Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 71

 

 

 

2023       11        28                                            2023/ДШМ/71

 

Ц.Жамуухад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор М.Берикбол, шүүгдэгч Ц.Жамуух түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Жамуухад холбогдох эрүүгийн 2336000000111 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн Хар ямаат ургийн овогт Цэендоржийн Жамуух, 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 02 дугаар (Баатархайрхан) багийн 11-08 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пя90120736.

 

2. Шүүгдэгч Ц.Жамуух нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын 04 дүгээр (Цагаан-Эрэг) багийн нутаг дэвсгэр "Бичигтийн ам" гэх газраас хохирогч К.Сексенбайгийн өмчлөлийн 2 тооны хонь буюу бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 69-06 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгөтэй, "Hyundai porter-I" маркийн ачааны автомашинд ачиж буюу машин механизм ашиглан авч хохирогчид 270'000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас Ц.Жамуухын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч Хар ямаат ургийн овогт Цэендоржийн Жамуухыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэргийг машин механизм ашиглаж заасан мал хулгайлах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Жамуухыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Ц.Жамуухад оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.Жамуухын эзэмшлийн Хьюндай портер загварын 6906 XOY улсын дугаартай автомашиныг хураан авч худалдан борлуулж, олсон орлогыг улсын төсөвт шилжүүлж,

4.5. Шүүгдэгч Ц.Жамуух нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,

4.7 Шүүгдэгч Ц.Жамуухын эзэмшлийн Хьюндай портер загварын 6906 ХОY улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж,

4.8 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Ц.Жамуух түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт " бусдын малыг хулгайлсан бол" гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан "мал" гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг. Шүүгдэгч Ц.Жамуух нь хохирогч Сексенбайн 2 тооны хонийг буюу бог малыг хүч хэрэглэхгүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, авсан үйлдэл нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг хангаж байна гэжээ. Тэгвэл Ц.Жамуух нь замын хажууд байгаа 2 тооны хонийг авч явж байгаа нь хулгайлах гэмт хэргийн шинж гэж үзэж болох ба харин машин ашиглаж мал хулгайлах санаа зорилго байгаагүй учир анхан шатны шүүх нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шийдвэрлэх боломж байсан. Шүүгдэгч Ц.Жамуухыг эргэлзээтэй нотлох баримтаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчмыг мөн хуулийн 1.2-т заасан Хууль ёсны зарчмыг анхан шатны шүүх зөрчсөнд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 11-ний өдрийн 228 тоот шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1, 7 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоож чадаагүй байхад гэм буруутайд тооцож миний үйлчлүүлэгч Ц.Жамуухын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

6.Шүүгдэгч Ц.Жамуухын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1  Ц.Жамуух нь гэм буруугийн асуудлаар маргаагүй, хохирол бүрэн төлөгдсөн. Хоёр толгой хонь зүсээрээ хохирогчид буцаан олгогдсон. Ц.Жамуух нь ам бүл 3-лаа эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Бага насны хүүхэдтэй энэр нь хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, Ц.Жамуухаас өөр хөдөлмөр хэлдэг хүн байхгүй. Хэргийн бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Ц.Жамуухын хувийн байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Ц.Жамуухт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан ял нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байна.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч  Ц.Жамуух түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч  Ц.Жамуух түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гомдлыг хангаж, шүүгдэгч Ц.Жамуух түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос шүүгдэгч Ц.Жамуухыг 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын 4 дүгээр (Цагаан-Эрэг) багийн нутаг дэвсгэр “Бичигтийн ам гэх газраас хохирогч К.Сексенбайгийн өмчлөлийн 2 тооны хонь буюу бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар 69-06ХОҮ лусын дугаартай, цагаан өнгөтэй “Hyundai porter-I” маркийн авто машинд ачиж буюу машин механизм ашиглан авч хохирогчид 270,000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд  холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Жамуухын үйлдсэн хэргийн үйл барим тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд түүнийг 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

6. Шүүгдэгч Ц.Жамуух түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь “шүүгдэгчийн замын хажууд байсан 2 тооны хонийг авч явж байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж болох ч харин машин ашиглаж мал хулгайлах санаа зорилго байгаагүй учир хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6.1 Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.Жамуух нь анхнаасаа мал хулгайлах зорилгоор өөрийн эзэмшлийн “Hyundai porter-I” маркийн авто машин жолоодож явсан гэдэг нь тогтоогдоогүй боловч хохирогч К.Сексенбайгийн өмчлөлийн 2 тооны хонь буюу бог малыг хулгайлахдаа “үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашигласан” болох нь хөтөлбөргүй тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Жамуух түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын “хэргийн зүйчлэлийг өөрчлүүлэх”-ээр гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

7. Шүүгдэгч Ц.Жамуух түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь “анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

7.1 “Шүүгдэгч Ц.Жамуух нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч К.Сексенбайгийн өмчлөлийн 2 тооны хонийг буцааж өгсөн буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн, эхнэр болон бага насны хүүхдийн хамт амьдардаг” гэх хувийн байдал тогтоогдож байна.

7.2 Иймд “шүүгдэгч Ц.Жамуухын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан багасгаж, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Жамуух түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хангаж  шийдвэрлэх боломжтой байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.Жамуух түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч Ц.Жамуух түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн” гэсний дараа “ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан” гэж нэмж, “2 (хоёр) жилийн хугацаагаар гэснийг “1 (нэг) жилийн хугацаагаар” гэж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2 (хоёр) жилийн хугацаагаар гэснийг “1 (нэг) жилийн хугацаагаар” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Жамуух түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гомдлыг хангаж, шүүгдэгч Ц.Жамуух түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                                      ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                   ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР