| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2025/0053/З |
| Дугаар | 128/ШШ2025/0190 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0190
2025 03 12 128/ШШ2025/0190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А*******” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо
Хариуцагч: Боловсролын ерөнхий газар
Гуравдагч этгээд: “М*******” ХХК /РД:/ нарын хооронд “БШУЯ/2024 дугаартай “Сургуулийн барилга өргөтгөл, 160 суудал/Х аймгийн Г сум/-ын тендер шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн "М*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, "Боловсролын ерөнхий газар" болон "М*******" ХХК нарын хооронд байгуулсан УТ2401501301/БШУЯ/2024 тоот гэрээг хүчингүй болгох, А******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд, А******* ХХК-тай гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт тус тус даалгах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Г.С, хариуцагч Боловсролын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч “А*******” ХХК нь "БШУЯ/2024 дугаартай "Сургуулийн барилга өргөтгөл, 160 суудал/Х аймгийн Г сум/-ын тендер шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн "М*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, "Боловсролын ерөнхий газар" болон "М*******" ХХК нарын хооронд байгуулсан УТ2401501301/БШУЯ/2024 тоот гэрээг хүчингүй болгох, А******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд, А******* ХХК-тай гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт тус тус даалгах" гэж тодорхойлсон.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 10 дугаар 03-ны өдөр БШУЯ/2024 дугаартай “Сургуулийн барилгын өргөтгөл, 160 суудал /Х, Г сум/” төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг нээсэн.
2.2. Тус тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “А*******” ХХК, гуравдагч этгээд “М*******” ХХК, “Г м” ХХК, “Э и” ХХК, А” ХХК тус тус оролцсон байна.
2.3. Тус тендер шалгаруулалтад “М*******” ХХК шалгарч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А- дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлж, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А- дугаар албан бичгээр “А*******” ХХК-ийн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.5-д заасан эрэмбийн хоёрт эрэмбэлэгдсэн тул шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн.
2.4. Нэхэмжлэгч “А*******” ХХК тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 24/311 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан.
2.5. Сангийн яам уг гомдлыг хянан 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр “... захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна” гэж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.4. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. А*******" ХХК-ийн зүгээс Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024 дугаартай ХІІІ.1.1.316 "Сургуулийн барилгын өргөтгөл", 160 суудал /Х, Г/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад оролцсон.
3.2. Төрийн худалдан авах ажиллагааны газраас манай компанийг "тендерийн шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч харьцуулах үнийн дарааллаар хоёрт эрэмбэлэгдсэн" гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д "Тендерийг энэ Хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ", 28 дугаар зүйлийн 28.1.2-д "шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай" гэж заасны дагуу шалгаруулаагүй гэж мэдэгдсэн.
3.3. Энэхүү тендер шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдэж, гүйцэтгэгчээр шалгарсан "М*******" ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ” гэснийг зөрчсөн, "М*******" ХХК-ийн ирүүлсэн материал нь тендерийн шаардлага хангахгүй байгаа гэх үндэслэл тодорхой байхад тендер сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлж шалгаруулж байгаа нь үндэслэлгүй байна.
3.4. Учир нь Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/ 19.1-д "Техникийн чадавх болон туршлагын шаардлага: Шаардана. 1. Ажил гүйцэтгэх хүний нөөц" гээд "Ерөнхий инженер-1, "Барилгын инженер-1", "Ус хангамж, ариутгах татуургын инженер-1, "Халаалт агаар сэлгэлтийн инженер-1", "Цахилгаан инженер-1", "Холбоо мэдээлэл технологийн инженер-1", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан-1" гэж, 19.2-д "Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт, 1. Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: Тендер оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Б. ... төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. Тендерт оролцогч нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системд ажилтны дээд боловсролын дипломын талаарх мэдээлэл байршсан эсэхийг урьдчилан шалгах шаардлагатайг анхаарна уу. Хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулгын хамт ирүүлнэ. В. ... Бусад ажилтны хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байна" гэж тус тус заасан.
3.5. Тендерт оролцон шалгарсан "М*******" ХХК нь А овогтой Иг дээрх төсөл арга хэмжээнд Барилгын инженерээр ажиллуулахаар түүнтэй хөлсөөр ажиллах гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулж, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/24 дүгээр тушаалаар "Барилгын инженер"-ын албан тушаалд томилсон байна. Улмаар А.Игийн Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг "Иргэний ба үйлдвэрийн барилга" мэргэжлээр төгссөн тухай D дугаартай бакалаврын дипломын хуулбарыг тендертээ хавсаргаж, тус ажилтны мэдээллийг цахим системээр санал болгосон.
3.6. Иймд барилгын инженерийн ажилд санал болгосон А овогтой И //-г Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг төгссөн эсэхийг тодруулахаар тус сургуулийн албан ёсны https://www.must.edu.mn/mn/ цахим хуудсанд хандахад D дугаартай бакалаврын диплом нь өөр иргэний нэр дээр буюу А******* овогтой Б /*******/ гэх хүнийг "нийгмийн ажил" мэргэжлээр төгссөн талаар мэдээлэл бүртгэгдсэн байна.
3.7. Улмаар манай компанийн зүгээс "М*******" ХХК-ийг Тендер сонгон шалгаруулалтын зааварчилгааны /ТШЗ/ 19.1, 19.2-д заасныг зөрчсөн гэж үзэж, уг шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулж өгөх талаар Сангийн яаманд гомдол гаргасан.
3.8. Гэтэл Сангийн яам нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээрээ "... М******* ХХК нь барилгын инженерээр А.И, Б.Б******* нарыг санал болгосон байх бөгөөд Б.Б*******ийн Үндэсний техникийн их сургуулийг "Барилгын инженер" мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн дипломын мэдээлэлд үндэслэн хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэж хариу өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
3.9. Тендер сонгон шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/ 19.1-д "Ажил гүйцэтгэх хуний нөөц" гээд "Барилгын инженер-1" гэж тодорхой заасан төдийгүй, энэ нь А. И, Б.Б******* нарыг хамтад нь барилгын инженерээр санал болгох боломжгүй гэж ойлгохоор байна. Мөн хамтад нь барилгын инженерээр санал болгосон гэх Б.Б******* нь тус төсөл арга хэмжээнд барилгын инженерээр ажилд томилогдоогүй. “М*******” ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/24 дүгээр тушаалын 4 дэх заалтаараа Б.Б*******ийг барилгын даамлаар томилсон байх тул түүнийг уг төсөл арга хэмжээнд "барилгын инженер"-ээр санал болгосон гэж үзэх боломжгүй.
3.10. Энэ нь Тендер сонгон шалгаруулах зааварчилгааны 19.2-д "Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт, 1. Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: Тендер оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй" гэж, 19.2 В. ... Бусад ажилтны хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байна" гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл “М*******” ХХК нь ажилд томилсон тушаал, хөлсөөр ажиллах гэрээнийхээ дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим системд бүртгээгүй байна.
3.11. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газрын БШУ/2024 дугаартай XIII.1.1.316 "Сургуулийн барилгын өргөтгөл", 160 суудал /Х, Г/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-н Б-д "... төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана" гэж заасныг хэрэгжүүлээгүй. Уг шийдвэрийг Сангийн яам хамгаалсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой.
3.12. Нөгөө талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 56 дугаар зүйлийн 56.5.1-д "худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн" гэж заасан. Үүнээс үзэхэд тендерт оролцогч нь чадавх, туршлагыг хангаж байгаа талаар тендерт хуурамч баримт бичиг огт ирүүлж болохооргүй байхаар заасан байхад Сангийн яам 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр "хоёр барилгын инженер санал болгосон, нэг нь уг шаардлагыг хангаж байна" гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчимтай нийцэхгүй байна.
3.13. Өөрөөр хэлбэл, "М*******" ХХК-ийн чадавх, туршлагын талаарх баримт бичгүүд нь үнэн зөв эсэх эргэлзээтэй, хуурамч баримт бичиг бүхий тендер ирүүлсэн, Тендер оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоогүй, Тендерт оролцогч "М*******" ХХК нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системд ажилтны дээд боловсролын дипломын талаарх мэдээлэл байршсан эсэхийг нягтлан шалган үүргээ хэрэгжүүлээгүй байхад эдгээр асуудалд дүгнэлт өгөлгүйгээр Сангийн яам бидэнд хариу өгсөн нь Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг хамгаалсан агуулгатай гэж харахаар байна.
3.14. Төрийн худалдан авах ажиллагааны газар болон тус ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хороо нь тусгай нөхцөл, шаардлага, стандарт нөхцөл зааж тендер зарлаж, тухайн тендерт тавьсан шаардлагад нийцээгүй материал бүрдүүлж оролцсон оролцогчийг шалгаруулсан нь Төрийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУ/2024 дугаартай ХІІІ.1.1.316 "Сургуулийн барилгын өргөтгөл", 160 суудал /Х, Г/-ын төсөл, арга хэмжээний тендер сонгон шалгаруулалтад оролцож, 2-т эрэмбэлэгдсэн манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
3.14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024 дугаартай "Сургуулийн барилга өргөтгөл, 160 суудал /Х аймгийн Г сум/"-ын ажлын гүйцэтгэгчээр "М*******" ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах, БШУЯ/2024 дугаартай XIII.1.1.316 "Сургуулийн барилгын өргөтгөл, 160 суудал /Х аймгийн Г сум/"-ын төсөл, арга хэмжээний тендер сонгон шалгаруулалтад 2-т эрэмбэлэгдсэн "А*******" ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, эрх олгосон мэдэгдэл гаргаж, уг мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.
Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
4.1. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хорооноос шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: А*******" ХХК-аас тус газарт холбогдуулан БШУЯ/2024 дугаартай "Сургуулийн барилгын өргөтгөл, 160 суудал /Х, Г сум/" төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалттай холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
4.2. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 17- ны өдрийн А/295 дугаар тушаалаар БШУЯ/2024 дугаартай "Сургуулийн барилгын өргөтгөл, 160 суудал /Х, Г сум/" төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан.
4.3. Дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг нийт 3 удаа зохион байгуулсан бөгөөд гурав дахь удаагийн тендер шалгаруулалтыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нээхэд "А*******" ХХК, "М*******" ХХК, "Г******* м" ХХК, "Э и" ХХК, "А" ХХК тус тус тендер ирүүлсэн. Уг тендер шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, "М*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, "А*******" ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.5-д заасан эрэмбийн хоёрт эрэмбэлэгдсэн тул шалгараагүй тухай, “Г******* м" ХХК, "Э и" ХХК, "А" ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй тул татгалзсан мэдэгдлийг хүргүүлж, үр дүнг 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д нийтэлсэн.
4.4. Тус тендер шалгаруулалтад оролцогч "А*******" ХХК нь манай газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А- дугаар албан бичгээр хүргүүлсэн шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/9244 дугаар албан бичгээр тус тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн. Сангийн яам уг гомдлыг хянан үзэж 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн дугаартай албан бичгээр "А*******" ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэлгүй бөгөөд тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тул Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А-1/4417 дугаар албан бичгээр Боловсролын ерөнхий газарт "М*******" ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн.
4.5. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан асуудал дараах байдлаар няцаагдана: Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д "Техникийн чадавх болон туршлагын шаардлага: Шаардана. 1. Ажил гүйцэтгэх хүний нөөц: Шаардана. Ерөнхий инженер-1, барилгын инженер-1, ус хангамж ариутгах татуургын инженер-1, халаалт агаар сэлгэлтийн инженер-1, цахилгааны инженер-1, холбоо мэдээлэл технологийн инженер-1, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан-1, 19.2-т Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг: 1. Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а) Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Цахим системийн хэрэглэгчийн хөтөч цэсийн нийлүүлэгчийн гарын авлага хэсгээс зааварчилгаатай танилцана уу. 6) Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх шаардлагагүй, төрийн мэдээлэл, солилцооны ХУР системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана. (Тендерт оролцогч нь Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia/-д ажилтны дээд боловсролын дипломын мэдээлэл байршсан эсэхийг урьдчилан шалгах шаардлагатайг анхаарна уу.) Хэрэв санал болгож буй ажилтан нь гадаад улсад сургууль төгссөн бол дипломын хуулбарыг орчуулгын хамт ирүүлнэ. в) Тендерт оролцогчийн үндсэн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг цахим системээр дамжуулан шалгана. Бусад ажилтны хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байна" гэж заасан.
4.6. Сангийн сайдын 2023 оны А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ын 2.5-д "Захиалагч цахим системтэй холбогдсон мэдээллийн сангаас дараах журмаар ирүүлсэн тендер шалгаруулалт зарласнаас хойших мэдээллийг тендер хянан үзэхэд үндэслэл болгоно. Үүнд: 2.5.3. хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл (энгийн болон тусгай)-ийн мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг, өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээлэл" гэж заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээс "М*******" ХХК-ийн санал болгож буй хүний нөөцийн мэдээллийг татан үзэхэд барилгын инженерээр А.И, Б.Б******* нарыг санал болгосон. Тус системээс А.Ин дипломын мэдээлэл татагдаагүй, Б.Б******* 2019 онд Үндэсний техникийн Их сургуулийг "Барилгын инженер" мэргэжлээр 073202 мэргэжлийн индекстэй, D201917168 дипломын дугаартайгаар төгссөн байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д заасан шаардлагад нийцсэн гэж үзсэн.
4.7. Иймд дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4.8. Хариуцагч Боловсролын ерөнхий газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: А*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо, Боловсролын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Боловсролын ерөнхий газрын "М*******" ХХК-тай байгуулсан "ХІІІ.1.1.316 Сургуулийн барилга, өргөтгөл 160 суудал" /Х аймаг, Г сум/-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх УТ2401501301/БШУЯ2024 дугаартай гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
4.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3 дахь заалтад зааснаар үнэлгээний хороо нь "захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх" чиг үүрэгтэй байна.
4.10. Тус зохицуулалтын дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны Өдрийн А-1/4417 тоот албан бичгээр "М*******" ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмжийг Боловсролын ерөнхий газарт ирүүлсэн.
4.11. Энэхүү А-1/4417 тоот зөвлөмж болон үнэлгээний хорооны тайлангийн дагуу Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.6 дахь заалтад заасан "худалдан авах гэрээ байгуулах" эрх үүргийнхээ хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр "М*******" ХХК-тай "ХІІІ.1.1.316 Сургуулийн барилга, өргөтгөл 160 суудал /Х аймаг, Г сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ" гэж заасны дагуу уг гэрээг байгуулсан.
4.12. Иймд Боловсролын ерөнхий газар нь хуульд заасны дагуу "М*******" ХХК-тай хуулийн хүрээнд гэрээ байгуулах доод хугацааг мөрдөж гэрээ байгуулсан болно” гэжээ.
Тав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
5.1. Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан “А*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад гуравдагч этгээд “М*******” ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараахь хариу тайлбарыг гаргаж байна.
5.2. Нэхэмжлэгчээс: "Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БШУЯ/2024 дугаартай “Сургуулийн барилга өргөтгөл, 160 суудал / Х аймгийн Г сум /"-ын ажлын гүйцэтгэгчээр “М*******” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах,
5.3. БШУЯ/2024 дугаартай ХІІІ.1.1.316 " Сургуулийн барилгын өргөтгөл, 160 суудал /Х аймгийн Г сум/ "-ын төсөл, арга хэмжээний тендер сонгон шалгаруулалтад 2-рт эрэмбэлэгдсэн "А*******" ХХК-тай гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, эрх олгосон мэдэгдэл гаргаж, уг мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах” нэхэмжлэхийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэхийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
5.4. Үнэлгээний хороо, Төрийн худалдан авах ажиллагааны газар нь ТШЗ-ны 19.1, 19.2-ыг зөрчөөгүй, холбогдох мэдээллийг эрх мэдлийнхээ хүрээнд төрийн мэдээлэл, солилцооны ХУР системийг ашиглан шалгах эрх нээлттэй.
5.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56-р зүйлийн 56.5.1-д заасан заалтыг зөрчөөгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.1, 4.2.5 дах заалтуудыг зөрчөөгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
6. Нэхэмжлэгчээс Төрийн худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороо, Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “БШУЯ/2024 дугаартай “Сургуулийн барилга өргөтгөл, 160 суудал /Х аймгийн Г сум/ тендер шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн “М*******” ХХК-д холбогдох хэсэг, нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан хэсэг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан УТ2401501301/БШУЯ/2024 дугаар гэрээг хүчингүй болгох, А******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт тус тус даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д заасны дагуу “...өөрийнх нь тендерээс татгалзсантай маргаагүй тохиолдолд бусдын тендерийг үнэлсэн шийдвэртэй маргах эрхгүй гэх” хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгчийн зүгээс тендерээс нь татгалзсан шийдвэртэй нь маргаж байгаа” гэх тодруулга, хэргийг шийдвэрлэх 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны явцад мөн дээрх тодруулыг дэмжиж, үндэслэлээ тайлбарласан. Хэдийгээр 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа дурдаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, өөрчлөх, тодруулах эрх бүхий этгээд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодруулгыг үндэслэн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэн дээрх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
8. Хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №02 дугаартай шийдвэр(Хавтаст хэргийн 79-81 дэх талд)-ээр “...Сургуулийн барилга өргөтгөл, 160 суудал /Х аймгийн Г сум/ УТ2401501301 төсөл арга, хэмжээний тендер шалгаруулалтад ирүүлсэн компаниудын тендерийг үнэлж, үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “М*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид “Тендерийн хууль” гэх) 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр, 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн тендерээс Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсгийг үндэслэн “мөн хуулийн 27.5-д заасан эрэмбийн 2-т эрэмбэлэгдсэн тул” шаардлагад нийцээгүй гэж үзэн татгалзахаар шийдвэрлэж, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А- дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн (Хавтаст хэргийн 90 дэх талд)” байна.
9. Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг “...шаардлага хангаагүй ажилтныг санал болгосон байхад ажиллах хүчний шаардлага хангасан гэж үзсэн, хууль зөрчиж, худал мэдээлэл бүхий баримт, хувилбарт санал ирүүлснийг үнэлж тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан...” гэж, хариуцагчаас “...гуравдагчаас тендертээ хавсарган ирүүлсэн баримтыг үнэлээгүй, хүний нөөцтэй холбоотойгоор нэмэлт баримт ирүүлэхийг шаардаагүй, цахим тендерийг үнэлэх хууль, журмын дагуу хүний нөөцийн шаардлага хангасан эсэхийг шалгаж үнэлсэн нь хууль зөрчөөгүй...”, гуравдагчаас “...хариуцагчаас Тендерийн хуулийг зөрчөөгүй, ТШЗ-ны 19.1, 19.2-т заасныг зөрчөөгүй, холбогдох мэдээллийг эрхийнхээ дагуу төрийн мэдээллийн цахим системийг ашиглаж шалган үнэлгээг хийсэн...” гэж тус тус тайлбарлан маргасан.
10. Хариуцагч нь тендерийн хүний нөөцийн чадавхыг хангаж байгаа эсэхийг шалгаж, үнэлэхдээ Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1, 19.2-т заасны дагуу маягтаар санал болгосон ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг цаасаар ирүүлэхийг шаардаагүй, төрийн мэдээлэл, солилцооны “ХУР” системээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгах, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг цахим системээр дамжуулан шалгана гэж заасан зааварчилгаа, журмын дагуу шалгасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.
11. Тодруулбал, гуравдагч этгээдээс ирүүлсэн тендертээ “Барилгын инженерээр А.И /гэрээт ажилтан/, Барилгын инженер, даамал Б.Б*******/үндсэн ажилтан/” гэж ирүүлсэн ба хариуцагчаас тус ажилчдын мэргэжлийн шаардлага, бичиг баримтын шаардлагыг цахим системээс лавлаж шалгахад гуравдагч этгээдийн үндсэн ажилтан Б.Б******* нь барилгын инженерээр төгссөн, ажилласан жилийн шаардлагыг хангасныг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шалгасан, харин гэрээт ажилтан А.Ин хувьд барилгын инженерээр төгссөн диплом нь цахим системээр шалгахад гарч ирээгүй, тендерийн үнэлгээний хорооноос гуравдагч этгээдийг барилгын инженер санал болгоогүй гэж үзэн тендерээс нь татгалзах үндэслэл бүрдээгүй гэж үзэхээр байна.
12. Учир нь санал болгосон үндсэн ажилтан болох Барилгын инженер, даамал Б.Б******* нь тус чиглэлээр 2019 оны Үндэсний техникийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн, D201917168 дугаарын диплом нь хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан Боловсролын ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/600 дугаар албан бичиг, хариуцагч байгууллагын цахим системээр шалгасан тухай баримт зэргээр тус тус тогтоогдож байна.
13. Үүнээс үзэхэд хариуцагч нь нэгэнт барилгын инженер, даамлаар санал болгосон гуравдагч этгээд болох тус компанийн ажилтан нь баримт бичиг, туршлагын шаардлагыг хангаж байгаа энэ тохиолдолд “ажиллах хүчний шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр тендерээс нь татгалзах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс тайлбарлаж буй “ажиллах хүчний шаардлага хангаагүй, хуурамч бичиг баримт бүхий албан хаагчийн санал болгосон байхад тендерээс нь татгалзаагүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
14. Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж зааснаас үзэхэд гуравдагч этгээдийн хувьд тендер шалгаруулалтын зааварчилгаанд заагаагүй баримтуудыг тендертээ хүргүүлсэн нь баримтаар тогтоогдох боловч энэ нь түүний тендерээс татгалзах үндэслэл болохгүй болохыг тодорхой зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа “гуравдагч этгээдийн зүгээс хуурамч баримт ирүүлсэн гэх үндэслэл”-ээр татгалзах байсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
15. Мөн Тендерийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26-д “цахим систем гэж программ хангамж ашиглан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, интернэтэд суурилсан мэдээллийн системийг”, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээх, 21.3-т “Энэ хуулийн 21.1.3-т зааснаар илгээсэн мэдээлэл тендерийн бусад баримт бичигтэй зөрсөн бол цахим системийн мэдээллийг баримтална” гэж зааснаас үзэхэд хариуцагч нь тус тендерт оролцогч нарын хуулийн дагуу ирүүлсэн цахим системд үүсгэсэн тендерийн баримт бичгийг шалгаж үнэлэх, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэж заасны дагуу тендерт оролцогчоос санал болгож буй ажилтан нь тухайн ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэхийг цахимаар шалгах энэ тохиолдолд түүнийг шаардахгүй, гуравдагчаас ирүүлсэн баримтыг нь “шаардаагүй баримт ирүүлсэн” гэж буруутган тендерээс нь татгалзах эрх, үүргийг хуулиар олгоогүй байна.
16. Нэхэмжлэгчээс “Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 22 дугаар зүйлийн 22.2-т “Оролцогч тендер шалгаруулалтад нэг тендер ирүүлнэ” гэснийг тус тус зөрчиж хувилбарт тендер ирүүлж шударгаар, тэгш өрсөлдөх боломжийг хариуцагч алдагдуулсан гэх үндэслэлийн хувьд хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй учир нь хувилбарт тендер ирүүлэх агуулгыг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д “Хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрсөн бол хамгийн сайн тендерийн хувилбарт саналыг хянан үзэж, уг саналын харьцуулах үнэ тендерийн харьцуулах үнээс ихгүй бол сонгож болно” гэж зааснаас үзэхэд тендер санал болгож буй үнийн саналыг өөр хувилбартайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд түүнийг нь дээрх заалтад заасан журмаар сонгож болох агуулгаар зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2 ажилтан санал болгосон нь хувилбарт тендер ирүүлсэн гэх үзэхээргүй байна.
17. Хариуцагч нь гуравдагч этгээдийг тендерийн ялагчаар шалгаруулж, Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай шийдвэр” гаргаж 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” шийдвэрийг гаргасан нь дээрх үндэслэлүүдээр мөн тогтоогдож байна. Түүнчлэн гэрээ байгуулах зөвлөмжийг хариуцагч Боловсролын ерөнхий газарт хүргүүлсний дагуу хуульд нийцүүлсэн хугацааны дотор 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан УТ2401501301/БШУЯ/2024 дугаар гэрээг М******* ХХК-тай байгуулсан байх ба уг гэрээ нь хууль зөрчөөгүй, шүүхээс нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох тендерээс нь татгалзсан болон гуравдагч этгээдийн тендерийг хамгийн сайн үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хангаагүй тохиолдолд уг байгуулсан гэрээг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр үнэлэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах үндэслэлгүй.
18. Иймд хариуцагчийн “М*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерээр шалгаруулахдаа “ажиллах хүчний шаардлагыг хангасан” гэж үнэлсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлүүдээр “БШУЯ/2024 дугаартай “Сургуулийн барилга өргөтгөл, 160 суудал /Х аймгийн Г сум/ тендер шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн “М*******” ХХК-д холбогдох хэсэг, нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан хэсэг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан УТ2401501301/БШУЯ/2024 дугаар гэрээг хүчингүй болгох, А******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Боловсролын ерөнхий газарт тус тус даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ