүлсэн гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй. Иймд зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэнд тооцно.

 

Нэхэмжлэгч Г И ББСБ ХХК-ийн хувьд хариуцагч Г ХХХК, Д.М, Ж.Н нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид буюу хамтран зээлдэгчид болох бөгөөд 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл хариуцагч нарын хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. Харин шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг хамтран зээлдэгч нар өөр хоорондоо хэрхэн хуваарилах, ямар хэмжээгээр хэн захиран зарцуулах зэрэг нь тэдгээрийн дотоод асуудал тул зээлдүүлэгчид хамааралгүй, ач холбогдолгүй.

 

Түүнчлэн, 2019 оны 01 сарын 25-ны өдрийн ЗГ-18/120а тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, түүний хавсралтад хариуцагч Д.М /Гантигхаус ХХК-ийн захирлын хувиар болон иргэний хувиар/, Ж.Н нар тамга дарж, гарын үсэг зурсан, мөн зээлийн эргэн төлөлтөд нийт 10,560,000 төгрөгийг буцаан төлж байсан зэрэг үйл баримтаар хариуцагч нарын тайлбар, татгалзал, давж заалдах гомдол давхар няцаагдаж байна. /хх 8, 9, 92-96, 187-193/

 

Иймд зээлийн мөнгөн хөрөнгийг аваагүй гэсэн хариуцагч Ж.Нын тайлбар, татгалзал, зээлийн мөнгөн хөрөнгийг авч, ашиглаагүй гэсэн хариуцагч Г ХХХК, Д.М нарын тайлбар, татгалзлыг тус тус үндэслэлгүй хэмээн үзэж, нэхэмжлэгч Г И ББСБ ХХК-ийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн дагуу зээлдүүлсэн мөнгөн хөрөнгө, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэв. Иймд зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Харин дээрх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн ч гэрээний эрх зүйн үйлчлэл 2019 оны 11 сарын 15-ны өдөр цуцлагдсан, дуусгавар болсон тул үүнээс хойш шаардах эрхгүй талаарх хариуцагч Г ХХХК, Д.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол агуулгын хувьд хангагдах боломжтой гэж үзлээ.

 

Учир нь, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 38,080,563 төгрөгөөр ихэсгэж /хх 68-69/, нийт 296,705,747 төгрөгийг шаардах болсон үндэслэлээ хариуцагчийн гэм буруутай үйлдлээс буюу хариуцагч нар нэхэмжлэл гардан авахаас зориудаар зугтаж, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж байж нэхэмжлэл гаргасан... гэх агуулгаар тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэл гардан авахаас зориуд зугтсан /хх 22/, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлагдсан /хх 24-25/, оршин суух хаягийг олж тогтоосон /хх 23/ зэрэг нь цаг хугацааны хувьд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2020 оны 05 сарын 12-ны өдрөөс өмнөх үйл баримтад хамаарч байхаас гадна хариуцагч Г ХХХК, Д.М нар нэхэмжлэлийн хувийг иргэний хэрэг үүсгэснээс хойш /хх 34/ 7 хоногийн дараа гардаж авсан /хх 52, 54/, хариу тайлбараа ирүүлсэн /56-57/ нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын тайлбарласан үндэслэлээр ихэсгэсэн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхээс ажиллагаа хийсэн цаг хугацаа, тус хуулийн дагуу зохигчдоос эрх, үүргээ хэрэгжүүлсэн цаг хугацааг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас хэтэрсэн хугацаа-нд шууд хамааруулан үзэх боломжгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн тооцоололд хариуцагч нар маргаагүй, уг тооцооллыг няцаасан тооцооллыг өөрсдийн зүгээс гаргаж өгөөгүй тул хариуцагч Г ХХХК, Д.М, Ж.Н нараас зээлийн үндсэн төлбөр 149,995,000 төгрөг, хүүгийн төлбөр 97,861,543 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10,768,641 төгрөг, нийт 258,625,184 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г И ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлоогүй, шүүх тодорхойлох боломжгүй үндэслэлээр дээр дурдсан 258,625,184 төгрөгийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарын хүлээх үүргийг тэнцүү гэж дүгнэж, тэдгээрт хувь тэнцүүлэн ногдуулсныг буруутгах боломжгүй.

 

Өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 сарын 06-ны өдрийн БГҮ-18/120 тоот Барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ учир үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв.

 

Хэргийн 28 дугаар талд авагдсан эрх бүхий байгууллагаас Г И ББСБ ХХК-д олгосон Тусгай зөвшөөрөл-д тодорхой хугацаа заагаагүй, хариуцагч талын гомдолд дурдагдсан 2014 оны 09 сарын 17 гэсэн хугацаа нь тусгай зөвшөөрөл дуусах хугацаа бус харин тусгай зөвшөөрлийг олгосон хугацаа байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г ХХХК, Д.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...296,705,747... гэснийг ...258,625,184... гэж, ...олгосугай... гэснийг ...олгож, үлдэх 38,080,563 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...1,711,678.3... гэснийг ...1,521,276... гэж тус тус өөрчилж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Г ХХХК, Д.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г ХХХК, Д.М нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,711,680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР