Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ч.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Б.овогт Ч-ийн Бд холбогдох 1805001730081 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б.овогт Ч-ийн Б, /РД:ЧР............/ 1975 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай.

 

Шүүгдэгч  Ч.Бнь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаар байрны ... тоотод иргэн П.Баттөмөрийн нүүрэн тус газар нь 1 удаа мөргөж биед нь тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бмэдүүлэхдээ: “Өөрийн хийсэн буруутай үйлдэлд гэмшиж харамсаж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Ч.Бсогтуурсан үедээ П.Баттөмөрийг нүүрэн тус газар нь 1 удаа  мөргөж биед нь тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч П.Баттөмөрийн “Би Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар бичил хорооллын 12 дугаар байрны 61 тоот 3 өрөө байрны 1 өрөөг нь түрээсэлж суудаг юм. ... Тэгээд би тэр өдөр тогоо шанага заваартуулсан байхаар нь Баясаа гэх залуутай гал тогооны өрөөнд таараад хэрэглэсэн тогоо шанагаа угаагаад өгчих гэж хэлсэн. Тэгтэл Баясаа манай өрөөнд ороод ир гэсэн. Тэгэхээр нь би дагаад ортол би наад тогоо шанагыг угааж чадахгүй, би хэрэглээгүй гэсэн. Тэгэхээр нь би танайхаас өөр айл манай тогоо шанагыг хэрэглэдэггүй гэтэл чи муу юу гээд байгаа юм гээд миний хамар луу мөргөсөн. Миний хамар өмнө нь багадаа гэмтээд муруй болчихсон байсан. Харин тэр өдөр Баясаа гэх залуу мөргөөд миний хамрыг хуучнаас нь арай илүү муруй болгосон. Тэр залуу миний хамар луу нэг мөргөснөөс өөрөөр намайг цохиж зодсон асуудал байхгүй ээ. ... Харин Баясаа гэх залуу нилээн халамцуу байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №608 дугаартай:

“1. П.Баттөмөрийн биед тархи доргилт, хамрын нуруу зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 8 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ч.Б-ийняллагдагчаар өгсөн “ ... Би өрөөндөө орж хувцасаа тайлчихаад мах чанаж идэх гээд гал тогооны өрөөнд мах чанаад байж байтал нөгөө өрөөний залуу /хохирогч Баттөмөр/ гаднаас орж ирсэн. Баттөмөр гаднаас орж ирээд намайг гал тогооны сав, суулга хэрэглэчихээд угаахгүй орхичих юм гэж уурласан. Тэгээд энэ асуудлаас болж Баттөмөр бид хоёр  маргалдсан. Маргалдаж байгаад би Баттөмөрийн хамар луу нэг удаа мөргөсөн. Ийм л зүйл болсон. Баттөмөрийг би нэг удаа мөргөснөөс өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй ээ. Тэр өдөр болсон явдлыг харсан хүн байхгүй ээ. Баттөмөр бид хоёр хоёулаа л байсан. Нөгөө айлын хүмүүс байхгүй байсан. Би тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ би болсон явдлыг санаж байгаа. Би өөрийн гэм буруугаа ойлгож, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хэргийг хөнгөн шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-32 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.Б-ийнүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Бнь  дээрх гэмт хэргийг хохирогчтой маргасны улмаас санаатай үйлдлээр үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Харин шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хэлэлцэхэд улсын яллагчаас шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай санал гаргасан бөгөөд шүүгдэгч уг ялыг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт хохирогч П.Баттөмөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтууд байхгүй тул хохирлыг тооцох боломжгүй бөгөөд хохирогч нь нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдав.

 

  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.овогт Ч-ийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ч.Бторгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Бторгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.Ббаривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч П.Баттөмөр гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигийг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ